2012-04-22 | Нийтэлсэн:admin | Үзсэн:8014
Лянхуан садан наран хийгээд
Мянган мэлмийт Хурмаст тэнгэр
Алтан хэвлийт Эсэруа
Тэнгэрийн багш од эрхэсийн эзэн Саран тэргүүтэн
Ертөнцийн омог төгс титэмтэнгүүдийн
Өлмийн лянхуад бишрэн тахимуй
Чадагчийн эрхэт түүн доор сөгдмүй
Үүгээр өөрийн номын ёс цааз бүхэн лүгээ үл зохицолдох зүгийн
Үндэс нь архи хийгээд буруу хурьцлаас ихэнхи нь гармуй.
Үүний гэмийг өчүүхэн өгүүлэн үйлдэе :
Царайлаг өнгө үзэмжтэй бүсгүйг үзэхийн цагт
Цааргалж өөрөө сэрэмжлэлийг шүтэн зохио
Сэтгэлийн хуягаа дахин дахин эс бататгаваас
Сэмхэн бусдын эхнэр дор ичгүүр үгүй тачаах болмуй
Оройгоос хөтлөгч багшийн зарлигчлан
Онц язгуур сайн бүсгүйг тэвчин зохио
Хувь сайт хувраг болохын хүсэлт өөрт эс гарваас
Худалдаж авахгүй хүнд эрдэнэсийг үзүүлсэнтэй адил
Оройн шанх мэт бусдаар хүндлүүлэхийг хүсвээс
Ойворгон явдлаа тэвчин, дурьдал мэдлийг шүтэн зохио
Тэнцэшгүй бурханы хутгийг олохыг хүсвэл
Тэнгэрлэг чимэгт сайхан бүсгүйг тэвч
Бодала тэргүүтэн дээдэс бээр адисласан ордонд
Бодийн хутгийг бүтээхийг хүсвээс
Эрийн бэлгээ эмийн лянхуа лугаа
Эрхгүй учруулахын амгаланг тэвч
Эмсийн язгуур ихэнхдээ шуламсын элч мөн
Эд эрдэнийг булаагч нь дээрэмчин мөн
Эрдэнийн санваарыг булаагч нь сайхь бүсгүй мөн
Эрхэм дээр үгүй бодийг бүтээх дор
Эдлэх бэрх хатуужлаас чилэн үл алжааваас
Энгүй дээд бодийн сайн мөр мөн
Тараг мэт цагаан бодийг бүтээгчид
Танхил зүс сайт бүсгїйчүүдэд түүнээ өгч бүү үйлд
Үнсэх тэврэхийн амгаланд тачаах болбоос
Үнэн сэтгэлийн гэмээ засалгүй
Үтэр шууд толгойгоо таслуулахтай адил
Баас балчигт хийгээд шалмали мод тэргүүтэн тамд
Барагдашгүй олон жил галаваар зовлон эдлэх нь ч
Буруу хурьцал, архи сэлтээс дийлэнх нь гармуй
Болин мэдлээр дахин дахин сэтгэлдээ санаад
Бусармаг үйлийн тийн боловсролыг тэвчин үйлд
“Хо” үсгийг хүртэлх гийгүүлэгч бүгдийг
“Оо” эгшгээр чимсэн үгсийн тасалбар үүнийг
Энэрлээр гэтлэхийг хүсэгч тойдуудад өгүүллээ
Эдүгээ ба хойчийн тойд ихэнхдээ бүсгүйг хүснэ
Эдгээр бүсгүйчүүд нь тэднийг доройтуулагч бөгөөд
Энэ хийгээд ертөнцийн чанад бүхэнд унагамуй
Өндрийг доодод үйлдэгсдийг эгэл дордос гэдэг
Өнгє цагааныг хард үйлдэгчид нь хар мөрт болой
Ихийг багад үйлдэгчид нь эхнэр дор алдаршсан
Ил буйг үгүйд үйлдэгч нь бүсгүй бөгөөд
Тэр бээр хэрэв чамайг доройтуулахыг хүсвээс
Тэдгээр бүсгүйчүүдийг хувь хоцроолгүй тэвчин зохио.
