Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Райчун Миларайва лам лугаа учирсан аравдугаар бөлөг

Миларайва лам Очирт Ёгини эхийн соёрхсон вивангиридийн дагуу Гүнтангийн дээд эхэн дэхь улсад өөд болохуйн цагт тэндхийн хүмүүс байшин барих гээд завгүй ажиллаж байхыг үзжээ. Миларайва лам тэдэнд хандан: «Жаахан идээ ундааны зүйлийг өгнө үү!» хэмээвээс мөнөөх хүмүүс хариу өгүүлрүүн: “Бид нар байшин балгад барих үйлнээ шамдаад өчүүхэн ч зав чөлөө үгүй байгааг та харахгүй байна уу? Харин та их л завтай нэгэн бололтой. Бидний ажилд оролцон туслах аваас өөрт чинь идээ ундааныг өгч бололгүй яахав!” хэмээлджээ.
Мила Богд хариу зарлиг болруун: “Би өөрийн ёст хотыг байгуулж дуусгасан тул энэ мэт зав чөлөөтэй явах бөлгөө. Та бүхэн надад идээ ундааныг өгөх эсэх нь төдийлөн чухал бус. Харин та нар ертөнц дахины хот балгадын үйлийг огоорогтун!” хэмээжээ. Байшин барьж байсан хүмүүс Мила Богдоос ийн асууруун: “Таны өгүүлсэн өөрийн ёст хотын үйл ямар болой? Бид бүхэн ертөнц дахины хот балгадын үйлийг огоорох шалтгаан чухам юу болохыг айлдан соёрхох ажаам уу?” гэвэй. Түүний хариу болгож Богд лам доорхи шүлгийг эгшиглэн номложээ:
«Чих талбин сонсогтун ёст хотын тухай өгүүлсү!
Чин бат сүжгээр эвдэршгүй суурь болгож
Чигч хичээнгүй явдлаар хана туургыг босгомой
Самади дияаны хүчээр шавар тоосгыг цохиж
Сайн билиг бэлгүүнээр чулуун баганыг тогтоомой.
Тэр дөрвийг нийлүүлэн босгосон хот балгад минь
Тэнгэрийн ордноос ч дутахгүй бат бөх болой
Харин та бүхний байгуулсан хот балгад цөм
Харанхуй мунхагийн суурин дээр боссон тул
Халдагч ад шулмын оромж төдийхөн буюу
Ханзархай шаахай мэт огоот таягдан хаягтун!» хэмээн айлдваас барилгын үйлнээ шамдагсад бээр мөн ийн асууруун: “Таны сая айлдсан шүлэг бидний хувьд үнэхээр ухаарал, сэхээрэл олгохоор туст үгс болой. Дээдийн багш танд дорд биднээс өөрцгүй эд хөрөнгө, эдлэн газар, эрдэнэ сувд, эхнэр хүүхэд болон анд нөхөр байдаг уу? Хэрвээ үнэхээр байдаг болвоос тэд чухам ямар мэт болохыг айлдан соёрхох ажаам уу! Түүнчлэн биднийг өөрт оногдсон эд хөрөнгө зэрэг алив бүгдийг огоот таягдан хая хэмээхийн учир юусан билээ?” хэмээсэнд Богд лам доорхи шүлгээр хариу айлдруун:
«Ургац арвин тариан талбай лугаа нэгэн
Увдисын үрийг сайтар цацсан лугаа хоёр
Үнэн бясалгалын соёо чих лугаа гурав
Үлэмж гурван биеийн үр боловсорсон лугаа дөрөв
Энэ дөрвийг нийлүүлээд шамдан ажиллах нь
Эвдэршгүй бат тариалангийн үйл болой
Та бүхний үйл хүлээсэнд автуулагч болохоор
Тачаалт тийм үйлсийг эгнэгт огоорогтун!
Хоосон чанарын баршгүй сайн сан лугаа нэгэн
Хутагтын долоон эрдэнээр баяжсан лугаа хоёр
Хотол арван буяныг зарах лугаа гурав
Хомсдож үл барагдах их жаргалан лугаа дөрөв
Энэ дөрөв хэмээвээс эд таваар минь буюу
Эвдэрч муудалгүй ашид хэрэгцээг минь хангаму!
