Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Гүр дуулал: БРАГЖА ОЧИРТ ХОРГЫН БӨЛӨГ

Дээдийн багшид мөргөмү! Миларайва хэмээн алдаршсан тэр Богд Брагжа очирт хоргод өөд болсон хойно Брагжа нэрт хадан агуйн дотор тугдам сэтгэл нь маш нэмэгдэн арвижиж бүхүйн цагт Гүнтан орон дахь нэгэн нууц хөлгөний явдалд шамдагч хүмүүн бээр Мила Богдын ном талбихыг сонсоод машид чин бишрэлт болсон ажгуу. Тэр нэг өдөр Богд ламд бараалхаад ийн өгүүлрүүн: “Аяа! Дээдийн багш минь! Би хэдийг олон жилийн турш бясалгал бүтээлийн эрдэмд хичээнгүйлэн шамдсан боловч аньс увдисыг сайтар оноогүйн улмаас тус эрдэм, сайн ухаан огт төрсөнгүй. Ачит лам та дорд намайг нигүүлсэн өршөөж аньст увдисыг өгөн соёрх!” хэмээжээ.

Хутагт Миларайва түүний хариуд ийн зарлиг болруун: “Чи миний өгүүлэх доорхи хэдэн зүйлийг бясалгах аваас увдисыг ухах нь магад бөлгөө” хэмээгээд «Зургаан буй бүхий» нэрт эдгээр шүлгийг номложээ:
«Нандин сэтгэлийн дунд илрэх тоогүй үзэгдэл
Нарны туяанд бужигнах барамнасаас олон буй
Тодрон илрэх тэрхүү үзэгдлийг ухан чадваас
Тодорхой утгасыг мэдэгч егүзэри хэмээгдьюү!
Хамаг ном нугуудын ахуй ёсны мөн чанар нь
Харгах шалтгаан үрийн ёсноос ангид оршмуй
Ахуй ёсны энэ л учгийг шамдан эрэх аваас
Ариун гэгээн сайн оюут егүзэри хэмээгдьюү!
Сэтгэл хэмээгч номын мөн чанарт бүхийн тул
Сэрийлдэх зуун жад ч түүнийг ухрааж эс чадъюу
Гагц түүнийг атгаг шуналд эс автуулж чадваас л
Гавьяа бүтсэн егүзэри хэмээн ашид алдаршъюу!
Далайн давалгаа мэт оволзох алжааст нисваанисыг
Даамай төмөр чөдрөөр ч торгоож эс чадъюу
Угтаа тэр нь вишай бус сэтгэлээс үүдэлтэйг ухвал
Утга чанарт нэвтэрсэн егүзэри хэмээгдэх болъюу!» тийн хэмээн номловоос нууц хөлгөний мөрд шамдагч мөнөөх хүмүүн асууруун: “Тэр мэт тугдам сэтгэлийг бясалгахад сайн ухааны орон алгуур аажим төрөх үү? Эсвэл тийм утгасыг үтэр түргэн онож чадах уу?” хэмээхүйд Богд лам хариу зарлиг болруун: “Дээд оюутан бодгальд зэргээр хамт нэгнээ төрөх болно. Дэд толь оюутан хийгээд танхай оюутан нугуудад тэмдэгтэйеэ дөрвөн йога алгуур аажим төрмү зэ! Үнэн магад ухсан орон хийгээд төс төдий буюу эндүү төөрөгдлийг хэрхин ялгаж таних вэ гэвэл доорхи шүлгийг сайтар сонс хэмээгээд
«Гэгээнээр дөрвөн йогагийн мөн бусыг гийгүүлэн ялгах» нэрт эдгээр шүлгийг номловой:
«Сацлал үгүй дээд Богд ламын өлмийд сөгдмү
Сэтгэлийн чанарыг баримтлах нь орчлонгийн шалтгаан
Сэвгүй гэгээн гэрэлт биеийг таньж түүнд эс автаад
