Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Зовлонгоос ангижрах арга зам үнэн

Хутагтын дөрөвдэх үнэн бол зовлон түрэдгэхэд хөтлөх Мөрийн хутагт үнэн (Dukkhanirodhagāmiīpaipadā-ariyasacca) болой. Энэхүү мөр хоёр хязгаараас хагацсаны тул Дундад буюу Төв Мөр хэмээн алдаршжээ. Үүнд: нэг хязгаар нь сэрэхүйн таашаалаар жаргаланг эгээрэх бөгөөд энэ нь “доордын, ашиг тусгүй, болхи зам болох хийгээд ерийн хүмүүсийн явдал” юм. Нөгөө хязгаар нь дияанчлалын янз бүрийн хэлбэрээр өөрийгөө боймлон жаргаланг эгээрэх бөгөөд энэ нь “зовуурь зүдэргээтэй, зохисгүй, ашиг тусгүй” зам юм. Бурхан Будда эхлээд энэ хоёр хязгаарыг туршиж, хоёулыг нь хэрэгцээгүй юм гэж үзээд, өөрийн туршлагаараа Дундад мөрийг (Төв ёсыг) нээсэн, “энэ нь үзэхүй хийгээд мэдлэгийг өгч, амарлингуй, илт онохуй, гэгээрэхүй хийгээд Нирванд хөтөлнө”. Энэхүү дундад мөр нь найман ай буюу найман хэсгээс бүрдэх тул түүнийг нийтдээ Найман гишүүт хутагт мөр хэмээн нэрлэдэг. Тэдгээр нь:

1.Үнэхээр үзэл
2.Үнэхээр онол
3.Үнэхээр үг
4.Үнэхээр үйлс
5.Үнэхээр амьдрал
6.Үнэхээр хичээл
7.Үнэхээр дуртгал
8.Үнэхээр самади болно.

Бурхан багш бээр 45 жилийн турш биеэ зориулсан түүний бараг бүх сургаалд энэхүү Мөрийг аль нэгэн байдлаар авч үзсэн байдаг. Будда бээр хүмүүсийн хөгжил, мөрийг ойлгох болон дагах тэдний чадамжийн хэр хэмжээг харгалзан олон янзын хүмүүст Мөрийн тухай янз бүрийн үг томъёо хэрэглэн, янз бүрийн арга замаар тайлбарлаж байв. Гэвч буддын ном сударт энд тэндгүй тааралдах мянга мянган бодролын мөн чанар нь нэг, Найман гишүүт хутагт мөр л юм.
Мөрийн найман ай буюу хэсгийг энд дурдан буй дарааллаар нэгийг нь нөгөөгийн дараа даган мөрдөж, хэрэглэх ёстой гэж бодож болохгүй. Харин бодгаль тус бүрийн чадамжийн хэмжээгээр аль болохоор нэгэн зэрэг мөрдөж хэрэгжүүлэх учиртай юм. Эл найман ай бүгд өөр хоорондоо нягт уялдаатай, аль нэг нь гэхэд л нөгөө бусдаа хөгжүүлэхэд туслана.

Тэдгээр найман хүчин зүйл нь буддын ёсны чухаг гурван суртахуун болох: (а) Үлэмж шагшабад, (б) Үлэмж самади, (в) Үлэмж билгийг тогтоон, төгөлдөржүүлэх зорилготой юм. Хэрэв бид мөрийн найман гишүүг энэхүү гурван ангийн дагуу бүлэглэн тайлбарлах юм бол тэдгээрийг илүү тодорхой бөгөөд сайн ойлгох болно.
Үлэмж шагшабад нь Буддагийн сургаалын үндэс болох амьтан бүхнийг энэрэн, нигүүлсэх агуу их үзэлд тулгуурлан сууриладаг билээ. Буддагийн сургаалын туйлын эрмэлзэл болох энэхүү үлэмжийн их үзэл санааг олон олон эрдэмтэд умартаж, буддизмын тухай өгүүлэх, бичихдээ зөвхөн философи, метафизикийн хуурай хийсвэрлэлд автагддаг нь харамсалтай. Бурхан багш сургаалаа “олны сайн сайхны төлөө, олны аз жаргалын төлөө, хорвооог нигүүлсэхүйн үүднээс” айлдсан байна.

