2021-10-13 | Нийтэлсэн:admin | Үзсэн:8625
Сахиус бурхад нь:
1. Жигжид /Ямандага
2. Очирваань
3. Гомбо / Махагала
4. Гонгор
5. Чойжоо
6. Лхам
7. Шалши
8. Намсрай
9. Жамсран
10. Цамба тэргүүтэн бөгөөд эдгээр Бурхад нь шашин, амьтны зөв үйл хэргийг тэтгэн хүү мэт сахин хамгаалах ам тангарагтай Сахиуснууд болой. Эдгээр сахиус нь бурханы шашныг сахин хамгаалах ам тангарагтай бөгөөд сахиуснуудын мөргөл, даатгал, залбирлыг уншдаг энэхүү хурлыг даган баясч хуруулснааар өвчин зовлон, зуурдын үхэл хагацал, хар цагаан хэл амны хорлол, адын хорлол, лусын хорлол, хүн хийгээд хүн бусын хорлол, хараал жатгаас аварч арилган, нас буян, эд агуурс, буян хишиг, энэ ба эцэс хойт насны буяныг хэмжээлшгүй дэлгэрүүлэх тус эрдэмтэй.
Арван хангал бурхад нь:
ЯМАНДАГ / Жигжид / нь 10 хангалын нэг бөгөөд монголоор “Аюулган үйлдэгч” гэдэг. Ямандагыг шашныг хамгаалагч , авран тэтгэгч, билэг оюуны бэлгэдэл болгон өргөл хүндлэл үзүүлж тахил үйлдэн шүтсээр ирсэн. Зүрхэн тарни нь “Ум христи види да нан на хум пад” болой. Ямандаг нь догшин дүртэй, хөмсөг сахалнаас нь гал бадарсан, хурц соёотой, хэл нь мушгирсан, луугийн дуун гаргасан, цус дусалсан толгойгоор эрих хийсэн, хар могой, хүний ясаар чих, бугуй, шилбээ чимсэн, бадамлянхуа цэцэгт дэвсгэр дээр өөрийн дагина цэнхэр өнгөтэй, баруун мутартаа гавал барьсан Доржэсолонмааг тэвэрч зогсоно.
ОЧИРВААНЬ нь 10 хангалын нэг бөгөөд монголоор “Очир баригч” гэдэг. Монголчууд эр зориг, хүч чадал хайрлагч, монголыг даасан ядам бурхан хэмээн дээдлэн шүтэж ирсэн төдийгүй Чингис хаан болон Автай сайн хаанаа Очирваанийн хувилгаан гэж үздэг байжээ. Зүрхэн тарни нь “Ум базар вааний хум пад” болой. Очирваань нь хар өнгийн лагшинтай, 3 мэлмийтэй, хүчирхэг дуутай, хөмсөгнөөс нь гал бадарсан, баруун мутартаа гурван орныг номхотгох буман нарны гэрэл бадарсан 5 хорыг дарах, 5 билиг төгс таван салаа очир, зүүн мутартаа цалам барьсан байх агаад бадамлянхуа дээр заларсан байдаг
ГОМБО нь 10 хангалын нэг бөгөөд монголоор “Итгэлт шүтээн” гэдэг. Мөн Махагала буюу “Их цог” гэж ч хэлдэг. Гомбо сахиусны лагшин бараан хөх, 3 улаан мэлмийтэй, хохимой толгой бүхүй тэргүүнтэй, 50 толгойгоор эрхи хийж зүүсэн, улаан шаргал үснирээ хөх могойгоор зангидсан, эрээн могойгоор толгойгоо, ногоон могойгоор хүзүүгээ, цагаан могойгоор бэлхүүсээ чимсэн цагаан гархиар хөлөө бөгжилсөн зааны арьс нөмөрсөн, зүүн хөлөө гадагш жийж баруун хөлөө дотогш нугалсан, орой дээрээ бурхан залсан, бадарсан галын дунд байрласан байдаг. Гомбо сахиусыг хүн малд тохиолдох гай зэтгэрийг зайлуулах, тохиолдсон гамшиг зовлонгоос ангижруулахын тулд урин залж, тахин шүтэж ирсэн билээ. Зүрхэн тарни нь: "Ум базар маха гала гүндри даяа хум пад " болой.
ГОНГОР нь 10 хангалын нэг бөгөөд монголоор “Цагаан итгэлт” гэдэг. Эртнээс нааш үгүйрэл хоосролоос ангижруулан, эд баялаг, идээ цагаа дэлгэрүүлэх "Эдийн тэнгэр" гэж бэлгэдэн шүтэж ирсэн байна. Зүрхэн тарни нь: "Гүрү маха гала хари ниса сиди за" болой.