Аяндаа өөрөөсөө бүтсэн тэр л ёсыг ухан чадваас
Аяа тэр хэмээвээс нэгэн үзүүртийн хязгаар буюу
Амандаа хослон орохуй хэмээчихээд бэлгэст автаж
Ач үрийн ёсонг мэдэвч нүгэл үйлдэгч нэгэн бээр
Алжааст нисваанис мунхаг харанхуйд түйдсээр байвал
Алдас цалгар болой нэгэн үзүүрт йогагийн хувьд
Баримтлалгүй агаад гэгээн гэрэлт сэтгэлийн хувьд
Барьцгүй хоосон туурвилаас хагацсан нь жаргалан болой
Тунамал огторгуй мэт хоосон агаад гэгээн гэрэлт нь
Тусгүй сэцэрхэл номлолоос хагацсаны бэлгэс буюу
Хоосон туурвилаас холхон байя хэмээгчин хэдий олон ч
Хоёр алхалгүй хэлснээ умартан дэмий өгүүлнэм
Үзэгдэх бэлгэст автсан хэвээр бясалгалд шамдагч нарт
Үнэн туурвилаас хагацсан йогагийн үр хэрхин боловсрох вэ?
Үзэгдэхүүн хоосон хоёр ялгалгүй номын бие дор
Үнэндээ орчлон, нирваан лугаа нэгэн болохыг ухагтун!
Чуулсан Бурхад хамаг амьтадтай хольцон явдаг
Чухам энэ л ёсонг нэгэн утгат ном хэмээмүй
Гагц чанартай хэмээчихээд атгаг сэжиг олон бол
Гань мунхагийн туйл хэмээгч үнэндээ тэр болой
Гайхамшигт нэгэн амтат йога дор тийм алдас үгүй
Өөд үгүй нисваанис билиг бэлгийн илрэх биет
Өөрөөсөө бүтсэн шалтгаан үрээс өөрцгүй болой
Үлэмж гурван бие өөрт төгс зохилдсоныг ухваас л
Үргэлжид бясалгах үгүйн хязгаарт хүрсэн нь тэр буюу
Амаар бясалгахгүй гэчихээд тэрхүү сэтгэлдээ хүлэгдэн
Ариун гэгээн биетийг санавч мунхагт автаж
Алив муу гэмт үгсээр өгүүлэгч бэртэгчин ардад
Ашдын сайн бясалгалгүй йога хэрхин бүрэлдэх вэ?» хэмээн номлохуйд нууц хөлгөний зам мөрд шамдагч хүмүүн ийн асууруун: “Дээр үгүй гайхамшигт ном хэмээгч чухам энэ буй за! Харин тоост орчлонгийн тортогт дарагдсан бид мэтийн бэртэгчин ард зургаан барамидын арга номд хэрхин суралцах ёсонг айлдан соёрхох ажаам уу!” хэмээхүйд Мила Богд хариуд нь доорхи шүлгийг номлоруун:
«Гайхамшигт Богд ламын өлмийд сөгдмү
Хамаг эд таваар өвсөнд тогтсон шүүдэр мэт тул
Харамгүй сэтгэлээр өглөг буянг сайтар өргөсүгэй!
Учрахуйяа бэрх хүмүүний биеийг олж төрсөн цагт
Ухархайт нүдний цэцгий мэт шагшаабадыг сахигтун!
Амьтан хийгээд бусад муу заяаны үндсэн шалтгаан нь
Аливаа урин мунхаг тул хүлцэнгүй барамидыг бясалга!
Алхаг залхуу явдлаар өөр бусдын тус яахин бүтэх вэ
Ариун буянт номын мөрд хичээнгүйлэн шамдагтун!
Будангуй алгасралаар их хөлгөний утгыг ухаж эс чадмой
Буцалт үгүй нэгэн үзүүрт сэтгэлээр билиг барамидыг бясалга!
Өндөр дээд Бурханы хутгийг эрсэн төдийгөөр олохгүй тул