Буддизмын ёсоор бол, хүн төгөлдөржихийн тул нэг талаас нигүүлсэхүй, нөгөө талаас билиг – ийм хоёр чанарыг адил тэгш хөгжүүлэх ёстой. Үүнд нигүүлсэхүй нь энэрэхүй, өглөг, асрахуй, хүлцэнгүй гэсэн сэтгэл хөдлөлийн талын ариун чанарууд буюу зүрх сэтгэлийн чанарыг илэрхийлэн төлөөлж байхад билиг нь оюун ухааны тал буюу сэтгэхүйн чанарыг харуулна. Хэрэв хүн зөвхөн сэтгэлийн талаа хөгжүүлж, оюун ухааны талыг үл хайхрах аваас сэтгэл сайхантай тэнэг болох буюу хэрэв зөвхөн оюун ухаанаа хөгжүүлж, сэтгэлийн талыг үл хайхрах аваас сэтгэлгээ сайтай боловч бусдыг гэх санаагүй, хатуу сэтгэлт нэгэн болон хувирч болох юм. Иймээс хүн төгөлдөржье гэвэл уг хоёр чанарыг хоёулангий нь адил тэгш хөгжүүлэх учиртай. Энэ бол буддист ёсоор аж төрөхүйн зорилго бөгөөд түүнд билиг, нигүүлсэхүй хоёр өөр хоорондоо нягт уялдаатай байна. Үүнийг бид цаашид жич үзэх болно.

Энэрэхүй, нигүүлсэхүйд сууриласан үлэмж шагшабадад Найман гишүүт хутагт мөрийн гурван ай, тухайлбал: үнэхээр үг, үнэхээр үйлс, үнэхээр амьдрал гурав багтана. (Дээрх жагсаалтын 3, 4, 5 дахь зүйл).
Үнэхээр үг нь: (1) худал хэлэхийг цээрлэх; (2) бусдыг ил далд муулж, гүтгэн хөв ярих, улмаар энэ нь хувь хүмүүс болон бүлэг хүмүүсийн хооронд эв зохицол алдах, хагарал гарахад хүргэхийг цээрлэх; (3) ширүүн, бүдүүлэг үг хэлж, хараал зүхэл тавихыг цээрлэх; (4) хоосон чалчаа, дэл сул үг, хэрэгцээгүй хэл яриа гаргахыг цээрлэхэд оршино. Ийм ташаа, хортой үг өгүүлэх бүхнийг цээрлэснээр хүн үнэнийг өгүүлэх, ширүүн хатуу үг яриаг огоорсноор нөхөрсөг, усгал зөөлөн, утга төгөлдөр, хэрэгцээт үг өгүүлэх болно. Хүн анхаарал болгоомжгүй ярих бус, хаана, хэзээ, юу ярихаа тохируулдаг байх хэрэгтэй. Хэрэв ямар нэг хэрэгтэй зүйл хэлж чадахгүй бол “хутагтны дуугүй байдлыг” сахих нь зохимжтой.
Үнэхээр үйлс нь: ёс суртахуунлаг, төв шудрага, амарлингүй зан чанарыг төлөвшүүлэхэд оршино. Энэ бол амь таслах, хулгай хийх, шудрага бус үйлдэл, буруу хурьцал зэргийг цээрлэхэд бид бүхнийг сэрэмжүүлж хөтлөх бөгөөд басхүү бусдыг зөв замаар энх амгалан, ариун шудрага аж төрөхөд нь туслахад мөн хөтөлнө.

