2013-11-04 | Нийтэлсэн:admin | Үзсэн:12499
Удиртгал
Олон хүмүүс бясалгалын талаар өөр өөр ойлголттой байдаг. Зарим хүмүүст бясалгалаар ямар нэг өөр ертөнцөд очдог гэсэн нууцлаг, ер бусын ур чадварын тухай дүр зураг буудаг бол зарим нэг хэсэгт нь Азийн хэсэг бүлэг хүмүүсийн хийдэг дэг жаяг юм шиг санагддаг байж болох юм. Хэрэв бид бясалгалын тухай илүү сайн мэдэхийг хүсвэл мэдээж гурван асуултыг асуух хэрэгтэй болох байх. Энэ нь: Бясалгал гэж юу вэ? Яагаад бясалгал хийхийг хүсэх болов? Чухам яаж бясалгал хийдэг вэ?
Бясалгал гэж юу вэ?
Эхний асуулт: Бясалгал гэж юу вэ? Бясалгал гэдэг нь аливаа зүйлд хандах сэтгэлийн аятай таатай хандлага, төлөв байдалд өөрийгөө сургах арга. Ингэхийн тулд тухайн сэтгэлийн төлөв байдлыг өөрийн зуршил болтол дахин дахин нөхцөлдүүлж байх хэрэгтэй. Мэдээж бидэнд тустай олон янзын хандлага, сэтгэлийн төлөв байдлууд байдаг. Илүү тайван, түгшүүр багатай, зовнилгүй сэтгэлийн төлөв байдал байхад өөр нэг нь илүү төвлөрсөн байнгын догдлолгүй, тогтуун төлөв байдал байдаг. Өөр нэг нь хүн болон амьдралын талаар илүү их ойлголттой сэтгэлийн төлөв байхад нөгөө нэг нь бусдыг илүү их энэрч, хайрласан сэтгэл байж болно. Энэ мэт өөр олон сэтгэлийн чухал төлөв байдлууд байдаг ба тэдгээрийг бид бясалгалаар хөгжүүлж болдог.
Бясалгалын зорилго юу вэ?
Хоёр дахь асуулт: Яагаад би эдгээр сэтгэлийн төлөв байдлыг хөгжүүлэхийг хүсэх болов? Энэ асуултанд хариулахад хоёр хүчин зүйлийг тодруулах хэрэгтэй. Нэгдүгээрт, эдгээр сэтгэлийн төлөв байдлыг ямар зорилгын үүднээс хөгжүүлэх болов? Хоёрдугаарт, яагаад бид тэр зорилгод хүрэхийг хүсэх болов?
Жишээлбэл, яагаад надад илүү тайван, эрүүл саруул сэтгэлийн төлөв байдал хэрэгтэй байна вэ? Тодорхой нэг шалтгаан бол сэтгэл санаа тайван бус байх нь биднийг олон төвөгтэй байдалд оруулдаг; бэрхшээлд хүргэж, амьдралд оролцох бидний сайн оролцоог бууруулдаг. Энэ байдал нь бидний эрүүл мэндэд бас муугаар нөлөөлж, гэр бүл, найз нөхдийн дотор асуудлууд үүсгэх, бидний харилцааг хурцдуулах, ажлын байранд ч хүндрэл бий болгодог. Энэ жишээн дээр бидний зорилго нь сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөлийн хувьд бидэнд байдаг зарим асуудал, сул талуудыг засах явдал байна. Ингээд энэ байдлыг бясалгалаар, зөв цэгцтэй аргаар засъя гэсэн үүргийг өөртөө авах шийдвэр гаргаж болно.
Бясалгах ур чадварт суралцаж эхлэхэд биднийг ямар сэтгэлийн төлөв байдал хөтөлдөг вэ? Бидэнд тохиолдоод байгаа сэтгэл санааны тайван бус байдлаасаа бид бүрэн залхаж, дургүйцсэн байж болно. Ингээд бид өөртөө “Хангалттай. Би одоо энэ нөхцөл байдлаас гаръя. Ингэхийн тулд ямар нэг зүйл хийх хэрэгтэй” гэж хэлдэг. Юуны түрүүнд өөрийн хайртай хүмүүсдээ туслах зорилготой байвал дээрх дургүйцлийн хажуугаар бидэнд асрах, өрөвдөж энэрэх сэтгэл төрдөг. Ийм сэтгэл хөдлөлүүдийн нөлөөгөөр бидэнд сайн тус болж чадах аргыг хайдаг.
Гэвч бясалгалын талаар бодит ойлголттой байх нь чухал. Бясалгал дангаараа бидний бүх асуудлуудыг шийдвэрлэх болно гэж бодох нь бодит байдалд нийцэхгүй. Бясалгал бол нэг арга. Хэрэв бид тодорхой үр дүнд хүрэхийг хүсэж байвал, зорилгодоо хүрэх эерэг хандлатай байвал аливаа үр дүнд зөвхөн ганц аргаар хүрэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг үр дүнд хүрэхэд олон нөхцөл шалтгаан бүрдсэн байх ёстой. Жишээ нь хэрэв цусны өндөр даралттай, даралт ихэсдэг бол бясалгал мэдээж тустай. Өдөр тутмын бясалгал сэтгэл хэт их зовох байдлыг багасгаж болно. Гэвч бясалгал дангаараа цусны даралтыг бууруулахгүй. Тодорхой хэмжээгээр тус болж болох боловч хоолны дэглэмээ өөрчлөх, дасгал хөдөлгөөн хийх, эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай байж болно. Цусны даралтыг бууруулахад олон хүчин зүйл хүссэн үр дүнд хүргэнэ.