Та бүхний эд таваар аргадагч ёст болохоор
Тачаал шуналыг бадраах тул өнөд огоорогтун!
Бурхан хэмээх сайн өвөг эцэг лүгээ нэгэн
Богдсын номоор оморхогчин ах дүүс лүгээ хоёр
Бурсан хуврагууд дэлгэрсэн улс лугаа гурав
Бүх номын сахиулсан шүтээн лүгээ дөрөв
Энэ дөрөв хэмээвээс садан төрлүүд минь бөгөөд
Эгнэгт урваж шарвалгүй бат хэлхээтэй болой
Ертөнц дахины ураг садан аргадагч ёст бүхийн тул
Ерөөс тийм тэнчүүрүүлэгч нөхрийг сайтар огоорогтун!
Сайвар одогсон сайн төрхөм лүгээ нэгэн
Сайтар хольсон гэгээн гэрлийн амтат идээ лүгээ хоёр
Сайн өнгө зүст тунамал хослон орохуй лугаа гурав
Саарал үгүй ухсан ухааны үзэсгэлэнт дээл лүгээ дөрөв
Энэ дөрвийг нийлүүлсэн эхнэр татвар нугууд нь
Эгнэгт хагацашгүй сайн түшиг хань бөлгөө
Орчлонгийн эхнэрүүд хэрүүлийн шалтаг төдийхөн тул
Огоот тийм хань ижлийг эгнэгт таягдан хаягтун!
Тунгалаг гэгээн биетийн хөвгүүн лүгээ нэгэн
Тунамал бүлээн бэлгэсийг ихэд үүсгэсэн лүгээ хоёр
Тодорхойёо эеэр хялбараа сайтар өгүүлэгч лүгээ гурав
Туст Бурханы язгуурыг баригч лугаа дөрөв
Энэ дөрвийг нийлүүлсэн үр ач нугууд минь
Эгнэгт надаас эс хагацах сайн хөвгүүд болой
Та бүхний үр ач нар аргадагч ёст бүхийн тул
Тачаалт орчлонгийн тийм хүлээсийг таягдан хаягтун!
Гүнтан газрын ажилд шамдагч эр эм та бүхэн
Гүн утгат Миларайва хэмээн алдаршсан над лугаа
Энэ газар ном буяныг хэлэлцсэний шалтгаанаар
Ирэх төрөлдөө Үржинлхүндэвийн орноо уулзах болтугай!» хэмээн номлож гүйцсэнд тэнд хуран чуулсан олон бүгдээр дээргүй гүн бат чин бишрэлийг олж, сөгдөн мөргөсөн хойно эрвийх дэрвийхээрээ хөдлөн идээ, ундааныг бэлтгэж өргөөд түүнээс хойш маш ихэд сүсэглэн хүндлэх болжээ. Тэндээс хутагт Миларайва Ралагийн эх Са- Ог нэрт агуйд суун бүхий тэр үест мөнөөх газарт хар бага насандаа ачит эцгээ алдсан сайн оюут нэгэн хөвгүүн байжээ. Тэр ээж болон нагац ах нарынхаа хайр энэрлээр өсөж торнисон ажгуу. Сайн оюут хөвгүүн өчүүхэн бага наснаасаа бичиг номд суралцан үлгэр, түүх өч төчнөөнийг уншсан тул хавь ойрын хүмүүс залж ном уншуулахын сацуу өглөг, хүндлэлийг чамгүй ихээр өргөдөг болжээ. Нэгэн өдөр тэр хөвгүүн илжигээ унан үхэр сүргээ адгуулан явах зуур санамсаргүй Богд ламын заларсан агуйн ойролцоо өнгөрөх зуур Миларайвын эгшиглэн дуулахыг сонсоод тийш дөтлөн очжээ. Хөвгүүн илжигний нуруун дээрээс үсрэн бууж, үхрээ огоорч, ламын дэргэд хүрээд гэгээн царайг нь үзэхийн төдийд гүн бат самади төрж модон хүн мэт хөшиж орхивой. Тэр хөвгүүн болвоос Миларайва ламын тааллын хөвгүүн саран мэт их шавь Алдаршсан Очирт хэмээх Райчун байсан