2012-01-13 | Нийтэлсэн:Oyunjargal | Үзсэн:10970
Гурван эрдэнэд итгэнэ.
Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь:
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асуув.
Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл
- Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл
- Муу үйл хямд гэв.
Ямар юм цөөн бэ? гэвэл
- Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.
Ямар юм олон бэ? гэвэл
- Сэрэмжгүй муу заяатан олон гэв.
Юу сайхан бэ? гэвэл
- Саруул ухаан сайхан гэв
Юу хортой вэ? гэвэл
- Өст сэтгэл хортой гэв
Юу худал вэ? гэхэд
- Энэ нас худал гэв.
Юу үнэн бэ? гэхэд
- Гурван эрдэнэ үнэн гэв.
Юу муу вэ? гэхэд
- Хүний номгүй нь муу гэв.
Юу сайн бэ? гэхэд
- Чин зориг сайн гэв.
Энэ цагийн хүний жам ямар вэ?
- Аяа хөөрхий, энэ цагийн хүний явдлыг санах тутам ертөнц лүгээ нөхцөхийн чагтага тасран, зүрх догдлох мэт бөлгөө.
Бурхныг тахисаар сууж тээршаана
Номыг сонссоор сууж уйдана.
Хуврагтай ханилсаар сууж боолоо хийнэ
Өөрийн бол нохойг ч болов өмөөрнө.
Бусдын бол бурхныг ч болов огоорно.
Баялаг бол дайсныг ч болов аргадана.
Гуйрамч бол эцэг эхийг ч болов орхино.
Олзтой бол биеэ ч болов үнэлнэ.
Зохилдвол адтай ч болов нөхцөнө...
Аяа бас
Зарим мэргэд номыг мэдлэг гээд алдрыг эрнэ.
Зарим ноёд эрхийг олоод дайсныг хураана.
Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ.
Зарим эр атаа заргаар юмаа барна.
Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно.
Аяа бас,
Шавь хүн багшийг үл ойшооно.
Хөвгүүн нь эцгийн үгийг үл сонсоно.
Хүүхэн нь эхийн сургаалыг үл дагана.
Шавь хүн багшаас илүү ноёдыг хүндэлнэ.
Хүүхэн хүн эцэг эхээс илүү эрийг хүндэлнэ.
Залуу нь хөгшнөө басна.
Хөгшин нь залуугаа үл тооно.
Идрүүд нь хал барина.
Мунагсад нь далд орохыг хүснэ.
Аяа бас,
Үйлийн өр мэт үл нягтална.
Номыг самуун үг мэт үл дурсана.
Үхэхийг унтахын төдий үл санана.
Рашааныг ундааны төдий үл хэрэглэнэ.
Судрыг мөнгө мэт үл хадгална.
Сайн үгийг сонсовч мартана.
Муу үгийг алба мэт зарлана.
Авах бол уул мэт боловч чамлана.
Өгөх бол нэг цэн боловч харамлана.
Буяныг худалдааны төдий үл хэрэглэнэ.
Хилэнцэт үйлэнд аяндаа мэргэшнэ.
Итгэсэн саднаас уурлавч салж үл чадна.
Энэрэгч багшийг дуудавч зайлна.
Чөлөөгүй боловч жил бүр будаа авахаар явна.
Чөлөө байвч авралын оронд мөргөхөөр үл явна...
Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ.
Өөрийн гэмийг нарийн тоосны төдийн үл шинжилнэ...
Үнэн үгтэн омогтны тоонд орно.
Башир үгтэн цэцний суудалд сууна.
Эд эвдрэхийг хайрлана.
Салалцаад гаслалцана.
Учралдаад хууралцана.
Хүнийг муу хэлэхээс айна.
Сүнс зовохоос үл айна.
Аяа бас,
Тусын хариуд хорлох хүн олон.
Ачийн хариуг мэдэх хүн цөөн.
Хилэнцийг мэдэвч хийх хүн олон.
Номыг мэдэвч бүтээх хүн цөөн.
Зовлонг танивч үл сэхээрэх хүн олон.
Жаргалыг хүсэвч сайн явах хүн цөөн.
Зусар үг хэлэвч баярлагчид олон.
Гэмийг хэлбэл үл гомдогчид цөөн.
Эрхэлж муу үгээр тогловол хадгалагчид олон.
Энэрч харамгүй сургавал авагчид цөөн.
Аяа бас,
Сүжиглэхийн хамт сэжиг төрнө.
Эрдмийг эрэхийн хамт гэмийг эрнэ.
Саданд учрахын хамт дайсныг даллана.
Амгаланг бүтээхийн хамт зовлонг үүсгэнэ.
