Дэлхий хэмээх манай гаригийн дорно зүгийн ард түмэн түүний дотор нүүдэлчний соёл иргэншилт монголчуудын дунд өнө эртнээс дэлгэрсэн ирээдүй цагийн тухай сургаалд цөвүүн цагийн тухай өгүүлсэн эрдэмтэн мэргэд, улирах цагийн үйлийн үрийн хожмын сайн муугийн нөлөөг учир шалтгаантай нь уялдуулан арга билгийг хослуулан шинжээд хүмүүн төрөлхтөн, улс гүрнийг ирээдүй цагт ямар гай гамшиг угтан тосохыг таамаглан, түүний ёр хэрхэн илрэх мэдэгдэхийг зөгнөн хэлсэн нь алдсанаасаа оносон нь их бөлгөө.
Ийнхүү цөв цагийн муу ёр шинжийг зөгнөн айлдахдаа хүмүүн төрөлхтөнг айлган мохоох, мунхруулах гэснийх бус өдгөө цагийнхны бие, хэл, сэтгэлийн нүгэл хилэнц, үйлийн үр хожим хойчдоо боловсрон боловсорсоор нүглийн сав дүүрч, ямар их гай гамшиг ирээдүй цагийнханд учруулахаас сэрэмжлүүлсэн сайн санааны өглөг сургаал ажээ.
Цаг муудаж, самуун эхлэхийн цагт зон олны санаа сэтгэлийг сайжруулах, алив муу муухайгаас сэрэмжлүүлэхийн учир багшийн хувилгаан хэмээн алдаршсан Энэтхэгийн Сайзан хааны хөвүүн Шонудондов хүмүүн төрөлхтөний ертөнцөд заларч дөрвөн үнэний сургаалаа номлохдоо ирээдүйн цөв цаг буюу муу цагийн ёр, ямар шинж тэмдгээр илрэхийг түүний шавь нар судар номонд буулган, хожим эрдэмтэн мэргэд өөрсдийн сургаал айлдвараа нэмэрлэсэн эш бошгын судар номоос түүвэрлэн авснаа толилуулах ину:
Цөвүүн цагт:
- Тойдын \ лам хувраг \ зүрхэнд хан ад орох
- Тарничийн зүрхэнд албин шүглэх
- Эрсийн зүрхэнд бүднэр орох
- Нялхсын зүрхэнд алиа ад орох
- Чавганц нарын зүрхэнд тангарагийн ад орох
- Охидын зүрхэнд эм ад орох
- Хүн бүхний зүрхэнд нэжгээд ад орох
Тийн орсны билэг шинж нь:
- Биед элдэв чимэг зүүж, он бүр өөр өөр хувцас өмсөх,
- Тойд хувраг хайс хүйс үйлдэх \ ёс төдий үйлдэх \
- Хүмүүн биеийг мэсээр сахиулах,
- Хоол идшинд хор холин үйлдэх
- Муу сэтгэлийг лам багш сургах,
- Эрхэт ноён, ихэс сайд сэтгэлээн үл эзлэх
- Хуурамчингууд их бясалгаачин хэмээгдэх
- Хурц хэлтэн, хурдан амтыг цэцэнд тооцох
- Тангарагийг эвдэгсэд омтгойрох
- Эмс охидын ам бардам болох
- Эр, эмсийн хэл ичгүүргүй болох
- Алагч муу явдалтан улаан шар дээл өмсөн дуган сүмд суух
- Хувраг худалдаа арилжаа эрхлэх,
- Элдэв зүйлийн буруу номыг өгүүлэх
- Буруу ном, буруу явдлыг дэлгэрүүлэх
- Бие, хэл, сэтгэлийн шүтээнийг\бурхан шүтээн, ном судрыг\ хулгайлан үнэлэх, худалдах
- Сүм дуган дотор адгуус мал оруулан өтөг болгох
- Сүм хийдэд эгэл гэргийтэн дүүрэх
- Сүм хийдийг зандалчин хэрэглэх
- Гэлэн гэргий авах
- Банди нар хулгай дээрэм үйлдэх
- Улс гүрэн эвдрэн хий мэт үймцэх
- Гэрлээр харвалдан байлдах
- Хамба цэргийн ноён болох
- Тойд \ лам \ цэргийн үйл үйлдэх
- Эх нь үрээ хэвлийдээ алах
- Эцгийн нутаг орныг бусад эзлэх
- Эхийн гэрийг хөвгүүн үл хэрэглэх
**Төвдийн зангийн газрын Банчин хувилгааны зарлигаар модон үхэр жилийн өвлийн дунд сард бүтээсэн гэх " Лавай гаралт хааны ирээдүйн бошго" хэмээх сударт өгүүлэхдээ: **
- Зүүн зүгт их эзэн ширээнээс шилжихийн гэм буй
- Хойт зүгт хямрал ихэдсэнээр цус гэгээн завсарыг дүүрч, үхдэл хүүр орон газрыг хучих
- Өөр өөрийн зүгт хямралдсанаар бага хаадын зарим нь Жанагийн \Хятадын\ зүгт зугтан очих, зарим нь Төвдийн зүгт очно
- Өмнө орны зүгт зуд турхан их болох
- Өлзий бусын муу юмс өдөр ирэх бүр дуулдах
- Хур ус ховордон үр тариа үл боловсрон амар суух чөлөө зав үл олдоно.
