2013-05-05 | Нийтэлсэн:admin | Үзсэн:10211
Эртний үлгэр домгийн ертөнцийг бүтээгч Бурхан багш, дорно дахины аугаа их гүн ухаантан Будда хоёрыг хооронд нь хольж хутган ойлгодогтойгоо яг адилхан, монгол айл бүхний хойморт хөрөг нь залаатай байдаг тэр амарлингуй дүрт хуврагыг бид түүхэн хүнийх нь хувьд ч, их сэтгэгчийнх нь хувьд ч хангалттай мэддэггүй.
Будда Шагжмуун бол нийтийн тооллын өмнөх 556-447 оны хооронд амьдарч асан, Энэтхэгийн нэгэн жижигхэн улсын хааны хүү юм. Ертөнцийн гурван гол шашны хамгийн эртнийхийг нь үндэслэгч тэр хунтайж орчлонгийн зулай болсон цаст Гималайн бэлд, Ганга мөрний хөвөөнөө мэндэлсэн бөгөөд өнөөгийн Балба, Энэтхэгийн хил залгадаг хэсэгт хүй цөглөсөн гэдэг. Жинхэнэ нэр нь Сидхартха Гаутама болой.
Тэрээр юутай ч төрснийхөө дараа л хувилгаан шинжээ үзүүлсэн, нялх хүү нэг гараа тэнгэр өөд өргөж, нөгөө гараа газар руу буулгаад “Тэнгэрийн дээр ба доор би л ганцаар шүтэгдэх хувьт бөлгөө” гэж хэлсэн домог бий. Үүнийг зэн-буддистууд:
-Хувь хүн энэ хорвоог мэдэрч эхэлснээр түүний хувьд хорвоо сая жинхэнээсээ оршиж эхэлдэг тэр мэдрэмж нь Гаутамад төрсний илт өгүүлэл гэж тайлбараладаг.
Залуу хунтайж тансаг ордонд үзэсгэлэн гоо бүжигчин, хөгжимчин бүсгүйчүүдийн хүрээлэнд өссөн бөгөөд зарц үйлчлэгчид нь хурц нар, борооны дусал зэргээс сэргийлэн тэргүүн дээр нь ямагт цагаан шүхэр дэлгэн дагаж явдаг байжээ. Нэгэн этгээд тохиолдол болоогүй сэн бол хан хүү амьдрал ерөөсөө ийм сайхан байдаг гэж бодсоор хорвоог элээж, хэзээ ч “Будда болохгүй” байсан биз ээ.
Гаутама зарц болон үйлчлэгч гоо бүсгүйчүүдээ дагуулан зугаалж явжээ. Гэнэт түүнтэй өнгө нь гандсан мэт буурал үстэй, нэг ч шүдгүй, улцан харалган нүдтэй, эрүү өвдөг нь нийлчих шахсан өвгөн тааралдав. Ханхүү цочиж:
-Энэ чинь одоо юу вэ? Гэж асуусанд эргэн тойрон хүрээлэгчид нь хүн хөгшрөхөөрөө ийм болдог тухай ярьжээ.
-Би ч бас хөгшрөх үү? Гэхэд зарц нар үнэнийг аргагүй хэлэв. Ханхүү зугаалахаа болин ордондоо буцаж, өдөржин бодолд автан суусан байна.
Гэвч өтөлж хөгшрөх нь гарцаагүй ч тэр болтол олон жилийн зай байгааг ухааран тайвширсан Гаутама хэд хоногийн дараа ахин зугаалж яваад хөгшин бус атлаа хамаг бие нь салганан чичирсэн, нус шүлс нь гоожсон, эвгүй хачнаар бүгшүүлэн ханиалгасан хүнийг олж харжээ. Энэ нь ужиг өвчтэй нэгэн агаад хийсч ирдэг өвчнөөс хэн ч зайлах газаргүйг мэдээд ханхүү ихэд гутарсан байна.
Гурав дахь удаад Гаутамагийн зам дээр оршуулгын цуваа таарчээ. Талийгаачийн хөрсөн цогцос хэрхэн бусдын гарын аясаар гулжганахыг хараад ханхүү:
-Энэ чинь одоо юу билээ? Гэж дуу алдсанд бараа бологчид нь хүн бүр хэзээ нэгэн цагт үхдэг, гарцаагүй ийм тавилан хаан харц алинд нь ч ялгаваргүй ногдох учиртайг хэлж өгөхөөс өөр арга олдсонгүй.