Өөрийн сэтгэлийн бэлгэ чанарыг шинжиж үзэгтүн!
Асар туст чин бишрэл намрын хүдэн лүгээ өөрцгүй
Арилж замхрахаас урьтаж машид хичээнгүйлэн шамд!» хэмээн номлохуй дор нууц хөлгөний явдалтан бээр машид гүн чин сүжиг төрөөд харьж одовой. Дахин хэд хоног өнгөрсөн хойно тэр хүмүүн өөрийн олон шавь нарыг дагуулан хүрч ирээд Богд ламд буян өргөж машид дээдлэн хүндлээд ийн айлтгаруун: “Эдгээр хуран цугларсан олон сүжигтэн нүгүүд дээдийн лам таны арвин эрдэм, алдар нэрийг гүнээ бишрэн мөргөхөөр ирлээ. Дээдийн багш та дорд биднийгээ өршөөн нигүүлсэж, хатуужил явдлын үрээр бүрэлдэн буй болсон шид бүтээл болон сайн ухаан тэргүүтэн юу болох хийгээд чухам ямар арга номоор түүнд хүрч болохуйн ёсонг товч номлох ажаам уу!” хэмээхүйд Миларайва лам тэдэнд «Зургаан гүн зоригт» хэмээх шүлгийг айлдан номложээ:
«Орчлонгийн номон дор сэтгэл цөхөрсөний хүчээр
Олдохуйяа бэрх машид гүн, чин сүжиг төрлөө
Олон хүмүүн хөлхөлдсөн хот балгадын амьдралыг
Огоорч тэвчсэнд урин мунхаг бүрэн амирлалаа
Ах дүү хийгээд амраг нөхдийг огоот таягдсанаар
Амирласан сэтгэлийг олж бясалгал бүтээлд шамдлаа
Бишгүй олон эд таваар хүслийг хангаж гүйцэхгүй тул
Биеийг халхлах бөс дээлээс илүүг эс хэрэглэлээ.
Өнгөт хорвоогийн жаргал цэнгэл дуусашгүй олон
Өчүүхэн дорд сэтгэлийг барьсаар омгийг даран чадлаа
Омог дээрэнгүй би хэмээн баримтлахыг тэвчээд
Ой хээрийн гөрөөсөн мэт аглагийг шүтлээ
Чин сүжиг бишрэлт буяны садан нугууд та нар
Чигч сэтгэлээр Богдсын номыг бясалган шамдаж
Өөрийн болоод бусдын тусыг бүтээн чадах аваас л
Өнөд тэр нь хатуужлын гүн нарийн зориг болой
Тэнэгэр огторгуй мэт номын бие нь угтаа хоосон
Тэгш сац хамаг амьтан дор түгээмэл оршмой
Хяслантай нь тэргүүлшгүй цагаас энэ ёсонг эс ухсанаар
Хязгааргүй орчлонгийн далайд эцэс төгсгөлгүй төөрөлднөм.
Өчүүхэн хувийг агшны төдийд олохуйяа бэрх бус
Өнөд тугдам сэтгэлийг бөхлөн тогтоох хамгаас хүчир
Өөрийн ухсан орныг чин бат болгон эс чадах аваас
Өөдгүй завсарт таван хор хэзээ мөдгүй илрээд
Өөрт болон бусдад тусгүй хэргийг үйлдмүй.
Номын мөн чанарыг чин бат болгон ойлговоос
Нүд, чих, хамар хэл тэргүүтний зургаан чуулган
Автаж баримтлахуйн бэлгэс аяндаа арилаад
Ашид гурван бие лүгээ эс хагацан учралдавай
Атгаг сэжиг арилсаны гүн зориг чухам тэр буюу
Тэгш агуулах даган олсон хоёр зүйл хэмээх
Тэр үнэндээ эхлэн суралцагчид тохирсон тайлбар болой
Ямагт номын мөн чанарыг чин бат ухсан сэтгэлд
