Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Тарнийн ёс

Бурханы шашинд 2 төрлийн сэтгэл засах ухаан байдаг бөгөөд нэг нь судрын ёс нөгөөх нь тантрын буюу аг тарнийн ёс бөгөөд өөрөөр очирт хөлгөний ёс гэж нэрлэдэг. Судрын ёс нь учир шалтгааны үндсэн дээр тулгуурлаж айлдсан сургаал номоор сэтгэл засдаг бөгөөд аг тарнийн ёс нь хий дээр ажиллаж сэтгэл засах ухаан юм. Хүний сэтгэл хий дээр мордож явдаг тул хийг зөв гүйлгэж сурах нь сэтгэл хүссэн хүсээгүй зөв болж засдаг ухаан юм.

Аг тарнийн ёс нь хүмүүнийг нэг насанд бүүр цаашилбал нэгэн агшинд Бурхан болгох чадалтай хорвоогийн хүлээснээс эгшин зуурт тасдаж гэтэлгэх чадалтайгаараа судрыг ёсноос эрс ялгаатай юм.

Татрын ёс нь 6 төрлийн амьтаны зөвхөн хүний төрөлд л байдаг зүйл бөгөөд өөр төрөлд энэ ёс аргачлал нь ажиллахгүй юм. Тиймээс тэнгэрс дээд төрөлтнүүд хүний төрлийг авах ерөөл тавьдаг нь нэг талаар үүнтэй холбоотой бөгөөд хүний төрөл нь нэн ялгамжаатай төрөл болох нь харагдаж байна.

Энэ удаа нийт бусын ёсны аймагт хамаарагддаг нууц тарнийн ёсны тухай товчхон тайлбарлахийг бодлоо. Нууц тул дэлгэрэнгүй нарийн тайлбар хориотой болно. Танилцуулга оршил хэсгээс дурдахад.

Хийморь гэдэг нь сэтгэл хий дээр морддог гэсэн утга бөгөөд хийгээ зөв гүйлгэн чиглүүлж чадваас сэтгэл зөв болдог гэсэн нэгэн төрлийг сэтгэл засах ухаан байдаг. Хүнд Ум, Рома, Жама гэсэн 3 төв судал, түүнээс салаалсан олон судал байдаг бөгөөд нийтдээ 84000 судал байдаг гэж Бурханы шашинд үздэг. Эдгээр 84000 судалийн зангилааг тайлж чадваас 84000 нисваанисаас ангижирах боломжтой юм. Тэр олон судлуудыг нэг бүрчлэн тайлах шаардлагагүй бөгөөд төв 3 судалын зангилааг хэрэв тайлж чадваас салаа судлууд аяндаа тайлагдаж гэгээрэлд хүрдэг. Эдгээр судлуудаар хийг зөв гүйлгэж зөв ашиглаж чадваас сэтгэл зөв болж түүнд бас нэгэн шид бүтээл чадвар оршдог нь нэн гайхамшигтай.

Аг тарнийн ёсонд тавигдах шаардлага нь эрхтэн хурц, мэс хүрээгүй, мөн ёс журам сахилга батыг өндөр хэмжээнд тавьдаг бөгөөд бодь сэтгэл болон өөр олон бэлтгэл ажилуудыг хийж дадуулсан байх шаардлагатай гэж үздэг. Зүүдээ хянах, зүүдээ удирдах гэх мэтийн анхан шатнаас эхэлдэг. Учир нь зүүдний бие нь тантрын ёсны нарийн болон машид нарийн биетэй төстэй байдаг. Тэрхүү нарийн бие нь хийтэй л холбоотой байдаг. Ийнхүү хийг удирдаж сурваас бид нарийн биеийг хянаж сурна. Нарийн биеийг хянаж чадваас зөвхөн үхэх үед гарч ирдэг гэгээн гэрэлийг барьж авдаг. Тэрхүү гэгээн гэрлийг ашиглан пуужингийн тийрэлтэт хөдөлгүүр болгон ашиглан зовлонт орчлонгийн хүрднээс гарах болно.

