2013-09-03 | Нийтэлсэн:admin | Үзсэн:5789
Дээдийн багшид мөргөмү!
Егүзэрисийн эрхэт Миларайва Богд бээр Ядам Бурханы айлдсан вивангиридийг эш болгож Цастын оронд өөд болохуйн цагт Гүнтан уулын нэгэн агуйд хирсийн эвэр мэт гагцаар амьдран «Махамудрагийн гэгээн гэрлийн агаарт» тэгш агуулан суух болжээ. Нэгэн өдөр нэг алтан сүйхт хүүрзгэнэ шувуу нисэн ирээд биеийг бөхийн тэргүүнээрээ мөргөх байдлыг хэдэнтээ үзүүлсэн хойно эсрэг этгээдийн ариун хаданд нисэн очоод суув гэнэ ээ. Мила Богд дотроо ийн сэтгэрүүн: «Энэ лав тэнгэрийн хүмүүн намайг урин залсаны ёр бэлгэ буй за !» хэмээгээд мөнөөх шувууны суусан газарт өөд болоод үзвээс мөнөөх хавтгай чулууны дээр баахан тутрага овоолоостой байх агаад түүний дотор хүүрзгэнэ шувуу хошуугаа хатгаж нэгийг зуун аваад Богд ламд өргөл хүндлэл үзүүлэн гороолон мөргөх байдалтай тойрон нисэвэй. Энэ бүхнийг харж сэтгэл маш ихэд баяссан Мила Богд доорх шүлгийг эгшиглэн номложээ.
«Аяа хухай ! Юутай гайхамшиг !
Авралын дээд Марва лозава Богд юугаа
Амин зүрхний угт Ядамлан дээдлэнэж сүжиглэнэм
Ашид дөрвөн цагт энэрэн нигүүлсэж хайрла !
Өөрийн сэтгэл лам лугаа ялгал үгүй амгалан
Өнгө тунамал гадаад үзэгдэхүүний орон нугуудыг
Төрөлгүй номын бие болгон тохиолдуулсанаар
Төдхөн засдаггүй явдлын агаарт амирлан жаргавай !
Үзлийг өндөр нам хэмээн атгаглахыг таягдсанаар
Үргэлжид засдаггүй сэтгэлийн амгаланг оловой !
Өөрийн сэтгэлийн чанар гэгээн гэрэлтэй
Өнгө тунгалаг түүн лүгээ учрах аваас л
Өөчилж засах зүйл нэгээхэн бээр үгүй
Өөдтэй бөгөөд муу хэмээх бясалгалын орноос
Өнөд алдарсан засахгүй явдал амгалан !
Бас зургаан чуулган өөрийн орноос арилаад
Барин баригдах хоёр хоосон болохыг таньсанаар
Жаргал зовлон үнэндээ нэг болохыг ухаараад
Засаж залруулъя хэмээхгүй явдал бас амгалан !
Ариун явдал мөн бусын хязгаараас алдуураад
Аливаа бүхнийг тэр мэт үзэх сэтгэл гэгээн амгалан !
Ухааран танихуйяа бэрх дээд Бодь номын биеийг
Угтаа олон зүйл хувилгаан бие лугаа тохиолдуулснаар
Учирсан болгон тонилохуйн агаар лугаа нийлэвэй
Улмаар ариуссан орноо төрөх хүсэл мөн алдаравай
Ухаан чилээж засдаггүй тийм амгаланг ч бас оловой !»
Богд ламыг тийн хэмээн номлож дууссан хойно түрүүчийн хүүрзгэнэ шувуу өөр долоон нөхрийг дагуулан ирээд мөргөн хүндлэж гороолон нисэхэд Миларайва лам дотроо: “Эд лав ямар нэгэн хүмүүн бусчуудын хувилгаан дүр буй за ! Юутай боловч тэднээс асуугаад үзье !” хэмээн сэтгээд: “Өглөгийн эзэд та нар ямар учиртай улс аль газраас ирэв?” гэж зарлиг болсонд тэдгээр найман хүүрзгэнэ шувуу өөрсдийн рид юугаа хурааж тэнгэрийн охидын гоо биедээ буцан хувилцгаав. Хамгийн түрүүнд Богд лам лугаа учирсан тэнгэрийн охин ийн өгүүлрүүн: “Дээд Богд лам минь ээ ! Бид болвоос тэнгэрийн охид бөлгөө. Ба бүрэн танд үлэмж чин сүжиг бишрэл төрсөний улмаас авралт номыг айлтгахаар ирсэнийг болгоох ажаам уу ! Гэгээндээ болгоож ном айлтган соёрх !” хэмээхүйд Миларайва лам тэдний хүсэлтийг болгоогоод доорхи шүлгийг номлоруун:
«Оройн дээд хувилгаан Богд багш минь та
Олдохуйяа бэрх нигүүлсэхүйгээр адистэд өгөн соёрх !
