2013-08-13 | Нийтэлсэн:admin | Үзсэн:17967
Дээдийн багшид мөргөмү!
Нэгэн өдөр Мила Богд Даго нэрт цаст ууланд «Бясалгахаар одсугай!» хэмээн явсаар Зүнги Гадвалэгсүм нэрт газар хүрэхэд тариа будаа боловсрох үе тохиогоод хөдөө тосгоны иргэд ургац хураах их ажилд шамдан завгүй байцгаажээ. Тэдний дунд «Бэлгэ билгийн дагины» хамаг шинж төгс бүрдсэн арван тав орчим насны үзэсгэлэн гоо нэгэн охин тосгоны иргэдийг удирдан хадсан тариаг зөөн явж байх аж. Мила Богд мөнөөх охины өмнө хүрэлцэн очоод “Өглөгийн эзэн минь! Надад жаахан идээ ундааны зүйл өгнө үү!” хэмээн зарлиг болвоос үзэсгэлэнт охин “Егүзэри ээ! Та тэр том байшингийн үүдэнд очоод намайг хүлээж байгтун! Би одоохон яваад очно!” хэмээн хариу өгүүлжээ.
Богд лам түүний хэлсэнчлэн тэр том байшингийн үүдэнд хүрэлцэн очоод дулдуйгаараа хаалгыг зөөлөн түлхэж үзвээс ялимгүй завсар гарав гэнэ. Энэ үед хаалганы цаанаас үзэшгүй муу дүртэй нэг эмгэн атга үнс барин гарч ирээд ууртай ширүүн дуугаар “Гуйланч егүзэри ээ! Зуны цагт та нар сүү цагаа гуйгаад, өвөл болохоор бадар барьж олсон арвай буудайгаар чан дарс нэрж уудаг биз дээ? Та нарын нэг газар аятай тохьтой тогтон сууж байхыг ерөөсөө харсангүй. Чи манайд хүн байхгүй бол охин болон бэрийн маань үнэтэй нандин инж сүйг хулгайлах гэснээс зайлахгүй. Хмм!” хэмээн зандран хараах зуур хамаг бие нь салганан чичирч уурандаа гартаа атгасан үнсээ Мила Богдын нүүр рүү цацахаас буцахгүй шинж илт байх ажгуу. Богд лам түүний хариуд зарлиг болруун: “Эмгэн минь! Та миний нүүр рүү наад үнсээ хэзээ ч цацаж болно. Харин эхлээд миний өгүүлэх нэгэн гүр дууллыг тайван сонсчихоод дараа нь үнсийг нүүр рүү минь цацахад юунд оройтох билээ!” хэмээгээд «Есөн утга лугаа төгссөн дууллыг» эгшиглэн номложээ.
«Эрхэт тэнгэрийн жаргал өмнө тань бэлэн байтал
Энэлэлт гурван муу заяатны авир илт тодроод
Ирээдүйд ямар төрлийг олохоо төсөөлөх ч үгүй байгаа
Эмгэн та ийнхүү уурын мунхагтаа шатаж
Энгүй дээд Бурханы номыг хорсон зүхэхийн учир юув?
Уур мунхагийг дараад өөрийн сэтгэлийг шинж
Учрахуйяа нэн бэрх Богдсын номыг үйлдэн шамд!
Төгс чанарт дээдийн багшийг хайж олоод шүт!
Түүний зарлиг болсон арга номыг үлдээлгүй бүтээ!
Өөрийнхөө ямар байдалтайг эс мэдэх чинь хөөрхий
Өдгөө чи сэтгэл юүгээ өнгийж сайтар шинжигтүн!
Анх бага залуудаа нөхөрт гарахын цагтаа
Авир төрх чинь ингэтлээ хувирахыг мэддэг байсан уу?
Уул завсарлан үүр тэмдгэрч гэгээ ороо ч үгүй
Улс амьтан дугжрах үед чи л түрүүлэн босмуй
Гэр орныхон чинь дулаан хөнжилдөө нойрссон үед
Гэтэл чи хамгийн сүүлд ороо хайн тэмтчмүй.
Өдрийн турш хийгээд дуусдаггүй гэрийн ажлыг
Өөрт чинь л ганцхан оноогоод өгсөн мэт салж өгдөггүй
Энэ гурван зовлонд салахын эцэс үгүй уягдсаныг
Эргээд бодоход гэрийн боолоос өөрц юу байх билээ?
Өрөөл бусадтай тэмцэлдэх муу авирт эмгэн чи
Өдгөө өөрийн сэтгэлээ сайтар шинжиж болгоо!
Хийх л бөгөөс гагц Богдсын номыг үйлдсүгэй!
Хичээж шүтэх бөгөөс төгс чанарт ламыг шүтэгтүн!
Ярьж өгүүлсэн арга номыг шамдан бүтээвээс
Ямар ч байсан төрөл арилжсан мэт хувирах вий!
Айл гэрийн багана нөхөр сүүдэр нэг чухал
Ашиг орлого эд хөрөнгө түүний дараа бас чухал
Ач зээ үр хүүхэд дутаж болохгүй өөр нэг чухал
Аюулхай цээж бүхэлдээ энэ гуравт эзлэгдээд
Амь наснаас дутахгүй энэ гурвыг хайрлавч
Амьтан хүн чамайг дорд үзэж ад шоо болгоном.
