2012-02-04 | Нийтэлсэн:admin | Үзсэн:7210
Хоёр дугаар Бурхан хэмээн гурван ертөнцөд машид алдаршсан. Энэтхэгийн их соён гэгээрүүлэгч, махасидда Нагаржунагийн Гэгээнээс өөрийн хамаатан болох нэгэн хаанд илгээсэн сугааль захидал нь эдүгээ Бурханы шашны сонгодог зохиол болон дэлгэрчээ.
Энэ Зохиол Монгол Данжуурын 128 дугаар ботид Садны захидал нэрээр Монгол хэл дээр олон зууны өмнө хэвлэгдэн гарсан байдаг.
Тус зохиолд эцэг эх, багшийг шүтэх ёсноос эхлэн хоосон чанар, бодь сэтгэл зэрэг Бурхан болох арга зам, бодь мөрийн гүн гүнзгий сургаал увдисыг товч тодорхой гаргасан байдаг бөгөөд оюун ухаан бага, дунд. их алин боловч анхааран авах ёстой ном сургаал цөм багтсан байна.
Цогт зөөлөн залуу Манзушрид мөргөмүй.
Бишрэл төрүүлэн сонсох зохистойг сануулах нь:
1.Буянд дуртай эрдэмт хаан дур
Бурханы эрхэм зарлигт үзүүлснээс
Өөдлөх эрдэмд хөтлөх санаагаар эдгээр шүлэг
Өчүүхэн нэгийг найруулъя. Та баар сонсож соёрхоо.
Үг яруу бус ч орхих зохисгүйг үлгэр сэлттэй үзүүлэх нь:
2.Мод чулуугаар бурханы дүрс хөргийг
Муу сайнаар урласан ч мэргэд тахимуй.
Түүнчлэн миний үг яруу бус боловч
Дээдийн номыг өгүүлэх тул басамжлан бүү үйлд.
Номыг мэдсэн ч дахин сонсох зохистойг улгэр сэлттэй үзүүлэх нь:
3.Дээдийн эрхэм зарлиг бүхнийг
Таалан болгоосон биз Хаантан, гэвч
Цагаан гантиг орд тэргэл сарны гэрэлд
Цав цагаан өнгө нь улам тодорч үзэсгэлэнтэй болдоггүй гэж үү.
Даган сурах зургаан эрдэмд шамдах нь:
4.Өршөөгч Бурхан бээр гурван эрдэнэ
Өглөг, санваар, тэнгэр зургааг
Сайтар зарлигласан тэдгээр тус бүрийн
Сайн эрдэм тусыг санан үйлд ээ.
Үйлийн үрийг дээдлэх ёс нь:
5.Бие, хэл, сэтгэлээр үргэлжид
Буянт арван үйлийг шүтэж үйлдээд
Согтууруулагч хорыг ашид тэвчин
Сайн амжиргаагаар замнан явтугай.
Харамгүй өглөгт суралцах нь:
6.Эд хогшил батгүй, шимгүйг мэдээд
Эрдмийн орон гэлэн, барамсай,
Энэлэгч өвчтөн, ядуус
Ачит эцэг эх, багшдаа харамгүй өгөө.
Алс хойтод өглөгөөс өөр эрхэм дээд садан үгүй.
Санваарт суралцах нь:
7.Сав шим нь газарт суурилдаг шиг
Сайн эрдмийн үндэс нь санваар гэж Бурхан номлосон тул
Санваараа доройтуулахгүй, дордуулахгүй сахиж
Саар атхагтай холилгүй, буруу зүгт үл зориулагтун.
Зургаан барамидад суралцах нь:
8.Бодьсадын явдал өглөг, санваар, тэвчээр, хичээнгүй, самади
Билгүүн сэлт зургаан барамид хэмжээлшгүйг
Арвитган зохион, зовлонт орчлонгийн
Арвин далайгаас гэтлэн, Бурхан бологтун.
Эцэг эхээ хүндэтгэх ес нь:
9.Эцэг эхээ оройдоо тахигсадыг
Эсэр сэлт, багш сэлтэд хэмээмүй.
Энэ насанд яруу алдар нь түгэж
Эцэс хойтод өндөр язгуурыг олмуй.
Сожин найман гишүүнт авах нь:
10.Амь таслах, хулгайлах, буруу хурьцах, худал хэлэх
Архидах, цаг бус идээлэх, өндөр суудалд суух,
Дуу, хөгжим, бүжиг, эрих зүүлтийг тэвчих.
