2012-12-18 | Нийтэлсэн:Их Майдар Сан | Үзсэн:23591
Гурван бөөр нь Бурханы багшийн хоёр шавь Шарибута, Модгаляана, Очирваань гурвыг бэлгэдэх ажээ. Мөн Язгуурын гурван бурхан буюу Манзушири, Хоншим бодьсадва, Очирваань гурвыг бэлгэдэх ёс ч байдаг. Эрхиний тоо нь 108 ширхэг тоотой байх ба Бурхан багш, дөрвөн Махаранз, Язгуурын таван бурхан, Шадар найман бодьсадва, Арван зургаан бат агч, Аюуш тамын арван найман хилэнтэн, Хорин нэгэн Дарь-Эх, Дүншигийн гучин таван бурхныг бэлгэдэх ёс байдгаас өөр бурхдыг оролцуулан тоолдог ёс ч бас байдаг. Жишээ нь: Жүд дацанд Сандуйн 32 бурхныг оруулан тоолох бөгөөд жижиг хүрэн зандан эрхи барьж хэрэглэдэг ажээ.
Эрхинд есөн нарийн утаснаас бүрдүүлж эрчилсэн 2 ширхэг утсаар хэлхээ хийх ба тэр нь 8 чөлөө, 10 учралыг бэлгэднэ. Эрхиний нүхээр утсыг гүйлгэн хэлхэхдээ хоёр түйтгэр /нисванисийн болон мэдлийн/-ийг даран хоёр их чуулган /буяны чуулган, билэг билгүүний чуулган/-ыг хураахыг бэлгэдэж хэлхэнэ.
Тарни тогтоол унших үедээ уншсан тарнийн адистид дотор оршихыг бэлгэдэн эрхиэ дотогш эргүүлэн тарниа тоолдог. Харин түйтгэр тотгорыг буцаахын тулд тарни тоолох үед саад тотгорыг буцааж байгаагаар бэлгэдэн эрхиэ гадагш эргүүлэн тоолдог.
Амирлуулах үйлст: Шил, бодь мод, цагаан эрхи, лавай, бодь мод, цагаан өнгөт эрдэнэс, цагаан далийн үр тэргүүтэн голчлон зөөлөн, цагаан өнгөтэй, эрдэмт модны үрээр голчлон бүтээдэг.
Дэлгэрүүлэх уйлст: Бодь мод, Зандан, Шар эрхи
Эрхэндээ хураах үйлс: Лүнтэн, Улаан шүрэн эрхи, улаан зандан, сум мод, сэнд, шүр зэрэг улаан өнгөтэй эд болон анхилам үнэрт модоор бүтээдэг байна.
Хатуу үйлст: Гүррагчаа, Гавал, Могойн шүдэн, Суман эрхи, төмөр зэрэг ихэвчлэн хатуу ширүүн, хар бараан өнгөтэй эдээр бүтээдэг.
Тэдгээрээс эрхэм нь эрдэнэсийн зүйлсээр, дундах нь модны үрээр, адаг нь мод чулуугаар бүтээсэн болой. Гэвч ямар эдээр бүтээсэн ч эрхэмлэн нандигнаж, зарлигийн шүтээн хэмээн бэлгэдэх нь ялгал үгүй биз ээ. Харин эдгээр эрхиний ширхэг бүр нь сэтэрхий, хагархай, том жижиг, хоорондоо адилгүй тэргүүтний гэмгүй байх ёстой ба эрхиний хэлхээс нь ч хэт сул болон хэт шахуу бус эрхи эргүүлэн тоолоход тохиромжтой байх ёстой. Хэрэв хэлхээс нь хэтэрхий урт байх аваас бүтээл бясалгалд алгасрал ихтэй болох ба хэтэрхий богино бол насанд цөвтэй хэмээн үздэг ажээ. Энэ мэтээр өөрт буй сайн сайхан эдээрээ таарсан зөв эрхийг хэлхэн үйлдээд равнай өргөж, бурхдын зарлигийн шүтээн болгон хүндэтгэн хадгалдаг ёстой бөгөөд хамаагүй хүний гарт дамжуулах болон тангараг ижилгүй хүнд үзүүлдэг ч үгүй ёстой. Ер нь эрхийг өөр өөрийн язгуурын багш, шидийг хайрлагч ядам бурхад, үйлсийг бүтээгч дагинас, номын сахиус нартай сэтгэл хэлхэгдэхийн бэлгэдлээр хэрэглэдэг байна. Мөн нууц тарнийн тангараг ёсоор бэлгэ билгийн бурхдын мутрын тэмдэгийг бэлгэдэх, билгийн эхийн шүтэн барилдлага, төгс эдлэлийн шүтэн барилдлага, тогтоол тарниудын тоог эндүүрэлгүй тоолон барих тэргүүтний үүднээс ч эрхийг хэрэглэдэг билээ. Дээр өгүүлсэн мэт дөрвөн үйлнээ зориулан бүтээсэн эрхи нь өөр хоорондоо өнгө, бүтээгдсэн эд зэргээрээ ялгарахаас гадна том жижиг хэмжээнийх нь хувьд ч ялгах ёс байжээ. Энэ мэтчилэн эрхийг дөрвөн үйлнээ тохирох бэлгэдэлт эдээр тааруулан, зохицох утас хэлхээгээр хэлхээд аливаа муу үйлнээ халдуулалгүй эрхэмлэн нандигнаж, бурхдын зүрхэн тарни тэргүүтнийг тоолон унших хэрэгтэй бөгөөд хэрэв эрхи доройтон муудах аваас бэлгэ билгийн бурхдад өргөхүйн сүжгээр гал, уснаа өргөдөг байна.
ЗочинJanuary 13, 2013
Наровын 6 иогын доторхи бүлээний галын иогт 108 амьсгал ордог тул Рэйпа нар 108 эрхитэй явдаг байсан түүнээс л эрхи 108 тоотой болсон юм. эхлэх 8 амьсгал, хүрд бүр дээр өгсөх 10 амьсгал бас уруудах 10 амьсгал гээд 108 болно.
ЗочинFebruary 7, 2013
sonirholtoi l yum. Reipa bus raiba buyu bustun gesen ug. bus numurduguus tegj neriidsen l baih. Naroviin ene nomiig uzeh huvi bugded l baigaasai.