Омог хилэнгээр сэтгэл юүгээ шамшаагч эмгэн чи
Одоохон өөрийн сэтгэлээ шинжин гэм нүглийг тэвч!
Оройн дээд Богдсын номыг чадлын хэрээр үйлд
Олдохуйяа бэрх төгс чанарт ламтай учран зарлигийг шүт!
Гартаа оруулж байвал хулгай хийхээс сийхгүй нэг
Ганзага татуу санагдвал дээрэмдэхээс буцахгүй хоёр
Өрсөлдөгчөө дийлж байвал үхсэн ч хамаагүй гурав
Өгүүлж хэлсэн энэ гурван гэм гагц чамд цогцложээ.
Учирсан дайсан лугаа урцалдан хэрэлдэхийн цагт
Уур хилэнгийн дөл тэнгэр тулам оволзогч
Увайгүй авирт эмгэн чи даруйхан сэтгэлээ шинж
Учрахуйяа нэн бэрх Бурханы номонд шамдаж
Улмаар төгс чанарт дээдийн ламд шавь ороод
Уламжлал дамжлагат арга номын дагуу гэтлэгтүн!
Авгай хүүхнүүдийн хов живийг дамжуулан өгүүлэх нь
Амьдралын турш сүүдэр шиг дагасан дуртай үйл
Ач зээ үр хүүхдийнхээ мууг хаацайлан өмгөөлөх нь
Ашид үл хувирах өөрийн тань дадсан удаах дуртай үйл
Элдэв хангайн зүйлсийг хамж шимж бурах нь
Энэ хэмээвээс өөрийн чинь гуравдахь дуртай үйл
Хүүрнэж өгүүлсэн энэ гуравт сэтгэл бахтай тул
Хүлцэж бясалгахуйд шамдах цаг хаанаас байх вэ?
Хөдлөшгүй бат сэтгэлийн мөн чанарыг танигтун!
Хүчин хүрэхийн хэрээр Богдсын ном дор шамдагтун!
Төгс чанарт дээдийн багшийг хайж олоод шүт!
Түүний зарлиг болсон арга номыг үлдээлгүй бүтээ!
Егүзэри миний өгүүлж хэлсэн зарлигийг хэрэгжүүлвэл
Ертөнцийн хүлээс аяндаа алдуурч гэтлэлийг үтэр олмуй.
Хөдлөж босох нь хөгнөө чирсэн хонь мэт нэг
Хөлөө чирэн алхах нь хүнд биет галуу лугаа хоёр
Хөсөр суухад хайш яйш ялхайх гурав
Хөөрхий чиний биед эдгээр муу шинж цогцложээ.
Өтөл дорой муу авирт эмгэн чиний бие
Өцийж бөхийгөөд үнэхээр өрөвдөлтэй харагдана!
Өөрийн сэтгэлдээ гагц энэ бүхнийг сэтгэгтүн!
Өнөөдрөөс эхлэн Богдсын номд хичээн шамд!
Үтэр түргэн төгс чанарт дээдийн лам лугаа учраад
Үлдээлгүй түүний зарлиг бүгдэд шүтэж үйлд!
Өтөл миний өгүүлж хэлсэн зарлигийг хэрэгжүүлвэл
Өөрийг тань багласан орчлонгийн хүлээс аяндаа алдуурмой.
Арьс мах чинь хатангиршиж дүүрэн үрчлээ тогтоод
Араг яснаас өөрцгүй турж эцэхийн туйлд хүрч
Хараа сонсгол муудан хазгар доголон болох гээд
Хамаг муу доройтлын шинж гагц өөрт чинь илэрчээ.
Овор дүр үзэшгүй муухай өтөл буурай эмгэн чи
Олдсон энэ завшааныг ашиглан өөрийн сэтгэлээ шинжигтүн!
Эндүүрэлгүй үйлдэх бөгөөс Богдсын номонд шамдагтун!
Энэ мөчөөс эхлэн төгс чанарт дээдийн багшийг шүт!
Егүзэри миний болгоосон зарлиг бүхнийг хэрэгжүүлвэл
Ертөнцийн хүлээс аяндаа алдуурч гэтлэлийг үтэр олмуй.
Удсан гашилсан шавхруу төдийхнөөр хоол болгож
Уранхай ноорхой хувцасны тамтгийг биедээ хэдрээд
Унтах оргүй хөсөр хэвтэхдээ амарсан болохгүй
Учирсан энэ гурван зовлон ганц биед ахадмаар
Хөгширч доройтохын туйлд хүрсэн авир муут эмгэн чи
Хүмүүн атал нохойноос өөрцгүй нь нэн хөөрхийлөлтэй!
Үйлдэх бөгөөс гагц сэтгэлдээ Богдсын номыг бүтээ!
Үлэмж шүтэх бөгөөс төгс чанарт дээдийн багшийг шүт!
