2020-07-16 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6049
Монголын буддын гүн ухаан сэтгэлгээний томоохон төлөөлөгчийн нэг Агваанхайдав /1779-1839/ хуучнаар Түшээт хан аймгийн хошуу, Богд хан уулын орчим, Туул голын хөвөөнөө одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Мандал хэмээх газар эгэл малчин ард Лувсангийн гэр бүлд 1779 онд төржээ. Тэрээр бага насандаа нутгийн хийдэд лам болж, буддын боловсрол хөөцөлдсөөр Богдын хүрээ, Баруун зууд ном үзэж, гадаад хэлний болон буддын сонгодог боловсрол эзэмшсэн ажээ. Далай ламаас “Винай баригч буяны садан” гэцэл сахил хүртэж, үүнийхээ дараа Төвдийн Брайвүн хийдэд чойрын таван боть, нууц тарнийн дөрвөн увдисыг эзэмдсэн номын буяны үйлээр Равжамба цол хүртсэн байна.
Тэрээр нутагтаа буцаж ирээд Их хүрээний номын багш цорж, дэд хамба, их хамбын сэнтий юуг дараалуулан эзэлж, дээрхийн зарлигаар хамба номун хан цол ямба хүртжээ. Эл шашны сургуульд буддын гүн ухааныг голчлон зааж, сүм хийдийн хурал номын хэргийг гүйцэтгэх, явуулах залгамж хүчин-лам нарыг бэлтгэж байсан бөгөөд Агваанбалдан, Агваандорж, Шижээ /XIX зуун/ нарын олон тооны дэвшилт сэтгэгчдийн номын багш байж, тэднийг эрдэм номоор хүмүүжүүлж гаргажээ. Тэрээр гүн ухаантан, яруу найрагч байсан бөгөөд том жижиг 118 зохиолоос бүрдсэн 5 боть бүтээл туурвисан байна.
Тэрээр буддын гүн ухааны төв үзлийн ёсыг баримталсан эрдэмтэн, зохиолч байжээ. Түүний бичсэн гүн ухааны зохиолуудаас судлаачдын анхаарлыг татаж буй “Дүрс, мэдэл, төгс бус хуран үйлдэгч гурвын яриа”, “Хурмастын тахилга”, “Хонь, ямаа, үхэр гурвын хүүрнэсэн яриа”, “Урт үст Цэрэнпил хэмээх бандитай тэмцсэн үг”, “Чөтгөрт хөтлөгдсөн мунхгийн талхидан тээрэмдэгч аянгын хүрд”, “Нисванисын хорыг уудалсан залбирал”, “Бурхан шашин их эрдэнэ бээр арван зүгийн ялгуусан бурхан бодисатва сэлтэд өргөн илгээсэн захиа бичиг”, “Үг утга нь тодорхой цадиг” гэх зэрэг алдарт зохиолуудыг онцлон дурьдаж болно.
Агваанхайдавын амьдарч байсан үед Монгол орноо шарын шашин нэн хүчтэй дэлгэрч жалган болгон хийдтэй, айл болгон тахил шүтээн, ламтай болж, бурхны шашины санваартан байтлаа шашныхаа гол шугам ёсноос гажигч гэгээнтэн мяндагтан орширч тэд нууц тарнийн ёс гэгчээр түрээ барин элдвээр дүвчигнэн, сүсэгтэн олны эд хөрөнгийг шимтэж, олз омог, нэр төрийн хойноос хөөцөлдөх болж байжээ. Тэр үед Агваанхайдав шашин суртахуунаа хамгаалан, шашинтнуудын доторхи янз бүрийн ёс бус үйл ажиллагаа, үнэн нүүр царайг илчлэн шүүмжилж, шашнаа хиргүй тунгалаг байлгах, түүний тулд шашны ном сургаалаар аливаа хүний ёсонд байдаг мунхагийн түйтгэрийг даван туулах зорилго бүхий байдлаа дээрх бүтээлүүддээ тусган харуулсан нь яваандаа түүнийг тухайн үеийнхээ дундад зууны шашин-улс төрийн бүрхэг амьдралын мөн чанарыг илчлэх тэмцэлд татан ороход хүргэсэн ажээ.
