2013-03-29 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6152
Дээдийн багш дор мөргөмү!
Мила Богд Лачи нэрт цаст ууланд хортон тэнгэр, чөтгөрүүдийг номхотггосны улмаас алдар нэр нь хол ойргүй ихэд дуурьсах болжээ. Нянан дахь хөдөө тосгоны иргэд Мила Богдод ихэд сүслэн биширч, тэдний дундаас Үрможомо нэрт баян ахайтан сүжиг бишрэл нэн их төдийгүй арга номыг байнга асуух тул нэгэн өдөр Мила Богдод ийн өчрүүн: “Аяа хутагт минь! Надад нэгэн Дамбажагпүва нэрт бяцхан хөвгүүн буй бөгөөд түүнийг өсөж том болсон хойно танд шавь оруулан үйлчлүүлэхийг хүсэж байгааг болгоох ажаам уу!” хэмээжээ. Удалгүй Нянан тосгоны иргэд Мила Богдыг залж Шэндормо нэрт өглөгийн эзэн ихэд өргөж хүндлэсэн ажгуу.
Мила Богд уг тосгонд суугаад удаагүй байх зуур орчлонгийн үйл, хэрүүл тэмцэл зэргийг үзээд сэтгэл нь маш их цөхөрч байж суухын эцэсгүй болсон тул өглөгийн эздэд хандан: “Аяа! Энд миний суух ёстой орон бус ажгуу. Нянан Зармагаас холдож Лачи нэрт цаст уулнаа одсугай!” хэмээн зарлиг болжээ. Нянан Зармагийн өглөгийн эзэд Мила Богдод хандан: “Хутагт Миларайва танд хамаг амьтны тусаас илүү эрхэм зүйл үгүй буй за! Тийм бөгөөс бид бүгдийг энэрэн нигүүлсэж ямар ч байсан өнөө жил манай энд өвөлжих зуур бидэнд нэжгээд хөтөлбөр номыг айлдан соёрхох ажаам уу! Чөтгөр шуламсыг номхотгох үйлийн тухайд хэзээ ч амжуулж болно. Хэрвээ хойтон жилийн хавар зун цаг улирал дулаарсан хойно Лачи цаст уулнаа очвоос өвлийн тэсгим хүйтэн зэрэг элдэв зүйлийн тохьгүй байдал учрахгүй. Тэр цагт бид танд хэрэгцээт зүйлсийг бэлтгэн үдэж явуулсугай!” гэжээ. Ялангуяа Шакьягуна тойн хийгээд Шэндормо өглөгийн эзэн хоёр нэн илүү хүчлэн ятгаж өгүүлрүүн: “Аяа дээдийн багш минь! Эдүгээ тэсгим өвлийн хүйтэн цаг тохиосон тул Лачи цаст уулыг зоривоос маш зүдүүртэйгээс гадна осолтой хэрэг болно” гэх мэтээр дүн өвлийн цагаар цаст ууланд амьдрах хүчир бэрхшээл болон аюул ослыг нарийвчлан тоочиж түр үлдэхийг Богд ламаас хүсчээ. Гэвч Мила Богд тэдний үгэнд оролгүй эртхэн хөдлөхөөр шийдэж ийн зарлиг болруун: “Нарова их шидтэнгийн үндсэн баригч хөвгүүн би вээр тэсгим хүйтэн жавар, исгэрэх шуурга болон цаст уулнаа ганцаараа оршин суухад аюух зүйл юу байхсан билээ. Цасны нурангийн сэтгэл сэрдхийлгэм их чимээ ч намайг хирдхийлгэж чадахгүй. Тэгээд ч Богд Марва лозава «Үймцэх хийгээд алгасралыг тэвчин хүмүүний мөр үл хүрэх аглаг бөглүү газрыг шүт!» хэмээн зарлигласан бөлгөө. Ялангуяа би ойрдоо энэ балгасанд суух зуур орчлонгийн тоос тортогт үйлэнд насан туршдаа хутгалдаж явснаас даруйхан үхэх нь зовлон багатайг ухаарав! Тийм болохоор би эндээс явна гэж хатуу шийдсэн тул намайг битгий хүчлэн хоргоогтун!” хэмээжээ.
Тэгээд Шакьягуна багш хийгээд Шэндормо тэргүүтэн зургаан өглөгийн эзэн зооглох идээ ундааны зүйлийг бэлдээд хутагтыг үдэн гаргахаар нэгэн уулын давааг өнгөрч Мүрзи нэрт газар хүрвээс Мила Богд тэдэн лүгээ салах ёс гүйцэтгэв. Тэрвээр хоёр суулга гурил, нэг суулга будаа, ганц үхрийн гуя болон нэг жин шар тос тэргүүтнийг аваад шимнусыг номхотгосон их агуйдаа өөд болон суужээ. Богдыг үдэн гаргасан зургаан өглөгийн эзэн Нянан Зарма руу буцах замдаа уулын даваа өгсөж явтал цаг агаар эвгүйцэн догшин шуурга босоод цасаар нүдгүй шуурч, амьсгал авахын эцэсгүй шахам болоход замын мөрийг алдаж төөрч будилах шахжээ. Тэд нар салхи шуургатай тэмцэн явсаар арайхийж нэг юм гэрээ олон ирцгээтэл тосгоны иргэд бүгд гүн нойронд дарагдан унтацгаасан байв. Тэр шөнөөс эхлэн нүдгүй цасан шуурга арван найман өдрийн турш зогсолтгүй шуурсанд Нянан орон руу ирэх зам харгуй цасанд боогдсоор зургаан сартай золгосон гэдэг. Энэ үеэр Нянан тосгоны иргэд «Урьд хожид үзэгдээгүй энэ айхтар цасан шуурганаар Мила Богд лав нирваан дүрийг үзүүлсэн буй за!» хэмээн бодоод хурал ном хуруулж ерөөл буян талбижээ.