Бясалгалд хэрэглэгддэг тэдгээр аргууд бас сөрөг сэтгэлийн төлөв байдалд зуршил болоход оролцсон байдаг. Жишээлбэл, би өөрт таарамжгүй хэн нэгнийг ямар муу хүн болох талаар бясалгаж болно. Тухайн хүнийг улмаар хорлох, гэмтээхийг хүссэн сэтгэлийг төрүүлэхэд бясалгалыг ашиглаж болно. Гэвч энэ нь бясалгалыг хэрэглэдэг нийтлэг хэрэглээ биш. Бясалгал нь бидэнд болон бусдад тустай сэтгэлийн төлөв байдлуудыг хөгжүүлэхэд хэрэглэгддэг арга юм.
Хэрхэн бясалгадаг вэ?
Гурав дахь асуулт: Бид хэрхэн бясалгадаг вэ? Бидний төлөвшүүлэхийг зорьж байгаа сэтгэлийн төлөв байдлуудаас шалтгаалан хэрэглэх аргууд нь өөр өөр байдаг. Гэвч бүх аргуудад байдаг нийтлэг нэг зүйл бол дадлага хийх. “Дадлага” гэдэг нь тухайн нэг дасгалыг олон удаа давтан хийх гэсэн үг. Хэрэв бид биеэрээ ямар нэг зүйл хийж сурах хэрэгтэй бол бид тодорхой нэг дасгалыг тогтмол хийх шаардлагатай байдаг. Үүнтэй адил бид сэтгэлийг ямар нэг зүйлд сургахыг хүсвэл тогтмол дасгал бас хэрэгтэй болно.
Бясалгалаар сэтгэлийн цоо шинэ төлөв байдлыг хөгжүүлэх
Бясалгал нь сэтгэлийн төлөв байдалтай холбоотой үйл ажиллагаа учраас сэтгэлд эерэг өөрчлөлт гаргахад сэтгэл санааны арга хэрэглэх нь ойлгомжтой. Орчин үед сэтгэлийн төлөв байдлаа өөрчлөхийн тулд бид заримдаа биеийн тамирын аргууд хэрэглэдэг. Жишээлбэл, янз бүрийн йогийн дасгал, Тай чи гэх мэт бие хамгаалах урлагийн дасгал хөдөлгөөнүүд хийдэг. Энэ нь бясалгал биш юм. Эдгээр хөдөлгөөний аргууд нь тодорхой нэг сэтгэлийн төлөв байдалд нөлөөлж болох боловч бясалгалыг бид зөвхөн сэтгэлтэй холбоотой хийдэг. Мэдээж бид йог, эсвэл Тай чи хийж байх үедээ бясалгаж болох боловч биеийн тамирын үйл ажиллагаа, сэтгэл санааны үйл ажиллагаа нь хоёр өөр зүйл, нэг нь биеэр, нөгөө нь сэтгэлээр хийгддэг үйл ажиллагаа.
Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд бие болон сэтгэлийн олон өөр өөр шалтгаануудыг нөхцөлдүүлэх хэрэгтэй болж болох юм. Бид сэтгэлийн төвөл байдалдаа нөлөөлж болох үүднээс жишээлбэл, хоолны дэглэмээ өөрчлөх байдлаар бие махбодитойгоо ажиллаж болно. Харин бясалгал бол сэтгэлд өөрт нь нөлөөлдөг. Иймд зорилгодоо хүрэхийн тулд өөрийн амьдралд бие болон сэтгэлийн хувьд ямар нэг өөрчлөлт хийх шаардлагатай байгаа эсэхийг шинжилж үзэх хэрэгтэй. Бид бясалгал хийж эхлэх, эсвэл хоолны дэглэмээ өөрчлөхийн аль алиныг нь хийх шаардлагатай байж болно.
Бясалгалын хэдэн үеийг амжилттай сайн хийсний дараагаар энэ нь бясалгалаас бясалгалын хоорондох бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж эхэлнэ. Амирлах, төвлөрөх, эсвэл асрах сэтгэлийн ямар нэг тодорхой сэтгэлийн төлөвийн ур чадварт суралцахын утга нь зөвхөн бясалгалд нам гүм сууж байх үедээ тухайн сэтгэлийн төлөв байдлыг олж сурах явдал биш юм. Харин энэ төлөв байдлаа өдрийн аль ч цагт хэрэг болох үед нь ашиглаж чаддаг, зуршил болтол сайтар хөгжүүлэх явдал. Бүр цаашилбал энэ төлөв нь бидний өөрийн мөн чанар болж бид цаг үргэлж илүү их бусдыг асарч ойлгодог, төвлөрсөн, тайван болох юм.
Хэрэв бид өөрсдийгөө сэтгэлийн ийм төлөв байдалд олж харахгүй байвал бидний хийх ёстой зүйл нь “бусдыг илүү их асардаг бай” гэж өөртөө сануулах явдал. Бясалгалын үеэр энэ төрлийн сэтгэлийн төлөв байдалд суралцаж байсан учраас тэр сэтгэлийн төлөвт бид хурдан шилжиж чаддаг. Жишээлбэл, хэн нэгэнтэй маргаж биеэ барьж чадахгүйд хүрэх үед үүнийг тэр дор нь ажиглаж зориудаар, эсвэл өөрийн эрхгүй “Би ингэж болохгүй” гэж өөртөө сануулдаг. Тэгээд хуруугаа инчдэх төдий хормын дотор алдаа гарлаа гэж заасан үед компьютерт шинээр эхлүүлэх команд өгдөгтэй адил бухимдсан сэтгэлийн тэр “үеийг” хааж, хандлагаа тухайн хүнийг асарч хайрлах төлөвт дахин оруулдаг.
Бусдыг асарч хайрлах гэх мэт сэтгэлийн төлөв байдлыг бий болгох нь дэг журмын тухай асуудал биш. Илүү их асрах сэтгэлтэй байхын тулд юуны түрүүнд яагаад асрах сэтгэлтэй байх ёстойг ойлгосон байх хэрэгтэй.“Тухайн хүн яг надтай адилхан хүн; надад байдаг шиг түүнд ч сэтгэл байгаа; миний адил – бусад хүмүүс надад дургүй байж, намайг үл тоохгүй байхыг тэр бас хүсдэг. Бид бүгдээрээ энэ ертөнцийнхөн, бид бие биетэйгээ харилцан зохицох ёстой” гэж бодож бие биетэйгээ харилцан холбоотойгоо санаж болох юм.