Найман гишүүнт санваарыг авбаас
Энэ төрөлд жаргаж, эцэст сайн төрөл авах,
Эр, эм хэн ч авч болмуй.
Буруу бодлыг тэвчих:
11.Башир, хуурмаг, харам, залхуу ба
Бадрах уур, ундрах тачаал, омог
Эрдэм, идэр цог, өндөр язгуур, дүрс царай
Эрх тушаалд шунахыг дайсан мэтэд болгоо.
Сэрэмжтэй байх ёс нь:
12.Төгс сэрэмж нь тонилох зам, сэрэмжгүй нь доройтол гэж
Туулсан Бурхад номловой.
Тиймээс хаан та буянаа арвидуулахын тулд
Дагт үргэлж бишрэлтэйгээр сэрэмж лүгээг зохиогтун
Эхэн түрүүнд сэрэмжгүй байж байгаад
Эцэс сүүлдээ сэрэмж төгссөн алин
Эрхий эрхит Гаву, Тондон, Дэжид шиг
Үүлний цаанаас гарсан нар мэт үзэсгэлэнтэй.
Хатуужилд суралцах ёс нь:
13.Тэвчээр адилын хатуужил эс байх тул
Та баар уурлах үе чөлөөг бүү гарга.
Оволзох уурыг тэвчсэнээр хүсэлт оронд буцалтгүйг
Олох болно гэж Бурхан зарлиглав.
Уурлавч хонзогнохгүй байх нь:
14.Тиймээс намайг доромжлов, хүлэв, зодов,
Таваар эдийг минь булаав гээд
Дотроо хонзогносоноор хямрал тэмцэл үүснээ
Түүнийг тэвчин амар тайван нойрсоо.
Гурван үүдний явдал нь:
15.Сэтгэл.
Ус, шороонд зурсан, чулуунд сийлсэн зураг шиг
Ухаан сэтгэлийн үйлийг тэр мэтэд оноо
Нисваанист үйлэнд анхнынх нь дээд,
Ном буянд бол эцсийнх нь сайн.
16.Хэл
Бүхэнд яруу сэтгэлд нийцсэн, үнэн зөв, чанх буруу
Бал, цэцэг, ариун бус мэт гурван үгсээс
Буруу өгүүлэхийг тэвч хэмээн Бурхан багш айлдав.
17.Бие
Гэрлээс гэрэлд
Гэрлээс харанхуйд
Харанхуйгаас харанхуйд
Харанхуйгаас гэрэлд одох мэт
Дөрвөөс анхныхыг нь зохиогтун.
Нөхрийг шинжих нь:
18.Дотроо болсон гаднаа түүхий,
Дотроо түүхий гаднаа болсон,
Дотор гадна хоёулаа түүхий
Дотор гадна хоёулаа болсон анар жимс шиг
Дөрвөн зүйл хүн буйг онон зохиогтун.
Дотоод тачаалын ерөндгийг бясалгах ёс нь:
19.Эртэй эмийг эгцэлж бүү хар, харахнаа ч
Ээж, эгч, дүүгийн хуран мэдлээр харах.
Эс чадан тачааваас ариун бус ямагтыг үнэхээр санагтун.
Сэтгэлийг сахих нь:
20.Хөвөлзөх сэтгэлээ эд, энхрий хөвгүүн
Хөрөнгө сан, амь адилаар сахин үйлд
Гамшигт хор, мэс, дайсан
Гал мэт хүслийн амгалангаас сэтгэлээ буцаан зохиогтун.
Хүслийн гэм эргүүг бясалгах нь:
21.Хальс нь амттай үр нь гашуун гэмбэ адил
Хүсэл шунал нь доройтлыг үүсгэгч гэж Бурхан айлдсан тул
Сайтар боон тэвчигтүн, эс тэвчвээс
Сансарын гянданд амьтадыг өнөд чанга хүльюү.
Эрхтэний үүдийг хорьсоны тус эрдэм нь:
22.Тогтохгүй гадагш чөлөөгүй цацрагч эрхтнүүдээ
Тогтоох ерөндгөөр хорин боогч
Тулааны талбарт дайснаа дарагч хоёр баатраас
Дээд мэргэд эхнийхийг эрхэм баатарт тооцъюу.
Тачаал шуналын ерөндгийг бясалгах ёс нь:
23.Идэрхэн залуусын биеийн гадна дотрыг урвуулан
Илжирсэн дотор ариун бус гоожсон сүвүүд
Бузраар дүүрсэн сав, ханаж цаддаггүй.
Бохиртой бумбыг торгоор бүрсэн мэт
Битүүлэн арьсаар далдлагдсан ялгадас тур хар.