ажгуу. Тэр хөвгүүн сайн заяат бүхийн тул Миларайва ламд чин бат сүжиг бишрэл төрөөд түүнээс хойш өдөр болгон салшгүй хамт байж ном талбихыг сонсох болжээ. Хааяа нэг айл хунараар орж ном судар уншаад олсон өглөг хишгийг Миларайва ламд өргөх болов. Эх, нагац ах хоёр нь түүний хаана байгааг өглөгийн эздээс асууж сураглаад Миларайва ламын дэргэд байгаа болохыг мэджээ. Тэд дотроо сэтгэрүүн: «Өглөгийн эзэд хүүд өглөг хишгээ хайрлахаа больсон хэрэг юм болов уу?» хэмээгээд сайн оюут хөвгүүний очиж ном уншдаг айл хунараар орж асууваас цаадуул нь: «Бид урьдын адил өглөг харамжийг өгсөөр байгаа шүү дээ!» хэмээн өгүүлжээ. Хөвгүүний ээж болон нагац ах түүнийг олсон өглөг хишгээ Богд ламд өргөдөг болсныг дуулаад зүйл бүрээр ятган сэнхрүүлэхийг оролдсон боловч тусыг эс олов гэнэ. Тэр хоёр маш их хилэгнэж цаашдын үйлд саад тотгор учруулах боловч сайн оюут хөвгүүн тэр бүхэнд үл тотгорлогдон Богд ламд хөтөлбөрийг айлтган, сайтар бясалгаснаар удаж төдөлгүй сайн ухаан төрж, хүйсний их зандалийн гал бадрах болсноор гагц бөс дээл төдийхнийг өмсөвч эс даарах болжээ. Түүнээс хойш хөвгүүнийг Райчун хэмээн нэрийдэх болов.
Райчунгийн эх, нагац ах хоёр арга саам хэрэглэн түүнийг газар хагалах үйлэнд оруулсанд газрын эздийн өвчнийг олсон тул түүнийг эдгээхийн тулд бясалгах агуйгаас гаралгүй суун бүхий үест Жагарын орны таван азар ирээд идээнийг гуйхад эх болон нагац хоёрынхоо илгээсэн хуурсан буудайг өргөвөөс цаадуул нь амсаж үзэхийн төдийд: «Ай! Ямар айхтар өвчин бэ?» хэмээн дуу алдацгаажээ. Тэд мөнөөх буудайны үнэрээс Райчун газрын эздийн өвчин туссан болохыг мэдсэн нь тэр ажгуу. Райчун тэднээс “Ийм өвчнийг засах ямар сайн арга засал байна вэ?” хэмээн асуухад азруудын толгойлогч хариу өгүүлрүүн: “Чиний өвчин үнэхээр хөөрхийлөлтэй ажээ. Бидний дээдийн багш Валозандрад мөргөвөөс чиний өвчин лавтайяа эдгэх болно. Тийм болохоор чи бидний хамт Жагарын орноо очвол дээргүй юу?” хэмээжээ. Райчун Богд Миларайвагаас хутаг гуйн очвол түүнд бошиг соёрхоод явахуйн цагт доорхи шүлгийг айлдан номложээ:
«Хөдлөшгүй дээд ламд айлдан соёрхмуй
Хөвгүүн Райчунд минь адистэдийг өгөн соёрх
Амин зүрхнээс өөрцгүй тааллын хөвгүүн чи
Ариун ном буянд оюун бодлоо зориулсугай!
Ам хэлийн төдийхөн бус үнэн сэтгэлийн угаас
Авралт лам, Ядам гурван эрдэнэд сүслэсүгэй!
Саадгүй түргэн Жагарын орноо одохуйн цагт
Самадсийн хатуужил явдлын идээнийг зооглоод
Саарал үгүй охор бэлгэт дээлийг өмсөж
Салхи шиг хурдан хий сэтгэлийн морийг унан
Санасан хэргээ бүтээгээд эргэж ирээрэй!