Хойтон жилийн хаврын гурван сард хутагтын шавь нар цас мөс ухах хүрз, жоотуу бэлтгээд Лачи цаст ууланд очиж Мила Богдын шарилыг цасан дороос ухан гаргахаар явцгаав. Тэд ийнхүү явсаар ойролцоох нэгэн гүүрний дэргэд суугаад хэсэг зуур амарч байтал холгүйхэн нэгэн том хадны дээр нэг цоохор ирвэс авиран гарч ирээд айсан янзгүй амаа ангайлган суниах зэргээр аяглаж байснаа яваад өгөхийг харцгаав. Түүнийг явсан хойно бүгдээрээ: “Байдлыг үзвээс энэ ирвэс хутагтын шарилыг ор мөргүй идснээс зайлахгүй боллоо. Цөмөөрөө ядаж яс, үсний төдийхнийг ч гэсэн олж хариад тахих юмсан” гэж хоорондоо хэлэлцэх зуур сэтгэл шимшрэн нулимс дуслуулан гашуудацгаав. Цааш явж байтал зам дээр бар гэхэд бага шиг, ирвэс гэхээр илүү том нэгэн амьтан гарч ирсэнээ удаж төдөлгүй үзэгдэхээ больжээ. Хожим тэр замыг «Бар ирвэсийн зам» хэмээн нэрийдэх болов. Энэ үеэр бүгдийн сэтгэл сэрхийгээд “Саяын үзсэн амьтан үнэхээр барс байв уу? Аль эсвэл тэнгэр сахиулсан ёр бэлгэсийг үзүүлэх нь энэ үү?” хэмээн эргэлзэж эхлэв. Тэд явсаар шимнусыг номхотгогч агуйн ойролцоо иртэл дотроос нь Мила Богдын яруу дуулал цангинаж байхыг үзээд тэсгэлгүй баярлацгаан: “Анчин гөрөөчин үүгээр явахдаа түүнд ангийн олз омгоосоо хуваалцсан юм болов уу? Аль эсвэл хээрийн араатны орхиж үлдээсэн сэг зэмийг олж зооглоод өдий болтол өлсөж үхээгүй хэрэг үү?” хэмээн дор бүрнээ бодоцгоожээ.
Мила Богд агуйн дотроос чанга дуугаар: “Аяа! Мунхаг шавь нар та нар аль эрт нааш гарчихаад юундаа тэгтэл алгуурлан удна вэ? Миний та нарт бэлдсэн идээ ундаа бүр хөрч гүйцлээ. Хурдан наашаа орж ирцгээгтүн!” хэмээн зарлиг болохуйд ирсэн хүмүүсийн сэтгэл машид баясч бүгд л Миларайвын гар хөлөөс зууран уйлалдахад Мила Богд зарлиг болруун: “Та бүхэн бүү уйлагтун! Идээ ид!” гэхэд тэд бүгдээр босож мөргөөд амар мэндийг айлтган асуусан хойно сайтар тогтоон ажиглаваас Богд ламын түрүүчийн удаа авч гарсан гурил нь дуусаагүйн дээр таваг дүүрэн чанасан мах будаа тэргүүтэн өрөөстэй байхыг олж үзжээ.
Шакьягуна өгүүрүүн: “Богд лам та хоол унд бэлдсэн байхыг бодвол бидний нааш гарахыг аль эрт мэдсэн хэрэг байх нь ээ?” гэхэд Богд лам хариуд нь “Би хадан дээрээс та нарыг эсрэг уулын гүүрийн хажууд амран суухыг хараад наашаа ирж байгааг мэдсэн юм” хэмээн айлджээ.
“Тэр үед бид хадан дээр нэг ирвэс гарч ирэхийг үзсэнээс биш ойр хавьд ямар ч хүн байгаагүй шүү дээ! Та тэгэхэд хаана байсан хэрэг вэ?” гэжээ.
Богд лам инээд алдаад: “Тэр ирвэс хэмээх нь би бөлгөө. Хий сэтгэлд эрхшсэн егүзэри би дөрвөн махбодын төрлийг цогоор дарснаар биеэ хүссэн зоргоор хувилган рид үзүүлж чадна. Та бүгд төгс хувьт бүхүйн тул биеийн зохионгуй ридийг үзүүллээ. Миний тэр мэт хувилах ёсыг дотроо чандлан хүн хард бүү өгүүлэгтүн!” хэмээн зарлиг болжээ.