Агваанхайдав бээр буддын гүн ухааны дөрвөн чиглэлийн дотроос хэтрүүлэгч төв үзлийг баримталсан томоохон эрдэмтэн лам байжээ. Түүний бичсэн гүн ухааны зохиолууд дотроос хүний сэтгэлгээний асуудлаар бичсэн “Сэтгэлээр бусдын хэрэг ямагтыг үйлдэхийн намтар өлөг, мэдэл, төгөлдөр бус хуран үйлдэгч гурвын хүүрнэлдээнээс гарсан галзуу жүжгийн толилуулагч толь оршвой” хэмээн бэсрэг хэмжээний судар нь судлаачдын анхаарлыг нилээд татаж буй. Уг зохиолд нь өгүүлснээр хүнийг бие, сэтгэл, бодгаль гэсэн гурван ойлголтын харилцаанд оруулан шинжилж мэтгэлцээний арга горимоор эл гүн ухааны утга зохиолоо туурвисан аж. Буддын гүн ухаанд юмны цогц гэдэг нь цогцын билиг чанар болдог ба цогц хийгээд хуран үйлдсэн хоёр нь нэгэн утгатай гэсэн буддизм дэх бодигалийн тухай сургаалыг улируулан авч үзжээ. Хуран үүдсэн гэдгийг өөрийн гэсэн үзэл, арга барилаар нотлон өлөг-бие, мэдэл-сэтгэл, төгөлдөр бус хуран үйлдэгч-бодгаль энэ гурав болно гэж улируулан тэмдэглэсэн байдаг. Энд өлөг хэмээх ойлголтоор бодит зүйл түүний бие, эрхтний сэрэн мэдрэх чадварыг оруулж хамтатган үзжээ. Энэхүү өлөг буюу биеийн бэлгэ чанар бол тоосноос бүтнэ, өлөг /бие/, дүрс хоёр нь нэгэн утгатай гэдгийг дээрх холбогдолтой ном сударт тэмдэглэсэн байдаг бөгөөд дүрс болж болохуй нь дүрсийн бэлгэ чанар мөн гэсэн тодотголыг Агваанхайдав өлөг хийгээд дүрс хэмээхийг анги илт бодитойн түгээмэл шинжээр авч үзсэн нь сонирхолтой санаа юм. Ялангуяа өлөг хийгээд дүрс хэмээх хоёр ойлголтоо хооронд нь адилтган үзэж, өлөг биеийг дотор нь гадаад өлөг, дотоод өлөг гэж ангилсан болно. Дотоод өлөг гэдэгт нүдний эрхтэн, чихний эрхтэн, хамрын эрхтэн, хэлний эрхтэн, биеийн эрхтэн гэсэн мэдрэхүйн таван эрхтэнг оруулдаг бол гадаад өлөгт дүрс, дуу, үнэр, амт, хүрцэгдэхүүн лүгээ таван орон: тийн ухагч бус дүрс буюу ийнхүү арван нэгэн өлөг бие болгон авч үзсэн байна. Түүний жишээ татаж өгүүлснээр: “Чулуу ч гэсэн өлөг” хэмээсэн нь уг ойлголтоор объектив бодит байдлыг тэмдэглэсэн утга учир харагдаж байна. Зөвхөн эндээс бид хүний бие эрхтэн бодит зүйл болгож илэрхийлж байсныг дулдуйдан Агваанхайдавын гүн ухааны үзэл буддын гол цөмд антропологи материализмийн онол боловсорч байжээ гэж бүрэн төсөөлж болохоор байна. Үүнийг нь хүний бие, сэтгэл, эрхтнийг