2013-06-03 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6528
Үзэсгэлэнт хангай чинь үргэлж сэрүүхэн.
Өөрийн дагинас ээж минь үрээн дурсаж л суугаа юу.
Шил дүүрэн будантай сэрүүн уужим хангай.
Сэтгэл дунд тушаатай эмгэн буурал ээж минь.
Сухай гэгч мод нь шунх нь үгүй улаан.
Сурах заяатай хүний үрд сургаал юундаа хэтрэх вэ.
Хойт газар зуссан xонгор галуу буцлаа.
Холын аянд одсон одоо би чинь харья.
Яшил гэгч мод нь яасан ч хатуу мод вэ.
Ямар хүний үр нь ийм л хол суудаг вэ.
Хөвчийн хөхөө шувуу нь модон дундаа донгодно.
Хүйтэн сэрүүн уналаа, ээж таныгаа санана.
Онон голын ус нь оломгүй долгилно.
Олон бүхэн таньтайгаа найрлан сууж жаргая.
Эгэл хүмүүний хувьд эрхэм дотно хүний хорвоо хэмээх нь сэтгэл татам бөгөөд үзэгдэл сайтар бүрдсэн байгалийн гайхамшиг, түүнийг үзэж баясхын сайхан хийгээд бас дахинтай уйсахын зовлон, үргэлж хүлээж санагалзан суух ээжийн сэтгэлд үр нь болж ирсэний хайранд шүтэж учралдахын баярыг зөгнөх ба бас дахинтай холдон одохын санааширлыг дуулах боловч хутагтнуудын үзэлд “элэггүй жихүүн сансар” буюу бэрхшээлд хөтлөсөн элдэв зовлонгийн хүрд адилаас магадтай гэтэлхийн сэтгэлийг баттай онож эх болсон хамаг амьтан бүгдийг тэгшитгэн, эх нь үрээ үгүйлэх мэт их нигүүлсэхүйг улам бүр санагалзан, магадгүй “цаг ямагтад нигүүлсэхүйн сэтгэлийг төрүүлсэнгүй суув” хэмээх бодьсадвагийн учирлалыг энэ дуулал нэвт шингээсэн мэт.
Хамаг амьтныг ганц өчүүхэн хөвүүнээ эх нь ямар мэт хайрлах адил гүн гүнзгий их нигүүлсэхүйг үүсгэхийн тухайтад өөрийн сэтгэл мөн чанараараа хуурмаггүй чин үнэн болохын сайн үр болоод түүний хамт бурхадын зам мөрийг суртгаал болгож шамдал үүсгэхийн хувиршгүй сайн сэтгэлийг орхилгүй дурьдах ажээ.
"Бодь" нь ирж буцдаг энэ хүлээст сэтгэлийн үүднээс бүтэж, дорой нэгний өмнө уясан хайлах ба доромж хэлцсэний өмнө хөшүүн хатуу болж хувирдаг өчүүхэн үлгэрээр ишлэхүйц хэврэг үзэгдэл биш бөгөөд элдэв бүгд илбэ зүүд мэт хуурмаг болохыг таньж хэлхэлдэн эргэсээр түүнд доройтогч амьтан бүгдийн эндүүрлийг таслахын учир сансараас магадтай гэтэлж цуцаршгүй чин хатуужилаар шамдан явагчны зам мөрийг “хөвчид хөхөө донгодон хүйтнийг дохиолсоор” атал хойргошиж яахин төвдөх хэмээхээр шамдуулан энэ гүр дуулал өндөрлөв.
Үзэсгэлэнт хангай - Ноён Хутагт.
Эх сурвалж: Цэнгэл