Өтөл миний өгүүлж хэлсэн зарлиг бүхнийг хэрэгжүүлвэл
Өөрөөсөө хүлээс алдууран гэтлэлийг аяндаа олмой.
Өөрийн зовлонгоос гэтлэн сайн төрлийг ологчид
Өгүүлэн хэлвээс өдрийн од мэт тун цөөхөн
Харин хилэнц нүглийн эрхээр муу заяанд унагчид
Хар ялаа, батгана махан дээр шавах шиг олон.
Өтөл доройгийн туйлд хүрсэн авир муут эмгэн чи
Өөрийн сүнс биеийг орхихын цагт аюухгүй байж чадах уу?
Гагцхүү гэмээ шинжиж бэлгэ чанарыг онож тань!
Гарцаагүй үнэн Богдсын номонд шамдан сэтгэлдээ бүтээ !
Учрахуйяа бэрхтэй төгс чанарт дээдийн багшийг шүт!
Улмаар түүний зарлигаар суралцан гэтлэлийг ологтун!» хэмээн удирдагч лам тийн зарлиг болвоос мөнөөх эмгэн Миларайва ламын нигүүлсэхүй сэтгэл хийгээд яруу дуулалд гүн бишрэл төрсөний улмаас уур хилэн нь замхран арилж, хамаг бие нь сулбайгаад атгасан үнсээ гарын салаагаар цувруулан асгажээ. Тэрвээр өнгөрүүлсэн амьдрал, туулсан замнал бүхэн үнэхээр Богд ламын зарлиг болсноос өөрцгүй болохыг санаад өөрийн эрхгүй уярал харууслын нулимсыг бороон дусал мэт асгаруулав гэнэ. Энэ үед тариан талбай дээр Богд лам лугаа учирсан өнөөх үзэсгэлэнт охин ажлаа дуусгаад буцан иржээ. Тэр энэ бүх байдлыг гайхан харсанаа Мила Богдод хандан: “Егүзэри ээ! Та ч мөн лут номын хүн байжээ. Энэ өтөл дорой эмгэнийг занчих ямар шалтгаан танд байв?” хэмээвээс эмгэн хариу өгүүлрүүн: “Охин минь! Энэ ламд бүү уурлагтун! Тэр намайг занчсан хэрэг огт үгүй. Харин ч би түүнийг харааж зүхсэний хариуд энэ лам надад урьд өмнө огт сонсож байгаагүй Бурханы номын гүн нарийн ёсыг номлосонд би харанхуй мунхагийн эрхээр олон он жилийн турш дээдийн номыг тоож сонсолгүй явж ирсэндээ сэтгэл маань цөхрөн харуусаж тэсгэлгүй нулимс урсгасан нь энэ билээ. Харин охин минь чи над лугаа адилгүй залуу сайхан, баян чинээлэг, чин сүжигтэй нэгэн болохоор энэхүү Миларайва хэмээн алдаршсан Богд ламыг өргөн хүндлээд номын авшиг болон увдис хүртэх ховор боломжийг бүү алдагтун!” гэжээ.
Мөнөөх Балдарбум нэрт охин Богд ламд хандан ийн өчрүүн: “Үнэхээр тийм бөгөөс та хоёр маш гайхамшигт буюу. Лам та егүзэрисийн эрхэт Миларайва мөн л бөгөөс эдүгээ тан лугаа нүүр учрахын төдийд маш их буян хураасан буй за! Та ном сонсогч нарт өөрийн дамжлага алин болох талаар айлдан соёрхвоос олон шавь нар тань харин үл няцах гүн бишрэл төрөх төдийгүй сэтгэл нь ариусан хувирдаг гэж сонссон билээ. Тийм болохоор та бид хоёрыг нигүүлсэн өршөөж өөрийн үндсэн лам хэн болохыг айлдан соёрхох ажаам уу!” хэмээсэнд Миларайва лам сэтгэл дотроо “Энэ охин аргагүй л миний ерөөл барилдлагат шавь нарын нэг ажээ” хэмээн сэтгээд өөрийн багшийн дамжлагыг ийн номловой:
«Тэгш түгээмэл номын биет Самандбадра лугаа нэг
Төгс жаргалангийн биет Очирдарь лугаа хоёр
Хувилгаан биет Шагжмуни лугаа гурав
Хувь ерөөлт егүзэри би номын барилдлагатай бөлгөө.