Өөр нэг жишээ авч үзье. Та арван хүнтэй хамт цахилгаан шатанд явж байтал гэнэт цахилгаан шат гацаж тэндээ хэдэн өдөр болж байна гэж бодъё. Та цахилгаан шатан доторх хүмүүстэйгээ хэрхэн харилцах вэ? Тэнд байгаа та бүгд – бүгд хамтдаа гацсан байгаа. Бүгд адилхан нөхцөл байдалд орсон байна. Ямар нэг байдлаар та бүхэн бие биетэйгээ харилцан зохицох ёстой. Хэрэв энэ бага зайнд хэрэлдэж, зодолдвол хэцүү болно биз? Үүний оронд бие биетэйгээ хамтран ажиллаж, хүн бүрт тэвчээртэй хандах ёстой. Нөхцөл байдлаас гарахын тулд хамтарч ажиллах хэрэгтэй болно. Магадгүй энэ дэлхийгээ бид маш том цахилгаан шат гэж бодвол тустай байж болох юм.
Бусдыг асрах, тэдэнд хүлээцтэй хандах сэтгэлийн төлөв байдлыг нарийвчлан боловсруулсан бясалгалаар хөгжүүлдэг. Бясалгалд сууж, зүгээр л “Би илүү их асрах сэтгэлтэй болъё” гэж өөртөө хэлсэнээр жинхэнэ үнэн сэтгэлийг төрүүлнэ гэдэг маш хэцүү. Тэгэхээр хэрхэн бясалгах вэ? Жишээ нь илүү их асрах сэтгэлтэй, хүлээцтэй байх сэтгэлийн төлвийг хөгжүүлэх нэг арга нь бидний цахилгаан шатны зураглал шиг тийм оюуны дүрслэлийг ашиглаж сурах явдал юм. Үүнийг бидэнд ямар нэг утгатай болтол нь бид тунгааж боддог. Ингээд бясалгалд сууж байх үедээ биднийг хүрээлэн байгаа таньдаг эсвэл танихгүй хүмүүсийн аль алиныг нь төсөөлж тэдэнд бүгдэд нь адил асрах, энэрэх сэтгэлийг төрүүлэхийг оролддог.
Сэтгэлийг амирлуулах
Бясалгалын өөр нэг арга бол сэтгэлийг амирлуулж, өөрийгөө угийн төлөв байдалд аваачих. Энд бидний заавал ойлгох ёстой нэг чухал тал бол сэтгэлийг амирлуулахыг оролдох нь радио унтрааж байгаа адил сэтгэлээсээ бүх зүйлийг авч хаяна гэсэн үг биш. Энэ нь бясалгалын зорилго огт биш. Хэрэв гол зорилго нь ийм байсан бол бид унтаж амарч болох юм. Бясалгалын зорилго бол сэтгэл зовнисон бүх төлөв байдлыг намжаах явдал юм. Айх, түгших, сэтгэл зовох нь сэтгэлийг маш их хямраадаг. Бид ийм сэтгэл хямраадаг сэтгэлийн хөдлөлүүдийг багасгах хэрэгтэй.
Сэтгэлийг тайван тогтуун болгоход бидний хийх зүйл нь хүнийг ойлгон хайрлаж, хүн бүгдэд байдаг халуун дулаан сэтгэлээ илэрхийлж чадахуйц маш тодорхой, соргог сэтгэлийн төлөв байдлыг бий болгох явдал юм. Ингэхийн тулд сэтгэл маш амгалан тайван байх хэрэгтэй. Үүнд бие махбодийн зайлшгүй шаардлагатай булчингийн уян хатан байдал төдийгүй сэтгэлийн халуун дулаан чанар, эрүүл саруул байдлыг бууруулж байдаг сэтгэл санааны түгшүүртэй байдал, сэтгэлийн хөдлөлүүдийг багасгахыг шаарддаг. Энэ нь зүгээр нэг унтраагаад асаадаг ямарч бодол сэтгэлгүй техник ажиллагаатай адил үйл явц биш юм.
Зарим хүмүүс бодох бүх үйл ажиллагаагаа зогсоохыг бясалгал гэж ойлгодог. Энэ буруу ойлголт. Бүх бодлоо зогсоохоос илүү ирээдүйн тухай анхаарал сарниулсан (Оройн хоолондоо юу идэх вэ?) эсвэл сөрөг, ач холбогдолгүй (Тэр өчигдөр надад харамч зан гаргасан, их муухай хүн гэх мэт) бодлуудаа зогсоох ёстой. Эдгээр нь сэтгэлийг сарниаж, түгшээдэг бодлууд юм.
Гэвч сэтгэлийг тогтуун тайван болгох нь эцсийн зорилго биш. Хэрэв бидний сэтгэл илүү тайван уян хатан, нээлттэй, саруул байвал үүнийг үр дүнтэй ашиглаж болно. Үүнийг бид өдөр тутмынхаа амьдралд ашиглаж болно. Мөн бясалгалын дундуур өөрийн амьдралын нөхцөл байдлыг илүү сайн ойлгоход ашиглаж болно. Түгшүүр, ач холбогдолгүй бодлуудаас чөлөөлөгдсөн сэтгэлээр: Энэ амьдралд би юу хийж амжуулав? Гэр бүлийн харилцаа минь ямар байна? Эрүүл саруул харилцаа байна уу? Эрүүл бус харилцаа байна уу? гэх мэт сэдвүүдээр илүү сайн тунгаан бодож болно. Дүн шинжилгээ хийж болно. Өөрсдийн амьдралын талаар, өөрийн дотооддоо юу болж байгаа талаар ажиглахыг – өөрийгөө шинжих гэж нэрлэдэг. Тэдгээр асуудлуудыг ойлгох, илүү бүтээлч байдлаар өөрийгөө шинжихэд бидэнд саруул цэлмэг сэтгэл хэрэгтэй. Сэтгэл тогтуун тайван байх хэрэгтэй. Бясалгал бидэнд сэтгэлийн ийм төлвүүдийг авчирдаг арга юм.
