Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Хутагт сайн явдлын ерөөлийн хаан

1.Арван зүгийн ертөнц дахиныг
Гурван цагт гийгүүлэн заларсан
Билэгт хүмүүний арслан бүгдэд
Бие, хэл, сэтгэлээр мөргөе

2.Сайн явдлын ерөөлийн хүчээр
Санаанд илхэн хамаг ялагчдад
Орон ертөнцийн хумхийн тоогоор
Олонтаа хувилан, сөгдөн мөргөе

3.Нэгэн хумхинд ч хумхийн тоот
Бодьсад нарын дунд бурхад заларсаар
Нэлэнхүй их номын агаар
Нигүүлсхүй ялагчдаар дүүрэх болтугай

4.Эцэс төгсгөлгүй магтаалын далай
Эгшгийн гишүүн далай дуугаар
Ариун бурхдын эрдмийг дуурсгаж,
Амгалан ажирсан бүгдийг магтъя

5.Цэнгэлийн дээд бүхэн цогцолсон
Цэцэг, эрх, хөгжим, шүхэр,
Гэрэл гэгээ, анхилга хүжсээр
Гэгээн бурхдад тахил өргөе

6.Тааламжит өмсгөл, рашаан зоог,
Талхлаг чимгийг сүмбэр уул шиг
Тансаг дээд үзэмж хийцтэй
Тахил болгон ялагчдад өргөе

7.Аль хэмжишгүй их тахилуудыг ч
Авралт тэдэнд сэтгэлээсээ зориулж,
Ариун явдалд дуршин тэмүүлсэн
Агуу бишрэлээр мөргөн тахия

8.Шунал, хорсол, мунхагийн эрхээр
Бие, хэл, сэтгэлийн үүднээс
Бишгүй үйлдсэн хилэнц бүхнээ
Би нэгд нэггүй наминчилъя

9.Арван зүгийн бурхан, бодьсад,
Сурагч, төгсөгч ширвага, брадига,
Амьтан бүгдийн сайн үйлс
Аль бүхийд даган баясъя

10.Ариусан гийж, төөрөгдлөөс ангижирсан
Арван зүгийн ертөнцийн зулуудад
Аврал дээд номын хүрдээ
Алгасалгүй эргүүлэхийг айлтган хүсье

11 .Нирваан дүр үзүүлэхийг болгоогчдод
Нийт ертөнцийн тоос шиг галавт
Амьтан бүхнийг тэтгэн залрахыг
Алгаа хавсран өчин залбиръя

12.Мөргөн тахиж, гэмшин наминчлаад,
Даган баясч, айлтган залбирснаар
Аливаа хураасан буян бүхнээ
Ариуслын дээдэд зориулъя, би

13.Эрт заларсан, эдүгээ оршигч
Арван зүгийн бурхдыг тахия.
Ирээдүйн бурхад ч үтэр түргэн
Эгээрлээ гүйцээж, гэгээрэх болтугай.

14.Арван зүгийн хамаг орон
Асар үлэмж ариун болоод,
Бодь модноо морилсон бурхад,
Бодьсад нараар дүүрэх болтугай.

15.Арван зүгийн амьтан бүхэн
Ашид өвчингүй амар жаргаад,
Ариун номын үйлс бүхэн нь
Ая найртай, сэтгэлчлэн бүтэг.

16.Гэгээрлийн замаар би замнаж,
Орчил бүрт төрлөө мэдээд,
Гэрээ орхисон үнэний эрэлд
Төрөл тутамдаа гарах болтугай.

17.Агуу гэгээрэгсдийг даган суралцаж,
Ариун явдлыг төгс гүйцэтгэж,
Ес суртахууныг хиргүй ариусгаж,
Ес бусыг хэзээд тэвчсүгэй.

18.Тэнгэр, лус, чөтгөрийн хэл,
Хүн бус болон хүний хэл,
Алив бүхий амьтны хэлээр
Ариун номыг заасугай, би.

19.Элбэрэл журам, барамидад хичээж,
Эрдэнэт сэтгэлийг алдалгүй барьж,
Эрхэм сайн чанарыг минь гутаагч
Элдэв буртгаас ангижрах болтугай.

20.Нар, сар огторгуйд тордоггүй,
Лянхуа цэцэг усанд хиртдэггүй шиг
Зовлонгийн үүсгэл, шулмын үйлээс
Амьдралын тойрогт ангид явтугай.

21.Элдэв хэмжээст ертөнц бүхний
Эмгэнэл зовлонг машид амирлуулж,
Энх амгаланд амьтдыг хөтлөн,
Эгнэгт тэдэнд тусыг үйлдсүгэй.

22.Буянт үйлсийг төгс дэгжээж,
Бусдын явдалд зохилдон орж,
Эрхэм сайныг үлгэрлэн үзүүлж,
Ирээдүйн галав бүхнийг туулсугай.