Үнэн үг хэлэхтэй хамт худлаар чимнэ.
Нэг зөв явахтай хамт хэдэн буруу явна.
Аяа бас,
Хариугүй өглөг үл өгнө.
Харгүй сайхан сэтгэлийг үл санана.
Атхаггүй амар сууж үл чадна.
Алагчлалгүй шударга явж үл мэднэ.
Муу үйл үйлдээд үл гэмшигчид олон
Сайн явдлаар яваад баярлагч хүн цөөн.
Аяа бас,
Хүндлэлийг ямба гэнэ.
Ёсыг алба гэнэ.
Ихэстэй учирвал зусардахыг бодно.
Энгийн нөхөртэй учирвал хуурахыг бодно.
Энэ цагийн хүний зовлон гэвэл,
Цайруу явбал хүний гарт орно.
Хардаж явбал муу үйл арвидна.
Шударга явбал олонтой үл таарна.
Башраар явбал номтой үл таарна.
Чанга хурц явбал өстөн олон болно.
Дуугүй номхон суувал толгой дээр гарна.
Дундуур зэрэн явбал тэнэг гэж сонжлогчид олон.
Гуйж хэлбэл эрэмшинэ.
Ширүүн хэлбэл дордоно.
Үнэн хэлбэл ойшоохгүй болно.
Худал хэлбэл хүндгүй болно.
Олноо зөвшвөл санаагаа үл хэлнэ.
Ганцаар шийдвэл зөрүүд болно.
Ойр суувал явдлаас зайлна.
Хол явбал орхив гэж тунина.
Олон үг хэлбэл чалчаа гэнэ.
Дуугай суувал ихэмсэг болно.
Хянаж хэлбэл хартай хэмээнэ.
Гэмтэй нь гэмгүйдээ ноцно.
Гэмгүй нь гэмтнийг өмөөрнө.
Эвлэвэл хардана.
Эвдэрвэл гомдоно.
Аяа бас,
Өөрөө муу яваад бусдыг жишээ татна
Хүний хүчээр сайн яваад гэдрэг эрэмшинэ.
Дээр явбал атаархана.
Доор явбал дарлана.
Энэ цагийн
Алаглагч ноёд,
Авилгач түшмэд,
Хариу бодогч өглөгийн эзэд,
Тэмцэлдэгч ардаас эхлэн
Суудлын төлөө олох нэр,
Эдийн төлөө номлох ном,
Алдрын төлөө үйлдэх буян,
Өмгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн
Муу явдлыг өөрөөр үйлдээд
Цагийг муу хэлнэ.
Товчилбол:
Сансрын гянданд үйлээр хүлэгдэж
Мухгийн харанхуйл тачаангуйгаар согтож,
Урины мэсийг барин,
Омгоор түлэгдэж,
Атаагаар агсамнаж,
Зовлонгийн эвэршээлд эмгэнэх
Амьтад бүгд хөөрхий.
Зүрхэн үгүй энэ насны хавцгайд
Авралын чагтага тасраад,
Авах гээхийн нүд тэсэрсэн
Амьтан бүгд хөөрхий.
Ихсээс мятрах,
Багад дээрэлхэх
Ичгүүргүй амьтад хөөрхий.
Даарвал хувцас,
Халууцвал сүүдэр,
Өлсвөл хоол,
Цангавал унд,
Зүдэрвэл нойрын төдий,
Өнөө маргаашийн төдий,
Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий.
Гаслант муу заяанаас гараад,
Гайхамшигт хүмүүний биеийг олчхоод
Энэ мэт үйлийн үрийг
Эдлэгч амьтад даанч хөөрхий хэмээв.
Тэр цагт нөгөө хүн бас ийн асуув:
Аяа, энэ мэт муу цагт
Үнэнийг санагч хүн
Ямраар явбал болох вэ? гэсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
- Аяа, нөхрийн дээд сэрэмж мөн боловч
Лам, эцэг, эх гурван ачтанаа бүү хард.
Эрдмийн дээд эв мөн боловч
Хилэнцэт нөхөртэй бүү нөхөц.
Учраад хэлэлцдэг жам мөн боловч
Хэмжээгүй үг бүү хэл.
Бурхнаас илүү аврал үгүй тул
Сүжиглээд дамжиг бүү үйлд.
Номоос илүү эрдэм үгүй тул
Суралцаад омог бүү үүсгэ.
Хуврагаас илүү өмөггүй тул
Хүндлээд гэм бүү эр.
Маныг хорлогч нисваанис мөн тул
Сэтгэлийг харуулдаж хориг тавь хэмээв
Тэр хүн бас ийн асуув:
Сургаал хэрэгтэй хүн ямар вэ?
