2014-02-23 | Нийтэлсэн:admin | Үзсэн:8218
– Өнөөдрийн хичээлийн туршилтан дээр бид, үүнийг долоож үзэх болно.
Ийн хэлээд Профессор багш, нэгэн өвчтөний шээсний дээж гаргаж үзүүлэв. Ядаж байхад тэр нь чихрийн шижингийн өвчтөнийх.
Учрыг ойлгож амжаагүй анагаахын балчир оюутнууд мэл гайхан, шилтэй шингэн рүү гөлрөнө.
– Энэ зэргийн юм чадахгүй бол эмч болно гэж горьдсоны ч гарз шүү, нөхдүүдээ. Өнөөдрийн туршилтыг хийгээгүй хүнд кредитыг чинь өгөхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэльчие!!!
– Алив харж бай, яаг ингэж долооно шүү
гээд яах ийхийн зуургүй долоовор хуруугаа лав гэгч нь дүрж гаргаж ирсэнээ, "лхап лхап" хийтэл бодитоор долоож үзүүлэв.
Оюутнууд нүдээ орой дээрээ гаргаад, суудал дээрээ тогтож ядан давчдана. Нэгэнт зугатах газаргүй болсон бололтой, яадаг ч байсан өнөөдөр амандаа шээс хүргэх нь тодорхой боллоо...
...Туршилт дуусч, хамаг биеийнх нь үс өрвийж, дотор нь бэлбийсэн оюутнуудын өмнө бахтай гэгч нь малийн зогсох Профессор багш
– Сонсож бай. Эмч хүн зөвхөн хар зоригоор яваад юунд ч хүрдэггүй юм. Юманд маш хянуур ажиглалт хийж сурах хэрэгтэй. Би та нарын өмнө дунд хуруугаа долоож үзүүлсэнийг хэн ч анзаарсангүй юу?
гэх нь тэр. Тэрээр долоовор хуруугаа шээсэнд дүрээд, дунд хуруугаа долоож үзүүлсэн юмсанж.
Арай ч дээ, тоглоом хэмжээндээ байхдаа зугаатайсан. Учир мэдэхгүй хөөрхий оюутнууд яаж ийм юманд баясах билээ.
Энэхүү байж боломгүй зэвүүн багшийг Мураками Казуо гэдэг. Дэлхийд хамгийн анх "Даралт өндөрсөлтийн шалтгаан болдог ферментын ген"–ийг тайлж уншиж чадсан түүнийг, Нобелд хамгийн ойрхон эр гэж ярьцгааж байна.
Түүний оюутнуудад хандаж хэлэх гэсэн зүйл нь үнэндээ хар зориг ч биш, хянуур ажиглалт ч биш, харин Инээдний тухай юм (Гэхдээ түүний шогийн мэдрэмжийг ойлгох оюутан байсан болов уу??).
– Инээдэг хүн хорт хавдар тусдаггүй юм.
Тайлбар нь гэвэл инээсний хирээр хүний дархлаа идэвхжиж ирдэг. Тэр дархлааны хамгийн гол фронт дээр тулалддаг байлдагч нь "Natural Killer Cell" буюу NK эс юм. Тэр NK эс нь инээж байх үед ихээр үйлдвэрлэгддэг юм байх.
Инээж байх үеийн тархийг шинжилж үзвэл Альфа хэмнэл (Alpha wave) гэдэг төлөвт байдаг гэнэ. Ерөнхийдөө хүний биеийг 2 янзын хэмнэл удирдаж байдаг бөгөөд, нэг нь Альфа хэмнэл, нөгөө нь Бэтта хэмнэл юм.
Инээд нь Альфа хэмнэлийн төлөөлөл бөгөөд, бие организм тайван төлөвт байх үе юм. Харин эсрэгээрээ Бэтта хэмнэл гэдэг нь дайн байлдаан, уралдаан тэмцээн гэх зэрэг, аминд халтай аюул нүүрлэсэн үед бий болдог амьтаны суурь шинж (инстинкт) юм.
Ямар ч эрүүл хүн бай, өдөр болгон дор хаяж 5,000 тооны хорт хавдарын эс биенд нь үүсч байдаг гэнэ. Харин эрүүл чийрэг хүний дархлааны систем буюу "ардын армийн өрлөг жанжин" болсон NK эсүүд тэр болгоныг сөхөө өгөлгүй хяргаж байдаг учиртай боловч, дархлааны систем нэг л сулрахад хорт хавдар хяналтаас гарч биен дотор нь хөндлөн зайдагнах болно.
Тэгэхээр хорт хавдар тусах уу үгүй юу гэдгийг "Өдөрт хэдээс дээш удаа инээсэн бэ?" гэдэг тэр тоо шийддэг гэхэд бараг болно. Инээгээд байвал бие чинь альфа хэмнэлд шилжиж, NK эсүүд олноор хийгддэг учраас тэр.
Эсрэгээрээ баргар, зөрүүд, гутранги, тэгээд инээдэггүй хүмүүс найдвартай хорт хавдар тусна.
