2013-09-24 | Нийтэлсэн:admin | Үзсэн:5560
Дээдийн багш дор мөргөмү!
Миларайва хэмээн алдаршсан тэр Богд Са-Ог агуйгаас Ронпүгийн гэгээн гэрэлт агуйд өөд болон сууж бүхий цагт хутагтын төрсөн нутаг болох Запү орноос баахан залуус түүнд мөргөхөөр ирээд ийн айлтгаруун: “Дээдийн багш та урьд нь хараалын эрдмээр өшөөтөн дайснаа дараад эдүгээ ном буян үйлдсэн нь маш гайхамшиг бөлгөө. Бид таны өмнө бараалхаж мөргөхийн цагт Богдсын номд дуршин шамдах боловч нутаг орондоо харингуут ертөнцийн үйлстэй хутгалдчих юм. Энэхүү туйлбаргүй сэтгэлийг хэрхин номхотговоос зохилтой болохыг айлдан соёрхох ажаам уу!” хэмээхэд Миларайва лам хариу ийн айлдаруун: “Хэн нэгэн хүн төрөх, өвдөх, өтлөх, үхэх тэргүүтэн орчлонгийн хамаг зовлонгоос тонилох тийм чин зориг буй л бөгөөс ямарваа үйлийг үйлдэвч амгалан жаргалыг эдлэх болой. Хэрвээ тэгж эс чадах аваас сэтгэл дотроо үргэлж «Энэ нас зовлонт бүхий байтал хойд насанд эдлэх гашуун зовлон түүнээс нэн үлэмж их тул ирэх хойд заяанд туст үйлийг хийхээр хичээл шамдлыг үүсгэвэл зохимой» хэмээн бясалгах хэрэгтэй” гээд доорхи гүр дууллыг эгшиглэн номложээ:
«Зургаан зүйл хамаг амьтан нугууд
Зуурмаг орчлонгийн мөрөн дунд живмүй
Төрөх, өвдөх, өтлөх, үхэхэд шахамдагдсаар
Төдөлгүй хойдын зовлонд илүүтэй шаналах тул
Төөргөөс гэтэлгэх онгоцыг бэлдэж завдав уу?
Хорлолт шулам хийгээд эрлэгийн элч
Хойд насны зам мөрийг тосох тул
Хосгүй ачлалт замчийг олж нөхөрлөв үү?
Урин тачаангуй мунхаг шунал тэргүүтэн
Угтах хойд төрөлд нэн илүү түйдмүй
Урхагийг засах туст ерөндөгийг зэхэв үү?
Эцэс төгсгөлгүй гурван сансрын орны
Элчилгүй зам хойтод бүр ч илүү алс
Холын аяны хомсдошгүй идээ мөн тул
Хосгүй дээд Богдсын ном дор хичээгтүн!» хэмээн зарлиг болвоос мөнөөх залуусын сэтгэл машид баясаад ийн өчрүүн: “Таны айлдсан сургаал номлол бид бүхэнд зүйргүй их тустай болохыг өгүүлэх юун! Бид бүхэн таны өмнө ном үйлдэн суусугай! Лам та сүсэгтэн олон бидний хойшдын зам мөрийг сэтгэлдээ болгоож танд өргөн барьж байгаа өглөг буянаас өчүүхэн хувийн төдийг ч таалан соёрхох ажаам уу! Бид бүхэн таны саяын зарлиг болсон айлдвар номлолыг бүрэн гүйцэд онон ухаж чадсангүй тул багш та арай дэлгэрэнгүй тайлбарлан номлох ажаам уу!” хэмээхүйд Миларайва лам доорхи гүр дууллаар хариу баривай:
«Үлэмж мэргэн ламыг шүтэхүй тэр нь
Үхэл зовлонгоос тонилгогч хөтөч болой
Үгээгүй ядууст өглөг өгөхүй тэр нь
Үлэмж ном буянд шамдахын хүнс болой
Саран мэт сайн ухаан төрөхүй тэр нь
Саарал үгүй түргэн аврагч замч болой
Сацлалгүй номын өглөг буян тэр нь
Сал онгоцоо засаж базаасны батлагаа болой
Үзэл нь алагчлах үгүй хэмээхүй тэр нь
Үймцрэл алгасралгүй бясалгалын мөр болой
Үлэмж ном лугаа явдал зохицохуй тэр нь
Үнэн тангарагт лам юугаа баясгасан нь болой
Үрийг олвоос үхэхийн цагт гэмшилгүй буй за!
Ураг, өглөгийн эзэн хийгээд шавь нар
Удирдагч лам надад бээр хэрэггүй
Урд минь суугч та нарт л хэрэгтэй
Алдар нэр, байр суурь, эрх сүр
Аглагт суугч егүзэри надад хэрэггүй
Арга залийн найман номтонд л хэрэгтэй
Эрдэнэс баялаг, эд мөнгө, үймцрэл гурав
Эзгүй уулнаа суугч надад хэрэггүй
Ихэд оморхогчин иргэнд хэрэг болмой
Угаал, ариулахуй хийгээд атгаг гурав
Угаас өвгөн егүзэри надад хэрэггүй
Урт холоос зорин ирэгч та нарт хэрэгтэй
Дээр өгүүлсэн арван хоёр үйлнээ
Дэлхийн дахины хүмүүд цөм шамднам
Тэр бүхнийг огоот тэвчих нэн хэцүү
Тэгж чадагч ховор заяатан тун цөөхөн
Ой хөвчийг бараадан суугч Миларайва миний
Олдохуйяа ховор чухаг энэ бардамналыг
Олон залуус та нар оюундаа тогтоогтун!