Дөрөв дэх удаад туйлаас ядуу гуйлгачин учирчээ. Ертөнцийн явдлыг огоорсон лам хүн тааралдсан гэх хувилбар ч бий.
Энэ бүхний эцэст Гаутама ахин зугаа цэнгэл хөөцөлдөөгүйгээр үл барам үхэл зовлонгийн тухай бясалган суусны эцэст даяанч болохоор шийдсэн түүхтэй. Тансаг баян амьдралаа удаан хугацааны өлсгөлөн бэрх аянаар сольж, үзэсгэлэнт залуу гэргий, олон тооны татвар эм, нуган үрээсээ ч татгалзсан гэдэг. Энэ бол хангалуун амьдралд бялуурсан хүнээс л гарах шийдвэр гэж зарим онолчид үздэг. Японы сод зохиолч Акутагава Рюнэскэ:
-Хааны шилтгээнийг нууцаар орхисон Сидхартха бүхэл бүтэн зургаан жилийн турш даяанчилжээ. Тэр хугацаанд урьд нь мөнхүү шилтгээнээ булхаж өнгөрөөсөн ер бусын тансаг хангалуун амьдралаа арилган цагаатгасан юм. Яг л бөглүү нутгийн мужааны хүү дөчин өдөр засаглан суусан шиг явдал болсон хэрэг шүү дээ гэж “Будда” хэмээх бичил эсээдээ дурдсан байдаг.
Юутай ч атугай бодь модны доор завилан сууж, ертөнцийн мөн чанарыг таних замыг оюуны онцгой түвшинд нээн олсноор ханхуу БУДДА болжээ. Мах цусанд төрсөн хүн гэгээрч чадвал бурхан болдог хэмээх үзэл зөвхөн буддын шашинд л байдгаараа, бусад аль ч сургаалаас илүү хүнлэг, философилог шашин болж чадсан болов уу гэж би санадаг. Манайхны “Бурхан багш” хэмээн цэвэр шашны утгаар орчуулдаг “Будда” хэмээх үг нь машид гэгээрсэн гэсэн утгатай юм.
Онолын хувьд бол хэн ч будда болж болох бөгөөд нэг бус будда бий гэдэг. Шагжмуунаас өмнө ч будда бологсод байжээ.
Будда Шагжмууны намтрыг монголчуудаас анх XIV зууны яруу найрагч Чойжи-Одсэр зохиосон гэдэг. “Энэрэн нигүүлсэх бурханы сургаал”, “Бурхан багшийн сургаал”, “Дармапада-Номын сургаал” гэх мэтийн нэрээр Буддагийн үзэл бодлын товчоон орчин цагийн монгол хэлнээ кирилл бичгээр түгсэн нь цөөнгүй. Тухайлбал, Б.Ваничндорж авгайн англи хэлнээс орчуулсан 2001 онд хэвлүүлсэн Валпола Рахулагийн “Будда чухам юу сургасан нь” хэмээх товхимол чухаг, үзүүштэй ном болохыг танд зөвлөе.
Ялдамд нэмэхэд, шарын шашин бол буддизмын хамгийн бурангуй хэлбэр, Буддагийн сургаалаас хахь өөр зүйл гэж ярьж бичих нь бий. XV зууны эхээр Богд Зонховын үндэслэсэн төвдийн буддизм нь Шагжмууны уг сургаалийн үргэлжлэл болох Нагаржунайн гүн ухаанаас эх авсан бөгөөд, хутагт хувилгаад тодруулдаг ёс, үйлдсэн нүглийг нимгэлэн цайруулж, тамын зовлонгоос авран зайлуулах арга чарга, энэ ба хойд насны уялдаа холбоо гэх мэт суртал нь аль ч шашинд түгээмэл байдаг зүйл. Тиймээс зөвхөн шарын шашин бурангүй, бусад нь боловсронгуй гэвэл тун явцуу өрөөсгөл үзэл болно.
