2021-10-12 | Нийтэлсэн:admin | Үзсэн:2479
Гэмшил наминчилгаа үйлдэх ёсон
Сэтгэлд эш, онолын эрдэм, буяны санаа төрдөггүй, төрсөн ч амархан доройтдог нь нүгэл хилэнц их байгаагийн шинж юм. Бас өдөр тутам үйлдэж байгаа үйлээс ихэнх нь нүглийн үйлүүд бөгөөд нүглээ гүйцэд хүчтэй үйлддэг ажээ. Иймд үхэж егүүтээд хойтын ертөнцөд гурван муу заяанд төрж хүнд хэцүү зовлон эдэлдэг. Эдүгээ ч гэсэн үйлдсэн нүглийн үрээ амсана.
Нүглийг өөрөө үйлдэх, бусдаар үйлдүүлэх, бусдын үйлдсэнд даган баясах байдлаар хураадаг болно. Ер нь нүглийн үйлийг эдэлж бардаг эс аваас наминчилж бардаг учиртай.
Орчлонд тэргүүлшгүйгээр нүглийн үйлийг тоо томшгүйгээр үйлдэн хураасан учир үр бүгдийг эдэлж дуусгана гэдэг хэцүү зүйл. Харин нүгэл хилэнцээ үнэн сэтгэлээсээ гэмшин наминчлан арилган барах нь хялбар ажгуу. Нүглийг эс наминчилваас улам зузаарч хүндэрдэг . Жишээ нь: Жижигхэн хорхой алчихаад нүглээ үл наминчлаваас хэд хоногийн дараа хүн алсантай дүйх хэмжээний нүгэл болж үрждэг байна. Иймээс нүгэл хилэнцийг дөрвөн хүчийг бүрдүүлж наминчилан арилгадаг учиртай.
Тийн сөхөөхийн хүч: Энэ хүчийг төрүүлэх нь чухал бөгөөд энэ төрвөөс бусад хүчүүд нь аяараа төрдөг байна. Өөрөө үйлдсэн нүгэл, өрөөл бусдыг үйлдүүлсэн нүгэл, бусдад даган баяссан нүгэл, энэ насанд үйлдсэн нүгэл, урьдын төрлүүдэд үйлдсэн нүглүүд гээд зузаан байгаа. Энэ бүгдээ сайтар санан, нүгэлдээ үнэн сэтгэлээсээ гэмшил төрүүлэхийг тийн сөхөөхийн хүч гэдэг. Хор идсэн гурван хүний нэг нь үхчихсэн, нэг нь үхлийн ирмэгт очсон, нөгөө нэг нь хор идсэндээ гэмшиж ерөндөг бөөлжүүлэгч эм ууж байгаа мэт хилэнц нүгэлтэнгүүдийн зарим нь муу заяанд төрсөн, зарим нь муу заяанд төрөх дөхчихсөн байгааг үзээд нүгэл хилэнцийн ерөндөг наминчилгааг яаравчлан үйлдэх хэрэгтэй.
Шүтээний хүч: Юунд шүтэн нүгэл үйлдсэн байна түүнд шүтэж буян хураахыг хэлнэ. Гурван эрдэнэд шүтэж нүгэл хураасан бол гурван эрдэнэд үнэн сэтгэлээсээ авралыг одуулж, суртгаалуудыг чандлан биелүүлвэл тэрхүү нүгэл арилна. Амьтдад шүтэн нүгэл хилэнц хураасан аваас бодь сэтгэлийг бясалгаваас тэрхүү нүгэл арилна. Өөрөөр хэлбэл газарт унасан хүн газрыг тулж босож байгаатай адил юм.
Ерөндөгөөр дарахын хүч: Бурханы алдарыг өгүүлэх, гүн судар номыг унших, тогтоол тарни урих, лагшин, зарлиг, тааллын шүтээнийг босгох, тахилыг ёсчлон өргөх, хоосон чанарыг бясалгах гэх мэт.
Гэмээс жич буцахын хүч: Урьдын хийсэн нүгэлдээ гэмшиж, хойшид давтан хийхгүй хэмээн боомтолж үйлдэхийг хэлнэ. Дөрвөн хүчийг бүрдүүлж наминчилна гэдэг нь урьд үйлдсэн гэм нүглээ санан гэмшээд, дахин хэзээд үл үйлдэнэ хэмээн боомтолж, юуг шүтэж нүгэл хилэнц үйлдсэн түүнээ шүтэж буянаа хурааж, ерөндгийн аргуудыг үйлдэхийг хэлнэ. Нүгэл хилэнцийг бага гэж басаж болохгүй агаад дор дор нь түргэн наминчилж бай. Монголчууд гол төлөв Дүншаг (Уналын наминчилгаа )хэмээх номыг уншиж нүгэл хилэнцээ наминчилдаг. Бурхад, бодьсадва, багш нарын өмнө үйлдсэн гэм нүгэлээ нуулгүй илчлээд дараахь “Ерөөлийн хаан судар”-аас айлдсан наминчилгааны товч уншлагыг олонтаа өгүүлээд гэмшиж наминчилан үйлдэнэ. Үүнд:
Тачаангуй урин мунхаг гурван хорын эрхээр
Бие, хэл түүнчлэн сэтгэлээр
Хилэнцийг үйлдсэн хэдүй тэдгээр бүгдийг
Би бээр сайтар наминчлан өчмүй.