цааш нь задлан авч үзсэн хэсгүүдэд тодорхой төсөөлөгдөх болно. Тэрээр чухамхүү бие гэж юу вэ? гэдэгтээ “Өөрийн зүгээс тус хорлол юуг ч үйлдэн үл чадах өөрийн хань нөхөр сэтгэлээс хандвал өмхийрөн ялзарч нохой, шувууны хоол болон холдоно. Хэдийгээр мунхаг харанхуйд бүхэл мэт үзэгдэвч сайтар ажиглаваас шим нь тоосны төдий ч үгүй зүйл” хэмээн бичжээ. Цааш нь Агваанхайдав биеийн эрхтэн тус бүрийг задлан ариун бус гэдгийг тайлбарласан байна. Тухайлбал, “Араг яс түүнийг үзвэл аймшиг төрж, санаваас инээд хүрэм, ажиглаваас утга үгүй, тэрбээр бүдүүн илтэд бүгдийг эрхтний орон болдог тул тэр адил буй үгийг ажиглан шинжлэх хэрэггүй юм. Нүдийг үзэсгэлэнтэй гэж санавч аймшигтай ясан нүхтээ ус хийгээд арьсны ялгаа төдийд барагдана. Иймээс бие нь тоосны төдий учир, хэрэг учир нь тоосны төдий ч үгүй” хэмээн бие гэдгийг мөнх бус алга болох зүйл гэж үзжээ.
Мөн тэрчлэн ямар ч утгагүй биеийн мөн чанарыг үл ухан ямар ч утга шалтгаангүйгээр “миний бие” хэмээн миниймжилж барих нь буруугаар хэтрүүлсэн сэтгэлд үл хамаарах бусдын хэрэг гэж Агваанхайдав үзээд доорхи жишээгээр тодруулан тайлбарласан нь: “Алс холын замд одсон зорчигч бээр зам зуурын нэгэн байшинг эзнээс нь зээлж хэсэг хоног суусны эцэст энэ байшин чинь минийх мөн гэх сэтгэл төрөхгүй. Тиймээс тэр эзэлсэн байшинчлан энэ бие ч эзэлсэн бие мөн болохоос өөрийн бие бус болой.” гэж айлтгажээ. Агваанхайдавын өгсөн энэхүү тайлбарлал нь хүний ухамсрын бие даасан шинжийг илэрхийлсэн чухал үзэл мөн социст илэрхийллийн аспект мөн гэж болно. Энэ санаа философийн сэтгэлгээний түүхэнд бас бус удаа гарч байсан нь сонин санаа гэлтэй. Тодруулбал: Францын сэтгэгч Р.Декартын “Би сэтгэж байна. Иймээс би оршиж байна” гэсэн илэрхийлэлтэй төсөөтэй бус уу.
Минийхийлж барих нь шүтэх шүтүүлэхийн барилдлагад хэтэрхий шунаснаас мунхагийн бодол төдийд баригддаг учраас энэхүү сансрын зовлонгоос гэтэлгэх тухай санааг өгүүлжээ. Үүнд биеийг дураар үл орхин, харин бурхны номд шамдах хэрэгтэй болдог байна. Ингэснээр бие нь хэдийгээр хүүр болон хувирсан ч түүнийг тэнгэр болон хүмүүс сайн ламын шарил хэмээн өргөн хүндлэлийг үйлддэг гэнэ. Агваанхайдав уламжлалт буддизмд үзэж байсан биеийн тухай сургаалыг тухайн үеийн шашны онол сургаалд нийцүүлэн тайлбарлажээ.