Гурван хор хэмээн Ялгуусан бээр муушаасан архи
Гэм алдал бүхнийг үүсгэгч архи
Алин бээр ууваас хямруулан үйлдэгч архи
Ааг омог уурыг хүчтэй үүсгэгч архи
Хүчир ихээр цухирч гаслуулан дэлдүүлэгч архи
Хүн ёсыг тэвчүүлэн нүцгэн харайлгуулагч архи
Цай тэргүүтэн төгс эдлэл бүхнээс хагацуулагч архи
Загасны тор мэт шагшаабадыг эвдүүлэгч архи
Түүнчлэн ирсний нөхөд дор хориглох архи
Тэнэг дордсуудын тонилохуйн амийг таслагч архи
Одоо ууваас ирээдүйд доройтуулагч архи
Очирт тамын оронд хөтлөгч архи
Брамидын явдлыг доройтуулагч архи
Барилдлагат эцгээр хүүг нь егүүтгүүлэгч архи
Үнээ бээр ууваас тугалыг согтууруулагч архи
Үйлтэй дордосын явдалд оруулагч рахи
Унасан шүүдрийн дусал төдий ч уухын хорих архи
Ухилан дуудагч халуун тамд төрүүлэгч архи
Ялгуусны шашныг ёроолоос нь эвдэгч архи
Ямагт үнэг, нохой, гахай лугаа адилд болгогч архи
Ихэсийн малгай мэт өргөмжилсөн ч
Гутал мэт бууруулагч архи
Идээний дээдийг ариун бус лугаа эндүүрүүлэгч архи
“Аа” үсгийг”Ха” мэтчилэн урвуу үзүүлэгч архи
Асралт дээдийн явдлыг хоцроолгүй доройтуулагч архи
Хаан бээр ууваас боолоос дорд болгогч архи
Хамгаа гэм үгүйг гэмтэй болгон алуулагч архи
Аюумшигт махчин мэт байдлыг үзүүлэгч архи
Авралт газар, мөрд зорчихуйд таслуулан үйлдэгч архи
Арз хорын хор мэт дээдээр тэвчих архи
Адиша тэргүүтэн багшийг басамжлагч архи
Өчүүхэн ууваас огторгуйд нисэх үзэгдэлт архи
Өшөө их ууваас галзуугийн дүр явдалт болгох архи
Бөөлжсөөр бие хувцас бохирдон, амыг нохой долоож
Балгад хотын бэлчирт хүүр лүгээ адил хэвтүүлэгч архи
Ил шар ялгуусны тэмдгийг өмсөөд архийг уугчид
Илтэд бурханы шашныг эвдэгч хулгайч дээрэмчид мөн
Өтөлж үхсэн гөрөөсний хааны хүүрийг
Өөрийнх нь биенээс гарсан өт бээр эвдэхчилэн
Бурхан гаслангаас нөгчсөн ч түүний шашныг
Буруу тэрсүүд хийгээд гэртэнгүүд үл эвдмүй
Бурсан хуврагийн ёсыг цалхайруулагчид эвдмүй
Бузар архийг уух тойдын дүрс зураг бээр ч
Бурханы шашин үүнд хорлолтой хэмээн сонссон
Булт нисваанисыг тэвчсэн архад сайтар зохистой ч
Балартан согтууруулагч архийг сэрэмжгүй эдэлбээс
Тэрсүүд нүгүүд бээр элэгдэн хочлол талбих
Тиймээс бурхан бээр цаазлан хорьсон
Хутагтын орны хоёрдугаар хамгийг айлдагч Игнен ч
Хунгар цаст уулыг аглаг үүнээ залрах зам харгуйд
Хумхат архи үүрсэн тойныг болгоогоод
Хувь их уйсал төрөн гаслангаас нөгчсөн
Ландарма хаан бээр шашныг сөнөөхийн цагт
Лхасын хананд архи уух тойны дүрийг
Зуруулан бүтээлгэж, буруу ерөөл талбисан
Зөвхөн түүний эрхээр шашин мөхсөн хэмээн сонссон
Чадагчийн шашин эвдрэхийг зүрхнээсээ үл хүлцээд
Чадахын хэрээр ийн өгүүлснээс бусад дор
Атаархан мөчөөрхөж хочлохыг хүссэн бус аа
Авралт Бурханы зарлигийг олонтаа сонссоноор
Аглагт суралцахын орон дор басамжлахаас хэтэрсэн буй
