2012-02-28 | Нийтэлсэн:purevsukh | Үзсэн:16568
Базар гүрүү тарнийн ач тус
А. НА ЗА СА МА ТА. ШАМ ГА МА. БАЗАР ГҮРҮ ДЭВА ДАГИНИ ХУМ.
Лам, ядам, дагина гурват мөргөмүй. Ешей цожал хэмээх эмэгтэй би гадаад, дотоод, нууцын агуу их мандлыг өргөөд ийн айлгав: "Аяа, Бадамжунай багштан минь! Түвдийн ард олон бидний энэ ба хойтын агуу их тусыг бүтээсэн нэн их ач гавъяатан танаас илүү нь урд үл заларсан ба хойшид ч үл заларах тул номлон хайрласан бүтээлийн охь шим сургаалд чинь доорд мөхөс хүмүүн ч гэлээ надад эргэлзээ тээнэглэзээ үгүй. Ирээдүйн амьтан олон санаатай, ихэд догшин хэрцгий, дээдийн номд буруу үзэлтэй билээ. Ялангуяа нууц тарний номыг гүтгэн үгүйсгэх тэр цагт амьтан бүхэнд өвчин, зуд, мэс гурав дэлгэрч түүний дотор Хятад, Монгол, Түвд гурав түйвээсэн шоргоолжны үүр шиг болж хямран Түвдийн ард олон зовох цаг болно. Тэр бүхнийг засах аргыг та бээр нэг бус удаа айлдаж сургасан бөгөөтөл ирээдүйн шавь нарт бүтээх чөлөө зав үгүй, бүтээхийг бага сагаар оролдогсод нь их барцад саадтай тулгарах, амьтны үзэл санаа үл нийцэж бүтээлийн зай, явдал мөрийн тохироо үл бүрдэнэ. Няцаахад нэн бэрх тэр цөвүүн цагт зөвхөн Гүрүүгийн бүтээл аргын дотроос Базаргүрүүгийн тарнид итгэн дулдуйдваас ач тус нь юу буй? Ирээдүйн мөхөс оюунт амьтны тусад айлдан хайралхыг өчин гуйсугай" гэсэнд Их багш зарлиг болов:
Ай, сүсэгт охин чиний өчин хэлсэн энэ үг үнэн билээ. Ирээдүйн тийм цагт амьтанд ахуй үес, алс хэтэд нь эргэлзээгүй тус болох тоо хэмжээгүй олон увдис, бүтээлийн аргыг ус, хад, огторуйн санд нуусан боловч муу цаг болох үед үйлтний арга ухаан, билиг дэмбэрэл бүтэх нь нэн бэрхтэй байна. Энэ бол амьтны буян барагдсаны шинж мөн.
Гэвч тэр цагт Базаргүрүүгийн зүрхэн тарнийг их газар, аглаг хөдөө, уул хайрхан, гол мөрний зах, тэнгэр, чөтгөр, бүднэр олширсон газарт, тангараг сахисан тарничин, санаваартан лам, сүсэгт эгэл хүмүүн, бэлиг төгссөн эмэгтэй тэргүүтэн хүмүүс агуу их сэтгэлийн үүднээс зуу, мянга, түм, бум, гольт (10,000,000), дүнчүүр тоонд хүргэн чадлын хэрээр тоолон урьж уншвал ач, тус хүч чадал нь санаа саванд үл багтна. Нутаг ус, зүг зовхис бүрт өвчин эмгэг, өлсгөлөн зуд, мэс гурав хийгээд цэргийн хямрал, жилийн гэм, муу ёр, хар шидийн аюул няцаагдах бөгөөд хур орж өнтэй сайн цаг ирж нутаг уснаа өлзий хутаг бүрдэнэ. Энэ болон хойт насандаа зуурдын хавцгайгаас гэтлэн дээд нь бодитоор, дунд нь бясалгалдаа, адаг нь зүүдэндээ надтай ахин дахин уулзаад газар, мөрийг үе дараалан гүйцээж Аявлин оронд арвисыг баригч хөвгүүд, охидтой хамт нэгэн суудалд суух нь дамжиггүй. Зуу зуугаар таслалгүй урин тоолвоос бусдын сэтгэлд нийцтэй болж