Шэндормо өгүүлрүүн: “Богд багш минь! Таны зүс царай сайхан, бие бялдар чанга чийрэг зэрэг нь өнгөрсөн жилийнхээс хавьгүй илүү харагдаж байна. Гэвч цасан шуурга нүдгүй шуурч уулын зам харгуй бүрэн боогдоод өглөг, хандив өргөх хүний хөл хаагдсан байтал танд тэнгэрийн хүмүүс хүнс залгуулав уу? Эсвэл араатан гөрөөсний үлдээсэн сэг зэмээр хооллох нь энэ үү? Чухам ямар учиртайг айлдан соёрх!” хэмээжээ.
Миларайва зарлиг болруун: “Би олон самадид тэгш агуулан суух тул идээ ундааны хэрэг юу байхсан билээ! Хишигт сайн өдөр дагинас чуулганы хурим хийхдээ нэжгээд хувийг надад өргөлөө. Заримдаа ганц хоёр халбага хуурсан замбай төдийхнийг идэхээс хэтрэхгүй. Ялангуяа түрүүчийн морин сарын хорин тавдаар та бүхэн намайг гороолон тойрч арвин идээ ундааныг өргөх шиг болсноос хойш олон хоногийн турш идэх дур хүсэл маань үгүй болов. Та нар надад зориулан чухам ямар үйлийг хийсэн болохыг мэдэхгүй!” гэв.
Ирсэн өглөгийн эзэд бүгд хуруу даран тоолж үзвээс тэд Мила Богдыг нирваан дүр үзүүлсэн нь лавтай хэмээн итгээд хурал ном хуруулж арвин буян үйлдсэн үетэй яв цав тохирсон тул тэр тухай нэгд нэгэнгүй айлтгаваас Богд лам хариу зарлиг болруун: “Ертөнцийн хүмүүс та бүхэн буян үйлдвээс зуурдын төрөлд маш тустай байтал эдүгээ зуурдыг огтлох үйл хийвээс машид ялгуусан хэрэг болой” гэжээ.
Өглөгийн эзэд бүгдээрээ чин сүжгийг үүсгэн: “Богд ламыг Нянан орон руу хамт явна уу!” хэмээн гуйваас
Богд лам зарлиг болруун: “Би энэ газар суух зуур сэтгэл маань машид баясгалантай болохын дээр самади маань ч улам ихээр нэмэгдэх тул Нянан орон руу явмааргүй байна. Та бүхэн өөрсдөө буцацгаа даа!” гэжээ.
“Хэрвээ бид нар энэ удаа өөрсдөө Нянан орон руугаа буцах юм бол тэндхийн хүмүүс таныг цаст ууланд орхиод үхүүлэв хэмээх муу нэрийг хүртээх болно” хэмээн өглөгийн эзэд учирлав.
Үрможомо хатагтай өгүүлрүүн: “Хэрвээ та уулнаас буухгүй гэвэл би таныг үүрээд буулгая! Хэрвээ үнэхээр эндээс холдохгүй хэмээвэл би ч мөн эндээ үлдээд үхлээ хүлээх минь!” гэжээ.
Богд лам эцэс сүүлдээ тэдний чин хүслийг болгоож уулнаас буухаар шийджээ.
Дагинас Миларайва ламд хандан: “Миларайва аа! Чамд өвлийн цагт хэрэг үгүй болвоос ирээдүй цагт чиний үндсийг баригч шавь нарт хэрэгтэй тул ийм аргаар цасыг гэтлэж явагтун!” хэмээгээд хос цасны гутал хүртээжээ. Дагинасын сургасан ёсоор тэр гутлыг аваад маргааш өдөр нь өөд болж давааны оройд хүрвээс Шэндормо түрүүлж одоод тосгоны иргэдтэй уулзаж: “Та нарт баяртай мэдээ дуулгая! Мила Богд энх тунх сайн байгаа төдийгүй удахгүй наашаа залран ирэх гэж байна” гэжээ. Энэ үеэр Мила Богд бараа бологсдын хамтаар тосгоны захад ирээд тариа няцлах том хавтгай чулуун дээр суучихаад идээ зооглож байв. Тосгоны иргэд хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэж ялгалгүй бүгдээрээ гарч ирэн Мила Богдыг хүндлэн угтаад тал бүрээс нь адис аван ламын биеэс зууран баярын нулимс унагах зуур амар мэндийг айлтган асууж олонтоо тойрон мөргөжээ. Энэ үеэр Мила богд хөлдөө цасны гутлыг углаад, гартаа тэнз модон дулдуйг тулж, эрхий хуруугаар эрүүгээ тулан хавтгай чулуун дээр босож зогсоод тэдний амар мэндийн хариуд хурсан олны зүг хандан дорхи яруу гүр дууллыг эгшиглүүлэн дуулавай:
«Хөхөмдөг тэнгэрийн дорх өлзийт сайн өдөр
Хөгшин егүзэри Миларайва миний бие вээр
Эрэгтэй эмэгтэй өглөгийн эзэд та нар лугаа
Энэ газар дахин учирсан нь юутай сайн бөлгөө!
