2013-05-25 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6926
Ариун дээд авралын замч нарт мөргөмү.
Бурхан багшийн сургаал бүхний шим утга, бодь сэтгэлт дээдсийн өргөмжилсөн зам мөр, эрх чөлөөг эрэгчдийн гарц гармыг билиг чадлын хэрээр би номлосугай.
Ахуй амьдралын жаргал зугаанд шунан дурлалгүй, чөлөө учралт хүмүүн заяаны гавьяаг бүтээхийн тулд Бурхан багшийг баясгах ариун замд сэтгэл зүрхээ зориулсан хувь ерөөлт та бүхэн бишрэн сонсогтун.
Сансрын хүлээснээс гэтлэх ариун эрмэлзэл үгүйгээр зөвхөн орчлонгийн жаргалыг хөөцөлдвөл эрхэм дээд эрх чөлөөнд хүрэх ямар ч аргагүй. Амьтан бүхэн тийм л шуналаар сансрын хүрдэнд хүлээстэй учир юуны өмнө энэ хүлээснээс ангижрах чин эрмэлзлийг эрүүштэй.
Чөлөө учрал олдоход даанч бэрх атал, хүний амьдрал зав чөлөөгүй урсан өнгөрдөг.Энэ учрыг өр зүрхний угаас ойлгож, энэхэн насны аар саар зүйлд шунан тачаахаа боль. Үйлийн үрийн жам ёс хуурмаггүй, орчил төөрлийн зовлон хязгааргүй. Тэр учрыг ахин дахин санаж сэхээрснээр хойт төрөлд хандсан шунал тачаалыг ч үлдэн хөөгтүн.
Ийм ухаарлын хүчээр ахуй орчлонгийн элдэв өнөг баялагт агшин зуур ч сэтгэл үл татагдаад, эрхэм дээд эрх чөлөөнд л тэсгэлгүй тэмүүлэх бодол өдөр, шөнөгүй ундарваас л хүлээснээс ангижрах чин эрмэлзэл төрсөн нь тэр буюу.
Хүлээснээс гэтлэх эрмэлзэл нь ариун бодь сэтгэлтэй уялдахгүй бол төгс гэгээрлийн гайхамшигт баяр цэнгэлийн үндэс болж чадахгүй. Тийм учир оюун төгөлдөр хэн бүхэн энэрэнгүй бодь сэтгэлийг эзэмшилтэй.
Орчлонгийн амьтад дөрвөн их догшин мөрний|57| урсгалд туугдаж, бултах аргагүй үйлийн гав гинжинд баглуулж, би-г баримтлагч зүлийг гянданд шаналдаг. Тэр мунхгийн балар харанхуй дунд мухаргүй сансрын хүрдэнд эргэн эргэн төрсөөөр гурван зүйлийн зовлонд зай завсаргүй нэрмүүлдэг. Ийм хөөрхий байдалтай эх болсон хамаг амьтныг өрөвдөн хайрлаж, тэдний төлөө гэгэээрэх бодь сэтгэлийг өвөрлө.
Оршихуйн мөн чанарыг таних оюун билиг дутвал хүлээснээс ангижрах эрмэлзэл, ариун сэтгэлийг бясалгавч төөрөгдлийн уг үндсийг тасалж чадахгүй. Тийм учир харилцан уялдааг нээх аргыг эрхэмлэ.
Сансар, нирвааны хамаг юмс үзэгдэл харилцан хамааралд орших нь хуурмаггүй үнэн. Үүнийг ухаарахуй хатуу царцанги сэтгэлгээний хүлээс чинь задран унавал, сая Бурхан багшийн соёрхлыг хүлээх зөв замд орсон бөлгөө.
Үзэгдэл талын шүтэлцээ хуурмаггүйг танисан ухаарал, ягшмал баримтлалаас салсан хоосон чанарын ухаарал хоёр нь хэдий болтол салангид байна, төдий хүртэл Бурхан багшийн жинхэнэ үзэл санааг ойлгохгүй.
Ийм өрөөсгөлд авталгүйгээр шүтэн барилдлагыг ухаармагц нэгэн зэрэг төсөөлөлд биежих утга бүгд замхарвал чиний танин мэдэхүй төгс төгөлдөр болно.
Өөрөөр хэлбэл, үзэгдэл утгаар ахуйн туйлшралыг арилгаж, хоосон утгаар үгүйрлийн туйлшралыг арилгаж, хоосон чанарыг юмсын харилцан шүтэлцлээс илрүүлж чадвал ямарваа төөрөгдөлд үл автмуй.
Энэ мэтчилэн гэгээрлийн замын гол гурван тулгуурыг өөртөө нээж ухаарсан цагтаа аглаг буйд орчинд эрч хүч дүүрэн бясалгаж, ашдын хэрэг зоригоо түргэн бүтээ, хүү минь.