2021-10-19 | Нийтэлсэн:admin | Үзсэн:1411
Дармаракшита бээр Ашидад соёрхсон
Оюун судлахуун Мэсэн хүрдэнээс
Биед үл тэсэх өвчин гарахын цагт
Би амьтны биед хорлол хүргэсний
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд өвчин бүхнийг хүлээн ав
Өөрийн сэтгэл зовон шаналахын цагт
Өрөөл бусдын сэтгэлийг хямруулсны
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд зовлон бүхнийг хүлээн ав
Ямагт өлсөх, цангахаар хүчтэй нэрвэгдвээс
Яршигт хулгай, дээрэм, хармыг үйлдсэний
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд өлсөх, цангах бүхнийг хүлээн ав
Яруу бус үгс чихэнд сонсогдохын цагт
Янзгүй хов үг тэргүүтэн хэлсэн нүглийн
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд өөрийн гэмийг муушаа
Тустай садан,нөхөд лүгээ хагацах тэр нь
Туйлбаргүйгээр бусдын нөхдийг салгасны
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд бусдыг нөхдөөс бүү хагацуул
Бусад нааш доромжилж, хилэнцийг хураах нь
Балмад би цааш дээдсийг гутаан муучилсны
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд бусдыг бүү гүтгэн доромжил
Эд, таваар гарздах, хомсдохын цагт
Эрхэм бусдыг басамжилсны
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд бусдын хэргийг бүтээ
Сэтгэл үл баясаж, зүрх шимшрэхийн үед
Санаатай бусдыг хилэнц хураахад оруулсны
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд бусдыг хилэнцэд бүү оруул
Ажил үйлс эс бүтэж, сэтгэл хямрахын цагт
Ариун дээдийн үйлийг алин саатуулсны
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд саад тотгор бүгдийг тэвч
Хэн хүнгүй бугдээр нүүр буруулан гүйх
Хэт ичгүүр сонжуурыг үл тоомсорлосны
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд алинд ч төвшин шударга ханд
Шадарласан бүхэн дайсанд босохын цагт
Шалдар муу санааг дотроо агуулсны
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд арга мэхийг багасган үйлд
Гэнэт халдвар өвчин биед тусахын цагт
Гэгээн тангаргыг эвдэн доройтуулсны
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд нүглийг тэвчин үйлд
Мэдэгдэхүүн бүхэнд мунхарахын цагт
Мэдээж орхивол зохистой номыг судалсны
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд сонсох тэргүүтнийг бясалга
Сэтгэл нисванис дор баясаж алгасарал ихдэх нь
Сайтар мөнх бус, орчлонгийн гэмийг эс дадуулсны
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд орчлонд сэтгэл гансрахыг үйлд
Яаж үйлдсэн ч алдаж, уруудах нь
Үйл хийгээд уг үрийн басамжилсны
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд буяныг хураахуй дор шамд
Хүсэлтэн баялгаар хоосрохын цагт
Өглөг эс өгсөн, чухаг дээдийг эс тахисны
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд тахил өргөлийг үргэлж үйлд
Хэзээ юу үйлдэвч уур, тачаалаар хямрах нь
Хэрцгий сэтгэл, хөшүүн авир гаргасны
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд хөшүүн муу авирыг арилга
Буян үйлдэвч сэтгэл эс номхорох нь
Байнга энэ насны аргыг сэтгэн байсны
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд нирвааны төлөө хичээ
Суумагцаа эргэж тунгаан гэмших нь
Шинэ нөхдийг сонжилгүй, хөөрөмшин нийлсний
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд бусад лугаа нөхөрлөх ёсыг хяна
Бусдын арга мэхэнд хууртагдах нь
Бусармаг омог, ихэмсэглэлийн уршиг тул
Муу үйлийн мэс өөрт эргэсэн мөн
Магад иймд балагт хүслийг багасга