Өвгөн егүзэри надад гайхуулах эрдэм үгүй
Өрц цээж дүүрэн эгшиг дуулал халгинам
Өдгөө та бүхэн амар мэндийг асуусан тул
Өргөн барих дууллыг минь чих тавин сонс!
Улирах бар удаах туулай жилийн заагаар
Улаан үнэг улих сарын шинийн зургаанд
Орчлонгийн ёсонд сэтгэл минь цөхөөд
Оргилт Лачийн хүнгүй зэлүүд орноо
Орь ганцаар бясалгал хийхээр одлоо.
Хөвчин дэлхий тэр аяараа зангаа хувилгаж
Хөхөмдөг тэнгэр цасаар тургин туйлаад
Усан мөрөн халгин цалгин давалгаалж
Удалгүй тэнгэрийн эн бараан үүлсээр бүрхэгдэвэй
Гэрэлт наран саран хоёр шоронд хоригдоод
Гэнэгүй байсан хорин найман од сэжмээр хүлэгдэвэй
Тэнгэрийн заадас бүрмөсөн үзэгдэхээ больж
Тэгсээр од эрхэс түүний дунд цоожлогдовой
Зоргоор цасан шуурга газрын хөрсийг бүрхээд
Зогсолтгүй арван найман өдөр шөнө нүдэв
Эцэс төгсгөлгүй шуурга өчүүхэн ч зогсох янзгүй
Энхэл донхол бүгд цагаан цасаар бүрхэгдэв
Элчилгүй уудам тал эль хуль болон хоцорлоо.
Зулсан ноос шиг лавсайх цасан ширхэг
Зулай дээрээс сүрэг хун шиг нэвсийн буулаа
Ээрүүлийн хүрд шиг эргэлдэх жижиг цасан ширхэг
Эрээн зөгийн сүрэг шиг эгц дээрээс уналаа
Буудайн мөхлөг шиг хялмаат цасан
Буурцгийн түрүү, хөвөнгийн унгирал шиг лавслаа
Оюун мэдлээр цасны хэмжээг яндаж баршгүй
Огторгуйд уулсын үзүүр тулах шахам шүргэжээ
Өндөр нам мод бут бүгд цасанд дарагдаад
Үзэхүйеэ гагц цасан ертөнц болон хувилжээ.
Цагаан өмсгөлийг бараан уулс хэдрээд
Цалгилах давалгаат нуурууд болор толь шиг гилтгэнэв
Хөхөмдөг мөрний ус хөндийн дунд юүлэгдээд
Хөвчин дэлхий тэр хэрээр намсан тэгшрэв.
Урьд хожид үзэгдээгүй тэр их цасны уршгаар
Урагшлах аргагүй болж зам харгуй түгжрэв
Чинээнд тулсан нүгэлтэн гэртээ санаашраад
Чивэлт муу үйлийг хийх хөл нь хоригдов
Мал сүрэг цасны үзүүрт боогдож
Малтаж идэх өвсний сөл ч тасрав.
Хээр талын араатан гөрөөс хүртэл
Хэрэн хэсээд ч идэх юмгүй харангадав
Ой модонд амьдрагч бялзуухай шувууд болон
Оготно зурам зэрэг мэрэгч амьтдын
Олгойг борлуулах хүнс ч мөн тасраад
Ярдаг догшин бар ирвэс хүртэл
Яг л хонь адил номхрон зөөлөрчээ.
Хожим тохиохгүй энэ их зуднаар
Хохимой аягат хөгшин егүзэри Миларайва би
Аглаг уулнаа суухад цасаар шуураад
Айхтар хүйтэн жавар нь хайр найргүй шилбүүрдэв.
Цагаан даавуу цамцат Миларайва би ганцаараа
Цаст уулын оройд шуурга лугаа тэмцэлдэв.
Цасан ширхэг миний ойр ирэхдээ
Цаггүй түргэн уур болон хайллаа.
Аварга хүчит шуурга миний дэргэд хүрэхдээ
Ааг хүч нь номхрон ор мөргүй намжлаа.
Хутагт Миларайва миний өмссөн цамц
Хуйхлах зуухны илч мэт зөөлөн төөнөнө
Үхэл амьдралыг шийдсэн энэ мэт тулааныг
Үнэндээ орчлонд зүйрлэх жишээ үгүй.
Эрэлхэг баатар ирүүл тулаан хийхэд
Ирт мэс амь насыг дэнслэх шиг.
Амь өрссөн энэ тулаанд ялснаар
Аливаа дэлхий дахины чин сүжигтэн хийгээд
Аугаа бясалгалын мөр хөөгчдөд үлгэр болов.
Дан хувцастай их шуургыг сөрснөөр
Даамай зандалийн галын сүр хүчийг үзүүлэв.
Дөрвөн хураангуйт өвчнийг жинлүүрт жинлээд
Дотор гаднаа эвдрэл үгүй цаазыг батлалаа.
Дулаан илч тэсгим хүйтний охийг хандлаад
Дуулгавартай зарц мэт дураар захирлаа.
Хийн судал биеийн дотор чөлөөтэй нээгдвээс
Хилэнт шуургыг ялах алга урвуулах адил
Хотол төгс бие сэтгэлийн амирлалаар
Хортон шулмын цэргийг үлдэн хөөлөө.