Уяман хорхойт өвчнөөр энэлэгсэд
Уужран амрахаар галд ээвчиг
Улам зовохоос өвчин эс амарлих адил
Усан тачаалыг нэгэн чанартайд болгоо.
Нисваанисыг ёзоороор нь дарахад шамдахад нь:
24.Бүхний дээд утгыг болгоохын тулд
Билгүүнийг сэтгэлдээ ёсчлон дадуул.
Нисваанисыг ёзоороор нь дарагч эрдэм төгс тэр адил
Ном, өөр хэзээ ч хаана ч байхгүй.
Нисваанисыг ёзоороор нь дарсны эрдэм:
Ертөнцийн найман гэмийн толгойг тэгшитгэх ёс:
26.Ихэд хүсдэг олз, амгалан, яруу алдар, магтаал
Эс хүсдэг олзгүй, зовлон, яруу бус, муушаалыг
Хаантан та ертөнцийн найман гэм гэж болгоо.
Хаан миний сэтгэлийн орон биш гэж толгойг нь тэгшитгэ.
Хилэнцийг тэвчих хэрэгтэйг санах нь:
27.Хаан та барамсай, гэлэн, Бурхан
Хатад, эцэг, эх, найз болон
Бусдын төлөөд хилэнцийг бүү үйлд.
Буцлах тамын зовлонгоос өчүүхнийг ч хуваалцах хэн ч байхгүй.
Хилэнцэт үйл үйлдэгчдийг
Хийсэн даруйд мэсээр таслахгүй ч
Үхэх цаг болохуйд хийсэн хилэнцийн
Үйлийн үр бүхэн ил тод болно.
Хутагтын долоон эд нь:
28.Сүсэг, санваар, өглөг, сонсохуй
Ичгүүр, сонжуур төгс ба
Билгүүн эдгээрийг хутагтын эд гэж
Бурхан номлосон, бусад эглийн эдийг тусгүй гэдгийг мэдээ.
Түүний харшлах шалтгааныг тэвчих нь:
29.Бооцоотой тоглох, дэмий хэсэх
Буянд залхуурах, хилэнцэттэй нийлэх
Архи уух, шөнөөр тэнэх нь муу заяанд унагах.
Энэ насанд алдарыг доройтуулах эдгээрийг тэвчигтүн.
Ертөнцийн эд агуурст болихуй мэдэл үүсгэх нь:
30.Хөрөнгө хогшил бүгдээс болихуйн мэдлийг
Хамгийн дээд хэмээн Бурхан айлдсан.
Болихуй мэдэл төгс байх аваас
Баялаг эдгүй ч жинхэнэ баян тэр мөн.
31.Хөрөнгө зөөр хэр их байвч зовлон ихтэй.
Хурьцах шунал багатай нь тэр адил зовлон үгүй.
Дээд лусад толгой хичнээн байна
Түүнээс гарах зовлон төчнөөн мэт болой.
Ханиа сонгох нь:
32.Өшит дайсантай садагнагч яргачин шиг
Үндэс язгуураа доромжлогч хатан мэт
Хуруу хумс нь урт дээрэмчин мэт
Хуудуу гурван эмийг насад тэвчээрэй.
33.Өөрт нийцтэй, эгч мэт энэрэлтэй
Өр зүрхэнд нь баларшгүй үнэнч журамт
Өрөвдөн хайрлагч ээж мэт асралтай
Өгөөмөр гурван эмийг тэнгэрчлэн түшээрэй.
Хоол ундаа тохируулж идэх нь:
34.Хомхой сэтгэл, урин үгүйгээр
Хоол ундаа эм мэт хэрэглэ.
Гунхалзахын тухайд бус
Хүчжүүлэхийн тухайд бус
Гоо үзэсгэлэнгийн тухайд бус
Гагцхүү эрүүл оршихын тухайдаа.
Тонилохуйн төлөөд өдөр шөнөд хичээх нь:
35.Хаантан, гэгээн өдрийг бүхэлд нь, бас дээр нь
Харанхуй шөнийг гурав хуваасны эх адагт буян үйлдээ.
Шөнийн гурван хэсгийн завсар дунд нь
Санамсар төгс, тус төгөлдөр нойрсон амар аа.
Цаглашгүй дөрвийг бясалгах нь:
36.Асрал, нигүүсэл, хийгээд баясал
Алагчлалгүй тэгш дөрвийг сайтар бясалган үйлд.
Дээд гэгээрлийг олж эс чадахнаа ч
Тэнгэрийн их амгаланг олно.