Сэтгэл гэж юу болох асуудлыг буддын гүн ухааны мадхъямака чиглэлд хүний танин мэдэхүйн үйлдлээр баригдахуун орон /гадаад ертөнц/, баригч мэдэл /хүний ухамсар/ хоёрын хоорондын харилцааны дунд уг юмсыг танин мэдэх асуудал болгон тавьсан байдаг. Агваанхайдавынхаар сэтгэлийг дараах атпектаар тайлбарласан сонин дүгэнлтүүд байх юун. Нэгдүгээрт: сэтгэлийг “сүнс” хэмээх буддын шашны уламжлалт хийсвэрлэлт сургаалтай адилтган авч үзсэн. Бас тэрээр сэтгэлийн олон янзын төлөв байдлыг тодорхойлон дурдсан байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл гэдэг ойлголтын дор хүний сэтгэл зүйн элементүүдийг /псиких үзэгдлүүд/ авч үзжээ. Тухайлбал:
- Өөрийн газар нутгийг бусдаас хамгаалж минийхийлж барих сэтгэл
- Өмөг нөхөр, амраг садан, эд хогшил зэрэгт тэтгэн дурлаж үйлдэх эдлэлийн сэтгэл
- Хорлогч дайсныг гэсгээх уур хилэн
- Ашиг хонжоонд эргэлдэгч атгаг бодол
- Өөрөөсөө өндөр нугуудыг буулгагч атаат сэтгэл
- Өөрийгөө ямагт дээш өргөх омогт сэтгэл
- Өөрийнхийг энхрийлэн сахих харнам
- Бусдынханд шунагч хомхой сэтгэл зэрэг юм.
Дээр дурдсан маягийн сэтгэл санааны янз бүрийн илэрхийллийг орчин үед сэтгэл зүйн шинжлэх ухаан тодорхой авч үзэн судалдаг билээ. Харин Агваанхайдав тэдгээрийг ердийн ухамсрын утгаар авч үзжээ. Хоёрдугаар: сэтгэл хэмээх ойлголтын хүрээнд шүтлэг бишрэл, ёс суртахууны зүйлийг багтаагаад бодитойгоор гэгээрүүлэх, бодит байдлыг сэнхрүүлэн илтгэх байр суурийг тодорхой хэмжээгээр илэрхийлжээ.
Тэрээр сэтгэл гэдгээ нарийсган, шашны онол руу холбон тайлбарлахдаа оюун хэмээх ойлголттой холбон авч үзжээ. Агваанхайдав “оюун” гэдэгт “Тийн шинжлэлийн тайлбар сайн номонд дурлах хийгээд баясдагаараа үргэлжид тодорхой ханасан өвөр хийгээд хань бүгдийг хэрэггүй зүгт үл тушаах, самадын хөлийг сайтар тогтоон бататгасан, эс мэдэх, буруу мэдэх, эргэлзэх тэр бүгдийг таслагч, үнэн ёсонд итгэмжлэх” тайлбар өгчээ. Тэгээд ч оюун гэдгийг бие, сэтгэл, бодгаль гурвыг дагнан барьж байдаг оюуны мэдрэмж хүнд байдаг зүйл болгосон ажээ. Тэгвэл хүнд орон гарч байдаг хийсвэр тогтворгүй байдал бүхий сэтгэл хэмээх нь биед шүтсэн зовлонг үүсгэгч ба ер өвчний зовлонгоос их, зуу мянган хувь илүү эдэлдэг тул биеэс холдуулах хэрэгтэй. Ингэхийн тулд дан ганц сэтгэлээ баримтлан хатуужин дияан хийж өөрийгөө боловсруулснаар амгалан тайван буюу нирваан байдалд хүрнэ гэж энэ сэтгэгч үзсэн юм.
