2015-06-21 | Нийтэлсэн:билэгсайхан | Үзсэн:24582
Уламжлалт анагаах ухаанд эмийн эмчилгээндээ эм уух ёсыг чухалчлан авч үздэг. Эм танг уухдаа сайн өдөр гараг, цагийг харж, сонгож хэрэглэдэг ба эм уух аяга нь эмтэрч хагараагүй цэвэрхэн саванд хийж эмээ хүртдэг. Эмийн төрөл нь дотроо тан, талх, үрэл, зуурмал, ханд гэсэн төрөл байдаг. Эдгээрээс тан эмийг бол эмчийн зааврийн дагуу буцалгаж уух бөгөөд шаарыг нь уухгүй цэвэрхэн газар өргөдөг. Яагаад гэвэл эмнүүдээ бүгдэнд нь тусгай равнай өргөж адислаж жинлавлаж эмийн хүчийг нэмж, эмээ ариусгадаг байна. Талх эмийг бол усаар даруулж болон усанд хийж найруулж уудаг. Үрэл эмийг зажилж болон тусгай жижиг саванд нунтаглаад усаар даруулж болон усанд хийж уудаг. Ханд, зуурмал эмийг усанд найруулж хутгах болон зажилж уудаг. Эдгээр 5 төрлийн эмийг өвчнөөсөө болон тухайн өвчтөний мөн чанар, улирал зэргээс харгалзан даруулах зүйлүүд нь өөр өөр байж болно. Эмийн цаасыг Оточ манла бурханы олбог хэмээн үздэг тул энд тэнд хаяхыг цээрлэн, галд өргөдөг. Эмээ уухын өмнө Оточ манла бурхандаа залбирч тарнийг (Дадята ум вэйхазаяа вэйхазаяа маха вэйхазаяа вэйхазаяа раза самуд гадэ суухай) сэтгэл санаагаа төвлөрүүлж чадах чинээгээрээ 7-21, олон удаа уншиж эмээ хамаг өвчнийг эдгээх рашаан хэмээн бодож хүртвэл эмийн хүч нь нэмэгддэг байна. Эмийг уухдаа гашуун, исгэлэн, чихэрлэг, халуун гэх мэт амтанд шүтэлгүй энэ эмийг уугаад сайхан эдгэнэ гэсэн ариун сэтгэлийг үүсгэн сүжиглэж уувал эмийн чадал нь өндөр гардаг байна.
Мөн эмийг өглөө, өдөр, орой, унтахын өмнө уулгадаг зарчим нь тухайн хүний мөн чанар болон өвчин, ходоодны галын илч, улирлын мөн чанар, өвчний үе шат, хий шар бадганы цагуудад хүний бие махбод ямар мөн чанартай байх вэ гэдэг олон шалтгаан нөхцлийг тухайн эмч харгалзан үзэж өгнө. Хоолны өмнө, хойно, хоолны дунд, хоолтойгоо хольж идэх зэрэг нь тухайн өвчтөнийхөө бие махбодод тааруулж сонгож өгдөг.
Эмнүүд маань бүгд байгалийн, ургамалын, амьтны гаралтай түүхий эдүүдийг ашиглан хийгддэг тул хүний биед хор нөлөө бага бөгөөд жорын найрлага бүрэн, хоршил нь зөв бол үр дүн маш сайн байдаг. Тан эм буюу буцалгаж уудаг эм нь хүний биед хурдан шимэгдэж үйлчилдэг боловч хүч нь бага байдаг. Талх эм нь тан эмнээсээ арай удаан шимэгддэг тул үйлчилгээ нь арай удаан байдаг ба эмний хүч нь бол тан эмнээсээ илүү хүчтэй байдаг. Үрэл эм нь нилээд удаан шимэгддэг боловч эмийн хүч нь тан талхан эмнээс илүү байдаг байна.
Уламжлалт анагаах ухааны их эмч Б.Билэгсайхан