Гонгорын дүр нь догшин ширүүн боловч мишээсэн царайтай, 6 мутартай, тэргүүн дээрээ бурхан залсан, эрдэнийн хонхоор биеэ чимсэн, их галын дөлөн дунд бадамлянхуа наран дэвсгэр дээр заларсан байдаг. Баруун талын эхний мутар нь хүслийг хангагч чандмань эрдэнийн бэлгэтэй, зүүн талын эхний мутар нь эрдэнийн хур буулгасан бэлгэтэй, дунд талын баруун мутарт амь таслагч зэмсэг, дунд талын зүүн мутарт хамаг амьтныг сүрээр дарагч гурван үзүүрт сэрээ, баруун талын доод мутарт урин залагч дамар, зүүн талын доод мутарт ертөнц дахиныг эрхэндээ оруулагч гох дэгээ барьсан, бүхнийг авран сахигч догшин бурхан юм.
ДАМДИН ЧОЙЖОО нь 10 хангалын нэг бөгөөд монголоор “Эрлэг номун хаан” гэдэг. Сар бүрийн билгийн тооллын 29-нд номын сахиус Чойжоо бурханаа “шинэ ян” татан уншиж хамаг амьтны нас буян, эрүүл энх аж төрөхийг даатган аврал одуулж, бие хэл сэтгэлийн үйлийн авал орхилд суралцахыг эрхэмлэн залбирал тавьдаг байна.
Дамдин Чойжоогийн дүр нь хар бараан, 3 орныг нэвт ширтэх чадал бүхий хурц мэлмийтэй, амаа ангайсан, 4 хурц соёо ярзайсан, хэл нь хуйларсан, үс нь сэгсийсэн, эвэр нь сэрийсэн үхэр тэргүүнтэй, баруун мутартаа хүний араг ясан дохиуртай, зүүн мутартаа цалам барьсан аймшигт догшин байдалтай орших агаад Юм нь адууны нойтон арьс нөмөрсөн, дэлэн хөхөө унжуулсан, зүүн мутартаа гавал, баруун мутартаа сэрээ барьсан агаад Эрлэг номун хаан руу тэмүүлэн байдаг. Эрлэг номун хаан хөлөг дээр заларч тамын орны шударга шүүгч элч, яргачин нарын хамт наран дэвсгэрт бадамлянхуа дээр байрлана. Шашинд тэрслэгч дайсан бүхнийг даран устгахыг бэлгэдэж, нүүрлэсэн гай зэтгэрийг зайлуулан, сайн үйлс дэлгэрүүлж буян бүтээх үүднээс уншлага урилга болон тахиулдаг заншилтай. Зүрхэн тарни нь "Ум гала рү ва хум пад" болой.
Их ядам бурхан Ямандагийн зарлиг хүлээгч нь Дамдин Чойжоо бурхан гэдэг. Түүний бүтээлд дулдуйдан “Чойжоо дүгжү” гаргах зан үйлийг гүйцэтгэдэг. Богд Зонхава бээр “Өөр болон бусдын тусад үл хүсэх зүгийг арилгах, таашаах хүсэлт зүгийг бүтээх хоёр үйлийг үйлдэх нь магад” гэж айлдсан байдаг. Энэ нь амирлуулах, дэлгэрүүлэх хоёр үйл юм. Эдгээрийн гишүүн болгож эрхшээх болон хатуу үйлийг нэмж үйлийн ялгал дөрөв болдог. Тиймээс хүслийг хангаж, зэтгэр саадгүй амгалан жаргалантай байхын тулд хамгийн дээд нь өдөр бүр, дунд хэр нь сар бүр, адаглаад жилд нэг Чойжоо дүгжү гаргаж байх нь тустай гэж мэргэд айдсан байдаг ажээ. Балин тахил бэлтгэж уншиж байх үест сүсэгтэнүүд Чойжоо бурханы тааллаас гэрэл цацарч бид бүхний өвчин ад, зэтгэр саад, зүүд, муу ёр тэргүүтэнг хар утаа, бараан үүлний байдлаар хураан татаж балинд шингээлээ, элдэв өвчин, хорлолгүй байхын рашааныг гэрлийн байдлаар өөрт шингэж байна гэж санах хэрэгтэй. Мөн энэ зан үйлийн үест бурханы шашин өнө удаан оршиж, шашныг баригч дээдсийн өлмий батжиж, өглөгийн эзэн тэргүүтэн сүсэгтэн олны нас буян дэлгэрч, цог учрал, эд баялаг лугаа учрах болтугай гэсэн зөв сайхан сэтгэлийг үүсгэх ёстой.
БАЛДАН ЛХАМ нь 10 хангалын нэг бөгөөд монголоор “Төгс цогт охин тэнгэр” гэдэг. Монголчууд сайн сайхныг авчирч, ариун буяныг дэлгэрүүлдэг хэмээн эрт дээр үеэс шүтэж ирсэн. Зүрхэн тарни нь “Жорагму, жорагму жо жорагму тунжо хала рагчэнму рагму ажа дажа тунжо рүлү рүлү хум жо хум” болой.
Лхам бурханы дүр нь хүчит салхи оволзсон далайн дунд мангасын толгой, эрүүгээр урд хойд бүүрэг хийсэн эмээлтэй, хорт могойн худрага хазаартай шар халзан луусан дээр сандайлж суусан байдаг. Лхам бурханы лагшин нь хар бараан, амаа ангайж 4 соёо гаргасан, 3 мэлмий эргэлдсэн, шар үс нь боссон, хүний арьсаар цээжээ бүрж, толгойгоор нь эрхи болгон зүүсэн, баруун мутартаа очир толгойт бороохой, зүүн мутартаа гавал барьсан, тэргүүндээ шүхэртэй байдаг.