Дияаныг бясалгасны үр ач нь:
37.Хүслийг тэвчсэн, баясал, амгалан төгс.
Зовлонг сайтар барсаны дияан дөрвөн оронд
Эсэр, тод гэрэл, дэлгэр буян
Үр ихт тэнгэрийн хувийг олно.
Буян нүгэл их авч орхих ёс нь:
38.Үйлдэл, санаа, хүч
Үндэс, суурийн таван онцлогоор
Үйлдсэн нүгэл буяныг их хэмээх тул
Үтэр түргэн их буянд хичээн үйлд.
Хувин усыг атга давсаар гашуун болгохоос
Ганга мөрнийг гашуун болгож чадахгүйн адил
Өчүүхэн нүглийн үйл бага буяны ёзоорыг дарахаас
Их буяны үндсийг дарж үл чадах аа.
Таван түйтгэрийг тэвчих нь:
39.Догшрол, гэмшил, хорлолт сэтгэл,
Тачаангуй, тээнэглэзлэл, мунхаг
Эдгээр таван түйтгэрийг буяны
Эдийг булаагч дээрэмчин гэж мэдэн зохио.
Найруулгын мөрийг үндсэнд төрүүлэх ёс:
40.Сүсэг, хичээнгүй, санамсар хийгээд
Самади, билгүүн, таван дээд ном
Эдгээрт хичээн шамдан үйлдэгтүн.
Эд тав нь хүчин эрх хэмээх үзүүрт хүргэмүй.
Түүний харшлах шалтгаан омгийг тэвчих нь:
41.Өвдөх, өтлөх, үхэх хагацахаас
Өршөөгдөн мултрах хэн ч үгүй
Жаргал зовлон уг нөхцөлд харгалзахыг
Завгүй шамдан олонтаа бодон омгийг дартугай.
Зохилдох шалтгаан үнэхээр үзлийг товчлон үзүүлэх нь:
42.Өндөр язгуур, нирвааныг үнэхээр хүсвээс
Үнэн үзэлд дадан суралц.
Буруу үзэлт сайн явдалтай ч
Боловсрох үр тэсэшгүйг эдлэх.
Санамсарыг бясалгах нь:
43.Билгүүний нүдэнд хүмүүс зовлонтой.
Батгүй, эзэнгүй, ариун бус харагдмуй.
Чухаг санамсараар ийнхүү эс үзвэл
Чанх буруу дөрвөн үзлээр доройтон гутмуй.
44.Дүрс нь эзэн бус хэмээн Бурхан зарлигласан мэт
Дүрсэнд эзэн эс орших, эзэн дүрстэй бус,
Дүрс эзэнд эс орших энэ мэтээр
Дөрвөн цогцос бүгдийг ч хоосонд онон үйлд.
Цогц нь гэнэт, мөнх араншингаас
Цаг мөнхөөс, мөн чанараас
Уг үгүйгээс, Ванчиг тэнгэрээс гарсан бус аа.
Ухамсаргүй үйл, шуналаас гарсныг мэдэн зохио.
Харшлах шалтгаан гурвыг тэвчих нь:
45.3өв бус цааз журмыг дээдэд барих,
Чанх буруу үзэл, тээнэгэлзэл
Эдгээр гурав нь нирвааны хотын үүдийг
Эгнэгт түгжсэн цоож гэж ойлгогтун.
Гурван суртгаалд суралцах ёс нь:
46.Дээд нирвааныг олох эсэх өөрт харгалзана
Төлөөлөөд бусад бэлдэж өгөхгүй.
Дияан, санваар, сонсохуй гурвыг төгсгөн
Тийн дөрвөн үнэнд шамдан зохио.
47.Санваар, дияан, билгүүн
Суртгаал гуравт үргэлж суралц.
Илүүтэй зуун тавин нэгэн сургаал нь
Энэ гурван сургаалд багтана.
Санамсарыг шүтэх ёс нь:
48.Хаантаан, биеийг онох санамсарыг
Хамаг бурхадын зорчих ганц зам гэж Бурхан номлосон.
Сайтар хянан, илтэд сахин үйлд.
Санамсарыг доройтуулваас ном буян бүгд үрэгдмүй.
Амь мөнх бус, бие шимгүй тул тачаах зохисгүй нь:
49.Хар салхинд буй усны хөөснөөс хэврэг
Хорлол ихтэй амь, амьсгал үргэлжлэн
Шөнө унтаад, өглөө амьд босдог чинь
Санаанд багташгүй, үнэхээрийн чухаг ховор тохиол оо.