Ерөөл учралт аль газрын шавь боловч
Егүзэри надад уламжилсан дамжлагыг хүртэж болмуй» гэхэд Балдарбум охин түүнийг сонсоод “Цаст уул хамаг усны эх ундарга болдог шиг таны үндсэн дамжлага хамаг сайн арга номуудыг төрүүлэх чадалтай тул үнэхээр хорвоод хосгүй ажээ. Богдсын номонд шамдагч хүмүүс «Туст номын мэдэхүй дохиог гадаад ламд шүтсэнээр дотоод төрөлгүй номын биед магад оршиж буйг таньж чаддаг» хэмээмүй. Та өөрийн үндсэн лам хэн болох, түүнийг дулдуйдаж шүтэх ёсыг айлдан соёрхоно уу!” гэж асуухад Миларайва лам хариуд нь: “Миний үндсэн лам нар ийм буюу” хэмээн айлдаад дорхи гүр дууллыг номловой:
«Тэгш үзлийг гадна талд батлах
Тэр хэмээвээс гадаад дээдийн багш
Гэгээн гэрэлт биеийг дотроос харуулах нь
Гэмээс нөгцсөн миний дотоод лам
Өөрийн сэтгэлийн бодит чанарыг үзүүлэх нь
Өнөд миний утгасын дээдийн багш
Ерөөс энэ гурван дээдийн багшийг шүтэх тул
Ерөөл барилдлагат аль газрын шавь боловч
Егүзэри миний дээдийн багш нарт аврал одуулж болмуй» хэмээн айлдахад Балдарбум охин “Таны өгүүлсэн гурван дээдийн багш нар үнэхээр тэнсэл үгүй хэтэрхий сайн лам нар ажгуу! Үлгэрлэвээс алтан утсанд хэлхсэн гэгээн сувд лугаа адил ажээ. Та тэднээс номын увдис хүртэхээс өмнө чухам ямар авшиг авсан болохыг айлдан соёрхох ажаам уу!” хэмээн өчив.
«Тэргүүн дээрээ бумба залсан хэмээх нь
Тэр болвоос миний гадаад авшиг
Олдсон биеийг Бурхан болгон бясалгах нь
Онцгойлвоос миний дотроо хүртсэн авшиг
Өөрийн бэлгэ чанар лугаа учирсан тэр нь
Үнэмлэхүй утгасын оройн дээд авшиг
Үлэмж гурван авшигт егүзэри бөлгөө би
Ерөөл барилдлагат аль газрын шавь боловч
Ерөөс миний энэхүү авшигийг хүртэж болмуй» хэмээн айлдахад Балдарбум охин хариуд нь: “Таны дурьдсан гурван авшиг аварга хүчит арслан араатан гөрөөс бүгдийг цогоор дарах адил үнэхээр гүн нарийн ажгуу. Эдгээр авшигийг хүртсэн хойно ухааны мөр болгох «Харил үгүй утгасын хөтөлбөр» байдаг гэж сонслоо. Тэрхүү хөтөлбөрийг айлдан соёрхох ажаам уу!” хэмээхэд Мила Богд доорхи гүр дууллыг эгшиглэн номловой:
«Гэтлэхүйн номыг сонсох, сэтгэх, бясалгах гадаад хөтөлбөр
Гэгээн гэрэлт биеийг тодорхойёо таних нь дотоод хөтөлбөр
Оюун сэтгэлээ хураан хагацах үгүй нь утгасын хөтөлбөр
Олдохуйяа бэрх гурван хөтөлбөрт егүзэри билээ би
Хол ойрын ерөөл барилдлагат шавь бүхэн
Хосгүй гурван хөтөлбөрийг минь хүртэж болмуй» гэхэд Балбарбум охин хариуд нь: “Таны айлдсан энэхүү хөтөлбөр тань арчсан толинд аливаа дүрс бүхэн тодорхой тусах мэт үнэхээр гайхамшигтай ажгуу. Дээрх хөтөлбөрүүдийг сонссоны дараа аглаг зэлүүд уулын улалжин овоохой, хадан агуйд сууж үлэмж явдлыг үйлдэх хэрэгтэй хэмээн сонссон билээ. Тэрхүү явдал чухам ямар болохыг айлдах ажаам уу!” гэхэд Миларайва лам ийн номложээ:
«Уул хадны хүнгүй сэлүүн чөлөөнд
Улалжин овоохойд суух гадаад явдал
Амь биеийг хог сэг шиг санаж
Аливаад сэтгэл уягдахгүй нь дотоод явдал
Төгс чанарт ахуй ёсонг шүтэж
Төв чигчээр үйлдэх нь ялгуусан явдал
Ариун ийм явдлуудаар егүзэри би замнамуй
Аль газрын ерөөл барилдлагат шавь боловч
Аньс гүн явдлаас минь суралцаж болмуй» хэмээхэд охин хариуд нь “Жигүүртний хаан Хангарьд шувуудын аймгийг цог жавхлангаар дарах мэт үнэхээр хосгүй гайхамшигт сайн явдал нугууд ажгуу. Дээрх гурван явдлаар замнагч егүзэрис алив муу шалтгааныг нөхөд сэлтээ болгоод хамгийг «Пад» хэмээн зөв зам мөрд оруулдаг хэмээн сонссон билээ. Та надад тэрхүү «Падын» тодорхой утгыг айлдан соёрхох ажаам уу!” гэхэд Мила Богд доорх дууллыг эгшиглэн номловой:
«Алжааст нисваанис сэтгэлд босон ирэхүйд
