2013-12-01 | Нийтэлсэн:admin | Үзсэн:17336
Авралыг хэрхэн одуулах вэ?
Авралыг одуулах шалтгааныг эхлээд таниж мэдэх хэрэгтэй. Хүн бүр төрөх, өвдөх, өтлөх, үхэх, ойр дотны хүмүүсээс хагацах, дайсантай болох, хүссэнээ эрээд олохгүй, хүсээгүй нөхцөл байдалтай учрах зэрэг төрөл бүрийн зовлонг их бага янз бүрийн хэмжээгээр эдэлсээр байдаг. Мөн урьдийн үйлдсэн муу нүгэл хир их болохыг барагцаалж хэлэхийн аргагүй дээр одоо ч арван хар нүглийг төрөл бүрээр үйлдсээр байдаг тул дараа төрөлдөө муу заяанд төрөх нь гарцаагүй. Муу үйлээ бараад төрөл дээшлэн энэ мэтэчлэн 6 зүйлийн амьтаны төрлийг ээлж дараалан авсаар ертөнцөд эргэлдсээр байдаг. Ертөнцийн жаргал ч бай зовлон ч бай аль алин нь зовлонд хамаарагддаг тул энэ зовлонт ертөнцөөс гэтэлж ашдын амар амгаланд хүрэе гэсэн сэтгэлийг үүсгэх нь Буддистуудын нэн тэргүүний зорилго байдаг. Ертөнцийн лус, савдаг, тэнгэр нь ертөнцийн зовлонгоосоо гэтэлж чадаагүй амьтан байдаг тул авралын орон болж чадахгүй юм. Адилхан шаварт унасан нэг нь нөгөөгөө аварч аварч яахан чадах билээ. Тиймээс энэ бүхнээс ангижируулж аварч чадах зүйл бол энэ бүхнээс гэтэлж чадсан Бурхан юм. Бурхан гэдэгийг мэдэхийн тулд түүний айлдсан сургаал номлолыг судлан шинжлээд, амьдрал ахуйд үнэхээр үр өгөөжтэй байна уу, түүгээр замнасан хүмүүс үр дүнд үнэхээр хүрч гэтэлж чадсан уу гэх мэт олон талаас судлан шинжлээд, гарцаагүй хэрэгтэй ном байна аа, Бурхан гэж байдаг юм байна аа, энэ номоор явбал Бурхан буюу энэ хорвоогийн зовлонгоос эгнэгт гэтлэх боломжтой юм байна аа гэсэн итгэл төрнө. Энэ цагаас эхлэн та энэ замаас хэзээ ч хагацахгүй байх ерөөл буюу авралыг одуулж эхэлдэг.
Өөрөөр хэлбэл аврал одуулах гэдэг нь Бурхан багшийн айлдсан ёс замаар явж, үүнээсээ хагацалгүй эгнэгт замнан, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэн дадуулж, энэ үйл хэрэг нь минь энэ болоод дараа төрөлд хэзээ ч бүү тасрахутун гэсэн санаагаар хийж байгаа ерөөлийн үйл юм. Орчин үед secret гэдэг ном ихээхэн дэлгэрээд байгаа. Энэ номонд гардаг зүйлүүд бүгд Бурханы шашинд байдаг ерөөлийн нэгэн хэсэг л юм. Үүнтэй ижил нэгэнт хамгийн зөв замаа сонгосон бол өөрийн бодол сэтгэлээ энэ замаас хазайлгахгүй тухайтад авралыг өдөр бүр Бурхан болоод түүний айлдсан ном, түүгээр замнагч буяны садан болох Хуврагуудад одуулдаг учиртай юм.
Зарим хүн судлан шинжлэлгүйгээр өөрөөр хэлбэл мухар сүсэгээр авралыг одуулан сүжиглэж болох юм. Гэтэл яг Бурхан болоход мухар сүсэг хэрэг болохгүй бөгөөд харин Бурханы шашинтай хагацахгүй байх, ерөөл барилдлагатай болоход тустай бөгөөд түүний үрээр хожим Бурханы шашинтай учирах, учирсан бол номыг амархан ойлгох, ингээд гэгээрэх үндэс шалтгаан болох юм л да.
Ер нь шашинд орох, эс орох нь чухаг дээд гуравт аврал одуулах үгүйгээр л ялгагдана. Ганжуур, Данжуурыг цээжээр мэддэг байсан ч тэрээр авралыг одуулахгүй бол Бурханы шашинтан болохгүй ба тэгж хэлэгдэхгүй юм. Тиймээс өндөр түвшинд хүрсэн Бодьсадва нар хүртэл авралыг одуулдаг бөгөөд энэ нь энгийн боловч цаагуураа хэрхэн хүчтэй болоод утга учиртай үйл болох нь харагдаж байна.
Авралыг одуулах нь нь товч, дунд, дэлгэрэнгүй гэсэн төрлүүд байх ба товчхондоо бол
Ламала жавсү чио - Багш дор мөргөмүй
Санжала жавсү чио - Бурхан дор мөргөмүй
Чойла жавсү чио - Ном дор мөргөмүй
Гэндүнла жавсү чиo - Хуврага дор мөргөмүй
Бурхан, ном, хуврагын чуулганд
Би гэгээрэлд хүртэл авралыг одуулмой
Өглөгийн болон бусад чинадад хүрэхүйг дадуулан үйлдсэн ба
Өнөө миний үйлдсэн бусад буянаар
Хамаг амьтаны тусын тулд Бурханы хутагийг олох болтугай
Аврал одуулах нь дараах тус эрдэмтэй:
1.Авралыг одуулсанаар дотоодын Бурханы шашинтан болно. Шашнаа орохын үүд ч гэдэг.
2.Сахил санваар төрөх шалтгаан болно.
3.Муу үйлийн хилэнц түйтгэр барагдах болно.
4.Буян хэмжээлшгүйг хураана.
5.Муу заяанд төрөхгүй
6.Хүн болон хүн бус амьтад ад зэтгэр зэрэгт хорлогдохгүй.
7.Юу санасан хэрэг бүхэн номын ёс дагуу бүтнэ.
8.Түргэнээ Бурханы хутгийг олох болно.
Мөн авралыг нэгэнт одуулдаг болсон бол тодорхой суртгаалыг даган мөрдөж цээрлэх ёстойг цээрлэх дадуулах ёстойг дадуулах хэрэгтэй. Үүнийг номд хорих гурван суртгаал, бүтээх гурван суртгаал гэж ангилсан байдаг.
Цээрлэх зүйлс
1.Бурханд аврал одуулсан хүн Брахма гэх мэт ертөнцийн шүтээнүүдэд аврал одуулахгүй байх хэрэгтэй. Ашдын амгаланд хүргэж чадахгүй ертөнцийн тэнгэр, Бурханы шашины бус багшид зүрхний угаас аврал айлтгахгүй байх ёстой.
2.Номд аврал одуулсан хүн бусдыг шууд болон бусдаар дамжуулан хорлож болохгүй.
3.Хуврагын чуулганд авралыг одуулсан хүн тэрс үзэлт, хилэнцэт найз нөхөдтэй нөхөрлөхийг тэвчих хэрэгтэй.
Бэлтгэсэн: Ч.Одгэрэл
Холбоотой мэдээ:
“Аврал одуулагчидын тус тус даган мөрдөх зүйлүүд”
“Ариусахуйн Гүмүда - Аврал одуулах болон бөө мөргөлийн тухай(Видео)”
“Аврал одуулах (АУДИО хувилбар-Санскрит хэл дээр)”
"Гурван эрдэнэд аврал одуулах" энэтхэг дуу