Өрөөсгөл ойлголт болон түүнээс зайлсхийх
Бясалгалын талаарх олон бүтээлүүдэд өрөөсгөл бодолд хөтлөгдөхийг зогсоож, түүнд баригдаагүй сэтгэлийн төлөвт суралцахыг зөвлөдөг. Гэхдээ энэ нь бүх бясалгалд ашиглагддаггүй, ихэвчлэн бодит байдалд төвлөрсөн гүнзгий түвшний бясалгалд хэрэглэгддэг. Гэвч бүх төрлийн бясалгалд заавал зайлсхийх шаардлагатай нэг төрлийн өрөөсгөл бодлын тухай ойлголт байдаг. Өрөөсгөл ойлголтын өөр өөр хэлбэрүүдийг ойлгохын тулд “өрөөсгөл” гэдэг үг ямар утга санаа илэрхийлдэгийг мэдэх хэрэгтэй.
Зарим хүмүүс өрөөсгөл ойлголтыг бидний сэтгэлээр дамжин бидний “толгойд эргэлдэж буй дуу хоолой” – энгийн өдөр тутмын үгээр илэрхийлж буй бодлууд гэж ойлгож, ердөө тэрхүү дуу хоолойг зогсоохыг өрөөсгөл бодлуудаас татгалзаж байна гэж үздэг. Гэвч толгойд эргэлдэж буй тэдгээр дуу хоолойг зогсоох нь зөвхөн эхлэл. Бид тогтуун тайван сэтгэлийн төлөв байдлуудыг нөхцөлдүүлэхэд ач холбогдолгүй, сэтгэл түгшээсэн бодлуудыг багасгах тухай өмнө нь ярилцсан. Гэвч өөр нэг хэсэг нь ямар нэг зүйлийг үнэхээр ойлгохын тулд бид уг зүйлийг өрөөсгөл ойлголтгүйгээр зөв ойлгох хэрэгтэй. Өрөөсгөл ойлголт, зөв ойлголт хоёр нь харилцан эсрэг тэсрэг ойлголт гэж үздэг. Энэ бас тохирох тодорхойлолт биш.
Өрөөсгөл ойлголтын талаарх нарийн төвөгтэй байдлын учрыг гаргахад эхлээд бид аливаа зүйлийг ойлгох эсвэл бидний бодолд байгаа зүйлийг үгээр илэрхийлэх хоёрын хоорондох ялгааг мэдэх хэрэгтэй. Бидний бодолд байгаа аливаа зүйлийг ойлгож, эсвэл ойлгоогүй ч бид үгээр илэрхийлж чадна. Жишээлбэл, бид өөр гадаад хэл дээр байгаа ерөөлийг ямар утгатайг нь ойлгож бас ойлгоогүй ч дуудан уншиж чаддаг. Үүнтэй адил хайр гэх мэт зарим зүйлийг бид үгээр тайлбарлаж эсвэл тайлбарлахгүйгээр ойлгож чаддаг.
Өрөөсгөл ойлголт болон түүний эсрэг тал болох түүнээс зайлсхийх тухай асуудал нь аливаа нэг зүйлийг ойлгох, ойлгохгүй байх тухай асуудал биш. Бясалгалд ч, өдөр тутмын амьдралд ч бид аливаа ойлголтыг үгээр илэрхийлж байгаа эсэх эсвэл өрөөсгөл ойлгосон эсэхээ үргэлж шалгаж үзэж байх хэрэгтэй байдаг. Заримдаа үгээр илэрхийлэх нь тустай байдаг ч заримдаа ямар ч тус болохгүй, бүр хэрэг ч болдоггүй. Жишээлбэл, гутал үдэх. Бид гутлыг хэрхэн үдэхийг ойлгодог. Гутал үдэх үед үдээсийг яадгийг үгээр илэрхийлэх шаардлага байна уу? Үнэндээ бол үгүй. Бидний ихэнхэд нь гутлыг хэрхэн үддэгийг үгээр дүрслэх нь нэлээн төвөгтэй байх болно гэж бодож байна. Гэвч бидэнд ойлголт байгаа. Ойлголтгүйгээр бид амьдралд юу ч хийж чадахгүй, тийм биз дээ? Бид хаалга ч нээж чадахгүй. Үгээр илэрхийлэх нь олон талаасаа тустай; бусадтай харилцахад үгэн илэрхийлэл бидэнд хэрэгтэй. Гэвч бидний бодолд үгэн илэрхийлэл ямарч шаардлага байхгүй. Үгэн илэрхийлэл нь саармаг шинжтэй. Үгэн илэрхийлэл оролцсон зарим бясалгал бас байдаг. Жишээлбэл, цээжээрээ маань унших нь сэтгэлд тодорхой нэг хэмнэл өгдөг. Хэдийгээр мэдээж сэтгэлдээ ямар нэг зүйл хэлэхгүйгээр асарч хайрлах сэтгэлийн төлөв байдалд төвлөрсөн хэвээр байж чадах ч маанийн тогтмол хэмнэл нь маш чухал, сэтгэлийн тодорхой төлөв байдалд төвлөрөхөд тусладаг. Жишээлбэл, Ум Ма Ни Бад Ми Хум тарнийг унших үед асарч хайрлах сэтгэлийн төлөв байдал дээр төвлөрөхөд арай амархан байна. Тэгэхээр үгээр илэрхийлэх нь өөрөө асуудал биш юм. Нөгөө талаасаа хэрэв сэтгэл хэрэггүй дэмий үг яриагаар сарнисан байвал мэдээж түүнийг зогсоох хэрэгтэй.
