2014-11-06 | Нийтэлсэн:admin | Үзсэн:5857
Үл үзэгдэх атлаа үйл хөдлөлөөр харагдах
Үл сонсогдох атлаа үг яриагаар илэрхийлэгдэх
Баригдаж уягдахгүй атлаа бодлыг хүлэж туших
Бүгд эдгээр нь сэтгэлийн хоосон чанар
Сэтгэлийг хоосон хэмээвээс
Үйл юунаас төрөх
Сэтгэлийг бодит хэмээвээс
Үл хүртэгдэх учир юунд
Мунхаг, уур, шунал сэтгэлийн муу чанар
Энэрэл өглөг огоорол сэтгэлийн сайн чанар
Муу, сайн гэдэг сэтгэлийн хуурмаг чанар
Эл бүгдэд үл автах нь гэгээрлийн билиг чанар
Шунал гэдэг авах сэтгэл
Уур гэдэг омог сэтгэл
Мунхаг гэдэг өөриймсөх сэтгэл
Эдгээр бүгд хүслээс ундарч Би-д хурана
Өөрт оногдоогүйг хүсэх нь шуналын сэтгэл
Өрөөлийг өөрчлөх хүсэл нь хилэнгийн сэтгэл
Өөр болоод өрөөлийг алагчлах нь мунхагийн сэтгэл
Эдгээр бүгд нийлээд зовлонгийн шалтгаан