2012-01-11 | Нийтэлсэн:admin | Үзсэн:11748
YIII зууны үеийн Эртний Энэтхэгийн их бандида Шантидэва буюу Шивалха гэгээний зохиосон санскрит хэлнээ "Бодичарияавадара", төвд хэлнээ "Жанчүв сэмбийн жодба-ла жүгба", монгол хэлнээ "Бодисадын явдалд орохуй" хэмээх Бурханы шашны гүн ухааны сонгодог бүтээлийг Монголчууд бүр XIY зууны үеэс төвд, монголоор үзэн танилцаж, уншиж судалсаар ирсэн уламжлалтай билээ.
"Номт гурван улс" хэмээх Хутагт Жагар, Цаст Төвд, Умар Их монголд Бурханы шашны сургаал номлол дэлгэрэхийн хирээр дорно дахины түүх соёлын давхар хэлхээ холбоо тогтож, эдүгээ "Амьд Энэтхэг" хэмээн өрнө дорнын номын мэргэдэд нэр цуу авсан Монгол оронд "Бодисадын явдалд орохуй" хэмээх эл зохиолыг орчуулж, тайлбарласаар ирсэн сайхан уламжлал жишээг дагаж, Гандантэгчэлин хийдийн номын шавь Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы Шашны Их Сургуулийн багш, төвдөч, орчуулагч Түмээхүүгийн Булган эл нэгэн номыг сэдэн туурвиж бүтээн хийсэн нь "Бодисадын явдалд орохуй" хэмээх эл бүтээл болно.
Эл номд "Бодисадын явдалд орохуй" хэмээх зохиолын судрын хэлний хэт үгчилсэн, хэтэрхий утгачилсан уламжлалт орчуулгаас арай өөр, хуучны номч багш нарын судрын аман орчуулга гэдэг үг утгын найрыг оновчтой сайхан болгосон нэгэн зүйл орчуулгын дэг маяг, уламжлан ирсэнд түшиглэж, орчин цагийн өрнийн хэлэнд орчуулсан шинэ туршицыг харгалзан Бурханы шашны дотоод ухаан, гүн ухааны нэрийтгэл томъёо, хатуу хэцүү үг ухагдахууныг сонгон оноож, бас ч дэлгэр сайхан нээж тайлбарласан алдартай төвд тайлбар сэлтийг холбон үзэж, XIX-XX зууны эхэн үе гэхэд Буриадын газар Лувсанринчин (Сумадирадна), Дэлгэрийн Галсанжамба, Төгөлдөрийн Галсанжамба нарын номын мэргэдийн Монгол орчуулгын уламжлалд гаршин
хэрэглэгдэх болсон зөвхөн толгой тэгшлэх чимэг үгсийг уг мөр шадын эхэнд оруулан шүлэглээд, бусадтаа үгийг нэмэх хасах, өөрчлөх, солих зэргээр төдийлөн гар хүрэлгүй төвд эхийн найрыг дагуулан орчуулдаг тэр уламжлалыг барьсхийж орчин цагийн боловсролтой хүмүүсийн үзэх мэдэх ухах онохын байр байдалд нийцүүлэн бас ч хатуу хэцүү заримыг зөөлрүүлэн, хэт хуучин аг баригдсан хальс бүрхэвч, хүрээ хявцаанаас нь гарган орчуулах зарчмыг барьжээ.
Ламтан Т.Булган эл номынхоо "Шастирын тухай өгүүлэхүй" хэмээсэн удиртгал өгүүлэлдээ "Бодисадын явдалд орохуй" зохиолын утга санааг бүлэг бүрээр нь товч тайлбарлан өгүүлж "Цогт Шантидэва гэгээний товч намтар оршвой" хэмээсэн зохиогчийн нь намтрыг төвд хэлнээс орчуулан оруулсны дээр, "Бодисадын явдалд орохуй" хэмээхийн уг төвд эх үүн дээр орчин цагийн Монгол хэлэнд өөрийн шинээр хийсэн орчуулга болон Чойжи-Одсэр бандидын судрын хэлний үгчилсэн орчуулгыг хожим нь Билигийн далай Шээравжамц эвлүүлснээс Б.Я.Владимирцовын 1929 онд Ленинградын газар хэвлүүлснийг тэр хэвээр нь хуулбарлан хавсаргаж мөн "Бодисадын явдалд орохуй" доторхи Бурханы шашны ухаан, гүн ухааны чиглэлтэй зарим үгийн тайлбар, шашин номын холбогдолтой үгс, зарим нэр томьёоны монгол-англи цэс, уг зохиолын IX бүлэг "Билиг барамидын аймгийн" ухахуй бэрх утгын оньсыг Оргиочийн (Өргөөч) лам Лувсанбалдангийн тайлбарыг дагаж задлан хуваасан утгын нарийвчлал зэрэг гурван зүйл дагалдууллыг оруулжээ.
Эл ном нь "Бодисадын явдалд орохуй" хэмээх Бурханы шашны сонгодог бүтээлийн үг утгыг шинжлэх, монгол орчуулгын уламжлал холбооны асуудлыг судлах, улмаар Бурханы шашны судлалд эх бичиг, сурвалжийн чухал ач холбогдолтой бүтээл юм.
ЗочинJuly 20, 2012
yhaarsan
ЗочинMay 25, 2013
Oo nom boloid garcimu. Bi yag odoo sonsoj bga. Ix sonirxoltoi uym bilee. Admimd talarxaj yavdagaa ilerxiilie.