Тэгэхээр өрөөсгөл ойлголтын асуудал нь үгээр илэрхийлэх эсвэл ойлгох тухай асуудал биш юм бол чухам тэр асуудал нь юу юм бэ? Өрөөсгөл ойлголт гэж юу вэ? Бясалгалаар сурах ёстой тэр өрөөсгөл ойлголтоос татгалзах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь бясалгалын бүх үе шат бас бидний өдөр тутмын амьдралтай холбоотой юу? Энэ бүхнийг тодруулах нь маш чухал.
Өрөөсгөл ойлголт гэдэг нь “ангилж ойлгох” гэсэн үг. Өөрөөр хэлбэл юмсыг “сайн” эсвэл “муу”, “хар” эсвэл “цагаан”, “муур” эсвэл “нохой” гэх мэт хайрцагт хуваана гэсэн үг. Мэдээж худалдаа хийх болоход бид алим жүрж хоёрыг, болсон жимс болоогүй жимс хоёрыг хооронд нь ялгаж чаддаг байх хэрэгтэй. Иймэрхүү өдөр тутмын нөхцөлд ангилах нь асуудал биш. Гэвч асуудал болдог өөр төрлийн ангиллууд байна. Нэг нь бидний нэрлэж заншсан “эчнээ бодол”. Эчнээ бодлын нэг жишээ нь: “Тэр хүн надад үргэлж таагүй хандана гэж би бодож байна. Учир нь өмнө нь надад ингэж хандаж байсан, их муу хүн. Юу ч болж байсан цаашид тэр муу хүн байсаар байх болно гэж би одоо дүгнэж байна.” Энэ муу хүн цаашид бидэнд муу зүйл хийсээр байх болно гэж урьдчилан дүгнэж байна – энэ бол эчнээ бодол. Сэтгэлдээ бид тухайн хүнийг “муу хүн” гэсэн ангилал буюу хайрцагт хийж байна. Хэрэв ингэж “тэр бол муу хүн, надад үргэлж таагүй ханддаг” гэсэн бодлыг хэн нэгэнд тохоох юм бол тухайн хүн болон бидний хооронд том хаалт үүснэ. Бидний урьдчилан харсан бодол тухайн хүнтэй харилцах бидний бодолд нөлөөлнө. Тэгэхээр эчнээ бодол гэдэг нь юмсыг сэтгэлдээ ангилж хайрцагт хийдэг сэтгэлийн төлөв юм. Ингэж ангилахгүй байх – өрөөсгөл ойлголтоос татгалзах олон түвшин байдаг хэдий ч нэг түвшин нь ямар ч нөхцөл үүссэн тэрэнд нээлттэй байх явдал. Энэ нь бүх танин мэдэхүйн ойлголтуудаа орхи гэсэн үг биш. Жишээлбэл, олон хүмүүсийг зуусан нэг нохой байсан гэж бодъё. Ингээд тус нохойг “нохой зуудаг” гэсэн ангилалд оруулж уг нохойны эргэн тойронд анхаарал болгоомжтой байдаг. Бидэнд амьтадын талаар тодорхой хэмжээний сэрэмж байх боловч “тэр нохой намайг гарцаагүй зууна, тийм болохоор би ойртохыг ч хүсэхгүй” гэсэн урьдчилсан бодол тэр бүр бидэнд байдаггүй. Тухайн үүссэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх болон нөхцөл байдлыг бүрэн туулж үзэхийг хязгаарлаж байдаг эчнээ бодлоос татгалзах хоёрын хооронд нэг уян хатан тэнцвэр байдаг.
Бүх бясалгалд хэрэгтэй байдаг өрөөсгөл ойлголтоос татгалзах нэг хэлбэр нь урьдчилсан бодлуудаас чөлөөлөгдөх явдал юм. Хамгийн ерөнхий зөвлөгөөний нэг нь ямарч хүлээлт, сэтгэлийн зовнилгүй байх явдал. Бясалгалын үеэр гардаг урьдчилсан бодлууд нь бясалгал амжилттай сайн болно гэсэн хүлээлт эсвэл удаан сууснаас хөл өвдөнө гэсэн зовнил эсвэл “би хийж чадахгүй байх” гэсэн бодол байж болно. Бид сэтгэлдээ үгээр хэлж ч болно, хэлээгүй ч байж болно – эдгээр хүлээлт, зовнисон бодлууд нь урьдчилсан бодлууд юм. Ийм бодлууд нь бидний дараагийн бясалгалыг “гайхалтай” эсвэл “хэцүү” гэсэн ангилалд оруулдаг. Бясалгал дахь өрөөсгөл ойлголтоос зайлсхийх нэг арга нь юу ч болж байсан нөхцөл байдлыг шууд хүлээж аваад бясалгалын заавруудын дагуу нөхцөл байдлыг буруутгалгүйгээр тэдгээртэй ажиллах явдал.
Бясалгалд аятай нөлөө үзүүлэх нөхцлүүд
Бидэнд бясалгалд нөлөөлж болохоор аятай таатай нөхцөл бас хэрэгтэй. Ая таатай нөхцөл гэхээр зарим хүмүүс миний “Холливуудын орчин” гэж нэрлэх тийм нөхцлийг бодож болох юм. Хүмүүс бодохдоо тэдэнд зул хүж бэлдэж хөгжим эгшиглүүлсэн нэг тусгай өрөө тасалгаа хэрэгтэй гэх байх. Яг л Холливудын киноны хэв маяг хэрэгтэй болно гэж боддог. Хэрэв үнэхээр тийм орчин хэрэгтэй гэж үзэж байгаа бол болно; гэхдээ энэ заавал шаардлагатай биш. Бид өөрсөддөө болон бясалгалд хийж байгаа зүйлдээ хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй ба ингэхдээ биет орчноо цэвэр эмх цэгцтэй байлгахыг зөвлөдөг. Ихэвчлэн энэ нь бясалгал хийх өрөөгөө цэвэрлэж занших гэсэн утгатай. Өрөөгөө эмхэлж цэгцлэх, шалаар нэг хувцас хунараа хөглүүлэхгүй байх гэх мэт. Хэрэв бидний орчин тойрон эмх цэгцтэй байвал тэр нь сэтгэл оюун эмх цэгцтэй болоход тустай. Хэрэв орчин эмх замбараагүй байвал сэтгэлд сөргөөр нөлөөлдөг. Мөн ялангуяа эхлэн суралцаж байгаа тохиолдолд нам гүм орчин чухал. Бурханы шашны уламжлалд бид хөгжимтэй бясалгадаггүй. Хөгжим нь биднийг тайвшруулахад зориулсан гадаад эх үүсвэр. Тайван байдлын хувьд гадаад эх үүсвэрт найдахаас илүү амгалан байдлыг дотоодоосоо бий болгож чаддаг байхыг бид хүсдэг. Хөгжим нь хүний сэтгэлд нөлөөлдөг боловч бид хэт нөлөөнд нь автахыг бас хүсэхгүй. Бид шүдний эмнэлгийн хүлээлгийн өрөөнд тайвширахаар намуун хөгжим сонсож байгаа мэт байдлаар өөрсдийгөө тайвшруулах шаардлагагүй. Энэ нь бясалгалын тохиромжтой уур амьсгал биш юм.
