Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

БИ ЯВЛАА

Үйлийн үрээс өөр өөдтэй тайлбар олддоггүй энэ орчлонд эцсийн амьсгал татах хүртлээ би Буддатай байхыг хүсдэг .
Газрын хатуу тэнгэрийн хол ч яамай. Харин ч хол тулдаа хамаг амьтаны зовлонг дааж, хол тулдаа л хүн бүрийн гарт өртчихөлгүй тогтож байдаг бизээ. Үүнээс илүү ертөнцийг төсөөлж болно, бүтээж болохгүй. чаддаг юм бол тэр матераа өгчих, төгс ертөнц бүтээгээд өгөе.Байдаг юм бол тэр эзэн тэнгэрээ дуудчих, гэрээгээ дахин шинэчилэе.
Гавлын яс тэвэрсэн Гамлет. Тэнэг хун тайжуудын нэг. орших уу? Эс орших уу? Шал тэнэг асуулт. Орших эс орших сүлэлдэн байж орчлон өрөмтөн тогтсон юм. гэрэлгүй газар сүүдэр тусахыг хаана харсан юм зайлуул.
Индэр дэрлэсэн илтгэгч. Хөгжил дэвшилд тархи нь эргэсэн эр. Нүүх үү? Үлдэх үү? Бүр тэнэг асуулт нүглээ үүрээд хаана ч очсон там. Мунхагийн харанхуйд зул асаачихвал энд ч гэсэн диваажин. сэтгэл нь ханаагүй хүн жаргасан гэж хэзээ сонссон юм хөөрхий.
Амьдралын ая тух хайсан хүн атомыг задалж, генийг уншсан. Эрх чөлөөг хүссэн олон хаанаа халж, хамжлагыг өндийлгөсөн. Өөр өөрийн гэсэн үнэнтэй соёлыг баллуурдаж, иргэншил гэдэг ганцхан саравчинд итгэдэг болсон. Хүн бүрийг хүндэлж ардчилал гэдэг лоозон хадсан. Гоё юмаа.
Ширхэгч холестрингүй, амин дэмээр бүтсан хоол идэж, халдах халдахгүй өвчний вакцин тариулсан ч хүний зовлон нимгэрсэнгүй. Өөрийнх нь өмнөөс бүхнийг хийдэг машин бүтээн, гамгүй эдэлсэн эрхтнээ шинээр сольдог боллоо ч сэтгэлийн шаналгаа нь арилсангүй. Хог юмаа.
Сэтгэл хэмээх гүн харанхуй шугуйн дунд уйлж суухад минь Будда надтай таарсан. XXI зууны саак progressboy учраа мэдэхгүй нусаа татахад " өөрөө өөртөө зул бол " гэдэг энгийн нэгэн мессеж өгсөн. Өнөөг хүртэл " Ном бол ертөнцийг харах цонх" хэмээн хүний нүдээр ертөнцийг шагайж, тэнэгтэж явсанаа тэгэхэд л ойлгосон.
Одоо надад бусдын бэлэн теором, хүний хуучин үнэн хэрэггүй. соёл иргэншил цогцосыг минь хучивч оюун санааг минь дарж чадахгүй. Американ бургер гэдэс дүүргэвч сэтгэл цатгахгүй. Академичийн хямсгар царай ой гутааж, сүржин сүжигтэн шооч занг минь хөгжөөхөөс хэтрэхгүй. хэн нэгэнд энэ бүхэн ихэрхэл цэцэрхэл шиг санагдаж болно. харин надад бол залбирал.
Будда намайг яруухан даруухан амьдралын аянд урьсан. Би явлаа. Баяртай

ДАРМА.БАТБАЯР

    Бусад мэдээлэл
    2012-05-31