Авталгүй сарниаж чадваас гадаад «Пад»
Сэтгэл үймцэн живж догшрохуйн цагт
Сэрэмжлэн түүнээс зайлах нь дотоод «Пад»
Аху ёсны агаарт үл бясалган суухуй
Аяа тэр хэмээвээс хамгаас ялгуусан «Пад»
Ерөөс тийм гурван «Пад» лугаа төгссөн билээ
Ерөөл учралт аль газрын шавь хэн боловч
Егүзэри надаас гүн нарийн аньсыг нь сонсож болмуй» гэхэд Балдарбум охин “Таны айлдсан наад «Падын ёсон» тань үүлгүй тэнгэрийн төв дундахь үдийн наран үзэгдэл юмс бүхнийг тод гийгүүлэх адил үнэхээр гайхамшигтай ажгуу. Дээр өгүүлсэн арга ном бүхнийг үйлдсэн хойно чин бишрэл тань хэр болсон талаар товч айлдан соёрхоно уу!” гэхэд
«Үзэгдэх хүлчин чөтгөр үгүйг ойлгосноор
Үзлийн төвд чин бишрэлийг олж чадлаа
Барилдлагагүй бол алгасралгүй ёсонг ухсанаар
Бас бясалгалын дунд чин бишрэлийг олж авлаа
Бүхий л эрмэлзэхүй болон сэжгийг таягдсанаар
Бүтсэн үрийн дунд чин бишрэл боловсорлоо
Үзэл, явдал, үр лүгээ төгссөн егүзэри бөлгөө би
Үнэн барилдлагат аль газрын шавь боловч
Өгүүлж хэлсэн чин бишрэлийг батлаж болмуй» хэмээн Миларайва хэмээн алдаршсан тэр Богдыг айлдаж дуусахад Балдарбум охинд гүн чин бат бишрэл төрөөд, хоёр өвдгийг бохирон доош мөргөж Богд ламын өлмийг тэргүүн дээрээ залж дээдийн өргөл хүндлэлийг үзүүлжээ. Дараа нь Мила Богдыг өөрийн өргөөндөө залж оруулаад аль сайн идээ ундаанаар дайлах зуур ийн өгүүлрүүн: “Дээдийн багш минь ээ! Урьд нь би харанхуй мунхагийн эрхээр Богдсын номыг үнэн сэтгэлийн угаас бүтээж байсан удаа үгүй бөлгөө. Өдгөө дорд би дуртайяа таны боол зардсан тань болж үнэн номын авшиг увдисыг гуйж байгаа тул хайрлаж соёрхох ажаам уу!” гээд өөрийн урьдын гэм нүгэл болон омгорхол бардамналын сэтгэлтэй байсныг ойлгон наманчлаад доорхи дууллыг эгшиглэн өгүүлэвэй:
«Хайрлахуйн дээд лам эрдэнэ минь
Хамаг Бурхадын бүрэлбаа хүмүүний чимэг!
Тортогт мунхагийн нүгэл хилэнцээр түйдэж
Тоост хорвоод хүмүүний төрлийг оловой би
Аагим зуны халуун үүлэн давхаргыг нэвтлэхэд
Ая тухтай газар орон хаана буйг эрэлхийлэвч
Аясын салхит амгалан сэлүүн тийм орныг
Алтан дэлхийн альхан өнцгөөс ч олж чадсангүй.
Өвлийн урт өдрийн жингэнэм жаварт түүртээд
Өнгийн цэцэгс хяруу шүүдэрт ажирдаггүйг мартлаа.
Угаас дорд төрөлт усан нүдтэн би вээр
Уулын цэцэгсийн анхилуун шимийг хүртсэнгүй.
Үхширмэл муу авьяаст өвч бие минь хүлэгдээд
Үзэх нүд тэргүүтэн харалганаас өөрцгүйн улмаас
Өмнө минь залрах өвгөн егүзэри таныг
Үнэхээр шидэт Богд ламтан гэж эс танилаа.
Тоочин өгүүлчихээр сайн үйлийг эс үйлдээд
Тодорхой үйлийн эрхээр дорд биеийг олон төрөвэй.
Гэмт нисваанисын тоос тортогт зузаан бүрхэгдээд
Гэгээн гэрэлт бие лүгээ эс учиравай.
Туйлбартай бат сэтгэлийн хат үгүйн тул
Тунамал ариун номыг үйлдье гэхээр атгагт живмүй.
Богдсын номыг хааяа боловч бясалгая хэмээтэл
Бодол сэтгэл минь нэг л мэдсэн залхууралд автмой.
Замбуутивийн тоос тортогт энэхэн чөлөөнд
Заяа төөргийн эрхээр баян айлын охин боловой.
Алив хүмүүн төрлөө өөрөө сонгодоггүй болохоор
Аз дутаж ядуу хоосон айлд төрчихвөл
Аягүйдвэл орчлонг ганц бие туулж мэднэ
Арайхийж учирсан ижил ханьдаа дарлуулж
Ачит эцэг эх хоёр нь ч гаргуунд гаргах зэрэг
Аль учирч мэдэх зовлон хаанаас мундах билээ?
Чихэнд чийртэй хараал зүхлийг амны уншлага болгож
Чивэлт муу хов живийг өрөөл бусдад дамжуулаад
Эв найртай эхнэр нөхөр хоёрыг муудалцуулж
Эд хөрөнгөө өглөг буяны үйлээс харамлаж мэднэ.
Олдсон амтат зоогийг бусдад хялайлгалгүй хүртээд
Орчлонгийн мөнх бусыг огтоос бясалгахгүй байтал
Одоо үйлдсэн үйлийн үр сүүдэр мэт дагамой.
