2015-06-01 | Нийтэлсэн:билэгсайхан | Үзсэн:10164
Уламжлалт анагаах ухаанд Мацаг барих нь эрүүл мэндэд маш их ач холбогдолтой бөгөөд хоол боловсруулах эрхтэн системийн эрүүлжих үйл ажиллагаа юм. Энэ нь хүний бие махбодийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэн илүүдэл өөх тос, бадган салсыг арилган хайлуулах арга, эмчилгээ юм. Мөн хүний сэтгэхүйн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж ажлын бүтээмжийг ихэсгэдэг сайн талтай байна.
Уламжлалт анагаах ухааны онолд мацаг барихыг бууруулан засах буюу өлсгөн засах эмчилгээ гэж нэрлэдэг. Энэ эмчилгээг эс шингэх буюу хоолны шингэц муудсан, өөх тосыг ихээр хэрэглэдэг хүмүүс, гуя хөших өвчин, хижиг өвчин, чихрийн шижин өвчин, дотор чингаа, тулай, хэрх, хэт таргалалтай хүмүүс, шар ус бадган дэлгэрсэн өвчний үе шатуудад хүч төгөлдөр залуу хүмүүсийг өвлийн улиралд өлсгөн засах эмчилгээг хийдэг байна.
Ингэж эмчлэхдээ тухайн хүний биемахбодид таарсан:
- Эм тан,
- Хоол ундыг хасах,
- Дасгал хөдөлгөөн хийлгэж хөлсийг гаргах,
- Заслын эмчилгээ (төөнүүр, хануур, цөс угаах, ходоод угаах, нируха, жин, рашаан ванн) гэсэн төрлөөр эмчилгээгээ хийдэг.
Эдгээрээс хоол ундыг хасах эмчилгээ нь тухайн хүний мөн чанарт (нас, өвөрчлөл, өвчин, улирал) тохируулж зохистой байдлаар мацаг барих эмчилгээ юм.
Мацаг барих хугацаа нь тухайн хүний сэтгэл санааны бэлтгэл, тэвчээрээс маш их хамаарна. Тухайн хүн бүтэн өдрөөр болон хагас өдрөөр мацаг барьж болно. Мөн хөнгөн хоол унд идэх байдлаар удаан хугацааны мацаг барьж болно. Хугацааг сонгохдоо хөгшин болон тамир муутай, туранхай, хий ихтэй хүмүүс огцом мацаг барьж болохгүй бөгөөд ходоодонд цочрол өгөхгүй, өөрийн сэтгэл санааны бэлтгэлтэйгээр аажим мах, өөх тос зэргийг хасах, хөнгөн хоолыг дасгах байдлаар эхлэх хэрэгтэй. Эсвэл тодорхой хэмжээний хий дарах, төлжүүлэх эмчилгээг хийлгэсний дараа мацаг барьж болно. Ингэснээр та мацаг барихад ямар нэгэн өвчний зовиур илрэхгүй эрүүл байдлаар эрүүлжиж чадна.
Мацаг барихыг шашны талаас энгийн ард иргэд хийхэд хамгийн тохиромжтой нь нэг өдрийн сожин авах үйл явдал юм. Энэ сожин авахдаа та бүхэн өөрсдийн бие хэл сэтгэлээрээ буян хураахаас гадна биеийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Мацаг барихыг илүү үр дүнтэй болгохын тулд бие махбодидоо тохирсон эмчилгээний аргуудтай хослуулан хэрэглэвэл та бие хэл сэтгэлээрээ зөв эрүүлжиж, урт наслах, гоо сайхан байх, буяныг хураах үндэс болох юм.
Монгол увидас эмнэлэгийн уламжлалт анагаах ухааны их эмч Б.Билэгсайхан