Яахин тэс өөр хоёр бэлгэс нэгэн зэрэг төрөх вэ?
Алгасрал үгүйг бясалгагч өвгөн егүзэри надад
Автаж баримтлахаас ангид ахуй орон үзэгдмүй
Хувилгаан болон номын тэргүүт гурван бие хийгээд
Хуран үүдэж шунахайрах үгүй гүйх хийн улмаас
Хутагт сайн тус эрдэм нүгүүд байнга илэрмүй
Олноос зайдуу дээдийн явдалт егүзэри нар
Огторгуй мэт хоосон сэтгэлийг бясалгахдаа
Одох, суух, хэвтэхийн аль ч цагт бүү таслагтун!
Үзэсгэлэнт өнгө зүс хийгээд эд таваар цөм
Үнэн чанартаа өнгийн солонго мэт батгүй
Үзэгдэхүүн илрэх гадаад орны хамаг бэлгэс ч
Үүл манан адил сарнин замхрах нь гарцаагүй
Амьтны тусыг хичээх аугаа зориг хүсэлд ч
Автаж баримтлахуйг үүсгэлгүй дээрхи мэт үзэгтүн!
Агшны төдийхөнд түрдэх эгэл дорд биеийг
Алиман сарны гэрэл усанд туссан мэт бодогтун!
Үзэгдэх орны хамаг бэлгэст эс автаж чадваас
Үлгэрлэвэл лаг шавраас ургасан лянхуа цэцэг мэт
Үнэн гүн явдлын зориг хэмээх нь чухам энэ буюу
Уг чанартаа сэтгэл гэгч огторгуй лугаа хоосон
Учир шалтгааны улмаас түм буман ном илэрмүй
Адилтгашгүй тэр хэмээвээс номын бие хийгээд
Аливаа бүхнийг тольдогч хоосон билгүүнээс өөрцгүй
Алган дотор минь багтагч болор моголцог мэт үзэгдмүй.
Тэргүүлшгүй урьд цагаас ирсэн газар үгүй
Тэгүүнчлэн түүний завсар орших орон бас үгүй
Тэр бүхний эцэст одох орон мөн л үгүй
Тэгш сац оршмуй гурван цагийн алин дор ч
Үхэх төрөхүйн шалтгаан сэтгэлд угаас үгүй
Үзүүргүй огторгуй мэт гэгээн тунгалаг чанартай
Ухааны цагаан үүлс өөрийн орондоо шингээд
Улмаар дөрвөн махбодийн дүрээр үл явмуй.
Түгээмэл огторгуй мэт даяар орших энэ сэтгэл
Төрөлгүйн агаараас хормын төдий ч эс хагацсан тул
Гурван сансрын хүрднээс өнөд ангижран чадмуй
Гуйвалтгүй туст үгсийн гүн зориг хэмээгч энэ буюу
Амь егүүдэн илбийн биеийг орхихуйн цагт
Авралт гүн нарийн номын увдисыг санаваас
Эгээрэлгүй түргэн гэгээн сэтгэлийн эх хөвгүүн уулзалдаад
Эцэст хүрэгсэн номын бие лүгээ учрах болой.
Хэрвээ тэнд номын бие лүгээ эс учирваас
Хирээс үл хагацсан таван цогц нугуудыг
Хэтэрхий ариун бодгаль биет хэмээн бясалгаад
Төгөлдөр гүн нарийн увдисыг хэрэглэх аваас
Төгс жаргалангийн бие болгон хувиргамуй
Аяа тэр жаргалангийн биеийг хөрөг мэтийг мэдвээс
Амирлангуйн зам мөрд эндүүрэл яахин төрөх вэ?
Аюумшигт зуурдын гүн зориг хэмээгч энэ буюу» хэмээн номлож гүйцсэн хойно Гүнтан улсаас ирсэн мөнөөх сүсэгтэн олонд маш гүн чин бишрэл төрөөд түүнээс хойш ч төгс сайнаар өргөн хүндлэх болжээ.

