Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Дэлхийн алдарт философичид. /Нагаржунай/

Будда Шагжмууныг залгамжлагчдын 14 дэх үеийн их багш нь Нагаржунай юм. Хоёр дахь нь Маха Кашьяана, гурав дахь нь Ананд гэхчлэн тоолдог бөгөөд сонирхуулахад "Бурхан багшийн намтар"-ыг анх гоц гойд уран зохиолын түвшинд бичсэн Ашвагхоша буюу Ловон Даян 12 дахь, йогочараг үндэслэгч Васабанду 21 дэх, зэн буддизмыг үндэслэгч Бодидарма 28 дахь Их гэгээн байлаа.

Монголчууд Нагаржунай, Наганзана багш хэмээн дууддаг, эртний Энэтхэгийн их философич тэрээр тус орны төв мужид мэндэлжээ. Эцэг нь хуврага, эх нь сурвалжит язгууртан айлын охин байжээ. Ихэнх сурвалж бичигт Нагаржунайг 113 оны үед төрсөн, 100 орчим насласан гэж бичсэн буй. Гэхдээ түүнийг мөнхийн ус гаргаж авсан, тиймдээ ч 500 гаруй насласан гэдэгт итгэлтэй явдаг лам хуврага бишгүй олон. Нагаржунайн зарим намтарт бүр 571 насласан тухай ч тэмдэглэсэн байдаг.

Есөн наснаас эхлэн хийдэд шавилан сууж, сахил санаваар хүртсэн энэ хуврагын нэрийг хожим нь нэлээд олон хүн зүүх болсон тохиолдол ч цөөнгүй. Буддын гүн ухааны логик, хувилахуйн ухаан, анагаахуй, хэл найруулгын томоохон онолчид Нагаржунай нэрээр зохиол бүтээлээ туурвисан байдаг.

Энд бидний өгүүлэн буй Нагаржунай бол буддын гүн ухаанд "мадхъямака" хэмээх урсгалыг үндэслэсэн юм. Европчууд "нигилистүүд" буюу үгүйсгэх үзэлтнүүд хэмээн нэрийдсэн буддын философийн энэ урсгалын нэрийг монгол хэлнээ "дундад үзэл", "төв үзэл" гэж хоёр янзаар орчуулж иржээ. Дундад үзлийн зарчим нь аливааг тодорхойлохдоо нэг талруу хэлбийхээс зайлсхийдэгт оршино. Доктор Г.Лувсанцэрэн "...мадхьямака үзлийн эх сурвалж нь билиг барамидын номлол, түүний доторхи хоосон чанарын үзэл мөн гэж үзэх бүрэн үндэстэй. Билиг барамидын...онолын үндэслэлд нэлээд нарийн боловсруулсан диалектик санаа буй" хэмээн бичсэн байдаг.

Энэхүү билиг барамид гэгч нь Пражня-Парамит буюу мэргэн ухааныг төгөлдөржүүлэх хэмээсэн утгатай үг бөгөөд мадхъямака нь анхандаа оюун ухааныг хэрхэн төгөлдөржүүлэх тухай номлолуудыг тайлбарлахад л чиглэсэн сургууль байжээ. Нагаржунайн хөгжүүлсэн мадхъямакаг онолын хувьд хоосон чанарын сургаал ч гэж бас нэрлэдэг. Энд зориуд сонирхуулахад, түүний "Мадхъямака карика" буюу "Дундад үндсэн билгийг шүлэглэсэн нь" зохиол:

-Хэн бээр шүтэн барилдаж болсон, түрдэх үгүй төрөх үгүй, тасархай үгүй мөнх үгүй, ирэхүй үгүй одохуй үгүй, ангит утгат бус нэгэн утгат бус, туурвил чухал амирласан нирвааныг үзүүлсэн өгүүлэгчдийн манлай туулсан Бурхан түүнээ мөргөмүү... гэсэн оршил үгээр эхэлдэг. Нагаржунайн найман хаалт гэгддэг мөнхүү шинж чанарууд нь чухамдаа хоосон чанарыг илэрхийлсэн диалектик санаа бөгөөд академич Ш.Лувсанвандан үүнийг "...аливаа бүхний оршин эвдрэхүйн хураангуй тойм" гэж дүгнэсэн байна. Буддагийн сургаал доторхи шүтэн барилдахуй гээч нь чухам бүхнийг өөрөөсөө үүтгэгч, бүхнийг эргүүлэн шингээгч хоосон чанар юм.

Нагаржунай алив бүхэн үнэхээр бүтсэн, бодтой оршин буйд ноттой итгэх үзлийг өрөөсгөл гээд, мөн бүхнийг үгүйсгэх үзлийг ч ташаарал хэмээжээ. Энэ тухайдаа: "Буй хэмээх нь мөнх үзэл. Үгүй хэмээх нь тасархай үзэл. Мэргэн хүн буй хийгээд үгүйн алинд ч үл автьюу" гэсэн бий. Аливааг бий ч гэх аргагүй, байхгүй ч гэх аргагүй, хорвоо бол энэ бүх үй түмэн эсрэг тэсрэг чанаруудын харьцаанд шүтэн барилдсан л зүйл юм гэсэн үг.

Танин мэдэхгүй, гэгээрэхүй, сурч боловсрохуйн талаархи түүний үзэл бодлын гол нь мэдлэг бол хүнд тээр дарамт учруулахаас цаашгүй тул танин мэдэхүйн эрс ондоон зам хайх хэрэгтэй гэдэгт зангигдаж байв. Энэ нь Их Хөлгөний хожуу үеийн өвөрмөц урсгал зэн-буддизмыг санагдуулна.