Энэ удаагийн амь өрссөн сүрт тулаанд
Эмээшгүй Миларайва би ялж чадлаа.
Үндсэн эцгээс төрсөн баатар хөвгүүн би
Үнэндээ хөдсөн дээлийг өмсөж сураагүй.
Ухарч няцашгүй баатар зоригт намайг
Уринт дайсан яахин дарж чаднам бэ?
Омогт араатны хаан арслан язгуурт миний
Орших орон нь цаст уулнаас өөр хаана байх вэ?
Орон гэр төвхнүүлвээс тохуу болох буй за!
Өтөл егүзэри Миларайва нэрт миний
Өгүүлж айлдсан вивангиридэд та нар итгэвэл
Ашид хойшдын ерөөл барилдлага юу хэмээвээс
Амаар уламжилсан арга ном маань дэлгэрмүй
Эрдэмт Богдос үе тасалдахгүй эснээд
Эрхэт Миларайва нэрт егүзэри миний
Их нэр дэлхий дахинаа дуурьсмой!
Энд цугларсан олон шавь та бүхний
Эрхлэсэн үйлийг хожмын хүмүүс бахдаж
Эрхэм нэр чинь түмэн үедээ хоцормой!
Хувь хишигт өглөгийн эзэд та нар
Хуран чуулаад амар мэндийг минь асуул уу?
Өвдөх өвчингүй энх тунх явж байна
Өнөө та нар амар сайн байцгаав уу?» гэхэд
Тэнд хуран чуулсан олон бүгдээр Богд ламын айлдсан гүр дууллыг сонсоод тэсгэлгүй ихээр баясан босож бүжиглэцгээжээ. Мила Богд ч мөн тэднээс өөрцгүй их баясаад яруу эгшиг дууг үүсгэн хамт бүжиглэхэд хавтгай хад чулууны дээр Милайравын хөлийн мөр болон барьсан дулдуйн ором шаварт шигдсэн мэт тодоос тод үлдсэн аж. Улмаар тариа няцлах зориулалттай тэр том чулуу голоороо доош хотойж ирсэн тул хүмүүс түүний «Хавтгай цагаан чулуу» хэмээх хуучин нэрийг халж «Хөлийн тэмдэгт чулуу» хэмээн нэрийдэх болжээ.
Түүний дараа олон шавь нар нь Богд ламыг бүчин Нянан Зарма нэрт хоёр тосгондоо залаад үлэмж хүндлэн мөргөж биширсэнийг өгүүлэх юун! Тэдний дотроос Лэгсэбум нэрт хатагтай босож ирээд: “Үндсэн ачит Богд лам минь! Энэ удаа элчилгүй их зуд турханы дундаас эсэн мэнд эргэн ирж чадсан тань юутай сайн хэрэг билээ? Зүс царай тань урьдынхаас илүү хийморилог гялалзах нь сэтгэлд бясалгал сайтар төрсөний шинж үү? Аль эсвэл дагинас нугууд таныг өргөн хүндлэв үү?” хэмээн асуухад Богд лам бээр доорх дууллаар хариу баривай:
«Ачит ламын хөлд оройгоороо сөгдмүй
Адистэдийн шид хийгээдийг дагинас хүртээлээ
Аливаа тангарагийн рашааны тус нэн арвин
Ариун сүсэгтэн тахилаар эрхтнийг дэгжүүллээ
Ашид тэд бүгдийн хүндлэл маш сайн болой
Санаанд минь хоосон чанарын үзэл илрэхэд
Сайтар оновоос мөн чанар нь тоосны төдийгүй аж
Үзэл бүхнийг агшнаа гэтлэн давснаар
Үзэгдхүүний ухсан ёсыг сайтар болголоо.
Гэгээн гэрлийн бясалгал мөрний урсгал адил
Гэгээрлийн бясалгал завсаргүй, олох зүйл үгүй
Бясалгалын бэлгэсээс агшнаа ангижирсанаар
Бат хатуу очир бясалгалыг оллоо би.
Үйлдэж болох бүхэн гэгээн гэрлээс өөрцгүй
Үнэндээ шүтэн барилдахуй ч хоосон болохыг ойлголоо
Явдал бүхний тотгор аяндаа арилаад
Ялгуусан дээд явдлын үйлдэх ёсонг таньлаа.
Алагчлан атгаглах зан агшнаа замхраад
Аливаа найман ном бүгд түрдлээ
Сахил шагшаабадын хязгаарыг нэвтэрснээр
Сааралгүй тангарагийг сахих ёсон сайн боллоо
Өөрийн сэтгэл номын бие өөрцгүй болохыг таньсанаар
Өөрийн болон бусдын тус аяндаа бүтлээ.
Олох хүртэх бүхнийг таягдан хаяхын хэрээр
Одоо үр бүтсэний ёсон сайн боллоо
Өтөл миний дуулсан жаргалант эгшиг
Үнэн бишрэлт хатагтай танд өгөх хариу буюу
Дарайсан цас агуй гэрийг минь дулаалаад
Дагинас намайг идээ зоогоор хүндлэвэй.