23.Ялгаагүй над шиг гэгээрлийг эрэгч
Ялгуусан хөвгүүдтэй би нөхөрлөж,
Ямагт бие, хэл, сэтгэлээрээ
Явдал, ерөөлөө нэгтгэх болтугай.

24.Өмөг түшиг болсон нөхөд,
Үлгэр сайн явдлыг заагчидтай
Үргэлж би учрах бүртээ
Үнэн сэтгэлийг нь бүү цөхрөөг.

25.Ариун сэтгэлт баатруудаар
хүрээлүүлсэн
Авралт бурхдыг илхэн үзэхдээ
Айсуй цагийн галав тутамд
Агуу ихээр тэднийг тахисугай.

26.Богд мэргэдийн номыг дээдэлж,
Бодь явдлаар хотлыг гэгээрүүлж,
Ирээдүйн тоо томшгүй галавт
Эрхэм үйлсийг дэгжээн явсугай.

27.Эргэх хорвоогийн орчил бүхэнд
Эгнэшгүй буян, суу заль,
Эрдэм ухаан, бясалгал, гэгээрлийн
Эрдэнэсийн баян сан болтугай.

28.Нэгэн хумхинд хумхийн тоот
Орон бүгдэд сэтгэшгүй бурхад
Бодьсад нарын дунд заларсныг
Бодь явдлаар яван үзсүгэй.

29.Үзүүр хязгааргүй зүг бүхэнд
Үсний энтэйд гурван цагийн
Далай бурхад, далай орнуудыг
Далай галбад үзэн зорчсугай.

30.Үг бүр нь далай мэт
Үлэмжийн чанар төгс аялгуу,
Бусдын сэтгэлд ямарчлан нийцсэн
Бурханы зарлигийг ямагт сонстугай.

31.Цаг цагийн гэгээрэгсэд бүхний
Цаглашгүй номын хүрдийг эргүүлсэн
Оюун баялгийн эгшиг зарлигт
Ой ухааны хүчээр нэвтэрсүгэй.

32.Ирэх цагийн галав бүгдэд
Эгшин зуур би орсугай
Алимад гурван цагийн галвыг ч
Агшин төдийд туулан явсугай.

33.Гурван цагийн гэгээн бурхдыг
Нэгэн агшинд би үзсүгэй
Эгнэгт тэдний эзлэгдэхүүн зүйлсийг
Илбэт чанарыг бясалгалаар эзэмшсүгэй.

34.Гурван цагийн ариун орныг
Нэгэн хумхинд илт бүтээж,
Бүхий л зүгт тэр мэтчилэн
Бурхдын орныг байгуулах болтугай.

35.Ирээдүй ертөнцийн зулууд дараалан
Гэгээрлийг олж, хүрдийг эргүүлж,
Амирлангуйн туйл нирвааныг үзүүлэхэд
Аврал тэдний дэргэд явсугай.

36.Хамгийн хурдан хувилгааны хүч,
Хамгийн үүд хөлгөний хүч,
Хамгийн эрдэмт явдлын хүч,
Хамгийн түгээмэл асрахуйн хүч,

37.Хамгийн сайн буяны хүч,
Харилтгүй бэлгэ билгийн хүч,
Арга, билиг, самадийн хүчээр
Ариун бодийн хүчийг бүтээсүгэй.

38.Үйлийн хүчийг огоот арилгаад,
Нисваанисын хүчийг оргүй дараад,
Шулмын хүчийг үгүй болгосноор
Сайн явдлын хүчийг гүйцээсүгэй.

39.Далай мэт орныг гийгүүлж,
Далай мэт амьтдыг гэтэлгэсүгэй.
Далай мэт номыг үзэж,
Далай мэт билгийг оносугай.

40.Далай мэт явдлыг ариусган,
Далай мэт ерөөлийг төгсгөж,
Далай мэт бурхдыг тахин,
Далай мэт галвыг туулсугай.

41.Алимад гурван цагийн бурхдын
Ариун явдлын ерөөл бүхнийг
Агуу сайн явдлаар гэгээрч,
Алдалгүй би гүйцэтгэх болтугай.

42.Ялгуусан бүхний ахмад хөвгүүн
Яруу алдар нь Самандбадра
Эрдэмт түүнтэй ижилсэхийн тулд
Эл буянаа сайтар зориулъя.

43.Бие, хэл, сэтгэл болон
Явдал, орон бүгд нь ариуссан
Билгүүн сайн ерөөлт түүнтэй
Би ч бас адилхан болтугай.

44.Эрхэм дээд явдлын тулд
Итгэл Манзушрийн ерөөлийг тавьж,
Ирээдүйн галав тутамд уйсалгүй
Эгээрсэн үйлсийг иь төгс гүйцээе.