Архи хийгээд буруу хурьцлийн гэмийг сонсоод
Адгийн мунхагууд баясал үл төрөн эгдүүцэвч
Ахин олонтаа сонсвоос оюуны будингуйрал арилаад
Ариун шагшаабад төгсөх мэлмий гэгээрч
Ашид бүтээл дор хичээгчдээр чөлөө учралын хэргийг үйлднэм
Аяа, дээдсүүд энэ мэтийг үзвээс баясал төрмүй зээ
Үнэгний нөхдүүд Чадагчийн доройтуулсан ч
Үзэл явдал далдуураар баруун уулын үзүүрт хүрэх
Үнэн шашныг баригч дээдсүүд бус орноо заларч
Үзтэл тойны дүртэй боловч гэртний зан төлөвтөнгүүд олширсноор
Чадагчийн шашин нэрийн төдий болох хэмээн
Зүйл бүрээр сонссон боловч хааяа нэгэнтээ
Зүйрлэшгүй төгс шагшаабадтан нь үлэмж цөөрч
Чанагшид бүтээл дор хичээгчид нь өдрийн од адил болж
Чадагчийн шашин мөхөстөхүйд амьтад хэрцгий догшин болсноор
Тэнсэлгүй дээдийн номыг номловч сонсох сэтгэх нь цөөрөх
Тиймээс бүтээл дор ганцаар хичээвээс сайн
Тонилохыг хүсэгчдэд олныг өгүүлэх хэрэг юун
Амь энэ нь мөнх бус, уулнаас усан адил
Бие энэ нь мөнх бус, намар цагийн үүлэн лүгээ адил
Ханилах нөхөр нь зах зээлийн наймаачин адил
Төгс эдлэл, цог учрал нь зүүдний хаан төр мэт
Тэр бүхэн мөнх бус, шим юу чүгүй дор дурьдаад
Аглагийг шүтэн, бүтээл дор хичээн үйлдэж
Төгс чөлөө учралыг олохын хэрэг дор зохио
Тэр мэт тонилохыг хүсэгч оюун төгс нүгүүд
Тэрс согтууруулагч архины гэмийг ухааран үйлдээд
Харин урьд уусандаа гэмших сэтгэлийг хүчтэй төрүүлэн
Хойшид үл уухын тангарагийг хүчтэй
Хувь сайт чөлөө учралын хэргийг төгс үйлдээрэй
Хамгаас билгүүн төгс нүгүүд ээ…
Хэмээх үүнийг Чадагчийн эрхэт бурхан бээр нөхөд дор цаазлан хорьсон мэт Падамба эрдэнэ бээр ч өнөөдөр өнцөг төдий бичлээ.
Үүгээр бурханы шашин зүг бүхэнд дэлгэрх болтугай.
ЗочинMay 4, 2012
Бурхан багш архи буюу согтууруулах ундааг өвсний үзүүрийн дээр тогтсон дуслын ч төдий хэрэглэж болохгүй гэж хориглоод хэрэв урьд өмнө нэгэнт архинд орсон бол түүнийг архинаас гаргах заавар “Дүлба-лүнд” дурдсан буй.
ЗочинMay 17, 2012
arhian baga uuj airgaan ih uu
ЗочинJune 23, 2013
Arxinaas garax geed neg l boloxgvi yum. Minii setgeliin xvch dutaad baix bololtoi. ta bvxen tuslaarai.
ЗочинJune 24, 2013
архины гэмийг сайн мэдээгүйн шинж юмуу даа. Хортой химийн бодис ууж байна гэж бодож болох. Угаартаад ухаан алддагтай адилхан шүү дээ. Дээр нь амьдралын үнэ цэнийг ойлгоогүй болоод тэр үү? Хийх утга учиртай ажлаа олоогүй байна уу? Хийх юм зөндөө л байх юм. Заримд нь цаг хүрэлцэхгүй байхад зарим нь архи тамхиндаа нугасгүй дуртай байх юм, салж чадахгүй үнэнч.
Уугаад байвал бие чинь дасал болдог тул, тэвчээр гаргаж уухгүй байж, дасал болсон биеээ өөр юманд дасгах. Нэгэн тамхичин тамхинаас гарсан чинь гар хуруу гэдэг чинь жигтэйхэн завтай болоод хийх юм олж ядаад гэж билээ.