Сэтгэл минь энэлэн үйлдсэн нүглийг наманчлая!
Сэвгүй ариун Бурханы зам мөрийг харилтгүй дагая!
Учрахуйяа нэн ховор авралт Богд багш минь та
Ухаж замнахад дөхөмтэй ном нэгийг айлдах ажаам уу!» гэхэд Мила Богдын сэтгэл маш ихэд баясаад доорх гүр дууллыг эгшиглэн номловой.
«Энгүй сэцэн билигт Балдарбум охин чи
Эмс охидын гэм нүглийг тоочин өгүүлсэнийг
Эдүгээ би сонссоны хариуг хэрхин хэлэх вэ?
Өөрийн чинь өгүүлж хэлсэнийг магтах аваас
Өөдгүй омогт сэтгэлийг чинь дэгжээж мэдэх вий!
Тоочиж дурьдсан ёсыг шүүмжилж муушаах аваас
Тортогт муу бодолд эзэмдэгдэхийг хэн байг гэхэв.
Чигч үнэн хоёргүй сэтгэлийн үгс маань
Чиний сэтгэлийн хөндүүрийг онож хөндөх вий!
Өвгөн егүзэри миний өгүүлэн номлохыг сонсогтун!
Зүс царайн дахь өлөн тоосыг үргээсэн төдийхнөөр
Зүйрлэшгүй нарийн сэтгэлийн хирийг арилгаж болох уу?
Зуйвар зальхай ааш аягийг эс таягдаад
Зуурдаар учирсан дорд заяанаас хагацаж чадах уу?
Төлөв даруухан нөхөр ханийг тогтоож чадаагүй атал
Төгөлдөр бэлгэст дээдийн багшийг шүтэж барах уу?
Энэ насны аар саархан үйлэнд сэтгэл хүлэгдчихээд
Эгнэшгүй дээдийн ном бүтээлийн ард гарах уу?
Хармын сэтгэл эд хөрөнгөнд сувьдаглан хомхойроод
Хамаг амьтанд өглөг буяныг үйлдэж чадах уу?
Өхөөрдөм хөөрхөн танхил бяцхан охин чи
Өглөө эртийн болжмор шувуу шиг өмнө шулганаад
Үг хэлийн уран сэцнээр сонор баясгавч
Үнэндээ Бурханы номыг замнан суралцахад хол аж.
Ариухан танхил бяцхан охин чамайг үзвээс
Ашиг завших худалдаачин лугаа төстэй бус уу?
Хуйхар муу элдэв бодолд сэтгэлээ түйдчихээд
Хувь ерөөлт Бурханы номыг бүтээж чадашгүй.
Ариун гэгээн номын ёсоор бүтээсүгэй хэмээвэл
Алив одоохон миний зам мөрийг дагаад
Аглаг уулын агуйд очин увдисыг сэтгэсү!» хэмээн Богд лам номлон зарлиг болсныг Балдарбум охин чин сүжгээр хичээнгүйлэн сонсоод ийн өгүүлэвэй:
«Эрдэнэ хутагт дээдийн лам багш минь та
Энэлсэн амьтан бүхэнд тусыг хүргэгч бөлгөө.
Заяа муутай балчир охин билээ би
Зав чөлөөгүй олон ажилд дарагдсаар
Харанхуй шөнө залгахад бөх нойронд автан
Хайран насыг хувцас идээний зардсан болгох атал
Хаанаас дээд номыг үйлдэх чөлөө учрал тохиох билээ?» хэмээхүйд хутагт Миларайва хариуд нь ийн өгүүлэвэй. “Хэрвээ чи үнэн сэтгэлийн угаас Богдсын номд суралцан бүтээсүгэй хэмээж буй бол орчлонгийн аливаа ажил үйл бүхэн бясалгал бүтээлийн хувьд хамгийн том барцад саад байдгийг ухааран тэр бүхнээс шийдвэртэй ангижрах хэрэгтэй!” хэмээгээд «Дөрвөн зүйл ангид таслахуй» нэрт гүр дууллыг эгшиглэн номложээ.
«Хувь ерөөлт охин Балдарбум дүү минь
Хувиршгүй чин сүжигт буяны садан минь
Хутагт егүзэри миний айлдан номлохыг сонсогтун!
Өмнө дурайх хойд насны зам мөр урт тул
Өнөөдрөөс эхлэн замын хүнсийг бэлдэх учиртай.
Ирэх төрлийн замын хүнсийг хараахан бэлдээгүй аваас
Энэ насандаа өглөг буяны үйлд хичээнгүйлэн шамд!
Атгаг хармын сэтгэл атаат дайснаас өөрцгүй
Автаж түүнийг баримтлаваас галзуу нохойг тэжээсэн мэт.
Гар татуу хармын сэтгэлд ашиг тус нэгээхэн ч үгүй
Гай барцдыг дуудах тул үтэр таягдан хаягтун!