50.Үнс, чулуу, хумхи болох
Энхрийлэгч биеийг шимгүйд мэдэн
Эцэс сүүлдээ элэгдэн илжирэн
Ангид тусгай салах жамтайг ухаарагтун.
Бат бэх юмс эвдрэхэд өчүүхэн бие эвдрэх нь гарцаагүй нь:
51.Долоон наран гарахад уул, газар, далай
Дүрэлзэн шатаж амьтай бүгдээс
Үнсэн товрог үлдэхгүй болоход
Үнэхээр бяд үгүй хүний биеийг хэлэх юун.
Орчлонгоос уйдах нь:
52.Тэтгэх итгэл, аврах авралгүй
Эзэгнэх эзэнгүй, мөнх бус биеийг аван зовоогч
Хөндий зэгс мэт орчлонгоос
Хаан та тааллаа гарган уйсагтун.
Хүн болох бэрх, хэрэг ихтэй нь:
53.Дөрвөн далайг нийлүүлсэн их усанд
Дураар хөвөх буулга мод, мэлхий хоёр
Ам учирахуй асар бэрх ч адгууснаас хүн болох түүнээс хэцүү.
Авралт ном буян үйлдэн ач үр төгс зохиогтун.
54.Алтаар урлаж, эрдэнээр чимсэн аягаа
Ариун бус хөтөвч болгогч шал тэнэг ээ.
Ухаант хүн болчихоод нүглээр өнгөрөөгч
Усан тэнэг тэр дээрхээс илүү мунхаг.
Дөрвөн хүрдийн увдис нь:
55.Эрдэмтэй болохын зохилдлогоо бүрдсэн,
Ихэс дээдсийн зарлигийг хүртсэн,
Эртний ерөөл, үйлдсэн буян хоёр гүйцсэн
Их дөрвөн хүрдийг та эзэгнэжээ.
Багшийг шүтэх ёс нь:
56.Буяны багш саданг шүтвээс нирваан олно хэмээн
Бурхан багш сайтар зарлигласан тул
Дээдэс мэргэдийг шүтэн түших зохистой.
Тоолошгүй олон бээр амарлингуй нирвааныг олжээ.
Зохилдох шалтгаан бүрэн үед шамдах зохистой нь:
57.Буруу үзэлт, адгуус, бирд, там
Бурханы зарлиггүйд, зах хязгаарын тэрсүүд
Тэнэг, хэлгий, урт наст тэнгэр эдгээрт
Төрвөөс найман чөлөөгүй хэмээмүй.
Тэдгээрээс хагацсан чөлөө учрал олсон үедээ
Төрөх үхэхийг буцаахын төлөөд хичээн шамд.
Орчлонгийн гэмийг ерөнхийд санах нь:
58.Хүний их дөрөв болон хүслээрээ хоосрох зэрэг
Олон зовлонгийн сав орчлонгоос уйсан
Олиггүй гэмийг, юугаа ч эс хайрлан сонсохтун.
Бат магадгүй нь:
59.Эцэг нь хүү, эх нь эхнэрт хувиран уулзах
Өстөн нь садан болон төрөх
Эргээд хүү нь эцэг, эхнэр нь эхэд болох зэргээр
Эргэлдэх орчлонд магад бат огт үгүй.
Ханалтгүй нь:
60.Дөрвөн далайгаас ч их эхийн сүү уусан.
Дахин төрсөөр байвал түүнээс ч ихийг уух.
Олонтаа үхэхийн гэм нь:
61.Нэг амьтны төрөл бүрдээ орхисон ясыг хураавал
Нэн их буюу сүмбэр уулнаас ч овортой болмуй.
Тоолшгүй төрөхийн гэм нь:
62.Авсан төрөл тутмын эхийн тоог
Арцны үеэр бүхэл хийн тоолбол
Арвин газар шорооны ширхэг ч үл хүрмүй.
Мандан буурахын гэм нь:
63.Бүхний оройд залагдах Жажин болсноо
Буруу үйлийн эрхээр уруудан доош унамуй.
Их Загарбардийи хаан боловч
Эгэл хүмүүн, түүнээс дор боол ч болох.
Орчлонгийн амгалан батгүй нь:
64.Тэнгэрийн охины мээм, бэлхүүсийг илэн
Тачаалаар согтон жаргаж жаргаж байгаад
Тамд очин тасчуулан тээрэмдүүлэн тэсэшгүй зовлонг эдлэх.
Орших орд харш батгүй нь:
65.Их сүмбэрийн оройд тансаг орд харшийн
Эрдэнийн шалаар алхан жаргаж жаргаж байгаад
Өвдөгөө тулсан галт гуун дотор
Өгүүлшгүй их зовлонг эдлэх болъюу.