45.Илт явдал нь цаглашгүй болоод
Ид хав нь ч хосгүй болтугай.
Эн хэмжишгүй явдалд оршсон ч
Эрдэм чадал бүхнийг эрсүгэй.

46 .Огторгуйн хязгаар хаа хүрнэ,
Орчлонт ертөнц тэнд ч оршино.
Зовлон төөрөгдөл хаа үргэлжилнэ,
Зорьсон ерөөл минь тэнд ч хүрнэ.

47.Арван зүгийг эрдэнэсээр дүүргэж,
Ахуй цэнгэлийг хотлоор бүрдүүлж,
Хумхийн тоос шиг олон галавт
Хутагт бурхдад өргөл болгосноос

48.Ерөөлийн хаан судрыг сонсч,
Гэгээрлийн дээд хутгийг мөрөөсч,
Бууршгүй сүжгийг нэгэнтээ л төрүүлбэл
Буяны дээд нь энэ болно.

49.Хэн ч гэсэн ийнхүү ерөөвөл
Хэзээд муу заяанд уналгүй,
Хилэнцэт нөхрөөс ч ангижрах бөгөөд
Хязгааргүй гэрэлтийг үтэр үзнэ.

50.Эрхэм олзыг тэд эрхшээн,
Энэ насандаа ч амар жаргаад,
Самандбадра ямар мэтчилэн
Сааралтгүй түргэн түүн шиг болно.

51.Үнэнийг ухаараагүй хэн нэгэн
Үйлийн таван адгийг үйлдлээ ч
Үнэн сэтгэлээс ийнхүү ерөөвөл
Өнөөх нүгэл нь төдхөн арилна.

52.Ухаан билиг, бие бялдар,
Угсаа язгуур төгөлдөр болоод
Хар хорын хүчинд дийлдэлгүй
Хамаг гурван ертөнцөд шүтэгдэнэ.

53.Ариун бодь мод руу явж,
Амьтны тусад тэнд суугаад,
Аюулт шулмын хүчнийг ялж,
Ариусан гэгээрч, үнэнийг номлоно.

54.Энэхүү сайн явдлын ерөөлийг
Эндүүрэлгүй тогтоож, уншиж, ухуулбал
Эцсийн үрийг нь бурхан л болгооно,
Эргэлзэх хэрэггүй, дээд гэгээрэлд.

55.Манзушри баатар хэрхэн айлдсан,
Самандбадра ч түүнчлэн ерөөсөн,
Агуу тэднийг даган суралцахад л
Аливаа буянаа даатган зориулъя.

56.Гурван цагийн ялагч бүгд
Ерөөлийн хаанаар өргөмжилсөн тул
Энэ бүхий буяны үндсээ
Эрхэм сайн явдалд л зориулъя.

57.Энэ нас минь эцэслэх үед
Элдэв түйтгэр бүхнээ ариусгаад,
Эгнэшгүй гэрэлт бурханыг үзэж,
Энх мэндийн оронд одсугай.

58.Эдгээр ерөөлөө тэнд хүрснээр
Илт болгон, төгс гүйцээж,
Орчлон хэдий орших хугацаанд
Олон амьтанд туслан явсугай.

59.Амар амгалан бурхны оронд
Ариун лянхуа цэцгээс мэндэлж,
Аминдаваа бурханы илт бошгыг
Аяа, би бээр тэнд олсугай.

60.Онц эрхэм бошгыг олоод,
Олон зуун голти хувилгаанаар
Оюуны хүчээр арван зүгт
Олон амьтны тусыг үйлдсүгэй.

61.Сайн явдлын ерөөлийг тавьснаар
Сая миний хураасан буянаар
Амьтан бүгдийн ч ерөөл буян
Агшин төдийд бүтэх болтугай

62.Зорьж, сайн явдлыг ерөөснөөр
Зол буян хязгааргүйг олоод,
Зовлонгийн далайд живсэн амьтад
Зохист Авидын орныг олтугай.

63.Эрхэм дээд ерөөлийн хаан
Энгүй амьтнаа тус болоод,
Самандбадрын эгээрэл биелж,
Саар заяа бүхэн хоосортугай.

  • ЗочинJune 6, 2012

    их буяны үйлсэд тань даган баясая

  • ЗочинNovember 16, 2012

    Ерөөлийн хааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч

  • ЗочинNovember 16, 2012

    Ер нь ерөөл бүгдийн хаан нь гээд л ойлгочих. Уул нь үргэлжлээд олон шад байсан боловч тэрсүүд түүнийг шатаасан түүх байдаг бөгөөд үлдсэн хэлтэрхий төдийхөн нь энэ юм да.

Бусад мэдээлэл