Яагаад гэхээр, тиймэрхүү хүмүүс ужиг байдлаар альфа хэмнэлээс холдон төсөөрч, яван явсаар биеэ барьсан бэтта хэмнэлээсээ мултрах чадваргүй болдог учраас юм.
Ерөөсөө л, өөрийгөө хорт хавдар туссаныг мэдэх юм бол шууд эмнэлэг орох биш, царайлаг хүүхэнтэй аятайхан орчинтой ресторанд ороод инээж наргиж, цагийг хөгжилтэй өнгөрүүлээд байх хэрэгтэй. Тэгвэл хурдан эдгэнэ. Туйлшруулж хэлбэл ерөөсөө л тийм...
Гэх боловч, үргэлжид мөнхийн инээж ханиагаастай явах нь ямар ч асуудалгүй юм уу гэвэл, бас ч тийм биш.
Альфа хэмнэлд хэт автах юм бол тэнэг болж эхлэнэ.
Хорт хавдартай хэтэрхий их тэмцэлдээд байвал тэнэг болдог байх нь.
Баргар бас зөрүүд Бэтта хэмнэл маань, гаднаас биеэ хамгаалахын төлөөх зайлшгүй хэрэгцээт сэтгэлзүйн төлөв бөгөөд, хэрхэвч муу талын баатар биш юм. Зүгээр л, Бэтта хэмнэл буюу стресс төлөвт хэт удаан байвал гэдэсний хананд нүх үүсчихдэг талтай.
Альфа хэмнэл нь хэтэрвэл тэнэг болж, Бэтта хэмнэл нь хэтэрвэл ядаргаанд орно. Тэгэхээр энэ хоёрын тэнцвэрийг зөв барихгүй бол болохгүй.
Тэгтэл, орчин үеийн хүмүүс яагаад ч юм, Бэтта хэмнэлд амархан автдаг болсон юм гэх. Стресст амархан оромтгой гэх үү дээ. Тиймдээ ч өөдрөг яриа, хөгжилтэй үзүүлбэрийн эрэлт өндөр байж, амархан тархдаг байх. Эсрэгээрээ бид зүгээр байхдаа л инээгээд унадагсан бол эмгэнэлт кино, гунигийн дууг илүүтэй таашаах байсан биз.
Япон хүмүүс бусдаас өндөр насалдаг. Японы хөдөлмөрийн яамнаас үүний цаад шалтгааны талаар судалгаа хийж үзээд
– Урт наслалтын нууц нь, зовлонг удаан хуримтлуулдаггүй зан чанартай нь холбоотой гэсэн дүгнэлтэнд хүрч.
– Угаасаа л тэгэх юм чинь
– Гэхдээ л тэгэх юм чинь
– Тэртээ тэргүй л тэгэх юм чинь
гэсэн сэтгэлгээрээр асуудалд хандаж сурсан хүмүүс тухай бүртээ сэтгэлдээ хуримтлагдсан асуудлыг түс тас шийдээд явдаг юм гэнэ. Шийдэх шийдэхдээ гол төлөв эерэг тал руу нь өөдрөгөөр шийднэ.
Үнэхээр ч Япон хүний тууштай шаргуу занг давж барах үндэстэн ховор. Тэд сонирхсон зүйл бүртээ маниак байж чаддаг. Хийсэн зүйлийнхээ эцсий нь үзэж, оройд нь гарахаас нааш тавьдаггүй шазруун улсууд. Магадгүй дээрхи судалгааны дүгнэлт ёсоор, сэтгэлийн дотоод зөрчил, эргэлзээ тээнэгэлзээ үүсвэл дор нь түүнийгээ нэг тийш нь шийдээд явж чаддаг учраас, ажлыг дуустал нь хийж, давсыг уустал хутгаж дөнгөдөг биз.
Монголчууд бид ч бас түс тас зантай юу гэвэл зантай. Онцлог нь дээрхийн адилаар шалтаглах мөртлөө, яг эсрэгээр нь хийх гэснээ хаячихдагаараа л ялгаатай болохоос.
– Угаасаа л тэгэх юм чинь... болъё.
– Гэхдээ л тэгэх юм чинь... яахын.
– Тэртэй тэргүй л тэгэх юм чинь... нэмэргүй.
Гээд яахав, заавал тэднийг дуурайх албатай биш.
– Инээдгийг жаргал дайрна.
– Хэт инээдгийг мунхаг дайрна.
Өөдрөг үзэлд дуртай нь байхад, хянуур бодолд дуртай нь ч бий. Аль аль нь л чухал. Яг л 50:50.
Инээмээр байвал инээ. Бухимдмаар байвал бухимд, найз минь. Хүн болгон адилгүйгээс хойш, бусдын хэмнэлд чирэгдээд яахав. Сэтгэлийнхээ тэнцвэрийг өөрөө л зохицуул. Гагцхүү битгий л туйлшираарай.
Эх сурвалж: tomyo-bodyo.blogspot.com