2012-02-03 | Нийтэлсэн:admin | Үзсэн:5579
Өнөөдөр бид шүтлэгийн хямралын оргил дээрээ байна. Оргил гэдэг нь энэнээс илүү хямрахгүй болов уу гэдэг утгаар хэлж байна. Илүү хямрахгүй гэдэг нь хямрахад бас хэмжээ бий гэдэг санаагаар бас хэлж байгаа хэрэг.
Өнөөдөр сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн шинэ хязгаар дээр ирсэн олон түмэн учир шалтгаанаа тал талаас хайж байна. Учир шалтгаан буруутныг бусдаас хайх нь хялбар байдаг бөгөөд хүн зөнгөөрөө энэ аргыг хамгийн түрүүнд сонгодог.
Ингээд манайхан “Энэ лам нарын байж байгаа царайг хар”, “Бөө нар хэр хэмжээнээс хэтэрлээ” хэмээн үглэж, лам нар муу байгаагаас буддизм мухар сүсэг болж, бөө нарын буруугаас анимизм руу ухарлаа гэсэн дүгнэлт хийж байна. Ийм тал бол байгаа. Үнэний хувьтай.
Гэхдээ асуудлыг нөгөө талаас харцгаая л даа. Лам нараар бид очиж мэргэлүүлдэг билүү? Тэд нар ирээд “ганц мэргэлүүлчих л дээ” гэж шалаад байдаг билүү? Ажил хэргээ бүтээх гэж бид өөрснөө сүм хийд дээр очдог билүү? Сүм хийдийн ухуулагч нар хаалга нүдээд “очиж тийм ном уншуулж аргалуул” гэж ухуулаад явдаг билүү?
...Шүтлэг шашин дахин сэргэж, бишрэх шүтэх эрх чөлөө эргэн олдох үеийн нийгмийн оюун санааны хэрэгцээ юу байсан бэ? Монголчууд шашныг ямар хэмжээнд хүлээн авах боломжтой байв гэдэг асуултын хариуг эхлээд авч үзсэн нь дээр байх.
Шашин шүтлэг нь юун түрүүн итгэл найдвар. Гээгдсэн итгэл, алдарсан найдварыг эргүүлэн бэлэглэгч юм.
1990 оны ардчилсан хувьсгалаар хүчирхийллийн дэглэмийг торгоон барьж байсан “Одоо зовж байгаа боловч төддүгээр таван жилийн дараа ийм сайхан болно. Яваандаа коммунизмд орохоор бүх хүмүүс дэлгүүрээс хэрэгцээнийхээ хэрээр авдаг болно” гэхчлэнгийн мифүүд хар аяндаа алга боллоо. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч сэргэсний үр дүнг дорхноо амсаж эхэлсэн боловч олон арван жил сэтгэл зогоож ирсэн “Тэр үед ийм болно. Тэнд хүрээд ингэж жаргана” гэхчлэнгийн “төлөвлөгөөт итгэл”-ээ алдсан нь бас хэцүү байлаа.
Ер нь хувь заяагаа өөрийн гартаа авах бас ч амаргүй ажээ. Уул нь чиний өнөөдрийн хувь заяа, ирээдүйн тавилан бүгдээрээ нам засгийн гарт байсан цагт ирээдүйдээ санаа тавих хэрэг байсангүй. Эрх чөлөө, өмчлөх эрхээ эргүүлж алдмааргүй, тэгсэн атлаа ирээдүйн асуудлаа бусдад даатгамаар нэг ийм хямралын үед шашин, шүтлэг эргэж ирсэн юм.
Бодит боломж багасахын хэрээр хий горьдлого нэмэгдэнэ гэдэг үг бий. Төрөөс “төлөвлөгөөт ирээдүй” амлахаа больчихсон, дээр нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн тэр үед олон жил гол зогоож ирсэн “ирэх таван жилд аж байдал дээшлэх” төлөвлөгөөг дөнгөж сэргэж байсан шүтлэг, бишрэл орлон авлаа.
Эдийн засаг, улс төрийн нэг тогтоцоос нөгөөд шилжих үйл явцыг дагасан хямралын үеийн гэгээн найдвар нь шашин болсон. Гэхдээ Буддын шашныг аливаа мухар сүсгээс татгалзаж, гадны дээд хүчинд найдах бус өөрийнхөө сэтгэл санааг ариусган төгөлдөржүүлэх замаар гэгээрлийн хутгийг олох тухай номлол байдлаар хүлээн авах сэтгэл санааны хөрс байсангүй ээ. Зүгээр л хүнд сайхан ирээдүй байгааг хэлж өгдөг, хүнд хэцүү үед ирээдүйд буй болох “шинэ коммунизмын төсөөлөл” хайрладаг тийм үзэл суртал байдлаар л шашныг хүлээж авч чадахаар байж.
Ийм үед жирийн сүсэгтэн хүн лам хувраг дээр очоод “Бүтээгч дээд хүч гэж байдаггүй” тухай “Ид шид гэж үгүй, харин үйлийн үр бодитой” гэхчлэн сургаал сонсвол урам нь хугарна. Харин “Энэ жил сайн жил гарна”, “ийм аюул байгаа боловч тийм заслаар зүгээр болно” гэсэн сайхан үг хэлээд өгдөг лам л урам өгнө.