Бясалгалын суудлын хувьд Азийн орнуудад өөр өөр уламжлал байдаг. Төвд, Энэхтэг хүмүүс завилж суудаг бол Япончууд сөхөрч, Тайландад хүмүүс хоёр өвдгөө нэг тал руугаа нугалж суудаг. Хамгийн чухал нь тухтай байдлаар суух. Сандал дээр суух хэрэгтэй бол сууж болно. Биеийн энергийн системтэй ажиллах нэлээн гүнзгий түвшний бясалгалд суудал маш чухал. Гэвч ерөнхийдөө бид ямарч нөхцөлд бясалгаж чаддаг байх хэрэгтэй. Та магадгүй олбог дээр завилж сууж сурсан байж болох ч хэрэв онгоц галт тэргэнд явах тохиолдолд завилж суух боломжгүй болохоор та суудал дээрээ хэвийн сууж бясалгах хэрэгтэй болно.
Ялангуяа анхлан бясалгаж байгаа хүмүүст орчин чимээгүй байх нь чухал. Гэтэл бидний олонхийн хувьд нам гүм газар олох нь хялбар биш, тэр дундаа хот суурин газарт. Тиймээс ихэнх хүмүүс чимээ шуугиан багатай үед өглөө эрт эсвэл нилээн орой бясалгадаг. Улмаар бясалгалд хангалттай сайжирсан үед чимээ бидэнд саад болохгүй. Гэвч эхэн үед гадаад дуу чимээнд анхаарал сарних нь амархан байдаг.
Ер нь өдрийн аль цагт бясалгах нь хамгийн тохиромжтой байна гэдгийг бид өөрсдөө тодорхойлох нь чухал. Жишээ нь олон хүмүүс хоолны дараа эрч хүч буурч ядардаг гэдэг. Тэгэхээр энэ нь бясалгах сайн цаг биш. Зарим хүмүүс өглөө сэрэх үед тэд маш сэргэг хянамгай байдаг бол зарим нь өглөөний турш нойрмог байдаг. Зарим хүмүүс үдэш орой соргог байдаг бол бусад нь үдшийн цагаар бясалгавал нойроо дийлж чаддаггүй. Тэгэхээр энэ бас үр бүтээлтэй болохгүй. Иймд өдрийн аль цаг өөрт чинь тохиромжтойг өөрөө шийдэх нь хамгийн чухал.
Мөн ямар суудал өөрт чинь хамгийн тохиромжтойг тодорхойлох хэрэгтэй. Хэрэв бид завилж сууж байгаа бол өгзөг доороо олбог тавьж суухыг зөвлөдөг. Гэхдээ олбог хэрэглэдэггүй олон хүмүүс бас байдаг. Хэрвээ олбог хэрэглэх бол зузаан нимгэн хатуу зөөлөн ямар төрлийн олбог өөрт чинь таарч байгааг харах хэрэгтэй. Бясалгалын туршид биед зовиур, тав тухгүй байдал үүсэх, нойрмоглохыг багасгахад тус нэмэр болох суудал, олбог олох хэрэгтэй. Бясалгал нь өвдөг тэсэшгүй өвдөж, бясалгал дуусахыг хүлээх тэвчишгүй зовлонтой мөч болж болохгүй. Тиймээс хэрэглэж буй олбог маш чухал, маш их өөрчлөлт гаргаж ч болно. Нас ахиж завилж сууж чадахгүй үед сандал дээр суухад асуудал байхгүй. Гэвч нуруу цэх байх хэрэгтэй.
Мөн бясалгал үргэлжлэх хугацаа ахиц гарах хэрээр өөрчлөгдөж болно. Эхэн үедээ удаан хугацаагаар төвлөрөх нь маш хэцүү байдаг учраас богино хугацаагаар, 3-5 минут бясалгахыг зөвлөдөг. Сэтгэл тогтохгүй алгасарч, мөрөөдөлд автах, эсвэл зүүрмэглэх байдлаар удаан хугацаанд бясалгалыг үргэлжлүүлснээс төвлөрсөн богино хугацааны бясалгал дээр байдаг.
Хэрэв бид нэг төрлийн Зэн буддизмын бясалгал хийж байгаа бол суудлаа хадгалж хөдлөхгүй байх нь чухал. Бусад төрлийн бясалгалуудад хэрэв хөлөө хөдөлгөх шаардлагатай бол хөдөлгөнө. Энэ нь том асуудал биш. Эдгээр бүх сэтгэлийн ур чадварт суралцах бясалгал, бүтээлүүдэд тайван чөлөөтэй байдал чухал. Өөрийгөө хүчилж болохгүй. Мэдээж бид хийж буй зүйлдээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй боловч нөхцлийг хэт сүржин “чухал зүйл хийж байгаа учраас төгс байх ёстой” юм шиг болгож болохгүй.
