2012-03-24 | Нийтэлсэн:admin | Үзсэн:10238
Монгол бичгийн хэлэнд “шашин”, ярианы хэлэнд “шажин” хэмээгддэг энэхүү үг нь эртний Энэтхэгийн санскрит (самгард) хэлний “шасана” (sasana) гэсэн үгнээс гаралтай. “Шасана” нь “зарлиг айлдал, сургаал номлол, заах сургах” гэсэн утгатай бөгөөд “сонсох, санах, бясалгахын хүчээр гэм бүхнийг тэвчиж эрдэм бүхнийг төгссөн Бурхан, түүний шавь нарын сургаал номлол” хэмээн тодорхойлсон байдаг.
МЭӨ I зууны үед амьдарч байсан Ромын төрийн зүтгэлтэн Цицерон “Бурхадын утга учир” зохиолдоо ромчууд тахил шүтээний ёсоо “шашин” хэмээн нэрлэж байсныг онцлон дурдсан нь буй. Түүнчлэн МЭ I зууны үед христосын ёсон үүсэхдээ ромчуудын энэхүү үгийг бусад сүсэглэлээс ялган хэрэглэх болсон. МЭ IV зууны үед христосын сүм хийдийн эцэг хэмээн түүхнээ тэмдэглэгдсэн Августин /254-430/ хүнийг ертөнцийн эзэнтэй холбох сургаалын цогцыг шашин мөн хэмээн томъёолсон бөгөөд ийнхүү “шашин” хэмээх утгаар шүтэн бишрэхүйн ёсон европ дахинаа үүссэн дэлгэрсэн.
“Бурханы шашин” гэдгийг судар шастарт: “нүгэл алиныг ч бүү үйлд, буяны хотол чуулганыг эдэл. Өөрийн сэтгэлийг огоот номхотговол энэ нь бурханы шашин болой” хэмээсэн байдаг. Үүнийг дэлгэрүүлэн тайлбарлавал, аливаа муу үйл, нүгэлд зүглэх бүгдийг бага ч атугай бүү хий, харин сайн үйл, буяны зүгийн зүйл бүхнийг өөрийн бие, хэл, сэтгэлээр ямагт үйлдэж бай, сайн үйл үйлдэх, сайн хүн болохын уг үндэс нь сэтгэлээ ариусгахуй бөгөөд энэ бүхэн нь бурханы шашин болно хэмээжээ.
Тиймийн тул бие, хэл, сэтгэлийнхээ алдал, уналыг арилгаж, оюун билгийн гэгээрэлд чин сэтгэлээр зорих нь чухал. Хүн төрөлхийтөн нь арван хар нүглийг тэвчээд, арван цагаан буянд хичээгээд хүмүүнийг хорлогч сэтгэлийн муу гэмийг арилгахын тулд нэгэн үзүүрт сэтгэлээр хичээх нь нэн эрхэм болой.
Хүн хэмээх оюун ухаант амьтанд, итгэн бишрэх шүтээний зүйл, амьдралдаа даган мөрдөж, баримтлах үнэн зам мөр, сэтгэлийн амгаланг эдлүүлэх сургаал номлол зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлэхүл, хүний нийгмийн шүтэх, бишрэх хэрэгцээ зайлшгүй тулгаран гарч байдаг, түүнийг гүйцэлдүүлэхтэй шууд холбоотой гэсэн үг... Тэр бүгд нь Бурхан багшийн сургаалд байдаг билээ. Энэ тухайд Бурхан багш: “Миний сургаал егүзэрүүдэд тогтсон таалал, нялхсад шашин болой” хэмээсэн байдаг. Энэ нь Бурхан багшийн сургаал номлолын гүн утга агуулгыг таньж мэдэн ойлгохыг хүсэгч, тийн чадсан хэн хүмүүнд гүн ухаан, сургаал, мөр болно. Харин Бурхан багшийн сургаалыг шүтэн биширч, даган явагчдад амьдралын мөрдлөг, ёс, цааз, хэлбэрэлтгүйд дагах мөр, зарчим болж буй бөлгөө... Нөгөөнтэйгүүр “буддизм бол шашин болоод хувирчихсан шашингүй үзэл” хэмээн нэрт сэтгэгч А.Камюгийн дүгнэсэн нь Бурханы багшийн сургаалын цаад, гүний гүн утгыг илтгэж байна гэж хэлж болох...
Шашин шүтэх, эс шүтэх нь хүний заяагдмал, халдаж, хязгаарлаж үл болох эрх юм. Тиймээс хүн өөрт нийцсэн, итгэл үнэмшил, сэтгэл ханамжаар энэхүү хэрэгцээгээ тодорхойлдог. Энэ тухайд Зава Дамдин гавжтан бээр, “Тэнгэрээс илүүгүйн магтаал судар”-аас ишлэн: “Би бээр нь бурхан багшийн зүгийг өмгөөлөн барихгүй, сэржэ тэргүүтэн дор бусад хэмээн хол барьж уурлахгүй бөгөөд алин нэг зохис төгс үгт тэр ямагтыг багш дор огоот бармуй” гэжээ. Энэ нь сургаал, номлолын гүн утгыг судлаад, өөрийн үнэн мөр хэмээснээ, өөрийн ойлголт, бодомж, оюун дүгнэлтийн нийлэмжээр даган барихыг хэлжээ.
Харин олон номлол, сургаалаас Бурхан багшийн зарлиг үнэн мөр болохыг, Тунгалаг цорж Агваанбалдан “Их тогтсон тааллын зүүлт тайлбар бэрх анис зангилгааг тайлагч Тод оюунтны энхэр эд хэмээгч” зохиолдоо: “Бурхан багш нь миний садан бус, бусад нь миний дайсан бус, Бурхан багш нь миний эцэг бус, бусад нь миний дайсан бус, Бурхан багш бээр надад эд эдлэл юун нэгнийг өгөөгүй, бусад нь надаас юу нэгнийг булаан аваагүй, тэдгээрийн биет үйлдлийг би бээр нь эс үзсэн, гагц тэдгээрийн үг хийгээд үйлдэл тус тусын ялгаврыг олж сонсоод Бурхан багшийн эрдэм хэтэрхийн тул би түүнд сүслэн буй болой” хэмээн тодорхойд өгүүлжээ... “Шинжлэх ухаанч шашин байдаг бол тэр нь буддизм” хэмээн нэрт эрдэмтэн А.Эйнштейн тодорхойлон хэлсэн нь дээрхийг улам бүр бататган буйг бүрнээ илтгэнэ...
XXI зуунд хүн төрөлхтөн улам бүр өөргийгөө буюу хүнийг судлах, хүний оюуны тайлагдашгүй нууцыг эрэх болж, даян дэлхийн хүн амьтны хувь заяа нь сэтгэлтэй нь холбоотой гэж үзэж байна. Үнэхээр хүн төрөлхийтний ирээдүй нь сэтгэлээ ариусган гэгээрэхтэй шууд шүтэн барилдсан байна. Үүнд зөв таалал, зөв мөр хамгаас чухал болой. Тэр нь “Ба бүрний багшийн сургаал” мөн болой...
Эх сурвалж: http://jalkhanz.blogspot.com
ЗочинSeptember 19, 2012
Shasana гэдэг үгийн тайлбар хаа ч байхгүй.
RELIGION гэдэг үгийг МЭӨ I-р болон IV-р зуунд гаргаж ирсэн юм байж. Тэгэхлээр Ромын эзэнт гүрний үед манай эриний өмнөх үе юм байна. Христтэй хамаагүй болтой.
relegere, religare, religare гэх мэт үгсээс үссэн байх магадгүй.