Үнэхээр амьдрал гэдэг бол бусдад хохирол учруулахыг цээрлэх, тухайлахад зэвсэг, үй олноор хөнөөх зэвсэг, мансууруулах ундаа, хорт бодис худалдаалах, амьтан хөнөөх, залилан мэхлэх зэргийг амьдралаа болгон явахыг цээрлэх ёстой бөгөөд зөв шудрага, гэм буруугүй, бусдад хоргүй аж төрөх хэрэгтэй гэсэн үг ээ. Буддизм аливаа дайныг эрс хатуу эсэргүүцдэг; зэвсэг, түүний дотор үй олноор хөнөөх зэвсэг худалдаалах нь амьдралын хар нүгэл, муу ёр гэж үзнэ.
Найман гишүүт хутагт мөрийн энэ гурван хүчин зүйл (Үнэхээр үг, Үнэхээр үйлс, Үнэхээр амьдрал) нь үлэмж шагшабадыг бүрдүүлнэ. Буддагийн ёс суртахууны зарчим нь хувь хүний болон нийгмийн жаргалан, эв зохицлыг төлөвшүүлэн тэтгэх зорилттойг ойлговоос зохимой. Ёс суртахууны эл зарчим бол сэтгэлийн бүхий л дээд чанарт хүрэхийн зайлшгүй үндэс суурь мөн хэмээн үзнэ. Ёс суртахууны ийм сууригүйгээр сэтгэлийн ямар ч хөгжилд хүрч эс чадах буюу.
Дараагийнх буюу Үлэмж самадид Найман гишүүт мөрийн өөр гурван хүчин зүйл: тухайлбал Үнэхээр хичээл, Үнэхээр дуртгал, Үнэхээр самади багтана. (Жагсаалтын 6, 7, 8 дахь зүйл).
Үнэхээр хичээнгүй бол: (1) нүгэлт болон ариун бус бодол сэтгэл үүсэхээс болгоомжлон хорих; (2) хүний сэтгэлд нэгэнт үүссэн ариун бус, нүгэлт бүхнээс ангижруулах; (3) хүнд хараахан үүсээгүй байгаа буянт, ариун сэтгэлийг үүсгэн буй болгох; (4) хүнд нэгэнтээ буй болоод байгаа буянт, ариун сэтгэлийг улам хөгжүүлэн төгөлдөржүүлэхэд зүтгэл чармайлт гарган эрмэлзэхүй юм.

Үнэхээр дуртгал (буюу ажаарал) нь: (1) биеийн үйл, (2) сэрэхүй буюу мэдрэхүй, (3) сэтгэлийн үйл, (4) үзэл, бодрол, баримтлал хийгээд юмсын (номын) талаар ажааран анхаарч, мэрийлттэйгээр мэдрэн ухаарахад оршино.

Сэтгэлийг хөгжүүлэхэд биетэй холбоо бүхий нэгэн нийтлэг дасгал нь амьсгалаа барьж төвлөрүлэх дасгал юм. Түүнчилэн бие махбодтой холбоотойгоор дуртгахуйг хөгжүүлэх өөр бусад хэд хэдэн арга, бясалгалын хэлбэр байдлууд бий.
Сэрэхүй хийгээд мэдрэхүйн тухайд гэвэл, бүхий л хэлбэрүүд: таашаалтай, таашаалгүй, эсхүүл саармаг аль алиныг нь, түүнчилэн тэдгээр нь хэрхэн илэрч, хэрхэн арилж байгаа аль алиныг сайтар ухварлаж байх учиртай.
Сэтгэлийн үйл хөдөлгөөний талаар гэвэл, хүн өөрийн сэтгэлд шунал тачаал байгаа эсэх, хорон санаа байгаа эсэх, заль мэх байгаа эсэх, алгасангуй буюу нэгэн үзүүрт алин болох зэрэг сэтгэлийн чанараа сайтар шүүн тунгааж байх хэрэгтэй. Үүнчилэн сэтгэлийн бүхий л хөдөлгөөнийг мэдэрч, тэр нь хэрхэн үүсэж, арилаж буйг мэдэж байваас зохино.
Үзэл, бодрол, баримтлал хийгээд юмсын талаар гэвэл, тэдгээрийн бэлгэ чанар, тэдгээр нь хэрхэн үүсэж, арилдаг, хэрхэн хөгждөг, тэдгээрийг хэрхэн яаж даран зогсоох зэргийг мэдэж байвал зохино.
Сэтгэлийн соёл буюу бясалгалын энэ дөрвөн хэлбэрийг Сатипаттхана сударт нарийвчлан авч үзсэн буй.