Ер нь зовлон бэрхшээлийнхээ учир утгыг мэдэх ч гэж очиж байгаа юм биш, Буддагийн сургаалыг дагаж явдаг болох гэж ч очиж байгаа юм биш. Ердөө л ирээдүйнхээ тухай сайхан үг сонсох гэж л очиж байгаа юм. Тийм учраас “сайхан төлөг буулгадаг” төлөгчдөд л сүсэгтнүүд дуртай байдаг. Үүнийг ч гэсэн төлгөч-менежерүүд сайн мэддэг. Зарим үзмэрч төлгөч “ийм тийм аюул нүүрлэж байна” гэхчлэнгийн муу мэдээ эхлээд хэлдэг нь зүгээр л мэнэжмэнт. Төлбөрөө зохих хэмжээгээр нэмсний дараа л хүсээд байгаа сайхан мэдээг нь хэлж өгөх гэж байгаа арга. Ингээд харахаар эцсийн дүндээ хүсснийг нь өгч л байгаа байхгүй юу?
Иймээс Буддын сүм хийдүүд оршин тогтноё, сэргэе гэвэл сүсэгтэн олныхоо энэ цангааг тайлахаас өөр сонголт байгаагүй. Мэргэлдэггүй бол лам байх аргагүй, аргалдаггүй бол сүм орших боломжгүй байсан хэрэг. Харин энэ дээр хэн нь сайн мэнэжмэнт хийсэн тухай яривал бас өөр хэрэг.
Хэдийгээр Буддагийн үндсэн санаа, мухар сүсгийн эсрэг зарчмаас хөндий явж ирсэн гэж зэмлэж болох ч шилжилтийн үеийн нийгмийн оюун санаанд итгэл хайрлах, алдагдаж буй горьдлого найдварын балансыг хадгалах үүргээ манай сүм хийдүүд үндсэнд нь биелүүлсэн гэж хэлж болно. Ингэхээр сүм хийд хуврагуудад хамаг бурууг чихэхээсээ өмнө бид юуг шүтлэг бишрэл гэж ойлгоод хүсэн хүлээж байв гэдгийгээ харах нь зөв. Сайн лам, саар лам, хүнийг гэгээрэлд хөтлөх, эсвэл бусдын мухар сүсгийг далимдуулан мөлжих энээ тэрээ бол тусдаа. Тусдаа төдийгүй өнөөдөр шинээр, жинхэнээсээ тулгарч эхэлж байгаа асуудал.
Бөө мөргөл ч гэсэн үгүйлэгдэж байгаа шүтлэг, дутагдаж буй урам зоригийг амжилттай орлож ирсэн үзэгдэл. Үүргээ ч бас биелүүлсэн.
Ухаандаа, нийгэмд дэвэрч болох байсан үл итгэлцэл, алдагдсан найдвараас үүсэлтэй сэтгэл хөдлөлийг амирлуулж, анх удаа хувь заяагаа өөрөө хариуцах болж байгаа мянга мянган хүнд горьдлого итгэлийн багана болох үүргээ лам, бөө хоёр биелүүлсэн санагддаг.
Өнөөдөр шашин шүтлэгийн хувьд эрүүл шинэ үе ирж байна. Хүмүүсийн амьдрал сайжирч, баялаг бүхий ирээдүй бодитой болохын хэрээр шашин нь хүний сэтгэл санаагаараа төгс төгөлдөр болгох үндсэн үүрэгтээ орох боломж гарч байна.
Манайхан бөө мөргөлийг сурталчлахдаа Чингэс хаан болон түүний үндэслэсэн Монголын их гүрний нэрийг их барих болжээ. Тэр үед бөө мөргөл байсан нь үнэн. Гэхдээ Чингэс хаан бүх шашин шүтлэг бие биеэ үгүйсгэн тэмцэлдэлгүйгээр тэгш эрхтэй орших ёстой хэмээн зарлигласан анхны их хаан юм шүү. Тэрээр бөө нарыг сонсдог байсан ч гэсэн үгэнд орохгүй бол хатуу шийтгэдэг төдийгүй “Төр тэрсэлж байгаа ямар ч шашны зүтгэлтнийг тэр дотор бөөг ч гэсэн алж байх” уламжлал үлдээсэн анхны улстөрч бас мөн. Тэв тэнгэр бөөгийн ууцыг хугалж алсан тухай “Нууц товчоо”-нд тодоос тод бичээстэй бий.
Бямбажавын Цэнддоо
ЗочинDecember 30, 2012
tsonddoo chi noirnoosoo sereed ardiin hayaagaar jaahan yvdaa. yagaad ta nar amidral ununees tasaaraad haana yavaagui medehgui bolchihood terniigee neg meddeg uhaan geed bodchihson baidag bainaa chi dugelt hiih haach baisanyum. jaahan nom yum uzej sudal chinii tuluu lam sum baidaggui yum shuu. odoogiin shinjleh uhaan buddizmiig mash undur unelj sudalj sanaa avch, muhardsan asuudluuddaa garts olj baihad chi ch chalchihiin henee tussan mal uur sedveer mailah heregtei. uur surgaal ahaasaa sonsoj bolno shuu. uhaar huu mini
ЗочинMay 8, 2013
Ene setgegdel bichsen nusan buu chi yadaj bvren unshaach hogiin adguus we chi. Ner haygaa bichij oruulaad hvnii omnoos yum yari l da. End buddhism-iig muulsan yum yu ch alga,
ЗочинAugust 20, 2013
Tiimee ene hun mongolchuudiin susegleh bishren shuteh irkh choloogoo olonson bolon yaj suseglej baisan tuhain ueiin 90 heden onni tuhail yrij bna shudee humuus bid lam deer bolon busad shashni toloologch nar deer zowlon zudguur aliw saad berhsheeliig daldiin hucheeer towoggui hurdan arilgahiig husej ochdogshuude ternees bish yagaad nadad iim zuul dohioldoh bolow bi ooroo iim zuultei uchirahgui bh arga bna uu gedgiig hj ogt ochdoggui bh