Хүн бүрт адилхан авъяас, дур сонирхол заяадаггүй учраас Бурхан багш янз бүрийн хүмүүст, төрөл бүрийн арга замуудыг заасан байдаг. Үүнд: нэг жишээ дурдвал, Дээрхийн Гэгээн Далай Лам “Дэлхий дээр ийм олон шашин байгаа нь гайхалтай сайхан хэрэг” гэж хэлсэн юм. Нэг төрлийн хоол хүнс хүн бүрийн хүсэл таалалд нийцдэггүйн адил, нэг шашин юмуу нэг итгэл, үнэмшил бүх хүний хүсэл таалалд нийцэхгүй. Иймээс сонголт хийж болохуйц ялгаатай, олон шашин байх нь онцгой аятайхан хэрэг. Тэрээр үүнийг их таатай хүлээн авч, сайшаадаг.
Өнөө үед Бурханы номын багш нар болон бусад шашнуудын удирдагч нар харилцан хүндэтгэл дээр тулгуурласан яриа, санал бодлоо солилцох уулзалтыг хийх болсон. Жишээ нь, Дээдийн Гэгээн Далай Лам Пап ламтантай хэд хэдэн удаа уулзсан. Пап ламтан 1986 оны 10 сард Италийн Ассиси хотод дэлхийн бүх шашнуудын удирдагч нарыг томоохон хэмжээний чуулга уулзалтанд урьсан билээ. Энэ уулзалтанд 150 орчим төлөөлөгчид ирсэн байлаа. Дээдийн Гэгээн Далай Лам Пап ламтны хажууд залагдан сууж, хамгийн эхэнд үг хэлэх хүндэтгэлийг хүлээсэн юм. Уг хурал дээр шашны удирдагч нар ёс суртахуун, хайр энэрэл, нигүүлсэл гэх зэрэг бүх шашнуудын нийтлэг сэдвүүдийг авч хэлэлцсэн. Хүмүүс янз бүрийн шашны удирдагчдын өөр хоорондоо харилцан хүндэтгэлтэй, эв найртайгаар хамтран ажиллаж байгаад ихэд урамшиж байлаа.
Хэрэв бид Бодисын чанадын гүн ухаан (Метафизик) болон Шашны номлол судлалын талаар хэлэлцвэл, ялгаа гарах нь ойлгомжтой. Иймэрхүү ялгаатай байдлуудыг тойрох арга зам үгүй. Гэвч “Миний аав чиний ааваас илүү хүчтэй.” гэсэн хандлагаар маргалдах нь утгагүй зүйл. Энэ нь маш нялхамсаг байдал. Аливаа юмыг нийтлэг талаас нь харах нь илүү ашиг тустай. Дэлхийн бүх шашнууд хүмүүст ёс зүйн үүднээс хандахыг зааж сургаснаар хүн төрөлхтөний амьдрах нөхцлийг дээшлүүлэх, тэдний амьдралыг илүү сайхан болгохыг л зорьдог. Тэд бүгдээрээ амьдралын материаллаг зүйлтэй бүхлээрээ орооцолдохгүй, дор хаяж материаллаг дэвшил, оюуны дэвшлийн эрлийн хоорондох тэнцвэрийг хадгалахыг хүмүүст номлодог.
Дэлхий дээрх байдлыг сайжруулахын тулд бүх шашны урсгалууд хамтарч ажиллах нь маш их тустай юм. Бидэнд зөвхөн материаллаг дэвшил бус, оюуны дэвшил хэрэгтэй. Хэрэв бид амьдралын зөвхөн материаллаг талыг илүүд үзээд байвал хүн бүрийг хөнөөх илүү сайн зэвсэг хийх л зорилт байж болох билээ. Нөгөө талаас бид хүмүүнлэг буюу оюунлаг талаас нь бодож үзвэл, үй олноор хөнөөх зэвсэг улам нэмэгдэхээс үүдэн гарах айдас, аймшиг ба бусад асуудлууд ойлгомжтой болно. Хэрэв бид зөвхөн оюунлаг талаа хөгжүүлээд, материаллаг талаа анхаарахгүй бол хүмүүс өлсгөлөн байхад хүрэх тул энэ нь мөн тийм сайн биш. Бидэнд тэнцвэр хэрэгтэй.
