2013-07-09 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6289
Нэг өдөр сүмийн том хонх дүнгэнэн дуугарахад Будда Анандаас асуусан нь :
- Энэ хонхны дуу хаанаас гарч байна вэ?
- Хонхноос !
Будда хэлсэн нь :
- Хонх гэв үү ? Хонхонд хэл үгүй бол дуу нь чухам хаанаас сонсогдох болж байна вэ?
Ананд өөртөө : “ Хэл ., хэл ! “ гэж хурдан хэлснээ :
- Агааргүй орчинд хонхны дуу үл сонсогдох юм байна. Тийм байна ! Оллоо ! Дуу авиа агаараас сонсогдож байгаа юм байна гэв.
Будда хариуд нь :
- Агаараас гэв үү ? Гэвч чамд чих үгүй бол чи тэрхүү хонхны дуу авиаг сонсож үл чадна.
Ананд :
- Тийм байна, багшаа ! Би чихээрээ л түүнийг сонсож байгаа юм байна . Тэрхүү дуу авиа миний чихэнд сонсогдож байгаа юм байна !
Будда хэлсэн нь :
- Чиний чих гэв үү ? Хэрэв чамд ухамсар үгүй бол чи хонхны дуу авиаг хэрхэн ойлгож сонсох билээ?
Ананд :
- Тэгвэл миний ухамсар л дуу авиаг бүтээж байгаа ажээ хэмээн хэлэв.
Будда хэлсэн нь :
- Чиний ухамсар гэж үү ?
Тэгвэл Ананд минь ! чамд сэтгэл үгүй бол чи тэрхүү хонхны дуу авиаг хэрхэн сонсох болж байна вэ?
Бүх юмс сэтгэлээс л үүдэлтэй ажээ хэмээн Ананд хэлжээ.
Эх сурвалж: news.mn