2020-07-17 | Нийтэлсэн:admin | Үзсэн:5067
Наландрагийн хийдэд нэг шидийг олсон хувраг байсан бөгөөд нэгэн өдөр уулын хормойд орших тосгон руу сүү авахаар явахаас залхуурч гэнэ ээ. Тэгээд хийдийнхээ хэрмэн хашаан дээр үнээ зурчихаад шид бүтээлийн хүчээр түүнийгээ сааж хувингаа дүүргэчихээд буцан иртэл хамба лам нь мэдээд шар шувтлан хийдээсээ хөөх зарлиг буулгасан юм гэдэг. Зүгээр ч нэг хөөгөөд явуулсангүй Наландрагийн хийдийн буман хуврагийг жагсааж байгаад түүний гэм нүглийг тоочин хөөж явуулахдаа "Өөрийн үйлдсэн үйлийн үрийн эрхээр хойд насандаа ээрэм талд сохор бух болж төрөх нигууртай." гэдгийг ч дуулгасан ажээ. Нөгөө уналд орсон гэлэнгийн сэтгэл ихэд хямраад: "Хамба минь. Би өөрийн үйлдсэн гэм нүглийн хариуг амсах нь зүйн хэрэг. Гагцхүү миний тодорхой хугацаанд ном буяны үйлэнд шамдаж байсныг бодолцон харах нүд бүрэн, ядаж нэг үнээ дагаж чадахаар жирийн бух болгон төрүүлээд өгөөч дээ." хэмээн гуйтал хийдийн хамаг хуврагууд нирхийтэл баясан инээлдсэн ажээ. Наландрагийн хийдийн буман хуврагийг баясгана гэдэг зүйрлэшгүй их буян тул тэр гэлэнгийн үйлдсэн нүгэл бүрнээ арилж ариуссанаар буцаж өөрийн хийддээ ном буяны мөрд шамдах боломжтой болсон хэмээх домог байдаг.