Ямагт гэгээн ариун сэтгэлдээ тоос халдаалгүй
Ясинцаг тангаргийн хиргүй мөнгөн толийг үзсүгэй!
Өдөр шөнийн алинд ч гэмшилгүй сэтгэлийг барьсаар
Өмнө зүгийн орноо зорьсон хэргээ бүтээгтүн!
Олхиогүй муу үгсээс гэм халддагийг санаж
Орчлонгийн найман номд тэгш үзлээр хандагтун!
Нандин увдис тус эрдмүүдийг чанд далдлдаад
Найртай зөөлөн аалийг эш болгон яваарай!
Найдаж өгүүлсэн туст үгсийг сайтар мөрдвөөс
Насан хутаг ашид дэлгэрэхийн ерөөл талбия!» тийн хэмээн зарлиг болвоос Райчун шавраар агуйн үүдийг битүүлэн шавчихаад таван азрыг дагалдан Энэтхэгийн орноо хүрээд Валозандра ламд мөргөвөөс «Гарьд жигүүрт Очирвааний увдисыг» соёрхжээ. Райчун тэрхүү арга номын дагуу сайтар бясалгаваас өвчин даруй эдгэсэн тул Түвд орондоо буцан ирж Жаргалант балгасанд очоод Миларайва ламын хаана заларч байгаа болохыг сураглан асууж гэнэ. Нэг хүмүүн түүнд ийн хэмээн хариу өгүүлрүүн: “Туст Миларайва хэмээх нэгэн лам тунамал бясалгалаар уулнаа суумой хэмээн сонссон бөлгөө. Харин одоо чухам хаана бүхийг эс мэдлээ” гэжээ. Райчун сэтгэл дотроо: «Дээдийн багш маань арай нирваан дүрийг үзүүлсэн юм болов уу?» хэмээн сэтгээд Са-Ог нэрт агуйдаа хүрч үзвээс агуйн амны шаваас холцорсон шинжгүй байх тул «Лам эрдэнэ минь лав нирваан болсон ажгуу» хэмээн сэтгээд шаваасыг эвдэж дотогш орвоос Богд лам жавдан дээрээ цогтойёо бясалгаж суун бүхийг үзээд тэсгэлгүй баяслын сэтгэл төрж сөгдөн мөргөөд амар мэндийг асуухуй дор Миларайва лам доорхи шүлгээр ийн хариу баривай:
«Ачит Марва ламын хөлд сөгдмү
Амраг садан лугаа харилцааг тасласнаар
Ахуй сэтгэлийн олсон орон амгалан
Ар гэрийн ажил үйлийг огоорсноор
Алд бие тааваараа чөлөөтэй амгалан
Хуврагуудын эдэд эс халдсаны үрээр
Хувьтай сэтгэл хүлэгдэх зүйлгүй амгалан
Хот балгадын уйтай амьдралыг таягдсанаар
Хоргодож уягдахаас ангид төгс амгалан
Ховор нандин эд агуурсад татагдах
Хомголзох хүсэл дарагдах нь нэн амгалан
Өнөд дундаршгүй хутагтын эрдэнэсийг олсноор
Өөрийн сэтгэл жаргалаар халгиад амгалан
Алт эрдэнэсэд сэтгэл эс уягдсанаар
Алдрай бие зовнилоос хагацаад амгалан
Авах гээхүйн ёсон аяндаа түрдсэнээр
Ашид ямагт хүлээснээс ангижраад амгалан
Шамшааж барагдах вий хэмээх айдасгүй болсноор
Шаналал зовнил үгүй сэтгэл амгалан
Ахуй ёсны магад утгасыг таньсанаар
Аливаа бүхэн аяндаа бүтэх нь амгалан
Өглөгийн эзний нүүр талыг харахгүй тул
Өгүүлж айлдах үг шулуун амгалан
Алжаал зүдрэл уур бухимдлыг таягдсанаар
Аль ч цаг мөчид уйсал үгүй амгалан
Явуургүй муу засдаг занг огоорсноор