идээ, эд, хөрөнгө хичээлтгүй өөрөө бүтнэ. Мянга, түмээр урин тоолвол бусдыг сүрээр дарж адистид, хүч чадал төвөггүй зөнгөөрөө бүтнэ. Бум, гольтоор нь тоолвол гурван орчлонг өөрийн эрхэнд оруулж гурван сансрыг сүрээр дараад тэнгэр чөтгөрийг боолчлон зарж дөрвөн үйлсийн алинд ч сааталтгүй болох бөгөөд амьтан бүхэнд аливаа хүссэн хэргийг нь бүтээж туслан чадах болно. Гурван гольт юмуу долоон гольт хүртэл тоолон уншиж чадвал гурван цагийн бурхадтай хагацашгүй болж тэнгэр, мангас, найман аймгууд бүгдээр надтай адил зарлигийг чинь сонсч, сургаалыг чинь магтан даатгасан үйлийг чинь бүтээж тэргүүн дээд нь энэ насандаа солонгон биеийг бүтээж, дунд нь үхэхийн аман дээр эх, хөвгүүний тод гэрлийг уулзуулж, адаг нь зуурдын ертөнцөд надтай уулзаж үзэгдэл нь өөрийн газар гэтэлж Аявлин оронд төрөөд хэмжээгүй олон амьтанд тусыг хүргэх болно. Ай, язгууртны охин минь, Базар гүрүү хэмээх нь зөвхөн миний зүрхэн тарнь бус дөрвөн дандрын аймгийн ядам бурхад, есөн зэргийн хөлгөн, наян дөрвөн мянган номын цогцос тэргүүтний амин зүрх, гурван цагийн хамаг бурхад, лам, ядам, ханд, номын сахиусуудын зүрхэн тарни үүнд бүрдэж байдаг. Энэ тарнийг хэлсүгэй, үүнийг сайтар сонсогтун, тогтоож авагтун, урин уншигтун, бичин бүтээгтүн, ирээдүйн амьтанд үзүүлэн заагтун!
Энэ шидэт тарнийг нэгэн удаа өгүүлбээс хэрэв үүнд хэлбэр дүрс бий болвоос замуутивийн сав багадах бөлгөө. Үүнийг үзсэн, сонссон, санасан амьтан бүхэн арвисыг баригч охид хөвгүүдийн эгнээнд суух нь эргэлзээ тээнэгэлзээ үгүй. Хуурмаггүй үнэн БАЗАР ГҮРҮҮ-гийн үгээр аливаа хүссэн бүхнээ зарлиг ёсоор олохгүй бол Бадамжунай би амьтныг хуурсан болох буйзаа. Хуурмаггүй нь магад тул зарлиг ёсоор үйлдэгтүн. Урьж тоолж эс чадагч хүмүүн туг хиурын үзүүрт хийсгэгтүн. Салхинд нь өртсөн амьтан бүхэн эргэлзээгүй гэтлэх болно. Эс бөгөөс мод, чулууны хавтгай дээр бичиж аравнайлаад замын хажууд дэлгэн тавибаас харах төдийд л өвчин, ад, түйтгэр арилах болно. Тэр газарт орших чөтгөр, мангасын гүйдлийг тасална. Хар цаасан дээр алтаар бичээд зүүвээс ад, зэтгэр, бүднэр хор хийж үл чадна. Үхсэн ч цогцосноосоо салгалгүй хамт хайлуулбал солонгон гэрэл гялалзуулсаар Энхжингийн оронд егүүдэн төрөх болно. Бичих, унших, урихын эрдэм цаглашгүй их. Ирээдүй цагийн амьтны тусад байгуулаад нуулаа би үүнийг. Хувьт, сайн үйлтэн хөвгүүн үүнтэй учрах болтугай. САМАЯ ЖА ЖА ЖА буруу үзэлтнээс нуу!!! ЖА ЖА ЖА тангарагт хүмүүнд даатган өг!!! ЖА ЖА ЖА
ЗочинMarch 4, 2012
Сайхан нийтлэл байна
ЗочинMarch 16, 2012
Um sain amgalan boltugai
ЗочинMay 19, 2012
ум аа хум
ЗочинJuly 23, 2012
bayarlalaa. Um aa hum bazar guruu badmaa sidi hum