Халуун зун цасны ус зооглоход тустай
Хамаг хэрэг хар аяндаа өөрөөсөө бүтэвэй
Хүч заралгүй байтал тариан түрүү хумигдаж
Хоромхноо зөөж хураалгүй сан хөмрөг минь дүүрэв
Хоосон сэтгэлийг үзвээс хамаг бүгдийг тольдъюу!
Хуурмаггүй сэтгэлийг бариваас хаан сэнтийд хүрьюү!
Хотол төгссөн энэ нь Богд ламын ач буюу.
Өглөгийн эзэн шавь нар нөхөд сэлт бүгдээр
Үлэмж бишрэлээр өргөн хүндлэгч та нарт
Үнэн номын үгсээр ачийг тань хариулъя
Үнэхээр сэтгэлдээ агуулагтун энд ирэгсэд цөмөөрөө!» хэмээн зарлиг болоход Шакьягуна тойн босч мөргөөд өгүүлрүүн: “Урьд хожид үзэгдээгүй энэ их цасан дундаас Богд лам та эсэн мэнд гарч ирээд олон шавь өглөгийн эзэд лүгээ дахин уулзсан нь юутай завшаантай хэрэг билээ! Сайны ерөөлөөр учирсан энэ сайхан завшааныг ашиглан Сайвар одогсоны номоор бидэнд бэлэг бариваас тун сайн сан. Тэр тусмаа та энэ удаагийн зуд турхнаар аглаг цаст ууланд амирлан суухдаа ухаарсан бясалгал бүтээлийн гүн нарийн ёсыг тайлбарлан сэнхрүүлж соёрхох ажаам уу!” гэхэд Мила Богд түүний хариу болгон «Зургаан товчит» нэрт энэхүү шүлгийг номловой:
«Эрдэнэ Богд ламын хөлд мөргөн сөгдмүй
Эдүгээ тохиох шар бүрийн цагаар
Энд хурсан өлзийт чуулганы дотроос
Эрдэмт тойн Шакьяагуна эхлэн босоод
Эндүүрэлгүй бясалгалын ёсыг айлд хэмээвэй.
Эртний сайн буян номын хүчээр
Энэ газар чуулан хурах ерөөлтэй буюу
Өглөгийн эзэн Шэндормо хатагтай хийгээд
Өнөөдөр чуулсан олон шавь та нар
Эсэн мэнд уулзсаны бэлэг болгож
Эгнэшгүй чухаг ном талбихыг хүслээ
Олон шавь та нарын чин сүжгийн хариуд
Ойлгож ухсан сэтгэлийн орныг хүүрнэсү!
Урд жилийн өвлийн сүүл сараар
Уйсам орчлонгийн номд сэтгэл цөхрөөд
Сэвтэй орчлонгийн явдал утгагүй болохыг
Сэтгэлдээ бат хатуу ухаарсаны хүчинд
Сэвсгэр цаст Лачи уулыг зорьсон билээ
Омогт шимнусыг номхотгосон аглаг агуйд
Удирдагч Миларайва хэмээх егүзэри би
Үргэлжлүүлэн зургаан сар бясалгаснаар
Үзэл онол минь дэлгэрэн арвижлаа
Өглөгийн эздийн чин сүжгийн хариу болгож
Өдгөө би «Зургаан товчит» дууллыг өгүүлье!
Гадна мэдрэгдэх зургаан вишайг үлгэрлэн хэлвээс
Гарцаагүй дотоод орны зургаан тотгорыг зэрэг хүртмүй
Үл тонилохуйн зургаан хүлээсийг аргалан тайлваас
Өмнө чинь зургаан мөр аяндаа үзэгдмүй
Асар зургаан зүйлийн мөн чанар гүн болвоос
Ариун сэтгэлд зургаан зүйл жаргалан төрмүй
Гүр дууллын энэхүү аньсуудыг эс давтан уншваас
Гүн нарийн утгасыг сэтгэлдээ ухан үл чадъюу!
Өвгөн егүзэрийн тайлан өгүүлэхийг анхааралтай сонс!
Тотгор саадтай бөгөөс огторгуй бус
Тоолж болох бөгөөс одон бус
Шилжиж хөдлөх бөгөөс уул бус
Ширгээж буцалгах бөгөөс далай бус
Гүүр эрэгч бөгөөс усчин бус
Гүйгээд барьчих бөгөөс солонго бус
Энэ хэмээвээс гадаад үзэгдхүүний зургаан зүйрлэл болой.
Автаж баримтлах бөгөөс тэгш үзэл бус
Алгасарч живэх бөгөөс дияан бус
Авах гээх хэмээгч ариун явдал бус
Атгаг сэжиг буй бөгөөс егүзэри бус
Үзэгдэх зүг буй бөгөөс билиг билгүүн бус
Үхэх төрөх бөгөөс Бурхан бус
Ангид дотоод зургаан гэм гэгч энэ болой.
Харгис урин их болвоос тамын чөдөр
Харам ихт зан болвоос бирдийн чөдөр
Харанхуй мунхаг болвоос адгуусны чөдөр
Ханалгүй тачаангуйт болвоос хүмүүний чөдөр
Дээрэнгүй атаач болвоос асурийн чөдөр
Тэнсэшгүй их омогт болвоос тэнгэрийн чөдөр
Онож өгүүлсэн дээрх зургаан чөдөр нь
Орчлонгоос гэтлэхүйн гол саад болой.