Үлэмж самадийн эцсийн гуравдахь хүчин зүйл болсон үнэхээр бясалгал (самади) нь дияаны (нийтийн ярьдгаар онгод орохуйн) дөрвөн шатанд хүргэдэг. Дияаны анхны шатанд тачаангуй хүсэл, түүнчилэн шунал, хар санаа, үхээнц байдал, сэтгэл зовних, тогтворгүйтан догдлох, хар авч сэжиглэх гэх мэт зохисгүй нисванист бодлыг орхих бөгөөд харин сэтгэлийн зохих үйлдийн хамт баясгалан, жаргалангийн мэдрэмж үлдэнэ. Хоёрдахь шатанд оюун санааны бүхий л үйл хөдөлгөөн дарагдан амарлингуй хийгээд “нэгэн үзүүрт” сэтгэл хөгжиж, харин баясгалан, жаргалангийн мэдрэмж хадгалагдсаар л байна. Гуравдахь шатанд хүчтэй сэрэхүй болсон баясгалангийн мэдрэмж басхүү замхран арилж байхад сэтгэлийн тэгш чанараас гадна мөн жаргалангийн сэтгэл хэвээр үлдэнэ. Дияаны дөрөвдэх шатанд бүх сэрэхүй, үүнд жаргалан хийгээд гаслан, баясгалан хийгээд зовуурийн мэдрэхүй ч арилж, дан цэвэр тэгш чанар хийгээд дуртгахуй л үлдэнэ.
Ингэж Үнэхээр хичээл, Үнэхээр дуртгал, Үнэхээр самадигаар сэтгэлийг дасгалжуулж, номхотгон хөгжүүлнэ.

Нөгөө үлэх хоёр хүчин зүйл: Үнэхээр онол, Үнэхээр үзэл нь Үлэмж билгийг бүрдүүлнэ. Үнэхээр онол бол би-д барихыг огоорох буюу ангижрахын сэтгэлгээ, хамаг амьтныг энэрэхүй хийгээд хүч үл хэрэглэхийн онол мөн юм. Би-гээс ангижрахуй, энэрэхүй хийгээд хүч үл хэрэглэхийн сэтгэлгээг (онол) энд билгийн талд оруулан бүлэглэсэн нь ихээхэн сонирхолтой агаад чухал юм. Үнэнхүү билиг нь энэ бүх ариун чанараар төгөлдөр байх бөгөөд би-д барих шунал, хорон муу санаа, хөнөөхүй хийгээд хүч хэрэглэхүй бүхэн бол билиг үгүйлэгдэж буйн шинж, хувь хүний хийгээд нийгэм, улс төрийн амьдралын аль ч салбарт билиг үгүйлэгдэж буйн үр уршиг болохыг энд дурдсан зүйлс ил тод харуулж байна.

Үнэхээр үзэл бол юмсыг яг байгаагаар нь ухаарахуй мөн бөгөөд чухамхүү Хутагт дөрвөн үнэн л юмсыг ингэж жинхэнэ байгаа байдлаар нь тайлбарладаг билээ. Тиймээс Үнэхээр үзэл бол Хутагт дөрвөн үнэнийг ойлгоход туйлын дөхөмтэй юм. Үнэхээр үзэл нь Үнэмлэхүй үнэнийг үзэж байгаа дээд билиг мөн. Буддизмын ёсоор бол, энд хоёр төрлийн ойлголт буй. Үүнд: бидний ердийн нэрлэдэг ойлголт бол мэдлэг юм, хуримтлагдсан ой дурдатгал, ил тулсан баримтын дагуу судлагдахууныг ухаарах оюун санааны ойлгоц юм. Үүнийг “түүнчилэн мэдэхүй” хэмээн нэрлэнэ. Энэ бол тийм гүнзгий ойлголт биш л дээ. Жинхэнэ гүнзгий ойлголт бол юмсын үнэнхүү бэлгэ чанарыг ямарваа нэр, шошгогүйгээр танин барих ухаарал юм. Үүнийг “нэвчихүй” гэж нэрлэнэ. Энэ нь сэтгэл оюун аливаа нисванисаас ангижирч, бясалгалын хүчээр бүрэн боловсорсон нөхцөлд л байх юм.