Буддагийн ертөнцийг үзэх үзлийн гол цөм бол ХУТАГТ ДӨРВӨН ҮНЭН юм.
ЗОВЛОН
Орчлон дээр бүх юм түр зуур үзэгдээд өнгөрөх төдий, нэгэн хэвээр орших юу ч үгүй бөлгөө. Үүнийг чухам эргэцүүлбээс, орчлон зовлонгоор дүүрэн болой.
Энэ бол хамгийн түгээмэл, хамгийн хялбар томьёолбор. Буддагийн сургаалын зонхилох агуулга нь ихэнх философичийн түгээмэл үзэл бодолтой ерөнхийдөө онолдоно. “Ертөнц энгээрээ түймэрт хуйхлагдаад байхад юуных нь инээд, юун баяр билээ? Харанхуйг нөмөрч суух атлаа яагаад та нар гэрэл гэгээг хайхгүй байна вэ?” ч гэх юм уу, “Үгүй наад чамирхсан өмсгөл сэлт, хуян шар усанд баригдсан, ямар ч тодорхой хийгээд мөнхийн шинж үгүй бие цогцсоо хар л даа. Төрсний эцсийн үр дүн үхэл байдаг болохоор, наад өвчний үүр болсон өмхий бие чинь даанч үнэгүй эд шүү дээ” гэхчлэн сургаснаас нь философийн түгээмэл санаа илэрдэг.
Гэхдээ буддагийн “Зовлон”-д энэ үгний жинхэнэ утгаас гадна бас жаргал ч багтана. Бүх юм мөнх бус, баяр жаргал ч мөн адил. Хуран үүдсэн бүхэн мөнх бус, мөнх бус бүхэн зовлон мөн гэжээ.
Барууны онолчид “Будда амьдралыг зовлонгоос өөр юу ч биш гэж үзсэн” хэмээдэг нь илт хялбарчилсан хэрэг юм. Үнэн хэрэгтээ бол, “Зовлон” гэдэг үгээр Будда хүний сэтгэлд тусч буй амьдралын олон талт учрал тохиолдлын уг чанарыг базан дүгнэжээ. Зовлонг давж гарахын тулд зовлонгийн мөн чанарыг таних нь чухал гэж үзснээр энэ ойлголт анхдагч ариун үнэн болсон хэрэг.
ЗОВЛОН ҮҮСЭХҮЙ
Хамгийн товчоор хэлэхэд, аливаа зовлонгийн эх шалтгаан нь эд хөрөнгө, өнгө зүс, хурьцахуйд шунан тачаахаас үүддэг.
Будда аливаад анхдагч шалтгаан гэж үгүй, юм бүхэн шүтэн барилдсан гэж үздэг тул хүсэл тачаал ч дан ганцаараа зовлон бүхний эх үндэс биш юм. “Хүсэл тачаал бол зовлон үүсэх шалтгаануудын нэн тэргүүнд нэрлэгдэх нь болохын зэрэгцээ хорвоог хөдөлгөгч их эрчим хүч мөн” гэж үнэлсэн нь бий. Зовлон үүсэхийн тухайд бол шалтгаан нь зовлон дотор өөрт нь буй, түүнээс биш гадны нөлөө үгүй гэжээ.
ЗОВЛОНГООС АНГИЖРАХУЙ
Зовлонгоос ангижирч болно. Гэхдээ гагцхүү шунал хүслээс татгалзаж, хуял тачаал бүхнээ захирсан цагтаа л...
Нэгэнт зовлонгийн шалтгаан өөр дотор нь буй тул зовлонгоос ангижрах, гэтлэн давахын учир шалтгаан ч мөн түүн дотор байдаг гэж Будда номлосон юм. Хүн өөрөө гэгээрэл тийш замнаж чадвал, зовлон ч учир утгаа алдаж үгүй болно.
ЗОВЛОНГООС ТОНИЛОХУЙД ХӨТЛӨХ ЗАМ
Жинхэнэ авралд хүрэхийн тулд амжиргааны эргүүлгээс заавал гарч, нирваанд хүрэх хэрэгтэй. Хэрэв зээ дараахь авралын найман гишүүт мөр замыг дагах юм бол, нирваан нь биелэлээ олно.