ШАЛШИ нь 10 хангалын нэг бөгөөд монголоор “Дөрвөн нүүрт” гэдэг. Шалши нь хар бараан, хилэнт догшин дүртэй, 4 нигуртай, тэргүүн тус бүр улаанаар эргэлдсэн 3 мэлмийтэй, хөмсөг, сахал, бүрээс галын оч бадарсан, цусан далайн дунд бадамлянхуа цэцгэн дээр баруун хөлөө дотогш нугалж, зүүн хөлөө гадагш тавьж, тэрсүүдийн дайсныг гишгэж, сүр жавхлантай оршдог. Мөн дөрвөн мутартаа гавал аягатай цус, илд жад тэргүүтнийг барьж, бугуйдаа ясан чимэг, хүзүүндээ цус дусалсан хүний тавин толгойг эрхилэн зүүсэн, хорт могой бүсэлсэн, барсын арьсан хормогчтой, гурван ертөнцөд дуулдахаар нүргэлсэн их дуутай, түүнийг нь сонссон дайсан чичрэн дагжиж номхордог хэмээн үзэж шүтсээр ирсэн. Түүнийг бурханы гурван хүлгийн дайсныг дарагч, 3 хүрдний номын доройтлыг үгүй хийгч, 3 ухааны үндсийг аврагч, хамаг амьтны амгалан тайвныг хангагч хэмээн шүтэн тахидаг. Зүрхэн тарни нь "Ум шири задра моха саваари вара ум а хум" болой.
НАМСРАЙ нь 10 хангалын нэг бөгөөд монголоор “Бисман тэнгэр” гэдэг. Монголчууд түүнийг Очирваанийн хувилгаан дүр гэж үзэх агаад буян хишиг, эд мал арвижуулагч хэмээн тахиж шүтсээр ирсэн байна. Зүрхэн тарни нь: "Ум вээ суухаа, ум вээ шарваа наей суухаа” болой. Намсрайн лагшингийн өнгө алтан шар, баруун мутартаа жанцан, зүүн мутартаа эрдэнээр бөөлжсөн хулгана барьж, хэвтээ арслан дээр дутуу завилан залрах бөгөөд эргэн тойрон 8 нөхдөөр хүрээлүүлэн оршино.
ЖАМСРАН нь 10 хангалын нэг бөгөөд “Улаан сахиус” гэдэг. Жамсрангийн лагшин улаан, баруун мутартаа галт илд далайсан, зүүн мутартаа нум сум барьж, сугандаа дадар хавчуулсан, биедээ хөө хуяг өмссөн, 9 давхар хадаг бүсэлсэн, цус дусалсан 50 хохимойн толгой зүүсэн, биеэ хөвчлөн хураасан байдалтай, Дорждангийн зүүн хойт зүгт оволзсон цусан далайн дунд зэс ууланд наран улаан дэвсгэр бүхий бадамлянхуа дээр хүн ба адгуус гишгэн орших агаад 4 соёо нь ярзайж, 3 мэлмий нь улаанаар эргэлдэн хөмсөгнөөс нь оч бадран байдаг. Монголчууд Жамсран сахиусыг дайсныг номхотгож, хамаг амьтанд тус бүтээлгэхээр урин залж, тахил өргөн, хурал магтаал уншуулдаг. Зүрхэн тарни нь “Ум барна адма үсниха рү бүрүха лохида сарва шадум мар яа хум пад” болой.
ЦАМБА нь 10 хангалын нэг бөгөөд монголоор “Эсрүн тэнгэр” гэдэг.Тэр бээр урьд төрөлдөө тэнгэрийн догшин яргачин байхдаа Очирваань бурхантай тэмцэлдэж ялагдаад, шашныг нь сахин хамгаалж байхаар ам тангарагаа өгсөн тул Эсрүн тэнгэрийн төрлийг олсон гэдэг домогтой. Эсрүн нь саран мэт цагаан, 3 мэлмийтэй, цагаан торгон хувцастай, баруун мутартаа дайныг дарах хурц хутга, барьсан, цагаан ажнай хөлөглөсөн, саран дэвсгэрт лянхуа дээр оршин цагаан нохой, лус, шуламыг дагуулж тэргүүндээ цагаан дун бүрээтэй бүхүй өмсгөл өмссөн байх бөгөөд дээгүүр нь цагаан шувуу эргэлдэн нисэж байдаг. Цамбыг саад тотгорыг арилган, алив муу бүхнээс хамгаалж ажил үйлс бүхэн зун цагийн булаг мэт ундарна хэмээн үзэж шүтсээр ирсэн. Зүрхэн тарни нь: "Ум шири маха барханаа саваари идгээ баламди ха ха, ха хи ха хи" болой.
Эх сурвалж: https://www.facebook.com/ikhduichen