Баясгалангийн цэцэрлэгт цэнгэх батгүй нь:
66.Тэнгэрийн гоо охидтой хамт
Тийн үзэмжит цэцэрлэгт цэнгэлдэж байснаа
Хурц мэсэн навчит цэцэрлэгт очоод
Хамар чих гар хөлөө тасдуулах болно.
67.Ариун тэнгэрийн тансаг охидтой
Алтан лянхуат угаалын бүрдэд умбан байснаа
Аймшигт тамын их галт мөрөнд
Арьс махаа шалзлуулан их зовлон эдлэх.
Дүрсгүй дээд орны амгалан батгүй нь:
68.Амгалан ихт тэнгэрийн орон болон
Ариун тачаангуйн жаргалыг олсноо
Нэрмэлггүй тамын галд түлш болон
Нажид зовлонг тасралтгүй эдлэх
69.Гэгээ гэрлээр бүхнийг ивээгч
Гэрэлт наран сэрүүн саран адил хутгийг олсноо
Мөнхөд харанхуй түнэр балар газарт
Мөч гараа ч харахгүй болох.
Ханьгүй гагцаар зовох нь: .
70.Урьд өгүүлсэн мэт дээш доош үхэн урвах тул
Үүд бүхнээрээ буяны гэрэлт зулыг сайтар өргөгтүн.
Эс тэгвээс наран саран үгүй
Их харанхуйд гагцаар очих болно шүү.
Тамын зовлон ерөнхийг санах нь:
71.Дахин сэлбэрэх, хар шугамт, их халуун зэрэг
Тамын орнуудад тамтаггүй нүгэлтнийг гэсгээх болно.
Онцлог ялгааг үзүүлэх нь:
72.Тамын заримд нь дил шиг шахуулж
Талх мэт нунтаглуулан зовмуй
Ирт хөрөөгөөр хөрөөдүүлэн
Илд сүхээр цавчуулан зовмуй.
73.Улайдсан ширмэн хайлмалыг
Уун түлэгдэж тарчлан зовмуй
Гал өргөст жаданд
Гар хөлөө сүлбүүлэн хэлхэгдэх болно.
74.Тахир соёот хилэнт нохойд баригдан
Тал бүрээсээ тасчуулан идүүлж зовох.
Төмөр хошуу хумст шувууд
Толгой дээр нь суугаад нүдийг нь тонших.
75.Биеийнх нь хорхой элдэв зүйл болон
Батгана шумуул хар мянгаар
Биенд хүрсэн төдий шархдуулан
Бархируулан тарчлаан идэх болмуй.
76.Дүрэлзсэн галын нурманд
Түлэгдэн шатах зовлонг эдлэх.
Төмөр тосгуурт буцалсан тосонд
Толгойг нь уруу харуулан чанан зовоохоо.
Тамаас айх сэтгэл төрүүлэх нь:
77.Их хилэнцтэн тамд очиход амьсгаа хураах төдий.
Өчүүхэн зай буй, там хол бус аа
Хязгааргүй зовлонт тамыг сонсоод
Хэзээ ч айж цочихгүй алин чулуун зүрхтэй ажгуу.
78.Тамын эургийг харж зовлонг сонсон
Түүнчлэн уншин, бодохоос айдас төрдөг байхад
Тэр их зовлонг биеэрээ эдлэхэд хэлэх юун.
Зовлонгийн хэмжээ:
79.Орчих зовлонгоо барсны амгалан
Онцгой дээд мөний адил
Нажид зовлон бүхний дотроос
Нэрмэлтгүй тамын зовлон ихээ.
80.Нэгэн хоногт гурван зуун жадаар
Нэвт жадлуулан сийчүүлэхийн зовлон
Хамгийн бага зовлонт тамын
Хувь өчүүхэнд ч үл хүрмүй.
Зовлон эдлэхийн хугацаа:
81.Тэр мэт машид тэсэшгүй зовлонг
Тоолошгүй галавт эдлэн амсавч
Нүгэл алдас нь дуусах хүртэл
Нас амь юүлэгдэх учиргүй.
Тамын угийг тэвчих хэрэгтэй нь:
82.Хэмжээлшгүй зовлонгийн угийг гурван үүдээрээ
Хэзээ ч хаана ч эс үйлдэхийнх төлөө
Хамаг хүч оюунаараа шамдан хичээ.
Адгуусны зовлонг санах:
83.Алагдан хүлэгдэн, эдлэгдэх зовлонг
Адгуусанд төрөвөөс амсах.
