2013-12-18 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6099
Авшиг гэдэг адислалын хүч нэг талаас
Ашиглаж хэрэглэх багшийн зөвшөөрөл нөгөө талаас
Авшигийг дагаж ариусал адистын хүч ирэх төдийгүй
Авралт бурхантай нэгдэх анхны агшинтай бид золгоно
Авшиг дотор арга техник номын хүч бий
Ариусаж гэгээрүүлэх увидастай тарнийн үг ч буй
Авшиг гэдэг угтаа амаар болон үйлдлээр дамждаг зүйл бус
Анир чимээгүйд багшаас шавьд ирдэг сэтгэлийн хүч
Авшиг авна гэдэг шавийн хувьд ач буяны үр
Авшиг хүртээнэ гэдэг багшийн хувьд асар их хариуцлага ачаа
Адис авах мөчөд таны нэр нүүр хэвээр үлдэх ч
Амьдралын зохиол тань бурханы гэгээрлээр солигдож сүнс амирлана
Амьдрал хүний төрлийг олох нь сая жилд нэг тохиох боломж гэвэл
Авшиг өгөх багштай учрах нь сая төрөлд хүртэх нэг буян
Алаг хорвоод амийг олоод үхэл зовлонтой нүүр тулах мөчөд
Авшиг багшийн хүчээр Авид бурханы оронд залрах тавилан бүрдэнэ
Авшигийг анх хүлцэл хатуужлын туйлд хүрсэн хуврага
Амьдралыг огоорч гэгээрлийг эрэлхийлэгч тойн Богд
Амьтны тусад өөрийгөө зориулагч Бодьсатва нарт
Асар их шалгуур шүүлтүүрийн эцэст хүртээдэг байсан үе бий
Амьтны авир чанар муудсан энэ цөвүүн цаг дор
Аврал ухаарлын мутраа сунгасан бүгдэд авшиг хүртээх болсон нь
Асралт эх дэлхийн дэсийг дээшлүүлж адислагч
Алтан эринийг зарлагч авралт бурхан өөрөө заларсаны дохио гэнэ
Ө.Батболд