Бурханы номд чин сүжиглэх нь тонилохуйн мөр
Буяны садан багшийг шүтэх нь тонилохуйн мөр
Хатуу тангараг ариун болвоос тонилохуйн мөр
Харьж буцалгүй уулнаа сууваас тонилохуйн мөр
Үргэлж ганцаар сууваас тонилохуйн мөр
Үнэн ёсоор бясалгаж чадвал тонилохуйн мөр
Энэ хэмээх нь тонилохуйн зургаан мөр болой.
Уулаас хамт заяасан сайн билгүүний гүн
Угтаа гадар дотно үгүй гэгээн биет гүн
Халхлагдаж илрэхгүй бэлгэ билгүүний гүн
Хаа сайгүй дэлгэрсэн Бурханы номын гүн
Хэлбэрэх урвах үгүй болвоос гэгээн дуслын гүн
Хэзээд тасрал үгүй бөгөөс бясалгалын гүн
Тэдгээр хэмээвээс зургаан гүн хэмээгдьюү.
Тэнсэл үгүй зандали бадарваас бие амгалан
Тэгш хоёр хий төвд багтваас амгалан
Бодичид сэтгэл цээжин биенээс доош урсваас жаргалан
Бөгс тунамал дуслаар түгээмэл болвоос жаргалан
Бүх цагаан улаан учран нийлвээс жаргалан
Бүдүүн биед цувирал үгүй амгалангаар ханаваас жаргалан
Буянт егүзэрисийн бясалгалын зургаан жаргалан энэ буюу.
Онгон дагшин уулнаа бясалгасны нарийн аньсыг
Олон өглөгийн эзэд тайлбарлахыг гуйсан тул
Цөөн хэдэн үгээр сэнхрүүлэн өгүүллээ
Цөмөөрөө та бүхэн баясгаланг үүсгэгтүн!
Ариун номын рашаан хурыг хүртээд
Ашид та нар номын баяраар цэнгэж яв!
Өтөл миний эгшиглэн дуулсан энэ дуулал
Өглөгийн эзэд та нартай нүүр золгох бэлэг буюу!
Сэтгэлээ баясгаад хутаг оршсон номонд шамд
Сайн заяат таны гуйсан хутаг бүтэх болтугай!» хэмээжээ.
Шэндормо өглөгийн эзэн өгүүлрүүн: “Аугаа Богд эцэг минь! Та гурван цагийн хамаг Бурхад лугаа огт өөрцгүй бөлгөө. Тан лугаа учрах ерөөл барилдлагатай хүмүүн сайтар өргөн хүндлээд шавь орж ном буяны үйлд шамдах ёстойг өгүүлэх юун! Харин тантай уулзан учраад бишрэл хүндлэл эс төрөгч байх аваас адгуус малаас дор мунхаг гэгч тэр буй за!” гэхэд
Мила Богд хариуд нь зарлиг болруун: “Надад сүжиглэж бишрэх эсэх нь төдийлөн чухал бус аа! Харин чөлөө учрал бүрдсэн эрдэнэт хүмүүний биеийг олж төрөөд цог жавхлант Бурханы шажин лугаа учирсан энэ цагт дээдийн номыг үл хичээгч нар байваас жинхэнэ харанхуй мунхагийн туйл гэгч тэр болой” хэмээгээд ийн дуулжээ:
«Өндөр дээд Марва ламын хөлд сөгдмүй
Өглөгийн эзэд та нар сонсогтун!
Сайвар одогсоны ном дэлгэрсэн энэ ертөнцөд
Санаан зоргоор нүгэл үйлдэгчид юутай мунхаг
Олдохуйяа бэрх хүмүүн заяанд тохиочихоод
Орчлонг талаар өнгөрөөгчид юутай мунхаг
Хот хүрээний шоронгоос өөрцгүй амьдралд
Хоргодон суугч хүмүүн юутай мунхаг
Зочлон ирснээс өөрцгүй эхнэр нөхрүүд
Зодоон хэрүүл хийх нь юутай мунхаг
Хөндийн цуурианаас өөрцгүй алдар нэрийн хойноос
Хөөцөлдөн гүйгчид аваас юутай мунхаг
Өстөн дайсан хагдрах цэцэгнээс өөрцгүй байтал
Өөрийн амиараа тэмцэгчид юутай мунхаг
Үнэнч нөхөд агаар дахь зурагнаас өөрцгүй байтал
Үхэл егүүдэхийн цагт салж ядах нь юутай мунхаг
Хэврэг ёст эд таваар шүүдэр мэт бөгөөтөл
Хэтэрхий түүнд хүлэгдэх нь юутай мунхаг
Эвдрээд унах тавилантай энэ биеийг
Элдвээр чимэглэн хээнцэрлэгч юутай мунхаг
Ариун увдист рашааны идээ байсаар байтал
Ашиг завшаан эрэлхийлэгч юутай мунхаг
Орчлон хорвоогийн мунхаг ард юутай олон
Онцгой гэгээн ухаантан тоотой хэдхэн
Өвгөн егүзэри миний нууц явдлыг үлгэрлэн
Өдгөө та бүхэн Бурханы номд шамдагтун!» хэмээв.