Хэрэггүй хүн ямар вэ? гэсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
Үл мэдэгч мунхаг, ухаангүй хүнд сургаал хэрэггүй.
Өөрийн биеийг тоосон омогтой хүнд сургаал хэрэггүй.
Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургаал хэрэггүй.
Үзсэний дараагаар л мартагч хүнд сургаал хэрэггүй.
Эгэл хэрэггүй хүсэлд шунагч хүнд сургаал хэрэггүй.
Ихэс дээдсээс дутаагч хүнд сургаал хэрэггүй.
Илт үзтэл гангалагч хүнд сургаал хэрэггүй
Элдэв баширт нөхөдтэй ханилагч хүнд сургаал хэрэггүй.
Энгийн гэмгүй нөхөртэй үтээрхэгч хүнд сургаал хэрэггүй
Их суудлыг хүсэж нэрэлхэгч хүнд сургаал хэрэггүй.
Энэ хойт хоёр явдлын сүүлийг үл бодогч хүнд сургаал хэрэггүй гэв.
Учрыг ухах саруул ухаантай хүнд сургаал хэрэгтэй.
Үнэнийг баригч шударга хүнд сургаал хэрэгтэй.
Улмаар буяныг хураагч хүнд сургаал хэрэгтэй.
Очирдар ламын зарлигийг хадгалагч хүнд сургаал хэрэгтэй.
Олон эзэд ноёдыг хүндлэгч хүнд сургаал хэрэгтэй.
Үхэх, өвдөхийн зовлонг сэхээрэгч хүнд сургаал хэрэгтэй.
Үлэмж дээдийн номыг эдлэгч хүнд сургаал хэрэгтэй.
Өвгөд эмгэдийг өргөгч хүнд сургаал хэрэгтэй
Сургагч нь:
Зоргоор бус үнэнээр болвол сургаж болно
Зориуд бус халамжлах сэтгэлээр болвол сургаж болно
Зовлонт үйлээс зайлуулагч болвол сургаж болно
Өөрөө эс мэдэвч дээдийн зарлигтай бол сургаж болно.
Үлэмж мэргэн биш ч омог сэтгэлгүй бол сургаж болно гэв
Тэр хүн:
- Тийм бөгөөс надад
Мэдэхэд хямд
Хийхэд хялбар
Явахад амар
Санахад томъёотой
Нэгэн сургаал айлдаж хайрлана уу?
Гадна биеийн явдал
Дотоод хэлний үг
Нууц сэтгэлийн чиг
Гурвуулны ерөнхий байдлыг ямар мэт явах вэ?
Гадаад амины аж төрөх
Дотоод их, бага төрийн нууц явдал
Дээдийн номыг бүтээх зэргийг ямар мэт явах?
Жаргах цагт санах санаа
Зовох цагт хатамжлах сэтгэлийг
Надад айлдаж хайрла? хэмээсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
- Гадаад биеийн явдал гэвэл:
Ёстныг хүндэл.
Настныг баярлуул.
Ачтанаа өргө.
Бачтанаас зайл.
Сайнаас бүү сал.
Садныг бүү эр.
Олон бүү арилж.
Огт бүү харамла.
Олон дараагаар хэрэггүй явдлыг бүү арвитга
Онц зөрүүлхэж дээдсээс бүү сал
Муу нөхөртэй бүү нөхц
Зүйл бүрийн хувцас бүү өмс.
Зүг тал үгүй бүү гайхуул.
Хэлний өгүүлэх хэмээвэл:
Хэрцгийлж хэрүүл бүү үүсгэ.
Хэгжүүрхэж омог бүү үүсгэ.
Хэлбийж олон янз бүү урва.
Саваагүй тохуун үг бүү хэлэлц.
Санамсаргүй үг бүү хэл.
Эвлэж муу санаатантай бүү зөвш
Эвдэрч олон зан бүү гарга
Хордож бусдын гэмийг бүү малт.
Ховсорч хэрэггүй үг бүү зөө.
Хуурч элдэв башир бүү хэл.
Хоцорч нөхөр үгүй бүү суу хэмээв.
Сэтгэлийг чиг гэвэл:
Шинжлэлгүй бүү сэтгэ.
Сэрэмжгүй бүү зальхайр.
Гэнэт нөхрийг бүү итгэ.
Гэндэж хүнээс бүү урьт.
Буруу юмыг бүү өмөөр.
Бусдын юманд бүү шуна.
Бузгай дээрэнгүй бүү загна.
Бузар хилэнцийг бүү үүсгэ.
Чөлөөгүй гэж бүү алгас.