Учир ерөөлт охин Балдарбум дүү минь
Учрах хойд төрлийн хэрэг харанхуй шөнөөс өөрцгүй
Адаглаад энэ насны үйл тааварлашгүй будангуй атал
Аймшигт харанхуйг ялах гэгээн зулыг бэлдсүгэй!
Зоргоор танхил охин чи зулыг бэлдээгүй аваас
Зохист гэгээн гэрэлт биеийн аргыг бясалгасугай!
Алжааст мунхаг хэмээгч атаат дайсан бүхийн тул
Ашиг тус нэгээхэн бээр үгүй гэдрэг хор болмуй.
Муу үймцэрсэн элдэв бодол ч өст дайсан бүхийн тул
Мугуйд нисваанисын хорыг үндсээр нь таслан хаягтун!
Хосгүй хувь ерөөлт Балдарбум охин минь ээ
Хойд насны зам мөр аюул ослоор дүүрэн тул
Тосон угтах ирэх төрлийн урт холын аянд
Тохь тулхтай сайн нөхрийг сонгон ханил!
Сайн нөхөр тэр хэмээгч гагц Богдсын ном тул
Сайвар одогсоны сургаал номлолд хичээнгүйлэн шамд!
Садан төрөл хэмээгчид өст дайснаас өөрцгүй бүхийн тул
Сайн номлол дээдийн зам мөрт саад тотгор болмуй.
Ашиг тус нэгээхэн ч үгүй гэдрэг хор болох тул
Ашид садан төрлөөс зай аван огоорогтун!
Аз учралт охин дүү Балдарбум минь ээ
Аюул гамшгаар дүүрэн болой хойчийн зам мөр
Явдал сайт ажнай хөлгийг бэлдэж завдсан уу
Ялгуусан тийм хөлөг хэмээгч хичээл шамдал болой.
Хичээл шамдал хамаг тус эрдэм нүгүүдийн ундрага
Хилэнцэт алхаг залхуу өшөөт дайсан бүхийн тул
Ашиг тус бээр нэгээхэн ч үгүй гэдрэг хор болмуй
Алхаг залхуу занг нэн даруй таягдан хаягтун!» тийн хэмээн номлож зарлиг болсонд Балдарбум охин хариу өгүүлрүүн: “Дээд Богд ачит лам минь ээ! Би ирэх хойд төрлийн зам мөрд тустай хүнсийг огтоос бэлдсэн зүйлгүй. Би одооноос эхлэн энэ үйлийн төлөө хичээн шамдах тул хутагт лам та гэгээндээ болгоож хоосон чанарын хөтөлбөрийг айлдан соёрхоно уу!” хэмээн хэлэхийг сонсоод Мила Богдын сэтгэл маш баясаж “Чи хэрвээ үнэн сэтгэлийн угаас айлдах номыг минь бүтээе хэмээвэл нэрийг арилжиж, гэзэг үсийг үргээн гэлэнмаагийн сахил аваагүй атал үрийг олж Бурхан болон бүтэх бүрэн боломжтой бөлгөө” хэмээн зарлиг болоод «Дөрвөн үлгэр ба таван утга зохилдохуй» нэрт гүр дууллыг ийнхүү номлоруун:
«Хувь ерөөлт охин Балдарбум дүү минь
Хувиршгүй чин сүжигт буяны садан минь
Хутагт егүзэри миний айлдан номлохыг сонсогтун!
Эргэн тойронд чамайг хүрээлэх огторгуйн орон
Элчилгүй уудам төв хязгааргүй болохыг санаад
Өөрийн чинь сэтгэл ч түүнээс өөрцгүй хоосон тул
Өнгө хэлбэр, төв хязгааргүй ёсонг бясалгагтун!
Түгээмэл орчлонгийн дундах наран саран хоёр
Түмэн бодисыг харанхуйгаас ангижруулдаг болохыг санаад
Гэгээн гэрэлт бие наран сарнаас өөрцгүй хурц тул
Гиймэл өнгө туяаг ину нэгэн болгож бясалгагтун!
Өмнө дурайх өндөр сүрлэг уул нурууд
Өнөд хэлбэрэлтгүй тулхтай оршихуйн ёсонг санаад
Аху ёсны мөн чанар түүнээс өөрцгүй лавдуун тул
Ашид харилтгүй сэтгэлийн агаарт амирлангуй бясалгагтун!
Яралзан мяралзах их далайн цэнхэр мандал
Яндаж боломгүй их усны орон болохыг санаад
Яг үнэндээ сэтгэл хэмээгч түүнээс өөрцгүй гүн тул
Ямагт хэлбэрэл баримтлалгүй ёсонг бясалгагтун!» хэмээн номлоод биеийн засал хийгээд сэтгэлийн олон төрлийн аньсыг уламжлуулан зааж бясалгуулжээ. Түүнээс хойш Балдарбум охин Богд ламын зарлиг номлолын дагуу хичээнгүйлэн бясалгаад удаж төдөлгүй сайн билиг билгүүн төгс болж эхний үр лүгээ учирсан ажгуу. Тэрвээр сэтгэлийн дундахь зарим сэжиг атгагыг гүйцэд арилгахын тулд Мила Богдод дахин бараалхаж доорх шүлгийг эгшиглэн өгүүлэвэй:
«Эрдэнэ ялгуусан дээдийн Богд лам та
Энгүй олон Бурхадын бүрэлбаа бөлгөө
Өнгө хэлбэргүй огторгуйг бясалгахад нэн тааламжтай ч
Өтгөн үүлс бүрхдэгийг бодохоор сэтгэл үймэрлээ
Өдгөө түүнийг хэрхин үзэхийг айлдан соёрхоно уу!