Мэдэх ёстой нэг чухал зарчим бол бүх зүйл заримдаа сайн, заримдаа муу байдаг. Бидний бясалгалын зарим өдөр сайн, зарим нь муу байж болно. Зарим өдөр бясалгасан, зарим өдөр бясалгаагүй юм шиг сэтгэл төрнө. Өдөр ирэх тутам бясалгал сайжирна гэсэн үндэслэл байхгүй. Ахиц ийм шугаман байдлаар гардаггүй. Үргэлж сайнтай, муутай харагдана. Магадгүй хэдэн жилийн дараа өөрийнхөө бясалгалын ахицын ерөнхий хандлагыг харж болох боловч зарим өдрүүд бусад өдрүүдээсээ сайн байгаа нь тодорхой үзүүлэлт болно. Миний нэг багшийн хэлсэнчлэн: “гоц гойд юм юу ч байхгүй”. Сайн болж байна – гоц гойд юм алга. Тааруухан болж байна – гоц гойд юм юу ч алга, зүгээр л үргэлжлүүл. Гол зүйл бол муутгахгүй хадгалж байх. Өдөр бүр бясалга. Төгөлдөр хуурын сургуулилт хийхтэй адил бясалгалыг өдөр бүр хийх хэрэгтэй. Нэг удаад цөөхөн минут хийдэг бол болно. Завсарлаад дахин хэдэн минут бясалга. Дахин бага зэрэг завсарлаад өөр нэг хэдэн минут бясалга. Ингэж бясалгах нь биеэ өвдтөл бүтэн цаг суухаас дээр байдаг.
Амьсгалын бясалгал
Олон хүмүүс хэрхэн бясалгаж эхлэхийг мэдэхийг хүсдэг. Ихэнх хүмүүс, ихэнхи уламжлалуудын хувьд бясалгаж эхэлдэг арга нь амьсгал дээр төвлөрөх дасгал байдаг. Амьсгал дээр бясалгахдаа хэвийн байдлаар амьсгалдаг. Хэтэрхий хурдан, хэт удаан, хэт гүнзгий бас хэт хөнгөн биш ердөө л хамраараа хэвийн амьсгална. Хэт их хэмжээний амьсгал авахгүй, хэрвээ хэтэрхий гүнзгий амьсгалвал толгой хүчтэй эргэдэг. Энэ огт тустай биш.
Амьсгал дээр бясалгахдаа хоёр газар төвлөрч болно. Хамраар орж гарч байгаа амьсгал, эсвэл хэвлийн хөдөлгөөн дээр төвлөрнө. Хэрэв сэтгэл маш их сарниж бидний хэлдгээр үүлэн дээр хөвж – орчин тойрондоо юу болж байгааг мэдэхээ больж эхэлвэл хүйс орчимд хэвлийн агшилт тэлэлтэн дээр төвлөрснөөр сэтгэлийг барьж тогтооход туслана. Харин эсрэгээрээ сэтгэл бүүдгэр нойрмог байвал хамраараа орж гарч байгаа амьсгал дээрээ төвлөрвөл эрч хүч сэргэхэд туслана. Ингээд дахин ямар үед юу хэрэгтэй байгааг та өөрөө шийднэ. Хамгийн гол санаа нь амьсгал дээрээ төвлөрөхдөө өөрийн ухамсартай байна гэсэн үг. Сэтгэлээ бүрэн хаах биш; гэхдээ сэтгэлдээ янз бүрийн зураглалгүйгээр амьсгалаа хүрэлцэхүйгээрээ мэдэж байх явдал.
Хийх гол үндсэн зүйл нь сэтгэл сарниж бодолд умбах үед нь мэдэж буцаах. Эсвэл бүүдийж нойрмогловол өөрийгөө сэргээх. Бид өөрсдийгөө хуурч болохгүй. Бид өөрсдийн бодол, сэтгэл алгасралд маш их дадсан байдаг учраас анхаарлаа буцаах ёстойгоо мартдаг. Ялангуяа хэрэв бидний татагддаг хэн нэгний тухай, санаж үгүйлж байгаа хүн, эсвэл уур бухимдал төрүүлдэг хэн нэгний тухай бодол, сэтгэлийн хөдлөл оролцсон байвал анхаарлаа буцаах бүр хэцүү. Гэвч амьсгал бол үргэлж байж байдаг; бидний анхаарлаа буцааж авчирч болох нэг тогтвортой зүйл.
Амьсгал дээр төвлөрөх нь өөр олон тустай. Амьсгал бие махбодитой маш нарийн холбоотой. Хэрэв бид бодолд хэтэрхий автдаг, бодолд их умбаж явдаг бол амьсгал дээрээ төвлөрөх нь, хэвлий эсвэл хамар дээр төвлөрч байгаа эсэх нь ялгаагүй биднийг ул суурьтай болоход тусалж анхаарлыг дотогш чиглүүлж бодит байдал руу татаж авчирдаг. Ямар нэг өвдөлт мэдэрч байвал амьсгал дээр төвлөрөх нь бас тустай. Амьсгалын бясалгалыг зарим эмнэлэгүүдэд, ялангуяа АНУ-д, өвчин намдаах менежментэд ашиглах болсон. Нэг нярай хүүхэд уйлж байна гээд аваад үзье. Ээж нь түүнийг тэврэх үед хүүхэд эхийн амьсгалыг мэдэрдэг. Энэ нь маш их тайвшруулдаг. Үүнтэй адил бид өөрсдийн амьсгал дээр төвлөрөх нь бидэнд тайвшрахад тусалдаг ба их өвдөлт мэдэрч байгаа үед бүр илүү тустай байдаг. Амьсгал зөвхөн бие махбодийн өвдөлтийг намдаагаад зогсохгүй сэтгэлийн шарх хөндүүрийг багасгаж бүр эдгээж чадна.
