Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Мял богдын айлвар

Хэрэв багш чи тасралтгүй залгамжлах
Хамба нарын зиндааных биш бол
Авшиг хүртсэний хэрэг юун?

Дхарма ном сэтгэлд шингээгүй бол
Тарни цээжлэхийн ашиг юун?

Хорвоогийн амьдралаас ангижраагүй бол
Хуудуугүй үнэнийг бясалгах хэрэг юун?

Сэтгэл, хэл, бие гурав бурхны номоос гажуу бол
Шашны үйл ёслол хийхийн ашиг тус юун?

Атаа хилэнгээ ерөндөгөөр дарж дийлээгүй байж
Амирлангуй хүлцэнгүйг сэтгэхийн хэрэг юун?

Мунхаг сохор шунал тачаалаа хаяагүй байж
Мөргөл залбиралыг хийх хэрэг юун?

Хувиа бодохын мангасыг зүрхнээсээ сугалаагүй байж
Харамгүй өглөг, буяныг хийх хэрэг юун?

Хамаг амьтныг эх лугаа адил санадаггүй бол
Хатуу сахил, авшигийг хүртэхийн хэрэг юун?

Сүүн сэтгэл, энэрэл хайр сэтгэлд тань соёолоогүй бол
Сүм дугана, суварга шүтээн босгохын хэрэг юун?

Сансар хорвоод өдөр шөнөгүй бясалгах чадваргүй бол
Сац бүтээхийн ашиг юун?

Нууц нандин сургаалиас хүртээгүй бол
Насандаа шаналж зовсны хэрэг юун?

Амьд сэрүүнд нь итгэж бишрэлгүй
Авсанд мөргөөд юуны тус

Өрөөл бусдыг өөрөөсөө илүү хайрлаагүй байж
Өрөвдөхийг аман дээрээ үзүүлэхийн хэрэг юун?

Үлэмж их шунал тачаалаа дарж дийлээгүй байж
Үе үехэн шашинд зүтгэхийн хэрэг юун?

Лам багшийн үг бүрийг хууль болгон хэрэгжүүлээгүй байж
Багш шавийн барилдлага тогтоосны ашиг юун?

Ашиг тусгүй ажил хэргүүд нь
Хороос өөр үргүй тул бүү хий.
Хорвоо дээрхи замаа шувталж буй Егүзэрт
Хойно хойноосоо үүсэх шинэ үүргээр өөрийгөө дарах юун?

Өмч хөрөнгөнд шунах нь дотны нөхдийг ч салгана
Өрөөл нэгнийг өргөмжлөх нь үлдсэнээ дорд үзсэн мэт

Тэмцэл хэрүүлээс тойрч гаръяа гэвэл
Тайван амирлангуй байцгаа
Ганцаараа бай, анд нөхрөө олно
Доодын доод суудалд суу
Дээдийн дээдэд цойлон гарна

Хорвоогийн зорилго бүрээс татгалз
Хамгийн дээд зорилгод хүрнэ
Хоосон чанарыг танин мэдвэл
Хайр энэрэл сэтгэлд тань бадарна

Өрөөлийн төлөө зүтгэхдээ
Өршөөл тус хүргэвэл надтай та нар учирна
Намайг хүлээн авбаас Буддын зэрэгт хүрнэ
Ялж төгс нөгцсөн Будда, бурхад, надад болон миний шавь
Ялгаамжгүигээр чин сэтгэлээсээ сүсэглэн мөргөцгөө

  • ЗочинFebruary 2, 2012

    гаихалтаи

  • ЗочинOctober 11, 2012

    Үнэхээр гайхалтай

  • ЗочинOctober 11, 2012

    Хорвоогийн зорилго бүрээс татгалз
    Хамгийн дээд зорилгод хүрнэ
    Үнэхээр гайхмаар онож хэлжээ.

  • ЗочинOctober 12, 2012

    Мял богдынхоо буянд хамаг амьтаны өмнөөс даган баясмуй би Мунхаг биднийхээ төлөө үргэлж зүтгэж явдаг чинь баярлаж явдаг шүү

  • ЗочинOctober 12, 2012

    Ганцаараа бай, анд нөхрөө олно
    Доодын доод суудалд суу
    Дээдийн дээдэд цойлон гарна
    үүнийг тайлбарлаж өгөөч

  • ЗочинOctober 12, 2012

    асуусныхаа дараагаар
    ганцаараа байж үзсэн хүн анд нөхөдийг үнэлж мэднэ доод суудалд байж үзсэн хүн дээдийн дээдийг илүү мэдэрнэ
    гэж ойлголоо

  • ЗочинNovember 25, 2012

    Ганцаараа бай, анд нөхрөө олно
    Доодын доод суудалд суу
    Дээдийн дээдэд цойлон гарна

    Мял богдын буман дууллын нэг. Ганцаар ахуйд хүн өөрийгөө ажиглаж, судалж, танин мэдэх боломж чөлөө олддог. Үймцэн давалгаалсан амьдралын далайд хүн хэн болох, хаана байгаа, хаашаа явж байгаа, юу хий ёстой зэрэг амьдралын тулгуур асуултуудад хариулт олж чаддаггүй. Нисванис хүнд тийм боломж олгодоггүй. Тиймээс анд нөхөр гэх мэтийн амьдралын эгэл зүйлсийн мөн чанарыг таних билиггүй явдаг. нөхрийн дээд нь та өөрөө шүүдээ. Буддагийн сүүлчийн захиасын нэгд "та бүхэн өөрөө өөртөө итгэл түшиг нь болцгоо. өөрөө өөрсдийнхөө аврал болцгоо" гэж гардаг. хүн өөрт тохиолдсон бүх асуудал зовлон бэрхшээлээ өөрөө л шийдэх чадвартай. үзэгдэл бүхэн нисванисын жүжиг тул амьдрал бол сэтгэлийн тоглоом мөн. тиймээс гарцыг өөрөөсөө дотроосоо хай. таныг хамгийн ихээр хорлодог нь та л өөрөө, түүнээс гарч амгаланд хүргэх нь бас л та өөрөө мөн. тус хор хоёрыг дотроо тэгшил. нөхөр дайсны нүүрийг нэгтгэ. тэгж чадваас учрал бүхэн тус, үзэгдэл бүхэн ном, тохиол бүхэн жаргалан, амьтан бүхэн нөхөр мөн.

    эрдмийн далай омгийн ууланд тогтохгүй энэ үгийн утгыг сэтгэлдээ шингээвээс дээрх сургаалын шим болох байх, эрхэм дээд ном хамгийн гүнрүү урсдаг шүү.
    Суу билигт баатар цогт Миларайва

Бусад мэдээлэл