Тэнд хуран чуулсан өглөгийн эзэд өгүүлрүүн: “Богд лам та биднийг нигүүлсэн соёрхсонд гялайлаа. Бидний билиг ухаан, хичээнгүй чанарыг Богд лам тан лугаа адилтгашгүй дорд боловч таны дээр айлдсан мунхагийн ёсыг эс үйлдэхээр чармайцгаах болно. Хэрвээ хутагт таны таалалд манай энэ нутаг орон нийцэж байвал саатан суухыг гуйж байна. Тэгэх аваас амьд сэрүүн нэгэнд номын авшиг хайрлан өөд болоочдын сүнсийг сайн зүгт удирдаж болох бус уу? Та энэ хүсэлтийг хэрхин болгоож байна вэ?” гэхэд
Мила Богд зарлиг болруун: “Дээдийн багш Марва лозава намайг цаст ууланд бясалган суугтун гэж зарлигласан болохоор энд түр сууж болохоос бус удаан байж чадахгүй. Тэгээд ч надад өглөгийн эздийн хишиг буяны хэрд тааруулан нүүр тал харах зан угаас байдаггүй. Өдөр хоног удаад ирэхээр та нар ч гэсэн надад таагүй ханддаг болж мэдэх юм. Тийм болохоор энэ замнал бүтэшгүй хэрэг” хэмээгээд доорхи дууллыг эгшиглүүлэв.
«Гайхамшигт Марва Богд ламын хөлд сөгдмүй!
Өглөгийн эзэд эр эм та нар
Өвгөн егүзэри Миларайва надад
Чин сүжигт өргөл хүндлэлийг үйлдэн
Чигч сэтгэлээр энд үлдэхийг гуйлаа
Амьтан хүн нэг оронд удаан сууваас
Аяндаа найз нөхөд түүнээс уйсаад
Хичнээн дотно харьцаатай байлаа ч
Хэрүүл тэмцэл зайлбаргүй үүддэг
Удаан хугацаагаар ханьсан сууваас
Удаж төдөлгүй тангараг сахил эвдэрнэ
Угаас хүний араншин ийм буюу!
Чивэлт нөхөр буяны үйлийг эвдээд
Чигч үг олны хилэнг төрүүлдэг
Хэрүүл тэмцэлд хутгалдваас өш зангидаж
Хэтэрхий өмгөөлөн хаацайлваас гэм дагуулдаг
Өглөгийн эздийн хишиг буяны хариуд
Өнгө тал засваас дияан эвдэрдэг
Өөд болоочийн гэрийнхний өглөгийг аваад
Үхэгсдийн сүнсийг удирдах туйлын хэцүү
Олон хүний лам болон хэр суух билээ
Өнөд дадваас уйдах болмуй за
Үхэхийн цагт улсын эзэн ч зовдог
Үргэлж аглаг уулыг шүтэгч егүзэри би
Суурин балгадад суух нь хэр зохимжтой билээ
Сурснаараа цаст уулнаа очих минь!
Өвгөн би угаас чөлөөтэй байх дуртай
Өндөр уулын хүнгүй зэлүүд газарт
Үүл мэт дураар сэлгүүцэн явахад минь
Өнөөдөр та нар олж учирсан нь гайхамшиг
Саатан чуулсан өглөгийн эзэд та нар
Сайн буяны хүчээр өргөл хүндлэлийг үйлдэв
Урьдын талбисан сайн ерөөлийн хүчээр
Улам бат барилдлагыг ашид тогтоох болтугай!» гэхэд өглөгийн эзэд чих талбин сонсоод өгүүлрүүн: “Бид таны ном талбихыг үүрд сонсовч уйдахгүй. Харин Богд лам та биднээс залхах чинь аргагүй. Бид хичнээн гуйж гувшаад ч та манай энд удаан сууж идээшихгүй гэдгийг бид мэдэж байна. Тийм болохоор та дорд биднийгээ сэтгэлдээ болгоож боломж гарсан үедээ Лачи цаст уулнаас бууж ирээд эргэж тойрч байвал болох нь тэр!” гэжээ.
Тэгээд бүгд эрвийх дэрвийхээрээ хөдлөн арвин зоог шүүс бэлдээд Богд ламд өргөсөн боловч түүнийг тогтоож авсангүй. Энэ нь сүсэгтэн олны хувьд харин ч хосгүй ховор хэрэг санагдсан тул бүгд ихэд бахдан баясч Мила Богдод харьшгүй гүн сүжгийг төрүүлцгээжээ. Энэ болвоос «Цаст уулын дуулал» нэрт түүх болой.
Хятал хэлнээс орчуулсан Доржсүрэнгийн Болдбаатар
ЗочинApril 18, 2013
маш гайхамшигтай сайхан сэтгэгдэл төрж үлдлээ
ЗочинMay 31, 2013
арван зүгийн гурван цагийн бүх бурхад бодисадын өлмийд мөргөмү.