Дараагийн нэг зүйл бол нүдтэй холбоотой бидний мэдэх ёстой ойлголтууд. Зарим уламжлалуудад нүдийг аньж бясалгадаг. Давуу тал нь анхаарал сарнихыг харьцангуй багасгадаг. Сул тал нь нүд аньсан тохиолдолд зүүрмэглэхэд амархан болдог. Нүдээ аньж бясалгахын өөр нэг сул тал нь үүндээ зуршил болж бясалгах бол заавал нүдээ аних шаардлагатай болдог ба энэ нь бодит амьдрал дээр хэцүү байдаг. Төвдүүд нүдээ нээлттэй (том нээгээд эргэн тойрноо ажиглах биш) шал руу цоо ширтэж биш зөнгөөр нь харж бясалгадаг. Дахин хэлэхэд бид мөн л өөртөө хамгийн тохиромжтойг өөрсдөө сонгох хэрэгтэй.
Бусдыг асарч хайрлах
Нэгэнт амьсгалын бясалгалаар сэтгэлийг тогтоосон бол энэ тайван сонор сэтгэлийн төлөв байдлыг ашиглах хэрэгтэй. Бид өөрийн сэтгэл хөдлөлүүдээ ажиглахад хэрэглэж болно. Гэвч юуны түрүүнд бусдыг асарч хайрлах сэтгэл үүсгэхэд ашиглаж болно. Бусдыг асрах сэтгэл төрүүлэхийн тулд сэтгэлээ асрах хайрлах төлөвт сургах хэрэгтэй. Эхний үед “би одоо бүх хүмүүсийг асарч хайрлъя” гэж бодоод тэгээд үнэхээр тэгж мэдэрч чадахгүй. Тэр бодлын цаана ямарч хүч байдаггүй. Тэгэхээр асрал хайрыг өөртөө төрүүлэхийн тулд “Бүхий л хүн амьтан харилцан хамааралтай, бид хамтдаа байх гэж л энд байгаа. Бид бүгд адилхан. Бүгд аз жаргалтай байхыг хүсдэг, зовлонг хүсдэггүй. Бүгдээрээ бусад хүмүүс өөрт нь дуртай сайн байхыг хүсдэг. Нэг ч хүн өөрийг нь үл тоомсорлох, өөрт нь дургүйцэхийг хүсдэггүй. Бүгд надтай яг адил” гэх мэтээр бодох үйл явцыг ашигладаг.
Нэгэнт бид бүгд энд хамтдаа бие биетэйгээ харилцан хамааралтай байдаг юм бол “Хүн бүрт аз жаргал болон аз жаргалын шалтгаан бүрдэх болтугай. Хэрэв хүмүүс ямар ч асуудал бэрхшээлгүй, бүгд жаргалтай бол ямар сайхан бэ!” гэсэн асарч хайрлах сэтгэл бидэнд төрнө. Ингэж сэтгэлээ асрал хайрын төлөвт тогтоон бариад дараагаар нь энэ сэтгэл нарны цацраг адил дулаан шар өнгийн гэрлийн байдлаар бусад бүх хүмүүс дээр тусч байна гэж дүрсэлдэг. Хэрэв анхаарал сарнивал “Хүн бүр аз жаргалтай байх болтугай” гэсэн сэтгэл дээр анхаарлаа буцааж авчирна.
Өдөр тутмын амьдралд тус болох эерэг зуршил төлөвшүүлэх
Нэгэнт бид өөрсдөө ийм төрлийн бясалгалуудад суралцсан бол өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох аргуудыг хөгжүүлдэг. Ердөө амьсгал дээрээ төвлөрөх нь бидний өдөр тутмын амьдралын цорын ганц бясалгалын үйл ажиллагаа болохгүй. Энэ бол эцсийн зорилго биш, тийм биз дээ? Гэвч бидний хөгжүүлсэн – амьсгалаа байнга төвлөрөл дээрээ авчирах чадвар нь бидний амьдрал дээрээ хэрэглэх чадвар болно. Жишээ нь, бид хэн нэгэнтэй ярилцаж байх үед бидний анхаарал сарниж “Энэ хүн хэзээ яриагаа дуусгах бол!” гэж бодож түүний ярьж байгаа зүйлийн талаар сэтгэлдээ бүхий л шүүмжлэл, санаа оноогоо хийж байдаг. Үүнийгээ анзаармагц тэр бүгдийг зогсоож анхаарлаа тухайн хүн, түүний ярьж байгаа зүйл дээр буцаан авчирах хэрэгтэй. “Тэр бол хүн, тэр бусад хүмүүс түүнд дуртай байхыг хүсч байгаа. Ярьж байгаа зүйлийг нь сонсохыг хүсч байгаа. Миний л адил өөрт нь нухацтай хандахыг хүсч байгаа” хэмээн бясалгал дээр хэлж байсан бусдыг ойлгох сэтгэлийн чадвараа ашиглах хэрэгтэй.
Тэгэхээр бидний зорилго бол бясалгалаар хөгжүүлсэн чадвараа өдөр тутмын амьдрал дээр хэрэглэж чадах явдал юм. Бидний бясалгал төгс сайхан суудгаараа олимпын алтан медаль авах зорилготой биш; бид үүнд зорьж байгаа биш! Харин бид бясалгалаар олсон чадвараа өдөр тутмын амьдрал, бусадтай харилцах харилцаанд аль алинд нь ашиглах гэж бясалгадаг. Ингэхийн тулд илүү их тус дөхөм болох зуршлуудыг төлөвшүүлэх хэрэгтэй. Энэ нь бясалгал хийх гол утга юм.
Александер Берзин
Москва хот, ОХУ улс
2010 оны 6 дугаар сар
Хянаж бичигт буулгасан хувилбар
Холбоотой нийтлэл:
“Бясалгал”
““БЯСАЛГАЛ” БУЮУ СЭТГЭЛИЙН СОЁЛ”
“Бясалгалыг яаж хийдэг, ямар хоёр төрөл байдаг талаар тайлбарлаж өгөөч”