2014-04-20 | Нийтэлсэн:admin | Үзсэн:8507
Төрсний эцэст үхэх нь лав, үхэл цаг болздоггүй, үхэх хүнд буян номоос өөр юу ч хэрэггүй
Хариулах аргагүй ачит ариун дээд богд минь
Хуурмаггүй сүсэгтэн миний зулайг чимэн саат
Харанхуй сансрын уудамд төрөн тэнэх амьтан ба
Хамгийн түрүүнд эх болсон ухамсарт олон та нар
Хуруу юугаан цээжиндээ хумиж сүслэн бодоорой
Төрсөн энэ бие мөнх бус хэмээн үхлийг санаваас
Төрвөл үгүй уйсаж сансрыг огоорох болмуй
Төөрөгдөж энэ хорвоод шунан бүү уягдагтун
Эндүүгүй жинхэнэ дайсан нисваанисыг ерөндгөөр нь дар
Элдэв хилэнц түйтгэрийн хүнд үүргийг бүү үүр
Эргээд толгойд буух боловсон үйлийг бүү хураа
Эгц цавчим хавцал мэт зуурдын зам зорчиход бэрх
Энэ насны амьдралаас хойтын зам хэтэрхий урт шүү
Эрлэгийн гарт амьд бүхэн эргэлзээгүй орох болмуй
Энэхэн амьдрах нас эгшин төдий хэмжээтэй
Эгээ л бойны газарлуу хөтлөгдөн явах адгуус мэт
Энэ мэтчилэн та ч маргааш нөгөөдөр хэзээ ч магад
Эцсийн амьсгал хураах гаслант тэр мөчид
Эрдэмтэй мэргэн эмч, зурхайч төлөгч орхимуй
Эвтэй зөөлөн дэвсгэр ч ууц нурууг нухмуй
Эетэй хөвсгөр дэр ч хацар шанаа хөшөөмүй
Ээрмэл хувцас давхарлавч бие үл бүлээцмүй
Энэ хамаг биеэс үхээрийн үнэр ханхалмуй
Эрлэгийн хөгц, өнгөр хүүрсэн нүүрэнд тогтмуй
Элдэв амттан хүртэл хэлэнд үл мэдэгдмүй
Эцэстээ балга ус ч хоолой зууран хясмуй
Эцсийн үгээ хэлье гэвч ам хэл хөшмүй
Элдвийг үнэрлэгч хамар нусаар таг битүүрмүй
Эрээн барааныг үздэг нүдний зул бөхмүй
Эцсэн биеийн тамир хөдлөх чадлаа барж
Эмзэгхэн амьсгал аалзны шүлс мэт хэврэг болно
Амраг хайрт, дотно бүхэн цурхиран уйлаад
Алсдаа хаа одохоо өөсдөө ч мэдэхгүй учир
Ашдын хүнсээ эрлэг явах түүнээс горьдон
Ард үлдэх бүхэнд гэрээс захиас хүсэж
Аргаа барсан хүнийг гаслант бодлоор булна
Ашид үлдэх хүсэл байвч түүнд эрх үгүй
Аюулт эрлэгийн эзэн үхлийн шулам л мэднэ
Асралт садан төрөл цөхрөнгөө барж гасалхад
Адгийн өст дайсан тэнгэрт мөргөж найрлана
Ашиг бодсон зарим нь хөрөнгө хүнсийг нь завшна
Аминч үзэлт хэсэг нь цогцсыг гаргахаар яарна
Зургаан төрлийн хаана ч эрх чадалгүй төрнө
Зоргоор явахыг санавч үйлийн хатуу л мэднэ
Эд хогшил ихтэй ч үхлийн эзнийг няцаахгүй
Эд мөнгөөр баялаг ч хоосон нүцгэн одмуй
Хэлэмгий доломгой боловч огт тус болохгүй
Хэтэрхий сайхан царай хэнд ч нэмэр болохгүй
Хүчит баатар эрийн овсгойг тэнд дайчлахгүй
Хүдэр эрмэг эрийн чадал хүчин мөхөсдөнө
Оо ингэсгээр гоодсон нүүрний туяа хөсрийтнө
Охидын гоо царай үхэхэд юуны тус
Олны ардын тусад зовлонг зүдгүүр үүрсэн гавъяа
Ойгүй олон нөхөд байвч дагуул нэг олдохгүй
Охид хөвгүүд нь цуглавч орь гагцаар одмуй
Огоорох сэтгэлийг барьж тэднээс салах хэцүү
Шунаг сэтгэлт хүмүүс хөрөнгө хогшлыг нь тооцно
Шашин номоо санавч нэгэнт оройтсон цаг
Чивэлт муу нүгэлийг насад үйлдсэн хүмүүс
Чанагш явах замдаа аймшигт эрлэгээр угтуулж
Шулмын хорлолт үйлийн хүчит салхинд туугдаад
Ширүүн боловсон үйлийн хүнд үүргэнд даруулна
Эндүү бодол, айдас санаа сэтгэлийг эзэлнэ
Эрт үйлдсэн нүгэлдээ энэ цагт гэмшмүй
Эргээд нэг амьдарвал буяны үйлдэх сэн гэмүй
Яг одоо үхвээс яадаг билээ хүмүүс ээ
Ямагт энэ тухай сайтар бодож үзүүштэй
Ам тосдох идээг хэн бээр ч идмүй
Алд биеийн хувцасыг хэн бээр ч өмсмүй
Бус хоол хувцас илүү юм мөн
Болин мэдлийн эрдэнийг одоо шүтвээс сайнгүй юу
Үг эдгээр бүхнийг тогтоон төвлөрч бодоорой
Үнэхээр үнэн үг шүү мэргэдээс лавлан асуугаарай
Зовлонгоос залхсан сүсэгтэн үг үүнийг ойлгоод
Завсаргүй бодон бодвоос сансраас лав тонилмуй
Орчуулсан: У.Пүрэвсүх