Тантрын ёсонд ямар ч сургаал ном хэрэггүй зөвхөн хий дээр ажиллах бөгөөд хийгээ удирдаж хийгээ зөв гүйлгэж судасны зангилаа оньсыг тайлваас ертөнцийн мэдлэгийн аяндаа ухаарч мэдээд зогсохгүй аяндаа амгалан өөрөө төрдөг. Тантрын ёс нь энэ ертөнцийн аньс бөгөөд энэ ертөнцийн аньсийг атгаваас бүхнийг атгасантай ялгаагүй юм.

Үлгэрлэвээс нар түмэн цацраг цацруулна. Цацраг бүрийг судалвал таны энэ нас хүрэхгүй. Гол цөмийг атгаваас бүх цацрагийг атгасантай ялгаа үгүй юм.

Энэ боломжийг эгэл хүн танин мэдэж нээнэ гэдэг боломжгүй зүйл бөгөөд тоолшгүй 3 галавт буян хураасан Бурхан багш нээн илрүүлж шавь нартаа сургасан нь нэн завшаантай хэрэг болсон бөгөөд аргагүй л Бурханаас өөр хэн ч ийм аргачлал айлдаж чадахгүйг ойлгох болно.

Манай Монголд тарнын ёсонд мэргэжсэн олон хутагт хувилгаад байдаг бөгөөд тухайлбал Өндөр гэгээн Занабазар, Хутагт Данзанравжаа нар байна.

Хутагт Данзанравжаа нэгэн удаа шавь нар нь багштайгаа барьцан Сархад зооглоод яваад байхад нь тэд нарт нэгэн сургамж үзүүлэх зорилгоор байшингийн дээвэр дээр гарч шээн, шээс нь газарт унахаасаа өмнө татчихдаг байсан гэлцдэг. Тэгээд та нар ийм чадварт хүрсэн бол Сархад зооглож болно оо гэлцдэг. Мөн энэ мэт олон шид бүтээлийг шавь нартаа үзүүлсэн түүх олон буй. Энэ нь тарний ёсонд хэрхэн мэргэжсэн болон хийгээ хэрхэн удирдаж өөрийн эрхэнд оруулсан болох нь харагдаж байна.

Сархад бол хийн хүчийг нэмэгдүүлэгч бөгөөд эгэл хүн судасны зангилаа тайлагдаагүй, хий нь буруу гүйдэг тул хэрэв сархад зоогловоос тэр нь буруу гүйж байгаа хийг улам хүч оруулан хүнд хорлолтой байдаг. Харин судасны зангилаагаа тайлсан, хий нь зөв гүйсэн хүн сархад зоогловоос тэр нь зөв тийшээгээ улам хүчтэй гүйж шид бүтээл чадварт нь огцом ихсдэг. Тиймээс тарнийн ёсонд сархадийг зооглож болох боловч түүнийг сархад бус рашаан зооглох гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл эгэл хүний талаас сархад, эгэлгүй нэгний талаас харахад рашаан л гэсэн үг юм. Тиймээс сахил зөрчсөн уналд орохгүй болно. Тэрхүү сархад нь судалын зангилаа тайлагдсан хүний биед орох үедээ л рашаан болж хувирдаг. Данзаравжаа бээр хүний өтгөнөөс авхуулаад олон ч зүйлийг бодитоор хувилган шавь нартаа үзүүлж хэрэв та нар ингэж үл чадваас сархад бүү зоогло гэдэгийг хатуу сануулсаар ирсэн байдаг бөгөөд энэ тухай түүний шүлэг ч байдаг билээ.

Хүний төрлийг олох юутай чөлөө учрал вэ. Тэр дундаа Бурхан заларсан галавт төрнө гэдэг бүүр том завшаан. Бурханы шашин дэлгэрсэн оршсон газар төрнө гэдэг бүүр ч ховор. Дэлгэрсэн газар нь их хөлгөний ёсонд харъяалагдах тантрын ёс дэлгэрсэн орон бүүр цөөн. Үүн дотроо тантрын ёстой учирч байгаа нь бүүр цөөн хэрэгжүүлж байгаа нь өдрийн одноос ч цөөн тохиол юм. Хамаг амьтан үтэр түргэн орчлонгийн хүлээснээс салж амгалантайгаа учирах болтугай. Ум сарва мангалам

Ч.Одгэрэл

Холбоотой:
Архи уухыг хориглосон шүлэг
Архи уухыг хориглосон шүлэг-АУДИО
Төрийн алтан соёмбийг хэн зохиосон бэ

    Бусад мэдээлэл