- Айл гэрийн эхнэр галзууран тэнэх
- Бөө нар үр тариаланд их мөндөр буулгах
- Их зонхи нь мэсэнд алагдах
- Банди нар дайсны зүгт хулгайч цэрэг болох
- Эмч оточ хороор хүмүүнийг алах
- Нялхас нэг нэгийгээ алах
- Эхнэрүүд өөрийн нөхрийг алах
- Үүдний нохой галзуурч өөрийн эзнийг барих
- Хаад түшмэд харъяат нөхдөөрөө хөнөөгдөх
- Үр хүүхэд нь эцэг эхдээ эрлэг болох
- Эцэг үрс тэрсэлдэн тэмцэлдэх
Энэтхэгийн их эрдэмтэн Нагаржуна айлдан цаст Төвдийн орны Лхасын газар Арслал хадны дор нууж орхисон гэх "Алтан хягуур хэмээх ирээдүй цагийн эш" үзүүлсэн сударт өгүүлсэн ину:
- Бурханы бие, зарлиг, тааллын шүтээнийг худалдааны эд болгох цаг
- Гэлэн гэргийтний номыг эзлэх цаг
- Тэвш нар цэргийн ноён болох цаг
- Номчин айл хөдөөгүй хэсэх цаг
- Дуган сүм эхнэр хүүхнээр дүүрэх цаг
- Эхнэр эрийгээ эр эхнэрээ алах цаг
- Эр хүмүүн мэсэнд алагдах цаг
- Муу үйл олшрон арвидах цаг
- Маанийг дуу мэт дуулах цаг
- Өөрөө өөрийгөө хууран мэхлэх цаг
- Эх нь үрээ егүүтгэх цаг
- Бусдын эдэд буруу хүсэл төрөх цаг
- Эцэс хойтыг бус энэ гагц насыг санах цаг
- Чанад цэргийн чуулган хийгээд өвчин турхан дэлгэрэх
Хятад оронд дэлгэрсэн "Тэнгэрийн чулуун бичиг" хэмээх сударт өгүүлсэн ину:
- Эдүгээ цаг ирээдүйн аймшгийн тэр цагт буусны тул арван хүнээс ес нь үхнэ хэмээгээд юуны учир гэвээс.
- Буяныг эс үйлдсэн, чухаг дээдэд / бурхан, ном, хуврага / эс сүсэглэсэн, салхи бороо, хуранд муу ам гарсан, эцэг эхийг эс ачилсан, хөгшид хүүхдийг эс асарсан, лус савдгийг хилэгнүүлсэн,
- Эцэг эхийн хойдохын буянд тахил өргөлийг эс үйлдсэн, ахас дээдэст муу үг ширүүн хараалыг бодлогогүй хэлсэн,
- Ачилсныг умартан тусалсныг бачаар хариулсан,
- Ёст олон охидыг хурьцалт муу хүн бузарлан доромжилсон
- Зөв ёст олныг зүдэг баширтын гутаасан
- Хайр энэрэлгүйгээр амьтны амийг тасалсан гэх мэт болой
Энэ мэт муу үйлийн үрээр ирээдүй цагт:
-Тахиа, бич, гахай жилд: идээ байвч идэх хүнгүй, хувцас байвч өмсөх хүнгүй болно
- Зам байвч явах хүнгүй болно
- Байшин байвч суух хүнгүй, тариалангийн газар байвч эдлэх хүнгүй болно
- Шадар бичээч, боол зардсууд цаазыг сулруулах
- Чөтгөр мэтийн албин хувиллын үйлдэх, үйлдсэнээ нуух
- Эрх хүчээр дарангуйлан амьтныг хорлон үйлдэх
- Хуурмаг бичиг зохиож хүмүүнийг ихэд уурлуулан хэрүүл тэмцэл, хэл ам болгож өшлөхөд мэргэших
- Үр тариаг ус чийгээр хэмжээ нэмж ашиг хичээх
- Учир шалтгааныг ухааралгүй атаа омгийг үүсгэх
- Бэрх хэцүүг эс тоон энэрэн асрахыг огоорох