Явж суухуйн аль ч үед бие сэтгэл амгалан
Хамаг явдал нугуудыг номд урвуулснаар
Хагацашгүй жаргал цээжнээ дүүрээд амгалан
Цаг нөгцөөх зугаа цэнгэлийг огоорсноор
Цалгар назгай үгүй үргэлжид амгалан
Алагдах талагдахын аюул холдон дайжсанаар
Айх эмээхүй бодол үгүй амгалан
Аюулт хулгай дээрэм халдан ирэвч
Алдаж үрэгдэх эд үгүй тул амгалан
Ариун цагаан буяны үр аяндаа боловсорсноор
Асар ялангуйт шалтгаан нөхцөлдөөд амгалан
Алимад нүгэлт үйлийг тэвчсэний үрээр
Ариун гэтлэлийг олсон сэтгэл амгалан
Харьшгүй сэтгэлээр буянд шамдсаны хүчинд
Хамаг туст үйл бүтэх нь ашдын амгалан
Будангуй урин хорт сэтгэлээс хагацсанаар
Бусдыг асрахуй нигүүлсэл төрсөн нь амгалан
Өөдгүй бусармаг омог найдангуйг тэвчсэнээр
Өөрийн сэтгэл зохирон найралдахуй амгалан
Ертөнцийн найман номын гэм тотгорыг
Ерөөс аль ч үед ажиглан шинжих амгалан
Хамаг ном бүгдийг тэгш үзсэний үрээр
Хайр хорсол тэргүүтэн түрдээд амгалан
Өөрийн сэтгэлийн мөн чанарыг шинжсэнээр
Өнгө тунгалаг гэгээн биет тодроод амгалан
Аюуж эмээх эрмэлзэн хүсэхийг таягдсанаар
Аливаа цаг дор өөрийн тааваар амгалан
Автаж баримтлахаас ангид гэгээн биет
Асар уудам гийгүүлэх нь ашид амгалан
Атгаг сэжгээс ангид бэлгэ билгүүн
Ариун ном лугаа найралдах амгалан
Аливаа өөрөөсөө бүтсэн агаараас эс хагацсанаар
Амирласан сэтгэл баригдах хүлээсгүй амгалан
Зургаан тийн мэдэхүйн орон даган арилсанаар
Зуурмаг үзэгдэл хоосонд урваад амгалан
Таван хаалганы мэдэхүй тод гэгээн болсноор
Тааламжит орон аяндаа илрэх амгалан
Өвгөн егүзэри миний амгалангийн ёсонг
Өгүүлж хэлээд яахин тоочиж барах вэ?
Өөр бусдын амгалангийн ёсон хамаа алга
Өдгөө би амгалангийн ёсонг магтан дуулмой.
Хилэнцэт нүгэл үгүй үхэл егүүдэвч амгалан
Хийсэн буяны үрээр дахин төрөвч амгалан
Онц бясалгалын үрээр бүтэх амгаланг
Одоо миний эгшиглэн дуулахыг сонсов уу?
Өглөгийн эзэд идээ ундааныг өргөх нь
Өндөр дээд гурван эрдэнийн ач үр буюу
Өр зүрхний тааллын хөвгүүн Райчун чи
Өнөөдөр сайн яваад буцаж ирэв үү?» хэмээхүй дор Райчун хариу өгүүлрүүн: “Дээдийн багш минь ээ! Энэ удаа сайн яваад эдгэршгүй хүнд өвчин илаар болов. Үүнээс хойш эцэг лам танаас салалгүй элчилгүй аглаг уулнаа сууж бясалгах тул хөтөлбөрийн увдис хийгээд авшиг тэргүүтнийг өгөх соёрх!” хэмээжээ. Миларайва лам Райчунд хөтөлбөр хийгээд увдисыг соёрхон Са-Ог агуйд бясалгуулан суулгаснаар удалгүй гүн нарийн бясалгалын хязгаарт хүрчээ.
Энэ болвоос Миларайва лам Са-Ог агуйд тааллын хөвгүүн Райчун лугаа учирсан аравдугаар бөлөг болой.

Орчуулсан Д.Болдбаатар