Чадал үгүй байж бусдыг бүү дуурай.
Магад дээдсийг олж нөхөрлө.
Муу явдалтнаас насад дутаа.
Санасан бүрийг бүү хөөцөлд.
Салах учрахад бүү гомд
Буянтай санаанаас бүү холд
Бодь сэтгэлийг бүү март.
Нийтийг товчилбол:
Самуун хүнтэй бүү учир
Санасан бүрийг бүү ярь
Тэр энэ гэж бүү эрэлх
Тэгэх ингэх гэж бүү зарла
Сонжилбол бүү уурла
Сонирхож бүү урва
Өгвөл эд мөн.
Сахивал санваар мөн.
Хүлцвэл хуяг мөн.
Хичээвэл мөр мөн.
Эс мартвал бясалгал мөн.
Мэдвэл билиг мөн.
Мунхаг хүнтэй оролдвол
Үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна.
Хүсэлтэй хүнийг чанга хоригловол
Гансрах тул аргаар номхотго.
Ууртай хүнийг ширүүн хэлбэл
Аюул болох тул урмаар ухуул.
Омогтой хүнийг дарлавал
Хорсох тул нэр цолоор баясга.
Дээрэнгүй хүнийг хөгжөөвөл
Хэрэг гарах тул их битгий хэрэгс.
Атаач хүнд нүүр эс өгвөл
Гомдох тул сайхан загна.
Харамч хүн ширхэг утсыг ч болов
Харамлах тул арилжаа бүү хий.
Зусарч хүнтэй нөхөрлөвөл
Зоргоор болох тул дорд суудлыг барьж
Ховч хүнтэй хэлэлцвэл
Бусдын гэмийг сонсох тул бүү итгэ.
Их хүнийг эс нүүрдвэл
Өмөг үгүй болох тул ёсын төдий сайхан хүндэл.
Боол хүнийг эс баярлуулбал
Явдал хождох тул бага сага юм өг.
Өр бүү хий.
Өглөг бүү тасал.
Хулгай бүү хий.
Ховсоргон бүү загна.
Олноос зөвш.
Онц өөрийн санааг сүүлд гарга.
Хэлбэл бүү буц.
Санавал бүү март.
Хүнийг нүүрчилж
Хэргийг буруу бүү болго.
Хүнд чиг үгүй загнаж
Сайхан зан үгүй бүү суу.
Эд хэмээвэл, ертөнцийн ёсны сургаал болой.
Эдүгээ номын ёсны сургаал хэмээвэл:
Биеийг тороос алдуулсан шувуу мэт
Аглагийг шүт.
Хэлний үгийг хивийн зангиа мэт
Алдралт үгүй боо.
Урьдын хийсэн хилэнцээс
Хор уусан хүн мэт хашир.
Магад гарах буянт сэтгэлийг
Амь мэт энхрийл.
Хилэнцэт нөхрөөс
Аварга могой үзсэн мэт зайл.
Буяны саданг Өөрийн толгой мэт өргө.
Сэтгэлийн эрдмийг
Яст мэлхийн гишүүн мэт нуу.
Усгал зөөлөн занг
Мөрний урсгал мэт ундраа.
Чин зориг, хичээнгүйг буугийн сум мэт чиглэ.
Гурван эрдэнийн үйлст морь, нохой мэт зүтгэ.
Олон хамаг амьтанд сал онгоц мэт
Боол сэтгэлийг барь.
Тангараг цааз хоёрыг
Шил толь мэт хайрла.
Өөрийн гэмийг Салхи мэт алдаршуул.
Зөв болвол бүхэнд дайсан боловч үйлд.
Буруу бол хааны суудалд суулгавч зайл.
Буян болох бол хилэнц мэт боловч үйлд.
Хилэнц болох бол буян мэт боловч тэвч.
Үлгэрлэвэл: Хүнтэй адил боловч
Ороолон бол бүү учир.
Галзуутай адил загнавч
Дээдэс төрөлхтөн бол шүт.
Түүнчлэн, билиг буй бөгөөс
Эрдэм үл болох юм нэг ч үгүй.
Сүсэг буй бөгөөс
Адис үл гарах юм нэг ч үгүй.
Хичээнгүй буй бөгөөс
Үл бүтэх юм нэг ч үгүй.
Бодь сэтгэл буй бол
Нөхөр үл болох амьтан нэг ч үгүй хэмээв
Тэр цагт, билигтэй бол юм бүгд эрдэм болох учир юу вэ? хэмээсэнд
Үлгэрлэвэл:
Чулуун хор эмч хүнд эм
Таарах өвчинд рашаан
Зүгээр хүнд хор болсон мэт
Шимийг нь авбал өчүүхэн юм ч
Их эрдэм болох нь олон буй.