Энх жаргаланг хүсэх бөгөөс Богдсын номд шамд
Эндүүрч алгасран уйдваас аглаг буйдыг шүт
Эгнэгт ихэд шамдъя хэмээвээс гагцаар суу
Энгүй бодичид сэтгэлийг хүсэж хатуужин бясалгаваас
Энэлэлт дөрвөн шимнусын хөнөөлийг магад дармой» хэмээн зарлиг болохуйд чуулсан олны дотор тунгалаг бишрэлт бэлгэ лүгээ төгссөн нэгэн залуу хөвгүүн Мила Богдод хандаж: “Дээдийн багш минь ээ! Бид мэтийн мунхаг ард ертөнцийн үйлнээ тачаагаад ирэх хойд төрлийн буянд эс шамдах бөлгөө! Өдгөө би таны айлдаж сургасанчлан энэ насны хотол жаргаланг огоот таягдан хаяж, ирэх хойд төрлийн буяны үйлсэд хичээнгүйлэн шамдахаар шийдсэн тул дорд надад увдисыг соёрхох ажаам уу!” хэмээгээд хичээнгүйлэн дээшид сайтар өчивэй. Богд Миларайва лам түүнийг гэгээнээр нигүүлсэж ийн зарлиг болруун: “Чөлөө учрал бүрдсэн хүмүүний биеийг олж төрөөд Богдсын номыг үйлдэх туйлын ховор чухаг. Тийн хичээн шамдагч зуун хүмүүдийн дунд чин сүжгээр ном буяны үйлнээ шамдагч ганц нэгхэнийг олно гэдэг тун бэрх. Тэр бүхний дунд сайны ерөөл учрал бүрэлдэн сайвар одогсоны номыг нэвтэрхийеэ ухсан дээдийн багш лугаа учрах хамгаас хэцүү буй за! Гэтэл чамд тэр бүх сайтар зохилдох шалтгаан бүрнээ чуулсан тул дээд номд хичээнгүйлэн суралцагтун!” хэмээгээд доорхи шүлгийг номлоруун:
«Будангуй найман чөлөө үгүйг тэвчиж
Бүрнээ чөлөө учралт хүмүүний биеийг олохуй нь
Бусдаас илүү ховор чухаг гэгч тэр болой
Энэлэнт орчлонгийн хомсдогч жаргаланг тэвчээд
Энэ биеийн шимийг сайтар хүртье хэмээгээд
Энгүй дээд Богдсын номыг бүтээхүй нь нэн бэрх
Эргэх орчлонгийн гэмт ном нугуудыг эс ухваас
Эгээрэлгүй түргэн нирвааны хутгийг бүтээхээр
Эрс шийдэмгий бясалгалд шамдах нэн бэрх
Арав зуугаараа ном буяны үйлд шамдавч
Арвин зохилдох сайн шалтгаан бүхэн бүрэлдсэн
Ахицтай бүтээлчин нэгнийг олох нь нэн бэрх
Уйдах хийгээд чилэх үгүй сайн сүсэг бишрэл
Улмаар самади хийгээд билгүүнийг дэгжээх тул
Учрахуйяа чухаг тийм шавийг олохуйяа нэн бэрх
Аюумшиг хийгээд шахамдлаас огоот ангид нь
Аливаа зохилдох сайн шалтгааны үндэс тул
Аглагийн орноо тэр бүхнийг бүтээхүйеэ нэн бэрх
Ариун явдал нь үзэл лүгээ найралдан зохилддог
Ааш ааль тэргүүтэн харилцан бүрнээ нийцэх
Ашдын тийм буяны саданг олохуй нь нэн бэрх
Халуун хүйтэн өвчин эмгэгийг тэвчсэн
Хатуу хүтүү аливаа бэрхэд ажирдаггүй
Хайрламаар тийм биеийг олохуйяа нэн бэрх
Гарцаагүй энэ бүх бэрхүүдийн дундаас
Гадаад дотоод сайн шалтгаан бүрэлдсэн байтал
Гагц сэтгэлээр хатуужин бясалгах нэн бэрх
Олдохуйяа бэрх энэ есөн арга ном нь
Орчлон хорвоогийн бэрхийн дундах бэрх болой
Онцлож түүнд шамдваас шид бүтээлийг олмой» хэмээн айлдан номлохуйд мөнөөх залуу Богд ламд дээргүй гүн сүсэг бишрэл төрж, хутагтын зам мөрийг даган бясалгахаар шийдсэн тул Хутагт Миларайва нигүүлсэн болгоогоод авшиг хийгээд увдисыг соёрхжээ. Төд удалгүй хотол эрдэм төгсөж, гэтлэлийг олсон хосгүй сайн заяат тэр залуу болвоос хожим Мила Богдын шадар том шавь нарын нэг болсон Запүрайва хэмээгч байсан ажгуу. Гэгээн гэрлийн агаарт Запүрайва лугаа учирсан арван нэгдүгээр бөлөг төгсөв.
Орчуулсан: Д.Болдбаатар