2021-10-26 | Нийтэлсэн:admin | Үзсэн:2200
Шашны уламжлалт түүхэнд манай тоололд нийт долоон Будда заларна гэж үздэг бөгөөд тэдний хамгийн отгон нь Шагжамуни юм. Одоогийн Шагжамунигийн эрин үе дуусахаар Сайн цагийн мянган Будда буюу Майдар бурханы эрин үе ирнэ хэмээдэг. Хэдэн мянган жил өнгөрөх тусам хүний мөс чанар муудаж, муу үр дагавар, зовлонд хүргэх үйлдлүүд ихсэн, харанхуй ертөнц рүү дөхөх болно. Арван настай хүүхэд хөгшин хүнд тооцогдож, хүний бие тохойн чинээ болж, амьдралын хугацаа нь богиносох тэр үед аугаа их энэрэн нигүүлсэх сэтгэлээр Майдар бурхан ирж олон мянган шавь бодьсадва нарыг дагуулан сайн сайхан зам руу хөтөлнө хэмээдэг. Майдар гэдэг нь үлэмж их хайр нигүүлсэл гэсэн утга бүхий санскрит үг бөгөөд Сайн цагийн мянган бурханы нэг юм. Майдар бурханд мөргөсөн хүний энэ насны зорилго бүтэж, үйлс тэгширнэ хэмээн үздэг. Өндөр гэгээн Занабазарын урласан Майдар бурхан нь идэр залуу эр хүний биеийн гоо сайхныг илэрхийлж, алхаж яваа байдал нь түүний санаандгүй байдлыг, мишээсэн амгалан дүр нь сайн сайхныг авчрахыг бэлгэдсэн ажээ. Майдар бурханыг залрах үед түүний туг нь нүгэл хилэнцээр харанхуйлсан хүний нүдэнд цусан далай болон урсаж, билгийн мэлмий нь нээгдсэн хүмүүний нүдэнд дүрэлзсэн улаан наран болж үзэгдэнэ хэмээдэг. Монголчууд наян тохой Майдар бурханыг бүтээн залж шүтэж ирсэн билээ.
Майдар гэдэг нь эртний Энэтхэгийн санскрит хэлний “мадри” буюу асрах, хайрлан энэрэх гэсэн үг ажээ. Утгын хувьд асрах хайрлах сэтгэл буюу зөвхөн өөртөө хайртай байх бус өөрөөсөө илүүтэй бусдыг асран халамжилж, зовж зүдэрсэн хүнд туслах улмаар эх болсон зургаан зүйл, хамаг амьтныг амгалан жаргалантай байлгах өндөр их хариуцлагын нэр ажээ. Их майдар бурхан гэдэг нь бусдыг хайрлан энэрэх үлэмж зорилго, сэтгэл өвөрлөсөн дээд төрөлхтөн буюу ялгуусан бурхад, их бодьсадва нарын нэг ажээ. Майдар бурхан бол Будда Шагжамунигийн дараа энэ замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан гэж бурхны сургаалд айлдсан байдаг. Майдарын билэг сургаалд “хүний сэтгэл бол бүх юмны эхлэл болдог, хэрвээ сайн сайхныг бодож хүсэх ахул түүнийгээ л хүртэнэ, харин муу муухайг бодож, бусдыг үзэн ядаж, бусдад атаархаж, гутранги үзэлтэй амьдрах юм бол түүнийхээ хэрээр зовж зүдрэх болно” гэжээ.
Майдар бурхан бол эв нэгдэл, хайр энэрлийн бурхан ажээ. Майдар бурханы энэрэнгүй сэтгэлийг илэрхийлсэн нэгэн домог буй. НТ III-IY зуунд амьдарч байсан Асанга хэмээгч нь Майдар бурханы сургаалийг даган бусдыг энэрэх эрдэмд суралцахаар даяанчилжээ. Гурван жил бясалган суусан ч Майдар багш нь огт үзэгдсэнгүй гэнэ. Гэсэн ч Асанга 12 жил ууланд суусны эцэст шантарч багш ирэхгүй юм чинь, би энд суугаад яахав гээд уулнаас буух гэтэл анх түүнтэй хамт ирсэн нохой нь өтөнд баригдсан байжээ. Асанга хөөрхий нохойныхоо бүх өтийг түүгээд хаях гэтэл өрөвдөөд байж. Газар шидчихвэл үхчихнэ дээ гэж сэтгээд Асанга өөрийнхөө гуяыг зүсэн хэсэг мах аваад өнөөх өтнүүдээ хийжээ. Тэгтэл нохой нь гэнэт Майдар бурхан болж хувираад “шавь минь чи асрах энэрэхийн сэтгэлд бүрэн суралцжээ” хэмээсэн гэдэг. Майдарын эрин үед эх болсон зургаан зүйл хамаг амьтан эв найрамдалтайгаар зэрэгцэн оршино хэмээх ба түүний нэгэн жишээ нь саяны домогт өгүүлэх өтний амьдрал ажээ.
Босоо майдар: Майдар бурхан Бурхан багшийн дараагаар замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх Сайн цагийн мянган бурхдын тав дахь нь юм. Түүнийг сүсэглэн амьдарваас нас уртасч, амьдралын зоо тэнийнэ хэмээн бурхны номонд бичсэн байдаг. Майдар бурхныг олон улс оронд өөр өөрөөр дүрсэлсэн байдаг бөгөөд Түвдэд царай тунгалаг, мутрын алга дээш тэнийсэн зэргээр дүрсэлсэн бол монголчууд түүнийг хагас суугаа болон босоо байдалтайгаар дүрсэлсэн байна. Энэхүү түүх соёлын хосгүй үнэт өвийг XVII зууны үед Г.Занабазарын сургуулийн урчууд урласан бөгөөд гуулиар цутгаж, алтаар бүрсэн байдаг байна. 73x22x22-ийн харьцаатай энэхүү бурхан одоогоор Чойжин ламын сүм музейд хадгалагдаж байна. Энэхүү дурсгалыг 2002 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын 118 дугаар тогтоолоор “Хосгүй үнэт өв”-ийн жагсаалтын 160-д бүртгэсэн байдаг.
Эх сурвалж: Монгол орны лавлах