Хутагт мөрийн эл товч тайлбараас үзэхэд, мөр бол амьдралын зам юм гэдэг нь харагдаж байна. Энэ нь бие, хэл, сэтгэлийн хувьд хүн өөрийгөө журамлана, өөрөө өөрийгөө хөгжүүлнэ, өөрөө өөрийгөө ариусгана гэсэн үг мөн. Үүнд ямар ч сүсэг бишрэл, мөргөл залбирал буюу ёслол холбогдолгүй. Энэ утгаараа бол “шашны” гэж нийтлэгээр нэрлэж байдаг зүйлс энд огт байхгүй. Энэ нь зан суртахуун, сэтгэл, оюунаа төгөлдөржүүлэх замаар Үнэмлэхүй үнэнийг үзэж хэрэгжүүлэх, огоот тонилохуй, жаргалан хийгээд амарлингуйд хөтлөх мөр буюу.
Бурханы шашинт орнуудад шашны тэмдэглэлт үйл явдалд зориулсан эгэл жирийн бөгөөд тансаг сайхан ёслол зохион байгуулдаг заншилтай. Тэр нь жинхэнэ Хутагт мөрд хамаарал багатай юм. Гэхдээ тэдгээр ёслол нь зарим мэдлэг нимгэн хүмүүсийн шашны талаархи сэтгэл санааны эрэлт, хэрэгцээг хангахад хийгээд тэднийг аажмаар Хутагт мөрд ороход нь дөхөм болох ач холбогдолтой.
Хутагт дөрвөн үнэний талаар бидэнд биелүүлбэл зохих дөрвөн үүрэг буй. Үүнд:
Нэгдэх хутагт үнэн бол зовлон, амьдралын бэлгэ чанар, түүний зовлон зүдүүр, түүний гаслан хийгээд баясгалан, түүний төгс бус хийгээд тааламжит бус чанар, түүний мөнх бус хийгээд бодот бус чанар буюу. Үүнтэй холбогдуулан бидний гүйцэтгэх үүрэг нь үүнийг үнэн хэрэг хэмээн тодорхой бөгөөд бүрэн ойлгоход оршино.

Хоёрдахь хутагт үнэн бол зовлонгийн гарваль бөгөөд энэ нь шунал, тачаангуй, түүнийг дагалдсан бусад нисванис, хорт сэтгэл, ариун бус бүхэн болно. Үүнийг зөвхөн ойлгох нь хангалттай биш. Энд бидний үүрэг бол түүнийг таягдан хаяж, түүнээс огоот ангижран, үндсээр нь устгахад оршино.
Гуравдахь хутагт үнэн бол зовлонг түрэдгэхүй, Нирван, Үнэмлэхүй үнэн, Туйлын чанар мөн. Түүнийг ухаарч хэрэгжүүлэх нь бидний гүйцэтгэх үүрэг мөн.
Дөрөвдэх хутагт үнэн бол Нирваныг ил бод үзэж хэрэгжүүлэхэд хөтлөх Мөр юм. Мөрийг илэрхий мэдсэн ч энэ нь хангалттай бус. Иймд бидний гүйцэтгэх үүрэг бол түүнийг даган мөрдөж, баримтлах нь болой.

Валпола РАХУЛ

  • ЗочинJune 23, 2012

    Зовлонгоос ангижрах арга зам үнэн.

    Хоёр хязгаараас ангижрах гээд маш тод бичээтэй байдаг. Хэрэв нисванисыг "мөрд" авбал дээрх үнэнд хүрэхгүй мэт. Зовлон бол жаргал, нүгэл бол буян гэж байгаа нь ум гээд л... Зовлонгоос ангижрах арга зам мөрд ангижрах зүйлээ таних шат л юм биз дээ.

    Ум судал нээгдлээ, оройгоороо орууллаа, доош нь буулгалаа, доор хүрлээ.
    За одоо яах вэ? Ум хумгүй зугтах уу???

  • ЗочинFebruary 6, 2013

    БАГШ ТАНЬДАА мөргөмүй.
    өчүүхэн ахар бодлоос улбаалж хартай сэтгэлийн зурвас татууллаа. Өршөөн соёрхоно уу, шавь бээр бууж өглөө.Бурханы жинхэнэ дээдийн хуврага таньдаа шавь хэзээ орж болохсон бол?

  • ЗочинFebruary 6, 2013

    БАГШ таны мэлмий бат орших болтугай.

  • ЗочинFebruary 6, 2013

    Баярлалаа, багш та ГАЙХАМШИГ. Эх болсон зургаан зүйл хамаг амьтан таны буянаар амар амгалан болох болтугай. ТА БҮХЭНДЭЭ ДЭЭДИЙН ДЭЭД ЕРӨӨЛИЙГ ЗОРИУЛЪЯ...

  • ЗочинFebruary 6, 2013

    өлмий

Бусад мэдээлэл