Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Үйлийн үр / Гэгээрэхүй шүлгийн цомгоос /

Үйл амьдрал маань доройтож доголдох тоолонд
Үйлийн үрээ эдлэж байна даа гэж буурлууд сургах атал
Үг үйлдэл маань засарч хувь тавилан тэгшрэхийн цагт
Үйлийн үр бус буян заяа хэмээн өөрөөр тайлбарлана

Үйлийн үр гэдэг муу үйлдэл муухай амьдралыг хэлэх шиг
Үр дүн сайн сайхан байхыг буян заяа гээд яриад байгаа мэт
Үйлийн үр буян заяаны тухай иймэрхүү нэг ойлголт байдаг нь
Үнэндээ бодит байдал сургаал номтой өдөр шөнө шиг ялгаатай гэнэ

Үйл сайн муу байх нь хамаагүй үйл хөдлөлд тэд тооцогдоно
Үйлдэл нь дотроо бие хэл сэтгэлийн хэмээн гурав хуваагдана
Үйл нэгэнт байсан л бол үр дагавар нь гарцаагүй боловсроно
Үр хэдийн боловсорсон цагт үр шимийг нь заавал хүртэж байж сална

Үйлийн үр гэдэг ийм л хатуу хууль дэгтэй
Үр төлөөсийг нь зайлшгүй амсах нэхэл дагалтай
Үйлийн үр нь угтаа шалтгаан ба үрийн шүтэн барилдлага
Үхэл амьдралыг зохицуулах увидас шидтэй зүйл гэнэ

Үйлийн үрийн үл үзэгдэгч харгалзагч хүч
Үйлийн зургаан ертөнцөд нөлөөлдөг тул
Үйлээ тэнд эдлэх амсах хувь ерөөл нь ч
Үйлдсэн нүгэл буянаараа ялгамжтай гэнэ

Үйл муу бөгөөс нүгэлтэн гэгдэж гурван муу заяанд унана
Үйл сайн аваас буянтан хэмээгдэн гурван сайн төрөл ч авна
Үйлийн сайнаар тэнгэрийн оронд төрөх магадлал байдаг ч
Үхэж төрөхийн зовлон тэнд ч байх тул эргэж унах боломж бас бий

Үйлийг эдлэж нимгэлэхдээ бас үйлдэж аривжуулах нь их тул
Үйлийн үр дуусах нь бүү хэл дундарч багасах нь үгүй
Үхэл зовлонгийн үйлтэй сансарын хүлээс хүрдний хорвоод
Үйлдлээ хянахаас өөр өршөөл гарц үгүй гэж мэргэд зөвлөнө

Үйлийн үрийн өр авлагыг эдлэж байж л чөлөөлөгдөх
Үйлийн ертөнцийн үндсэн хууль ийм хэдий боловч
Үүнээс гарах давах арга зам бас байдаг тухай
Үйл зовлонгоосоо ангижирч гэгээрсэн бурхад номолсон нь бий

Биеээр заавал амсах тавилантай үйлийн үр байвч түүнийг
Буян барилдлагаар дээдийн номтой учирсаны ач хийгээд
Багшийн адислал, авшигийн үр ба хайрын хүчээр
Бясалган ариусгаж угаан устгах боломжтой гэнэ

Ө.Батболд

    Бусад мэдээлэл