Нэгэн өдрийн үүр гэгээрэхүйн цагт хутагт Миларайва гэгээн гэрлийн агаарт тэгш агуулан суухуйн цагт Очир Ёгини эх илт өөд болон ирээд: “Миларайва аа! Чамд наран мэт саран мэт том шавь нэжгээд, Нагшадар одон мэт шавь нугууд хорин гурав, их шид бүтээлийг олсон шавь хорин тав, харил үгүй сэжиг алдарсан шавь нэг зуу, мөрт дулааныг олсон зуун найман их төрөлхитөн, мөрийн хязгаарт хүрсэн мянга нэгэн эр эм егүзэрис, муу заяаны мөрийг таслагч ном лугаа барилдсан шавь нар тоо томшгүй олон төрөх болно. Гүнтангийн их Рала хэмээх улсад чам лугаа ерөөл учрал барилдсан саран мэт том шавь чинь буй бөлгөө. Түүнийг боловсруулан гэтэлгэхүйн тул чи тэр зүгт од!” хэмээн вивангирид соёрхсонд Мила Богд Гүнтангийн эхийг зорин өөд болжээ. Брагжа Очирт хоргын есдүгээр бөлөг төгсөв.

Орчуулсан Д.Болдбаатар

  • ЗочинSeptember 16, 2013

    Гайхамшигтай.

  • ЗочинSeptember 17, 2013

    Надад нэг удаа Д.Болдбаатар багштай уулзаж яриаг нь сонордох сайн хувь тохиолдсон юм. Тэр өдөр хэлсэн нь санаанд орж байна. "Энэ дуулалын цаана Мила Богдын гайхамшигтай яруу тунгалаг эгшиглэн хөгжим байгаа. Тийм болохоороо л өөрийн эрхгүй хөтлөөд орчуулахад аятай байдаг юм. Би Мила Богдтой их сайхан ерөөл барилдлагатай болохоор Үржинлхүндэвийн оронд уулзалдах минь ая зөнгөөр бүтнэ" гэж хэлж билээ. Зөвхөн сайн Гүүшийн л зориглож хэлэх үг юм даа. Site хөтлөгч та бүхэн энэ агуа бүтээлийг хөл алдан даган баясаж буйг минь дамжуулж өгнө үү!?

  • ЗочинSeptember 18, 2013

    эхлэж гол зүрхэндээ ганц егүүтээд, хожмоо байнга оройгоороо сүнсээ гаргах нь хамгийн лагууудын хийдэг ажил. Оройгоороо гаргалт амжилттай болсонд итгэхгүй мангаруудад гүш өвс гарсан нүхэнд хатган тогтоож харуулдаг болсон ба энэ хүн Гүүш болжээ гэж батлана.

  • ЗочинSeptember 20, 2013

    yun gvsh ows, hen eniig zorig gargaj ailddag bnaa, deedsiin vil bidend nuuts shv de uchir medehgvi hvmvvs l halit sonschihood olnoo omno pan pan gej bdag yum

  • ЗочинSeptember 20, 2013

    woooooow, цоорцон эрдэмт мэргэд гэж ийм л байдаг байхдаа.

  • ЗочинSeptember 20, 2013

    zorig gargaj aildah yu baihaw gehdee oortoo arai vnenmishtei zvil yariad surchihwal bidend ih heregtei bolow uu gej bodogdloo, nom erdemtei hvmvvs gedeg bidnii toosolj chadahaas oor l doo

  • ЗочинSeptember 21, 2013

    төсөөлөшгүй, бидэнд нууц, тайлагдашгүй, учирыг мэдэхийн ч хэрэггүй, хальт сонссон бол чшшш... Ингэсэээр ингэсэээр их холдуулаад, дараагийн 100 галавт эсвэл хамгийн нааандаа 16 төрөлдөө бүтээх гээд үзээрэй гээд байгаам даа. Буян байвал шүү!!! Хэн буян хураачсан юм?
    Дараа төрөл гэж байгүй. Чи юугаа ч санахгүй. Зориг гаргаад одоо мэдэх хэрэгтэй.

Бусад мэдээлэл