2013-12-06 | Нийтэлсэн:admin | Үзсэн:8039
Бясалгал гэдэг бие хэл сэтгэлийн үйлдлийн давтамж
Бас тэгээд сэтгэлийг жолоодох урлаг ухаан
Бүр цаашилбал амьддаа үхэж сурах арга техник
Бурхантай ярилцах цаг түүнтэй нэвтрэх чимээгүй хэл
Биеээр үйлдэх дасгал нь биеийг эрүүлжүүлэх бясалгал
Байнга хэлээр давтах тарни нь явдлыг засах шидэт үгс
Бодлоор хийх төвлөрөл нь сэтгэлийг таних түлхүүр
Булт эдгээр үйлүүд бясалгалын гадаад ялгамж чанар
Сэтгэлийг жолоодох гэдэг бие хэлийг удирдахын үндэс
Сэтгэлийг таних урлаг нь дотоод руугаа төвлөрөх бясалгал
Сэтгэлийг хянах арга нь байнгын сэрэмж ухамсар
Сэтгэлийг удирдахын зорилго нь бясалгалын дотоод мөн чанар
Бясалгалын энгийн зорилт нь эрүүл байхын хүсэл
Бясалгалын удаах түвшин бол шидийг олох сэтгэл
Бясалгалын дээд зорилго нь зовлонгоос ангижрах явдал
Бүгд эдгээрийн оргил нь гэгээрэл ба нирвааны зам мөр
Бясалгал гэдэг шашин шүтлэг бус сэтгэлийн дасгал
Бясалгал бол итгэл үнэмшил биш арга техник
Бясалгал нь ашиг хонжоо бус биеэ удирдах урлаг
Бясалгал гэдэг ухаарал хайр амар амгалангийн үүд
Бясалгалын оршил хэсэг үхэл мөнх бусын ухаарал
Бясалгалын эхлэл гараа нь магад гарахуйн сэтгэл
Бясалгалын өрнөл үе нь билиг ухааныг танихуй
Бясалгалын тайлал төгсгөл нь бодь сэтгэлийг олохуй буюу гэгээрэл
Ө.Батболд