Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Уур /Ухаархуй шүлгийн цомгоос/

Уур, галзуу, согтуу гуравын үр нь өөр ч, дүр нь ижил хэмээн
Урьдын нэгэн цагт ээж минь хэлдэг байж билээ
Угтаа үр нь ч ижил, дүн нь адил хэмээн
Ухаант мэргэд тэднийг сэтгэлтэй холбож тайлбарласан нь бий

Уур харин эрүүл хүнээс ч гарах атал
Удаах хоёр нь өвчин, архи хоёроос үүдэлтэй гэх ч
Уг чанартаа аль аль нь сэтгэлийг өвчлүүлнэ
Уршиг дагавар нь ч мөн сэтгэлтэй холбоотой гэнэ

Уур гэдэг өвчинг ухаж гаргах бодьгүй тул
Ухамсар, сэрэмжийг л ашиглан отож
Уурлах үед нь уургалан барих л замаар
Уг гарлаар нь устган хөөх боломжтой гэнэ

Уг гарал үүсвэр нь хоосон барьцгүй ч гэлээ
Угтаа бол нисванисийн сэтгэлийн үр дагавар
Уур хилэн зовлонгийн шалтгаан мөн тул
Угтан үйлдэл дээр нь дарахаас өөр гарцгүй гэнэ

Уурын шалтгаан нь омог бардам сэтгэл
Уг сурвалж нь би-ийн мунхаг сэтгэл
Уурыг өдөөгч нь бидний дотоод нөхөр
Ухааруулж хүмүүжүүлэгч нь харин гадаад дайсан гэнэ

Угтах дайсан үгүй байсан бол
Уур хилэн хаанаас төрөх билээ
Урамшуулж өдөөх нөхөр үгүй бол
Уурын мөн чанарыг хэрхэн онож чадах хэмээнэ

Ухаж сайн бодвоос дайсан гэдэг багш, сургагч
Угтагч дотоод нөхөр бол сэтгэлийн гэм тул
Угтаа багшид талархан, найрсаг сэтгэлээр хандан
Уурын мунхагийг уг ёзоороор нь устгах учиртай бус уу

Ө.Батболд

    Бусад мэдээлэл