Монголчууд эрт үес маанийг олон тоогоор уншиж ирсэн уламжлалтай. Маанийг олон тоогоор уншихдаа Багш, Бурхан шүтээний өмнө бум, сая, живаа, дүнчүүр тоонд хүргэж ам авдаг. Дүнчүүр тоо гэдэг нь зуун саяыг хэлнэ.
'УМ МА НИ БАД МЭ ХУМ' тарнийн утга учир нь Бурхадын эрдмийг авианы хэлбэрээр илэрхийлдэг. Маань уншсанаар Ядам бурхад ойртон, тэднээс шид адис хүртэх мөн бидний дотоодод байгаа бүхий л эрдэм билгийн үрийг сэрээхэд тусалдаг гэж үздэг.
- УМ үсэг ёзоорын нисваанис буюу мунхаг хийгээд тэнгэрийн ертөнцийн зовлонг арилгаж, дээд шид бүтээлийг олж өглөгийн барамидыг төгсгөхийн.
- МА үсэг уурын нисваанис хийгээд асурын зовлонг арилгаж, нийтийн шид бүтээлийг олж шагшаабадын барамидыг төгсгөхийн.
- НИ үсэг харамын сэтгэл хийгээд хүний зовлонг арилгаж, өвчин ад амирлуулах шид бүтээлийг олж, хүлцэнгүйн барамидыг төгсгөхийн,
- БАД үсэг шунал тачаал хийгээд адгуусны зовлонг арилгаж, нас буян арвижуулах шид бүтээлийг олж, хичээнгуйн барамидыг төгсгөхийн,
- МЭ үсэг атаа хийгээд бирдийн зовлонг арилгаж, бусдыг эрхэндээ хураах шид бүтээлийг олж, самад дияаны барамидыг төгсгөхийн,
- ХУМ үсэг омог хийгээд тамын зовлонг арилгаж тотгор бүгдийг гэсгээх шид бүтээлийг олж, билгүүний барамидыг төгсгөхийн эрдмүүдтэй болой.
Эдгээр нь нийлээд Жанрайсиг бурхныг "Эрдэнэ хийгээд лянхуаг баригч та намайг хийгээд хамаг амьтанд асрал хайр энэрэн нийгүүлсэхүй болон Бодь үнэн сэтгэлийг бидний сэтгэлд үүсгэн адислаж соёрх" хэмээн урин дуудаж байгаа үгс юм.