Нагаржунай байсхийгээд л даяанчилдаг, олон ч удаа хэрэн бадарчилсан хүн аж. Энэ зуур хүний амьдралын элдэв явдалд бишгүйдээ л орооцолдсон гэдэг. Зарим эх сурвалжаас үзвэл, тэр эр эмийн ёсны арга ухаан, бие махбодын чалхаа сулруулахгүй тухай ч номлол бичсэн бололтой. Өөр бусад эх сурвалжид түүнийг ид шид, дом чатга, алхимид гаргуун мэргэшсэн лам байсан хэмээн тэмдэглэсэн нь ч бий.

Мадхъямакаг үндэслэгчийнхээ хувьд тэрээр бурханы сургаалын хоёр дахь хүрдийг эргүүлсэн, "Дэд Бурхан будда" хэмээн хүндлэгддэг байлаа. Буддагийн сургаал номлолууд дотор "Намайг жинхэнэ утгаар нирваанд очсоны дараа 400 жил өнгөрмөгц миний сургаалыг Нага нэрт хуврага түгээн дэлгэрүүлж Буддагийн суудалд заларна" гэж лүндэгнэсэн тухай домог ихэд түгжээ. Сүмбэ хамба Ишбалжир түүнийг Манзушир бурханы газарт буусан дүр, бодьсадва хэмээн үзсэн байдаг. Бодьсадва бол Будда Шагжмуун, ирээдүйн будда Майдар хоёрын дундахь гол бурхан шүтээн бөлгөө.

Монголчууд Нагаржунайн "Ардыг тэжээхүй Рашааны дусал нэрт шаштир", түүний тайлбар болох "Чандманийн чимэг" судруудыг XVIII зууны үеэс орчуулан түгээжээ. Мөн энэ их сэтгэгчийн үзэл бодлын хамгийн чухаг тусгал болсон бүтээлүүд монгол хэлээр уламжлагдсан бөгөөд Монгол Данжуурын 17 боть төв үзэлд зориулагдсан юм.

Тухайн үеийн Энэтхэгийн хаан хатныхаа хамт Нагаржунайд шавь орж, бүхий л зам мөрөө даатган, аливаа үйл хэргээ асуун зөвлөгөө авдаг байжээ. Үнэхээр ч гүн ухааны сургаал, номлолын 200 гаруй хөлгөн судар зохиосон буюу эмхэлж цэгцэлсэн түүнтэй эгнэх ухаантан ховор байсан нь гарцаагүй.

Нагаржунайн сургаал үгсээс

Энэ орчлонд өнөө цагийн үр шим, айсуй сайн цагийг хүсэн хүлээх тэмүүлэл хоёр мөнхөд зөрчилддөг.

Ачтай тустай зүйлийн тухай мэдэж авуутаа л, хичнээн тааламжгүй бэрх зам туулах байлаа ч, мөнөөх зүйлийг өөрийн болгохоор чармай. Ухаантай хүн яг л ийм маягаар өвчнөө илааршуулах гэж гашуун эмийг уудаг билээ.

Үхэл зайлшгүй. Үхэж буй хүний зовлон шаналал бол түүний үйлдсэн нүглийн хэмжээ юм. Үүнийг мэдээд, газар дээрх зугаа цэнгэлийн төлөө муу үйл хийх ёсгүйг ухаарч ав.

Үхлийн өмнө хүн эгээ л салхин дор тавьсан дэнлүү мэт.

Зугаа цэнгэлд эд мөнгөө зарцуулсанаар чи эндхийн л амар жаргаланг олно. Буян өргөлд зориулбаас, үхлийн дараахь хойд төрлийн амаржлыг олно. Зовлон гэдэг бол эсвэл цэнгэж зугаацах бололцоогүйгээс, эсвэл үрж зарцуулах эдгүйгээс үүдэгч болой. Харин амар амгалан гэж юу сан билээ?

Цагаа ололгүй, буруу хооллосон хүн өвчин тусч, зөв хооллосныхоо хүчинд хүн урт нас, эрүүл мэнд, хүч чадал, баяр хөөрийг олж авдагчлан, -аливааг мэдэхгүй хүн мөхлөө зүглэж, үнэхээрийн бат мэдлэгтэй хүн дээдийн гэгээрэл, амирлангуйг олно.

Өгөөмөр сэтгэл хийгээд ёс журам сахисны ашиг тус бусдад болой. Үнэн тэвчээртэй, нэгэн үзүүрт сэтгэлийн ашиг өөрт болой.

Үнэнийг эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрөгдөх зүйл ч гэх юм уу, оюун ухааны бүтээгдэхүүнтэй адилтгах нь буруу. Үнэн гэдэг бол өрөөл бусдад л зориулагдан бүтээгдсэн сайн сайхан бөгөөд шударга бусаар явагч хэн бүхний хувьд тэвчишгүй худал зүйл бөлгөө.

Иш татав: http://ken.blog.gogo.mn

  • ЗочинMay 14, 2013

    шал сонин хэллэгтэй юмаа. тайлбарлах гээд ч байгаа юм шиг танилцуулах гээд ч байгаа юм шиг. эсвэл тодорхойлолт өгөх гээд байгаан болуу. "Бодьсадва бол Будда Шагжмуун, ирээдүйн будда Майдар хоёрын дундахь гол бурхан шүтээн бөлгөө." гэжээ энэ зөв үү?

  • ЗочинMay 14, 2013

    Бодьсадва гэж тустай Бурханыг хэлдэггүй. Бодьсадва гэж хамаг амьтаны тусын тулд гэсэн сэтгэлтэй амьтан бүрийг хэлнэ. Бурхан ч мөн бодьсадва юм. Бодьсадва Бурханаас ангид тустай зүйл бус. Мөн Бурханы нэр ч бус тиймээс тэгж ойлгох нь буруу

Бусад мэдээлэл