Хэрэв хүмүүс хилэнцийг тэвчин буян үйлдвээс арван аюулын муу заяаг эс үзнэ, арван аюул юун хэмээвээс:
- Салхины аюул
- Галын аюул
- Усны аюул
- Цэргийн аюул
- Муу өвчний аюул
- Аянга цахилгааны аюул
- Хорт могойн аюул
- Эхнэр хүний хөвгүүн охиныг нярайлахын бэрхийн аюул
- Зуд турхан ган гачигийн аюул
- Амьтан бүхэн хоосрон барагдах аюул буй энэ мэтчилэн
Төмөр бичин жилээс модон хулгана жил хүртэл тариа будаа хураахын шалтгаан үгүй болоод хоосрох ядуурах, өлсөх ундаасах, үхэх, хурц мэсийн дороос гэтлэх бэрх хэмээн өгүүлжээ.
Бурхан багш бодь модны дор бясалган ахуй үес өөрийн шавь Анандын айлдсанаар цөв цаг буюу муу цаг болохын хэрд хэрхэхийг айлдсан "Ирээдүй эш үзүүлсэн тодорхой зул" хэмээх хөлгөн судраас
- Бурхан шашин доройтон буурах цаг
- Буруу явдлыг сэтгэл дахин дурдах цаг
- Тарничдын хараал хийх цаг
- Таван хорыг дотроо өвөрлөх цаг
- Муу бурууг эдлэх цаг
- Ном / эрдэм / дотогш доройтон одох цаг
- Нижгээд шувуу өднөөсөө цочих цаг
- Хүмүүн муу үйлийг үйлдэх цаг
Цаг ирвээс үхэл зовлон нүүрлэдэг тухай айлдсан ину:
- Улаагчин хонин жил дор зарим хумүүн нь боож үхмүй.
- Зарим хүмүүн зам дор явж ухмүй
- Цагаагчин гахай жил амьтан бүгд дэлгэсэн цаасыг салхинд хийсгэсэн лугаа адил өөрийн эрх үгүй болмуй
- Жимст мод цэцэглиг бүгд бэлхүүсээр тасармуй
- Уул хад бүгд үндэснээсээ эвдрэх, газар дэлхий бүгд хөдөлж, суун тэсэх үгүй
- Арван хүмүүний дотроос нэгээс бус үл үлдмүй
Эш бошгын Монгол судар номонд цөв цагийн ёр шинжийн тухай айлдсан сургаалиас:
- Айл гэрийн тооноор төмөр туурай цухуйна
- Төмөр могой газраар хөлхөнө
- Төмөр царцаа тэнгэрт ниснэ
- Таних үл танигдах өвчин тахал дэлгэрнэ
- Дээдсийн суудал сайнгүй, доодсын явдал бутэлгүйтнэ
- Ахчлах, дүүчлэх, асран энэрэх ёсон эвдэрнэ
- Тарваганы арьс үнэд орох цаг ирнэ
- Тамга айл бүхэнд тарах цаг ирнэ
- Улаан голдуу үнээг цангинасан дуутай саванд саах цаг
- Эмгэд шилэн эрхээр гоёх цаг
- Хөвгүүд охидын шил татан үйлд хойргоших цаг
- Лам хувраг сахил санваар умартаж худалдаа хийх цаг
- Номт мэргэд мунхагуудад элэг бариулна
- Мунхаг тачаангуй дордос хаадын суудалд дэвшинэ
- Хэрүүл тэмцэл, хэл амны уршгаар сүлд хийморь доройтно
ЗочинFebruary 29, 2012
neeren l negiig bodoh tsag irsen shuu.
ЗочинMay 21, 2012
Herhen getleh tuhai yum bicheegui baih yum
ЗочинJuly 19, 2012
end bichsen bvheniig eyregeer buyu zuvuur setgen vildeh ni ene tsovuun vyiig getleh hariult bolno
ЗочинJanuary 31, 2013
mash aimar yom aaaaaaaaaaaaaaaaaaaa