Хаа холын газраас хүүрзгэний биед хувилсан
Харил үгүй ном лугаа зохилдон явагч ридтэн
Үзэсгэлэн гоо тэнгэрийн найман охид та нар
Үнэн сэтгэлийн угаас Богдсын номыг үйлдвээс
Үлэмж сэтгэлдээ айлдах номыг минь тогтоогтун !
Үзүүргүй орчлонгийн жаргал өвсний шүүдрээс өөрцгүй
Үзэхийн төдий эдлэж харахын төдийд хагацмой
Үзэсгэлэн гоо төгөлдөр тэнгэрийн охид хэмээвч
Үнэндээ та нар түүнийг өнөд тогтоох аргагүй
Зүүд мэт орчлонгийн гал дүрэлзсэн өргөөнд
Зүйрлэшгүй зовлонгийн далайд жаргал дуслын төдий
Зохист дээд язгууртны хөвгүүн хэн боловч
Зоргоор явсаар уналд орох нь тодорхой байтал
Дээдийн багштай учирсан бүтэл муутай шавь
Дээрэнгүй муу аалийн эрхээр орчлонд төөрмүй.
Хоосон огторгуйгаар зорчигч тэнгэрийн охид минь
Хорвоод хосгүй Богдсын номонд сүжиглэж чадах уу?
Эргэлт буцалтгүй ном буянд шамдахаар шийдсэн бол
Энэ хорвоогийн нүд эрээлжлэм аливаа жаргалыг
Энэлэлт зовлонгоос огт өөрцгүйг хатуу санагтун !
Эргээд харин муу авьяас төрөх шалтгаан бүхнийг
Эрдэнэ Бодичид сэтгэл үүсэхүйн нөхөр хэмээн танигтун !
Тухлан уулзах энэ цаг дор эргээд бодвоос
Туулсан амьдралын шаналал зовлон бүгд өөрцгүй
Туст сайн нөхөр минь байсанд талархавч баршгүй
Өмнө минь агч тэнгэрийн охид та бүгдээрээ
Өвгөн егүзэри шиг муу шалтгааныг нөхөр болгогтун !» егүзэрисийн манлай Богд Миларайва тийн хэмээн номлосонд үзэсгэлэнт тэнгэрийн охид нэгэн зэрэг: “Бид бүгдээрээ Богд лам таны зарлиг болсончлон үйлдсүгэй !” хэмээлдээд нүүрэндээ баясал тодруулан олонтоо гороолон мөргөжээ. Богд лам тэднээс ийн асууруун: “Та бүхэн сая ямар учир шалтгааны улмаас хүүрзгэнэ шувууны биед хувилав?” хэмээхүйд тэнгэрийн охид хариуд нь: “Та энэ насны туршид аливаа хүсэл бүхнийг эгнэгт огоорон таягдаж гагц хамаг амьтны тусын тулд дээд Бодь хутгийг бүтээсүгэй хэмээгээд алгасангуй сэтгэлийг тэвчиж аглаг уулын буйдхан чөлөөнөө суугч нэгэн буюу. Бид таны аливаа үйлийг тэнгэрийн нүдээр үзээд сэтгэл машид их баясаж дээдийн номыг өчихөөр ирэхдээ нүгэлт хүмүүнээс биеэ нуухын тулд хүүрзгэнэ шувууны дүрээр танд бараалхсан минь энэ бөлгөө. Харин та өршөөл нигүүлслийн сэтгэлээр тэнгэрийн орноо өөд болж ном номлон соёрхоно уу !” хэмээжээ.
Түүний хариуд Миларайва лам ийн зарлиг болруун: “Би энэ насны эцсийг хүртэл хүмүүний ертөнцөд үлдэж хамаг амьтны тусыг хичээх учиртай. Диваажин хэмээвч ашид бусын тул би хэдийвээр тэнд очивч доорхи шүлгээс илүү дээдийг эс номлох болой. Та бүхэн хичээнгүйлэн сонсоод доорхи номыг сэтгэлдээ сайтар бүтээгтүн !” хэмээгээд ийн номлоруун:
«Үндсэн дээд Марва Лозавагийн өлмийд сөгдмү
Үнэхээр туст адистэдийн шидийг өгөн соёрх
Үзэсгэлэнт тэнгэрийн найман охин та нар
Үлэмж шидэт дияаны идээг надад өргөснөөр
Тугдам сэтгэл минь машид сайнаар нэмэгдлээ
Тус ачийг тань Богдсын номоор хариулъя
Тухлан суугаад чих талбин сонсогтун !