Гийгүүлэгч наран саран хоёрыг бясалгахад нэн тааламжтай ч
Гилбэлзэх од мичдийг бодохуйяа сэтгэл үймэрлээ
Гэмт тэрхүү тотгорыг арилгах ёсонг айлдан соёрхмуу!
Уул нуруудын лавдууныг бясалгахад нэн тааламжтай ч
Ургамал модонд бүрхэгдсэнийг бодохоор сэтгэл үймэрлээ
Угтаа түүнийг хэрхин болгоохуйн ёсонг айлдан соёрхоно уу!
Далай тэнгисийн гүн цээлийг бясалгах нэн таатай ч
Давалгаа долгис хөөцөлддөгийг санахаар сэтгэл үймэрлээ
Даамай тэрхүү тотгорыг хэрхин арилгахыг айлдан соёрхмуу!
Өөрийн билиг чанарыг бясалгахуйд нэн тааламжтай ч
Өшөөт нисваанис төрөхүйн цагт сэтгэл үймэрлээ
Өнөд түүнийг дарахуйн ёсонг айлдан соёрхоно уу!» хэмээхийг Миларайва лам сонсоод Балдарбум охины сэтгэлд тунамал их бясалгал төрсөн болохыг төвөггүй ойлгож тотгорыг нь арилган бясалгал дияаны хүчийг нэмэгдүүлэхийн тулд доорхи гүр дууллыг номложээ:
«Сайн болой, ийнхүү асуудаг чинь
Сааршгүй хувь ерөөлт Балдарбум охин минь
Санаа тавин сонс айлдах ном бүхнийг минь!
Өнгө хэлбэргүй огторгуйг бясалгахад тааламжтай атал
Өтгөн үүлс бүрхдэгийг яахин умартаж болох вэ?
Хөвөн үүлс огторгуйн цээлд дураар нүүдэллэх нь
Хөхөмдөг тэнгэрийн рид бэлгэс төдийхнөөр сэтгэ.
Гийгүүлэгч наран саран хоёрыг бясалгахад таатай атал
Гилбэлзэх од мичдээс яахин ангид байх билээ.
Саран нарны салшгүй рид бэлгэс төдийхөн болохоор
Сааршгүй гэрлээс нь ангижраад хаашаа холдож чадах вэ?
Уул нуруудын лавдууныг бясалгахад тааламжтай атал
Ургамал модонд бүрхэгддэгийг яахин мартаж болох вэ?
Үнэндээ тэд уулсын рид бэлгэс төдийхөн болохоор
Өнөд лавдуун орноос нь хааш зайлж чадах вэ?
Гүн далайн хөхөмдөг цээлийг бясалгах нэн таатай ч
Гүйвэлзэх долгис тоглон нааддагийг яахин мартаж болох вэ?
Давалгаа яралж хэмээгч нь далай тэнгисийн ридэс буюу
Даамай уудам мандлаас нь хаашаа холдох билээ?
Үнэн сэтгэлийн мөн чанарыг бясалгах таатай ч
Үе үехэн нисваанис төрөхөөс яахин ангид байлтай вэ?
Үнэндээ тэр сэтгэлийн рид бэлгэс төдийхөн болохоор
Өөрийн сэтгэлийн агаарт эеэр урвуулагтун!» хэмээн айлдан номлосны дагуу Балдарбум охин хичээнгүйлэн шамдсаар өөрийн сэтгэлийн номын аху ёсныг бүрнээ ухаарч эцэстээ шид хутгийг олж чадсан ажгуу. Тэр энэ төрлийн эцэст буй биеэрээ агаарт хөөрөн дэгдэж гартаа барьсан хонхны дуу нь огторгуй даяар цэнгэл баяслын дууг дуурьсган улам улмаар жижгэрсээр дагинасын дагшин оронд очсон гэдэг. Балдарбум охин болвоос Миларайва ламын дөрвөн том эмэгтэй шавь нарын нэг юм. Энэ болвоос Хутагт Миларайва лам Зүнги Гадвалэгсүм нэрт газар Балдарбум охин лугаа учирсан бөлөг болой.
Буулгасан Д.Болдбаатар
Холбоотой Аудио: Сонсох
ЗочинAugust 15, 2013
Гайхамшигтай дээдийн ном байна.
ЗочинAugust 19, 2013
Хойчийн бидний замыг гэрэлтүүлэх, Хосгүй ачит бурханы сургаал буюу!
ЗочинAugust 19, 2013
Хойчийн бидний замыг гэрэлтүүлэх, Хосгүй ачит бурханы сургаал буюу!
ЗочинAugust 27, 2013
Гайхамшигтай сайхан дээдийн ном байна.
ЗочинOctober 20, 2013
би уйлж байна