Агваанхайдавынхаар бодгалийн үйл гэж ерөөсөө байхгүй бус, зөвхөн бие сэтгэл хоёрын нэгдмэл болж би гэж нэрийдсэн зүйл байдаг гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, би-гийн үйл бол дуу дохионы араас дагасан үзэгдэл төдий юм гэжээ. Тиймээс бие хийгээд бодгалийн нэр төдийд баригддаг ёсыг таниж мэдэж билиг барамидад шамдах хэрэгтэй гэж тодорхойлсон байна. Учир нь хойд ертөнцөд сэтгэл нь ганцаар одохдоо хураасан муу үйлийг шалтгаан, үрийн ёсон дагуу амсдаг. Иймд Агваанхайдав арван цагаан буян болон арван хар нүглийг мөн дурьджээ. Буян нь сударт тарнийн шим үндэс болдог ба арван хар нүглийг тэвчсэнээр олохын дээдийг олж болдог ажээ. Гэхдээ бодгаль өөрөө л сансрын ертөнцийн зовлонгийн хүлгийг тайлж чадна.
Агваанхайдав бие, сэтгэлийн холбоон дээрээс бодгаль буюу танин мэдэхүй дэх субъектийн ролийг гаргаж байжээ. Тэр нь мэдэрч танин мэднэ, сэтгэж танин мэднэ, эцэст нь аливааг минийхийлэн үзэж ёс суртахууны талуудыг илрүүлэх бодгалийн билиг, шүтлэгийн мэдрэмжийг тусгасан эмперик танин мэдэхүйн арга зүй тавил гаргасан байна гэж үзэх үндэс бий.
Энд хэдийгээр зарчмын ялгаа байгаа ч Декартын “Би сэтгэж байгаа учраас би оршиж байна” гэдэг томъёололтой Агваанхайдавын авч үзсэн бие, сэтгэл, бодгаль гурвын яриа нь оюун санааг анхдагч, ахуйг хоёрдогч болгохдоо ухамсрын биеэ даасан шинжийг өргөн тавьж байсантай зэрэгцүүлж үзэж болох тал байна.
XIX зууны эхэн үеэс төв халхын хүрээ хийдийн лам нарын дунд үүссэн шашныг шинэтгэх урсгалын нэг гол төлөөлөгч нь Монголын их хүрээний хамба Агваанхайдав мөн. Түүний баримталж байсан шашин-улс төрийн үзэл санааг дараах хэдэн чиглэлээр авч үзэж болно.
- Хувраг лам нар төрийн хэрэгт хутгалдаж буйг эсэргүүцэх хандлага
- Манж, Хятадын бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний үзэл санаа
- Шашны боловсролд иргэний боловсролын зүйлийг нэмж оруулах гэсэн соён гэгээрүүлэх бодлого
- Лам хуврагууд номоо үзсэн төдий болж хэлбэрдэх байдал гаргадаг болсон, багшийн алдар, ариун шүтээний нэрээр мухар сүсгийн сүсэгтэн олонд дэлгэрүүлж буйг шүүмжлэн, шашнаа элдэв муу үзэл санаанаас хамгаалж, ариунаар мандуулах чиглэл зэрэг болно.
Ингэхдээ манжийн засаг төрд тал өгөгч ихэс дээдэс бурхны шашины далбаан дор сөрөг үйлдэл явуулж байгаа нь тийнхүү шашин, номын ариун байдлыг буртаглаж буй нэг гол шалтгаан мөн гэж үзсэн байдаг. Бас ихэс дээдсийн дотор шашин олны тусд үйлчлэгч ёхязгаарлагдмал цөөн тоотой байгааг, тэд арга юугаа барж ядан байгааг халаглан дурдсан байна.
Агваанхайдав ийнхүү гүн ухааны сэтгэлгээний томоохон төлөөлөгч байсан төдийгүй Монголын нийгмийн хоцрогдол, оюун санааны болон улс төрийн амьдралын зөрчил, Манжийн хааны улс төрийн бодлогын мөн чанар, ард олны амьдралын доройтол зэргийг олж харж, улс үндсээ хамгаалсан үзэл санаа илэрхийлж байв. Улс үндсээ сэргээх гол зам бол шашиныг сэргээх явдал мөн гэж тэрээр үзэж байжээ.