2021-11-03 | Нийтэлсэн:admin | Үзсэн:2055
Бурханы шашинтанууд авралын орон гурван эрдэнийн эрдэм, ачийг санан дурьдаад бие, хэл, сэтгэлийн мөргөлийг үйлддэг заншилтай. Мөргөлийг үйлдснээр өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаг омгийн сэтгэл үгүй болж нам дор, зөөлөн сэтгэлтэй болдог байна. Түүгээр үл барам буяныг ихээр хурааж, бие, хэл, сэтгэлийн нүгэл хилэнц арилж, бурханы хутагт ойртдог ажгуу. Мөргөлийг үйлдэхэд алга хавсарч залбирах чухал байдаг.Гарын хоёр алганы хооронд хөндий хоосон зай авч эрхий хурууг дотогш нь сайтар нугалан гарын хуруунуудыг тэгш лянхуа цэцэг дэлбээгээ хумьсан мэт хавсарна. Алга хавсралт хэт чанга, хэт сул байж болохгүй агаад хавсарсан гарын дүрс нь бурханы дүрст лагшинг, дотоод хоосон зай нь бурханы номын лагшинг тус тус илэрхийлдэг. Дүрст лагшин, номын лагшин хоёр хамт хослож буй нь арга,билгийн нэгдлийг бэлэгдэнэ. Ингээд алгаа хавсарч залбирсан гараа орой дээрээ, хоёр хөмсөгний хооронд, хоолой, зүрхэн тушаа дараалан буулгадаг. Алга хавсарч залбиралыг үйлдэж байснаар сайн гэр бүлд төрнө,бие бялдар тавиун болж төрнө, бусдаас хүндлэл ирнэ.сүжиг бататна.
1. Орой дээрээ залбирдаг нь бурханы лагшинд бишрэлийг үүсгэж байгаагийн зэрэгцээ бурханы тэргүүний шанх үсийг байгуулж байгааг илэрхийлдэг. Ирээдүйд бурханы лагшингийн эрдмийг олохын авъяасыг оршоож байгаа болно.
2. Хоёр хөмсөгний хооронд залбирдаг нь бурханы лагшингийн ер бусын нэгэн гайхамшиг сангийн үс хэмээгчийг бүтээж буйг илэрхийлж, ирээдүйд бурханы хутгийг олох авъяасын хөрөнгийг суулгаж байгаа ажгуу.
3. Хоолойд залбирдаг нь бурханы зарлигт бишрэл хүндэтгэлийг үзүүлж байгаа ба ирээдүйд бурханы зарлигийн эрдмийг олохын авъяасыг суулгаж байгаа хэрэг юм.
4. Зүрхэн тушаа залбирдаг нь бурханы таалалд бишрэл хүндлэл үзүүлж байгаагийн зэрэгцээ ирээдүйд бурханы тааллын эрдмийг олохын авъяас хөрөнгийг талбиж байгаа юм.
- Биеийн мөргөл нь: Энэ мөргөл нь сунаж мөргөх мөргөл (бүтэн мөргөл), хумиж мөргөх мөргөл хагас мөргөл)гэсэн хоёр зүйл байдаг. Хумиж мөргөх мөргөл нь орой дээрээ залбирч хавсарсан гараа дээр өгүүлсэн адил бодлыг агуулан дараалан буулган зүрхэн тушаа авчирч хавсарсан гарын алгыг салгаж, газар тавин түүний дараа 2 хөлийг өвдгөөрөө нугалан сөхөрч толгойг газарт хүргэн мөргөхийг хэлнэ. Гарын алгыг газарт тавихдаа хуруунуудыг тэгш тэнийлгэсэн байна. Гараа атгаатай газар тулж, газарт удаан хэвтэж болохгүй. Мөн хэт удаан түргэн мөргөх нь зохисгүй юм. Сунаж мөргөх мөргөлийн ялгаа нь бүх биеээрээ газар дарж унан мөргөдөг болно. Гар хөлөө сайтар тэгш сунгасан байна.
-Хэлний мөргөл нь: Бурхад, багш, сахиусын уншлага, магтаал, тарни, залбиралыг шүлэг зэргийг хэлээрээ өгүүлэхийг хэлнэ.
-Сэтгэлийн мөргөл нь: Бурхад, Бодьсадва нарын гайхамшигт эрдмийг сэтгэлдээ санаж бишрэл төрүүлэхийг хэлнэ.
Мөн мөргөлийн тус эрдмүүд: Өнгө дүрс үзэсгэлэнтэй болох, бие галбир сайхан болох,сүр жавхлантай болох, эд арвитах, хараад тэнгэр хүмүүн баясах, дуу яруу,зохистой болох, өндөр язгуурт төрөх, түргэн нирвааны хутгийг олох гэх мэт.