Дэлхийн шашнуудын хоорондох харилцааны нэг тал нь тэдгээрийн зарим онцлогууд нийтлэг байдагт оршино. Жишээ нь, Бурханы шашин болон Христийн шашны хоорондын харилцааг авч үзье. Олон Христийн шашны бясалгагчид Бурханы шашнаас бясалгах, оюун ухаанаа төвлөрүүлэх аргуудыг нь сурахыг сонирхдог. Маш олон католик Санваартнууд, Хамба лам, Лам, Гэлэнмаа нар Энэтхэгийн Дарамсала хотод эдгээр чадварт суралцаж, өөрсдийн уламжлалдаа шингээж авах зорилгоор очдог билээ. Хэд хэдэн Бурханы шашинтнууд Католик шашны хурлуудад хичээл зааж байсан. Би ч бас тэнд хэрхэн бясалгах, хэрхэн анхаарлаа төвлөрүүлэх, хайр нигүүлслийг хэрхэн үүсгэх талаар хичээл заахаар уригдаж байлаа. Христийн шашин хүн бүрийг хайрлахыг сургадаг боловч, хэрхэн үйлдэхийг нэг бүрчлэн тайлбарладаггүй. Харин Буддизм нь энэрэл хайрыг хэрхэн үүсгэх аргуудаар маш баялаг юм. Христийн шашин хамгийн дээд удирдлагын хэмжээндээ Бурханы шашнаас эдгээр аргуудыг суралцах асуудалд нээлттэй байдаг. Энэ нь Христийн шашинтнууд бүгдээрээ Бурханы шашинтан болно гэсэн үг биш. Хэн нь ч нөгөөгөө өөрийн шашинд татаж байгаа хэрэг биш. Эдгээр аргуудыг шашинд нь тохируулж, улам сайн Христийн шашинтан болоход туслахаар ашиглаж болно.
Үүний адил олон Бурханы номтнууд, Христийн шашинтнуудаас нийгэмд үйлчлэх талыг нь суралцахыг сонирхож байгаа юм. Христийн шашны олон уламжлалууд болох хувраг, гэлэнмаа нараа багшлах болон эмнэлэгийн ажилд оролцуулж, ахмад настан, өнчин хүүхдүүдийг асран халамжлах гэх зэрэг нь их ач тусаа өгдөг. Хэдийгээр зарим Бурханы шашинтай орнууд иймэрхүү нийгмийн үйлчилгээнүүдийг хөгжүүлсэн боловч, элдэв нийгмийн болоод газар зүйн шалтгааны улмаас газар бүр бий болгоогүй байна. Бурханы шашинтнууд Христийн шашинтнуудын нийгмийн ажлаас нь сурч болно. Дээрхийн Гэгээнтэн энэ тал дээр маш нээлттэй ханддаг. Үүгээр Бурханы шашинтнууд Христийн шашинтан болно гэсэн үг биш юм. Үнэндээ Христийн шашны туршлагаас Бурханы шашныханд сурах тодорхой талууд байна. Мөн түүнчлэн Бурханы шашны туршлагаас Христийн шашинд сурах зүйлс бас байна гэвэл зохино. Энэ мэтээр харилцан хүндэтгэл дээр үндэслэгдсэн, нээлттэй чуулга уулзалт дэлхийн шашнуудын дунд зохион байгуулагдаж байна.
Шашнуудын хоорондын харилцаа нээлттэй, өрөөсгөл бодолгүй дээд удирдлагынхны түвшинд явагддаг. Доогуурх түвшний хүмүүс өөртөө итгэлгүй, түүнээсээ үүдэн хөл бөмбөгийн багийн сэтгэл зүйтэй, “Энэ бол миний хөл бөмбөгийн баг, харин бусад шашнууд эсрэг талын хөл бөмбөгийн баг.” гэсэн хандлага гаргадгаас улбаалан бид өрсөлдөн тэмцэлддэг. Энэ нь шашнуудын хооронд, эсвэл янз бүрийн Бурханы шашны уламжлалуудын хооронд, ер нь хаана ч тохиолдсон ялгаагүй харамсалтай зүйл юм. Бурхан багш олон янзын аргуудыг номлосон ба тэд бүгд өөр хоорондоо ялгаатай олон төрлийн хүмүүст өргөн цар хүрээнд туслахыг зорьж, зохицолтойгоор үйлчилдэг. Ийм учраас зөвхөн Бурханы шашнаар хязгаарлалгүй, дэлхийн бүх шашнуудын уламжлалыг хүндэтгэх нь чухал.
Александер Берзин