Сайн төрөлт тэнгэр нүгүүдийн тэр оронд
Саатан суулаа ч эдлэх жаргал бас л хэмжээтэй
Сайхан гувай тэнгэрийн хөвгүүдтэй наадан цэнгэлдэвч
Салан хагацахуйн өдөр сааргүй түргэн ирмүй
Өндөр тэнгэрийн орны рид хувилгаан олонтоо ч
Өнөд бат бус уналд хүргэх шалтгаан болой
Энэ орчлонгийн зургаан зүйл амьтны зовлонг
Эрэгцүүлж бодвоос өөрийн эрхгүй энэлэн шаналмой
Эдүгээ та нар Богдсын номонд шамдъя хэмээвээс
Эргэлзэлгүй гурван эрдэнийг сайтар бишрэн залбираад
Хотол амьтныг эцэг эхээс өөрцгүй санаж
Хутагтан лам нарыг сайтар өргөж хүндлэгтүн !
Өтөл ядууст өглөг хандивыг харамгүй өгч
Өгөөмөр буяныг хамаг амьтны тусд зориулагтун !
Өдөр шөнийн хэзээ ч үхэл ирэхийг сэрэмжлэн
Өөрийн биеийг Ядам Бурхан болгож бясалгагтун !
Онц гүн тарнийг амны уншлага болгоод
Оюун билгийн мөн чанарыг хоосон хэмээн бясалга
Омтгой занг дараад сэтгэлээ чин бат болго !» Удирдагч ламын тийн хэмээн номлохуйд мөнөөх найман тэнгэрийн охин өгүүлрүүн: “Өөдгүй мунхагийн хөнөөлд түйдсэн бидний сэтгэл алжааст нисваанист эзлэгдэж атгаг сэжгээр дүүрэн болой. Та бидэнд нисваанист сэтгэлийг номхотгохуйд тустай нэгэн номыг айлдан соёрх !” хэмээхэд Богд лам машид сайшаагаад доорх шүлгийг номловой:
«Дээд ачит Марва ламын өлмий дор сөгдмү
Тэгш сэтгэлд зохист адистэдийг өгөн соёрх !
Чин бишрэлт найман тэнгэрийн охид танар
Чигч сэтгэлээр дээдийн номонд шамдах бөгөөс
Амирлан ахуй дияаныг сэтгэл дотроо бясалгаад
Алгасралт үйлийг тэвчвээс их чимэгт тэр буюу
Гадаад орны тотгорыг дарахад илт шамдаад
Гагц бие сэтгэлээ амгуулваас их чимэгт тэр буюу
Үргэлжид дурьдахуй сэтгэлээ зөв залаад
Үймцэх үгүй үйлсэд хичээвээс их чимэгт тэр буюу
Уршигт муу шалтгаанд сэтгэл хэрвээ түйдвээс
Урин тачаангуйг машид тэвчин үтэр огоорогтун !
Олдохуйяа бэрх эрдэнэ лугаа учирсан цагт
Оволзох шуналын галыг дарж ерөндгийг сэтгэ !
Чихнээ чийртэй хараал зүхлийн үгсийг сонсвол
Чимээ цуурайнаас өөрц юун гэж санагтун !
Анд нөхөр лүгээ аян замд гарахдаа
Атаа жөтөөг дарж найртай зөөлөн харьцагтун !
Олон түмэнд өргөгдөн хүндлэгдэхийн цаг дор
Омтгой муу занг тэвчин өчүүхэн сэтгэлийг баригтун !
Хорвоо дэлхийн аль ч газар ямар ч цаг үед
Хомсотгогч муу чөтгөрийг даръя хэмээн хичээгтүн !
Хол ойр явж суухуй аливаа цаг дор
Хоосон илбэ хэмээн бүхий л үзэгдэхүүнийг бясалгагтун !
Зовхис бүхний мэргэд сайтар нэгэн дор найралдавч
Зохистой сайн энэ аргаас илүүг яахин номлох аж
Зочлон ирсэн охид та нар сайтар баясаад
Зоригт егүзэри миний айлдсан бээр бүтээгтүн!» хэмээн номловоос тэдгээр тэнгэрийн охид машид баясан бишрээд басхүү хүүрзгэнэ шувуу болон хувилж тэнгэр нүгүүдийн улсдаа оджээ. Хутагт Миларайва тэнгэрийн охидын өргөсөн тутрагыг зооглосноор тугдам сэтгэл нь машид нэмэгдсэний агаараас Брагжа очирт хоргод өөд болов. Энэ болвоос Мила Богдыг тэнгэрийн найман охин тахигсан бөлөг болой.
Орчуулсан: Д.Болдбаатар