“Үнэхээр үзэл”: аливааг жинхэнэ байгаагаар нь, зөв бодтой харж ухаарах
“Үнэхээр онол”: зөв сэтгэх, бүхий л зүйлд нигүүлсэхүй сэтгэлээр хандах
“Үнэхээр үг”: худал хэлэхийг цээрлэх, хов муу үг үл зөөх, хараал зүхэл, хоосон чалчаа яриаг огоорох
“Үнэхээр үйлс”: амь бүрэлгэх, хулгай тонуул хийх, шударга бус ажил, буруу хурьцлыг цээрлэх
“Үнэхээр амьдрал”: зөв хэв маягаар, бусдад гай хөнөөл учруулахгүй аж төрөх
“Үнэхээр хичээл”: ариун бус, нүгэлт муу бодлоос сэтгэлээ цэвэрлэн сэргийлж явах
“Үнэхээр дуртгал”: аливаад зөв анхаарах, голч үнэнийг танин мэдэх
“Үнэхээр самади”: хүчээ зөв хуримтлуулах, түүнээ бясалгалд зарцуулан, дотоо ертөнцөө үв тэгшлэх.
Эдгээр нь газрын амьдралд хэт шунах, хурьцахыг тачаах, элдэв хүслэн, бусдыг үзэн ядах, омгорож бардамнах зэрэг уршигт муугийн арван хүлээснээс алдуурах зөм бөгөөд Хутагт дөрвөн үнэнийг таньсний үр болой.
Буддагийн сургаалаас
· Шороо ч биш, ус ч биш, хий ч биш, гал ч биш... Энэ хорвоо ч, өөр ертөнц ч, нар ч биш, сар ч биш тийм зүйл байдаг юм. Эн бол ирдэг ч зүйл биш. Нэгэн тийш оддог ч зүйл биш. Түүнд суурь тулгуур гэж үгүй. Эхлэл гэж үгүй. Үндэс язгуур гэж үгүй. Энэ бол чухамдаа шаналлын төгсгөл юм. Энэ бол, НИРВААН юм.
· Тэнгэрт, далайд, нэвтрэн орж чаддаг юм аа гэхэд уулын гүнд, ер нь хаана ч амьд бүхнийг үхэл ялахгүй газар гэж үгүй.
· Сайн үйл бүтээхээр яардаггүй хүний ухаан саар муу бүхнээс таашаал авах нь олонтаа.
· “Муу юм надад тохиолдохгүй” гэж гэнэхнээр бүү сана. Дусаал хувинг дүүргэдэг юм шүү. Мунхаг хүн бага сага буруу алхам хийсээр муу муухайн үүр уурхай болон хувирдаг.
· Эрдэм мэдлэггүй хүн үхэр мэт өтөлдөг. Энэ нас ахихын хэрээр, бие нь бүдүүрэвч ухаан нь ер нэмэгддэггүй.
· Алтан зоосоор аадар орсон ч, хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч жаргал төрдөггүйг таньсан хүн л мэргэн болой.
· Муу, тэр тусмаа өөрт хор уршигтай зүйлийг хийх амархан. Сайн, ашигтайг хийх харн даанч хэцүү.
Иш татсан: http://ken.blog.gogo.mn
ЗочинMay 5, 2013
Бурхан багш сансрын хүрднээс гэтэлсэн нэгэн. Тиймээс дэлхийн алдарт философчидтой харьцуулалтгүй агуу нэгэн гэж бодож байна.
ЗочинMay 7, 2013
Хутагтын ухааныг хорвоогоос гэтлэж үзээгүй ямарч гүн ухаантны үзэл онолтой харьцуулах боломжгүй гэдэг нь тодорхой.Бурхан багш орчлонгоос гэтлээгүй байхдаа философич байсан байж магадгүй.
ЗочинMay 15, 2013
Бурхан багш сансар хорвоо бол зовлон хийгээд жаргалын мөн чанартай болохыг танин мэдэж, түүний шалтгааныг олж, зовлонгоос гэтэлж, жаргалд хүрэх арга замыг заасан төдийгүй, өөрөө энэ хорвоогоос гэтэлж болохыг биеэр туршин харуулсан бодьгал мөн. Ийм гавъяат зүйл бүтээсэн өөр хүн байдаг эсэхийг мэдэхгүй юм.