2013-06-28 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6921
Их багш Бодидарма Хятадад иржээ. Тэрбээр энэ дэлхийн хосгүй үнэт очир эрдэнэсийн нэгэн билээ. Хаан эзэн түүнтэй уулзаад, зовлонгоо тоочиж гэнэ:
- Би үе үе тэсэшгүй бэрх үймэрдэг хүн. Элдэв өнгийн төвөг зовлон сэтгэл зүрхийг минь сандаачих юм даа гэв. Бодидарма хааныг цоргитол ширтэж байснаа:
- Та маргааш өглөө бар цагт тэр бүх зовлон төвгөө аваад хүрээд ир. Ганцаараа ирж болохгүй шүү. Тэднийгээ дагуулаад хүрээд ирээрэй гэж хэлэв. Учир битүүлэг үгэнд гайхсан хаан Бодидармаг ажвал хэнийг ч нөгөө ертөнц лүү тонилгож чадах догшин сахиус шиг харагджээ.
Үүр цүүрээр бар цагт бүрэнхий байна. Галзуу солиотой юм шиг энэ хүн намайг яагаа ч билэ. Аягүй бол өнөөх бахим бэрээгээрээ тархи хагалчиж мэднэ. Ер нь очихоо болъё… Гэхдээ л бүх зовлонг минь тонилгоод өгнө гэсэн сэн. Яах вэ, байз`` хэмээн эргэж хөрвөөсөөр шөнийг барлаа.
Өглөө үүрээр их л эргэлзэнгүй Бодидармагийн зүг явлаа. Ламтан сүмийн довжоон дээр бэрээгээ тулчихсан сууж байв. Бүрэг бараг үүрийн сүүмэнд тэрбээр бүр чиг догшин сүртэй харагднам.
- Уухайс, та хүрээд ирэв үү? Нөгөө болдоггүй нөхөд чинь хаана байна? Гэж Бодидарма хашгирлаа. Хариуд нь хаан:
- Ламтан та жаахан будлиад байна уу? Тэд чинь гадна талын юмс биш шүү дэ. Би аваад ирсэн л дээ. Гэхдээ дотор минь байгаа гэж булзав.
- Аан тийм үү? Гадна ч бай, дотор ч бай юмс бол юмс. Алив та суугаад, нүдээ ань. Нүгэлт зэтгэрүүдийг дотроосоо олоодох. Барьж авангуутаа над хэлээрэй. Эсвэл миний бэрээ лүү нүд ирмээрэй. Би тэдэнд үзүүлээд өгнө гэж Бодидарма хэллээ. Хаан яах ч аргагүй болоод нүдээ анин суув.
Жаахан эмээнгүй байсан ч дотор зүрхийг нь үймүүлдэг зэтгэрийг барьж өгөхөөр эрэлхийлэв. Энд нь нэг, тэнд нь нэг сэтгэлээ онгичоод юу ч олсонгүй. Ямар ч гай зэтгэр, гамшиг зовлон алга. Ийн ухаарахуй тэрбээр гүн бясалгалд уусан алдрав. Цаг хором өнгөрсөөр наран ургахын үест түүний царайд ер бусын амар амгалан туяаран авай.
Эх сурвалж: http://anirgyi.blogspot.com