Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Утгын гүн уудам далайд үгийн сал хэзээд жулддаг

– Би бол хүн
гэж та өөрийгөө боддог уу? Тийм бол тэр үндэслэлээ үзүүлээдэх.

"А бол В юм" гэдгийг бид "А бол В–д харъяалагддаг" гэдэг утгаар хэрэглэх нь олон.
Жишээ нь "Би бол хүн" гэх нь "Би бол хүн гэдэг категорит харъяалагддаг" гэсэн утгыг илэрхийлнэ.

Гэвч "Би бол хүн" гэж хэлсэн төдийд, цаад үндэслэл нь тодорхойгүй. Жишээ нь бодоод үз дээ.

– Тархи нь үхэжсэн бие хүн мөн үү?
– Эхийн хэвлий дэх үр хөврөл хүн мөн үү?
– Бэлгийн эс хүн мөн үү?

Үнэндээ бол хүн хаанаас эхэлж хаана дуусдаг болохыг товхийтэл нь заагласан зураас шугам гэж байхгүй юм.

Олон зуун жилийн өмнө "Боол бол хүн биш", "Хар арьстан бол хүн биш", "Буруу номтон бол хүн биш" гэх мэт олон янзын үзэлтэй соёл иргэншилүүд байсан. Эд ч бас бүгдээрээ л бодит буюу объектив шинж үгүй.

Өөрөөр хэлбэл тухайн улс гүрэн, нийгэм, цаг үе... энэ бүхэн зүгээр л "Хүн гэдэг чинь ийм юм байдын" гэсэн хоосон зөвшилцөлийг бий болгодог хэрэг. Үүнийг "Би бол хүн" гэдэг үгээр зогсохгүй, хүний амнаас гарах бүхий л үгний хувьд хамааруулж болно.

гэж философийн түүхэн дэх хамгийн том хэл зүйн философич Витгенштейн (Ludwig Josef Johann Wittgenstein) айлджээ.

Хэл ярианд ямар ч объектив шинж байхгүй. Ердөө л соёл болон уламжлалаар бий болсон амьдралын хэв маяг гэдэг дүрмэн дээр тогтсон дохио төдий зүйл юм. Үүнийг Витгенштейн "Үгэн тоглоом" гэж илэрхийлсэн байдаг.

"Новш" гэж хэлбэл та уурлах ёстой, "гүн ухаан" гэвэл та эвшээх учиртай. Энэ бол бидний л зохиосон дүрэм. Бид энэ бүх дүрмийг олон мянган жилийн турш зохиож, баяжуулж, хуримтлуулж, уламжлуулсаар ирсэн. Өнөөдөр ч бид энэ бүх дүрмээ ашиглаад хоорондоо харилцан ойлголцох хэрэглүүр болгон ашиглаж, харилцан хэл нэвтрэлцэхийг хичээдэг.

Тэгэхээр "Би бол хүн" гэх, нэг бодлын ямар ч эргэлзэх аргагүй үг ч бай, үнэндээ ямар ч товхийсэн үндэслэл байхгүй бөгөөд, түүнийг үнэн болгодог нь ердөө л бидний уламжлалт дүрэм (буюу нийтлэг үзэл) юм.

Хэлсэн үгнийхээ үндэслэлийг гаргах гээд хойноос нь баахан үг урсгаж холбоод ч, тэр тайлбар нь бас л үгнээс бүтэх тул, сүүлээ тойрч эргэх нохойноос өөрцгүй юм болно.

Өөрөөр хэлбэл, үгээр бүтсэн ямар ч том онол бай, түүний суурь үндэслэл нь явж явж нөгөө л зохиомол дүрмэн дээрээ суурьладаг байх нь. Өөрийнхөө зохиосон дүрмэн дотор өөрөө өөрийгөө зөвтгөнө гэдэг, эцсийн эцэст зүгээр л өөрийнхөө нуусан өмдийг өөрөө хайж байгаа аятай хоосон жүжиглэлт гэхэд болно.

PS:
Тэглээ гээд бид бусдыгаа "Ээ чи хүн биш шдээ, чамд ямар ч нотолгоо байхгүй" энэ тэр гэж хэрүүл өдөж мушгин гуйвуулах шаардлагагүй. Таны тэр хэрүүл ч бас нөгөө л үг гэх хоосон дүрмийн залгаасаар бүтэх тул, шийдвэртэй няцаалт болох ч гүй. Тиймээс хэрүүл болон мушгин гуйвуулахаа БҮҮ урьтал болго. Түүний оронд биесээ ойлголцохыг хичээ. Учир нь бидний ойлголцооны хэрэглүүр болсон хэл гэдэг чинь, үнэндээ ойлголцоё гээд ч хүндрэлтэй, болхи багаж юм шүү дээ.

Эх сурвалж: Н.Сансархүү

Үг өөрөө төгс бус болохоороо номын гүнзгий утгыг сайтар мэдэх тухайтад Бурханы шашинд ном хаялцдаг тусгай ёс дэг байдаг билээ. Утга гүнзгий болон нарийсах тусам үг жулдаж түүнийг илэрхийлэх чадамж нь буурдаг. Тиймээс Бурханы шашинд энэ асуудлыг арилгах зорилгоор Цанид Чойрын ном үзэж хоорондоо ном хаялцдаг. Бурханы шашны үг хэллэгийн тодорхойлотыг судар номонд яс зааж тодорхойлсон байдаг бөгөөд түүнийг цанид гэдэг юм байна. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд аксиомоо нэг болгоод тэгээд цаашлана гэсэн үг. Миний Бурхан гэдэг ойлголт таны Бурхан гэдэг ойлголт тэс өөр байхад дараагийн шатны утга болоод үзлийг яахан баталж чадах билээ. Зөрөөд л эцэс төгсгөлгүй маргаан болно. Тиймээс эхний ээлжинд суурь ойлголтоо нэг болгоод цаашлаад утгын гүн рүү нэвтэрч ертөнцийн зүй тогтол жамыг танин мэддэг ном хаялцах арга зүй нь тун сонирхолтой.

"Утгын гүн уудам далайд үгийн сал хэзээд жулддаг" Будда

    Бусад мэдээлэл