Буяныг тэвчсэн алин дор ч
Бие биенээ идэхийи зовлон ирмуй.
84.Арьс, мах, яс, үс, заарынхаа төлөө
Алагдан хороогдох зовлон учирмуй.
Хазаар, дөр, ташуур, гохны эрхээр
Хатуу эдэлгээнд өөрийн эрхгүй зовох.
Бирдийн зовлонг санах нь:
85.Тачаал шуналаар үгүйрэх
Даарч, хөрөх, өлсөж цангахын
Даанчиг их зовлонг амсмуй.
86.Зарим нь уул шиг хэвлийтэй
Зүүний сүвэгч шиг хоолойтой.
Ихэд өлсөвч бохир ялгадас ч эс олдох
Идэж эдлэхийн хувь заяагүй.
87.Туранхайн туйл яс арьс, бие нүцгэн
Түлэгдсэн дала модны хожуул адил аа.
Үдэш болоход амнаас нь гал бадарч
Амь зогоох идшийг нь шатаах.
88.Адаг доод бирдэд идээ бээр хийгээд
Ариун бус нус цэр ч үл олдох.
Хоорондоо тэмцэлдэхэд гараас нь алх гарч
Хүзүүний буглаанаас идээ бээрийг гоожуулах.
89.Зуны халуунд сарны гэрэл халааж
Өвлийн хүйтэнд нарны гэрэл дааруулах
Үзсэн төдийд найлзуур мод алга болж
Ус мөрөн хүртэл хатаж үгүй болох.
Зовлонгийн хугацаа:
90.Завсаргүй их зовлонг эдлүүлэгч
Заяасан үйлийн бөх цалмаар хүлэгдэн
Нүгэлт бирд мянган түмэн жил оршивч
Нас амь юүлэгдэх нь огт үгүй.
Бирдийн зовлонгийн угийг таних:
91.Хармаар бирдийн зовлонг олмуй хэмээн
Хамгийг айлдагч Жунгаавт айлджээ.
Тэнгэрийн зовлонг санах нь:
92.Өндөр тэнгэрт их амгалантай ч
Үхэх үеийн зовлон түүнээс нэн их ээ.
Дээд мэргэд үүнийг онон мэдсэнээс
Тэнгэрийн амгаланд шунаж дурладаггүй.
Тэнгэрийн үхэхийн ёр тав:
93.Өнгө зүс нь доройтох, суудалдаа эс баясах,
Өлөн хир хувцсанд тогтох, цэцэг нь хуучрах
Олиггүй үнэр хөлс биеэс гарах.
94.Үхлийн дохио таван ёр
Өндөр тэнгэрт ирэх нь
Үхэх хүнд урьдаар ирдэг ёр лугаа
Үлгэрлэн адилггаж болмуй.
Муу заяанд унахуйн зовлон:
95.Буянаа бартал тэнгэрт жаргаж жаргаж байгаад
Буцаж очих нь гурван муу заяа мөн.
Асурийн зовлонг санах нь:
96.Тэнгэрийн баялаг цогт атаархан
Тэрсэлдэгч асурууд сэтгэлийн зовлон ихтэй
Тэнд төрөн, омог дээрэнгүй болвоос
Дээд үнэн мөрийг үзэх хувьгүй болмуй.
Төрөх нь олон хорлолын орон болох нь:
97.Орчлон энэ мэт мөн чанартай тул
Орчин эргэлдэн төрөх сайн биш ээ.
Орон зургаагийн аль нь ч зовлонгийн сав аа.
Зовлонгоос түргэн хагацах хэрэгтэй нь:
98.Толгой, хувцасанд нь гал авалцахад
Түргэн унтраахыг шамдах нь зүйтэй ч
Энэлгэн зовоох төрлийг хорьж буцаахын төлөө
Энүүнээс нэн ихээр шамдан хичээ.
Түүний угийг таних нь:
99.Ариун санваар билгүүн дияанаар
Амарлих хутгийг олж, гаслангаас хэтэрч
Үл хөгшрөх, үхэлгүй, барагдашгүйд хичээ.
Ус, шороо, хий, наран, саран үгүйг ологтун.
Үзэхүйн мөрийг үүсгэх ёс нь:
100.Санамсар, билгүүн, хичээнгүй Самади, баясгалан, насад амгалант
Тэгш орших эдгээр бодийн долоон гишүүн нь
Тарчлаах гаслангаас гэтэлгэгч буяны чуулган мөн.
