2013-06-03 | Нийтэлсэн:admin | Үзсэн:18601
Үлэмжийн чанар буюу Үлэмж үзлийн агаар дахь чинадын чанд ухамсар
Хутагт дээд багшдаа мөргөмү!
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ хэмээсэн бадаг нь үлэмж үзлээр мандаж өөрийн аяаар болсон сэтгэл төгс төгөлдөр юм, яг л буртаггүй толь хамаг бүхнийг тод тунгалагаар тольдох шиг, үдшийн бүрий дахь уудам огторгуйн цэнгэг мандалд сэтгэл ууссан мэт, амгалан дүр байдлын амирлалыг хараx шиг.. үзэхэд сэтгэл ханах аргагүй гэсэн утгатай.
Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ хэмээх дараах бадаг нь дээр дурьдсанчлан тэр мэт сэтгэл нь балчигт ургадаг ч балчигийн хир үл халдах цагаан лянхуа адил тунгалаг ариун сэтгэлтний оюунд ургана. Нисванисын буртагт дарагдсан хүний өчүүхэн бие, нөгөө талаас арилсан гэгээнийг дадал болгон муу муухайтай тэмцэгч магад гарахыг хүсэмжилсэн үзлээс төрдөг. Товчхондоо зүрх уйлж, усан мах бодод оч харван шаталдах мэт . Баясгалангийн дээдийг мэдүүлэгч түүнийг бахдаад яав ч ханамгүй, буяны сэтгэлд урам өгдөг гайхамшиг минь гэсэн утга болно.
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн ааль мину зээ гэдэг удаах бадаг нь мунхарсан хүлээст хүмүүний сэтгэл нь нисванисыг орхиж алдарсан гайхамшигт цаглашгүйн зүрхэнд хүрсэн үедээ зөвхөн өөртэйгөө хэлцэж байж буюу тухайн үед мэдэрч буй огторгүйн цаад дахь ариун тунамал агаар мандал адил гайхамшигт түүнийгээ сонордож байж тархиндаа зураглана. Энэ ертөнцөд авч ирнэ. Угтаа энэ ертөнцийн утга хэмээхээс ч хэдийнэ хагацсан эгшиглэн байдаг тухай өгүүлжээ.
Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан занданы үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая энэ бадагуудад өөрийн бие жаргалангийн бие болохыг хэлж байна. Сэтгэл тэр нь сансарын мөн чанартай бие хэмээхийн дотоодод бүтдэг тул түүнийг ухамсар төдийтнөөр мэдрээд өнгөрөх хангалтгүй, тиймээс өөрийн бие тэр мэт адил (мэдэрдэг байх нь хангалтгүй учир өөрөө үлэмжийн чанар) болох ёстой. Тиймээс дадуулсаар өөрийн мөн чанар, оршхуйгаа болгож төгс гэгээрлийн хутгийг олохыг ерөөсөн утга болно.
Агсан галзуу миний дууг эс мэдвэл
Амьдрал үхлийн нууцыг тайлах нь бэрх.
Ноён Хутагт
Эх сурвалж: Цэнгэл
ЗочинJune 5, 2013
Гайхамшигтай
ЗочинJune 8, 2013
Үлэмжийн чанарийг хүмүүс хүүхэнтэй холбож л ойлгодог байх. Гэтэл цаад чанар нь өөр л байдаг юм да. Хүн бүр өөрийн сэтгэл ямар байна тэр өнцөгөөсөө л харах юм да хө гэж
ЗочинJune 8, 2013
бадам бадам бадам
цэцэг цэцэг цэцэг