Хорхой тэжээж авсан шүлс
Магнаг болохыг үз.
Энэ үест:
Билиг, сүсэг, хичээнгүй, бодь дөрөв
Ялгал, оньс, эрдэм, сайн дөрөв
Үүнийг номлох зүйл эгээршгүй боловч
Олонх нь гарын хөтөлбөрөөс сурч болох
Товчийн төдий өгүүлбэл:
Сүсэг үгүй бол бурхныг шүтэж үл чадна.
Бурхныг шүтэж эс чадвал
Зарлигийг дагаж эс чадна.
Зарлигийг эс дагавал
Ишийн эрдмийг үл олно.
Түүнийг үл олбоос
Онол үл төрнө
Тэр хоёр үгүй бол
Авах, гээхийн алин ч үгүй буруудна.
Хичээнгүй үгүй бол
Туурвисан үйл хэрэггүй өнгөрнө.
Бодь сэтгэлтэй хүн
Нялх ч боловч олныг айлгана.
Хорлох сэтгэлтэй хүн
Идэр хүчтэй боловч дайсныг арвитгана.
Алаг үгүй сэтгэлтэй хүнийг
Амьтан бүр өрөвдөнө.
Бус бас жаргах цагт
Ташуурал үгүй сэтгэлийг барь
Хайртай хэмээгч нь дотуурчилсны нэр.
Хилэгнэх гэгч урины нэр.
Жаргах гэгч нь нойрын нэр.
Их хурц гэгч нь омгийн нэр.
Харилхана гэгч атааны нэр.
Үгийг урвуулж хэлбэл
Мөн чанар нь таван хорын нэр буй.
Өвчин бага боловч үхлийн шалтгаан.
Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан.
Буян бага ч болов туслахын шалтгаан.
Гал бага ч болов түлэхийн шалтгаан.
Нүгэлт нөхөр хол ч болов хорлохын шалтгаан.
Бусдын өргөмжлөлийн үгэнд хөөрөлгүй
Насанд өөрийн сэтгэлийг нам дарж явтугай.
Сайн, муу хоёрыг сэтгэлээс ялгадаг.
Тус хор хоёрыг үйлдвэрээс таньдаг.
Үнэн, худал хоёр сүүлдээ тодордог.
Жаргал, зовлон хоёр
Өөрийн үйлээс болдог тул
Сэтгэлийг шантралгүй
Буянтай сэтгэлийг хадгалбал
Үхэвч санаа амар буй.
Учир үгүй цааз үл байна.
Уг үгүй үр үл байна.
Санал үгүй үг үл хэлнэ
Саадгүй буянаас үл хожимдох тул
Үйлдвэр юу үйлдэвч
Шалтгааныг шинжил хэмээв
Тэр цагт, нөгөө хүн:
Товч нь юу вэ? хэмээсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
- Аврал бүгдийн товч лам мөн.
Санваар бүгдийн товч сэрэмж мөн.
Үзэл бүгдийн товч үнэн үзэл мөн.
Санаа бүгдийн товч мөнх бус мөн.
Ном бүгдийн товч сэтгэлийг номхтгох мөн.
Таван махбод бүгд
Огторгуй махбодод хурна.
Таван хор бүгд
Мунхаг сэтгэлд хурна.
Дурдаж мэдвэл сансар нирваан бүгд
Сэтгэлийн чанараас үл давна.
Үлгэрлэвэл:
Хоосон хумхийн тоос цугларсаар
Арвидвал шороо болно.
Шороо арвидвал уул болно.
Чийг арвидвал ус болно.
Манан арвидвал үүл болно.
Туйпуу арвидвал балгад болно.
Түүнчлэн бие үгүй хоосон сэтгэл
Буруудвал нисваанис болно.
Нисваанис арвидвал там боловсорно.
Зөвдвөл буянт мөр болно.
Буян арвидвал бурхан болно.
Энэ мэт элдэв зүйлийн үзэгдэл
Бүгд шүтэн барилдлага
Үзэгдлийн төдий хоосон хэмээхийн агаарт
Зүүд замхрав хэмээн хэдэн
Сайн, муу, үнэн, худал үгсийг
Наадмын төдий бичсэн
Цагийн жамыг тодруулагч
Цаасан шувуу хэмээгдэх нэжгээд үе төгсөв
Ом сайн амгалан болтугай
Олон амьтанд тус болж
Орчлонгийн далай ширгээд
Онолын эцэст хүрч
Огоот арилсан бурхан болох болтугай!