Амарлингуй үлэмж хоёрт шамдах нь:
101.Билгүүн үгүй самади байх бус аа.
Самади үгүй билгүүн байх бус.
Алин дор тэр хоёр буй аваас
Аймшигт орчлонгийн далайг үхрийн мөр мэт орхих.
Муу үзлийг эс санах нь:
102.Арван дөрвөн тотгор буй гэж
Авралын эзэн айлдан хайрлав.
Тэдгээрийг оюундаа санаж бүү үйлд
Түүгээр сэтгэл үл амарлих аа.
Арван хоёр шүтэн барилдахуйг анхааран авах нь:
103.Тэнэг мунхагаас үйл, үйлээс тийн мэдэл, тэрнээс дүрс,
Түүнээс зургаан төрөн түгэх, үүнээс хүрэлцэх,
Хүрэлцэхээс мэдрэл, мэдрэлээс шунал гарна.
Хурьцах шуналаас авах, түүнээс сансар
Сансраас төрөх мөн.
Төрөх аваас өвдөх, хөгшрөх, үхэх
Тоймгүй зовлонгийн хэлхээ үүсэх бий.
Төрөхийг хааснаар эдгээр бүгд хоригдмуй.
Түүний үр хоосон чанарыг үзэх ёс нь:
104.Шагжтүвийн сайн зарлигийн гүн чухал сан
Шүтэн барилдан гарахуйн онол мөн
Алин бээр үүнийг үнэхээр үзвээс
Асралт Бурханы ухааныг хармуй.
Бясалгалын мөрийг үүсгэх ёс нь:
105.Үнэн үзэл, онол, амжиргаа, хичээл,
Санамсар, самади, хэл, үйл
Бясалгалын мөрийн найман гишүүнийг
Амарлингуйг олохын тухайд бясалган үйлд.
Дөрвөн үнэнийг санах нь:
106.Таван цогцостой төрж үхэх нь зовлон.
Түүнд шунан тачаах нь бүхнийг гаргагч.
Энэ хоёрыг хаагч нь хорихуйн үнэн.
Үүнийг олгогч нь хутагтын найман мөр мөн.
Их хутагтын дөрвөн үнэнийг үзэхийг насад шамд.
Хутагт болоход үл шантрах :
107.Төрд зүтгэгч хаан, харчууд ч үнэнийг үзсэн тул
Тамлагч нисваанисын мөрөнг гатлан үйлд ээ.
Нирвааныг олоход үл шантрах нь:
108.Дээдэс богдууд, номчин алин
Дээр огторгуйгаас буух хур,
Доор газраас ургах ногоо шиг гэнэт гарсан бус.
Догшин нисваанисын эрхэнд орсон эгэлүүд байсан.
Утгыг хураан үзүүлэх нь:
109.Хаан танд олныг нуршаад яахав
Хэрэгт тустай увдисын товч нь энэ мэт буюу.
Та баар тааллаа номхотгон зохиогтун.
Тогуулсагсад сэтгэл номхотгохыг номын үндэс гэж зарлигласан.
Үр дүнг үзүүлэх нь:
110.Тамд айлдсан увдис энэ бүхнийг
Дияанд суугч гэлэн ч бүрнээр үйлдэхэд бэрхээ.
Эдгээрээс алин чадлаар хэрэглэж, гэмээ тэвчин
Эрдэмд шүтэн энэ насаа хэрэг төгөлдөр болгогтун.
Хойт насны үр:
111.Бусдын буян даяарт даган баяссаны
Бас өөрийн гурван үүдний сайн явдлаа
Бурханыг бүтээхийн тулд сайтар зориулсны
Дэлгэр буяны их цогцсоор та
Тоолшгүй төрөлд тэнгэр хүний оронд
Дээд эрдэмт егүзэрийн эрхийг зохиогоод
Амьтдыг боловсруулах ёс нь:
112.Баатар Аръяабалын явдлаар ядарсан амьтдыг тэтгэсээр
Бодьсад болж амьтдын зовлон нисваанисыг арилгаж
Ариун Бурханы оронд ялж төгс нөгчсөн
Авьдын адил ертөнцийн итгэл болон хязгааргүй сүүдэр төгс болтугай.
Бурханы хутгийг олох нь:
113.Арга билгүүн, санваар, өглөгийн их алдрыг
Арван зүг гурван газраа түгээж,
Асар, тэнгэр, хүний зовлон гунигийг амарлиулан
Аюулгүй, урвалтгүй, мөнхийн хэтэрхий хутгийг олох болтугай.
Орчуулсан : Ө.ГҮНДСАМБУУ