2021-10-12 | Нийтэлсэн:admin | Үзсэн:4017
Нисваанисын таван хор
Нүглийн үйлүүд нь нисваанист муу сэтгэлээр өдөөгдөн үйлдэгддэг тул энд нисваанисын талаар товч дурьдвал:
Нисваанис: Сэтгэлийн амгаланг эвдэгч сэтгэхүйнүүд болно. Үүнд: уур, мунхаг, шунал, омог, атаархал гэх мэт.
Нисваанисын хор уршиг: Сэтгэлийн зорилго буруудана, сэтгэлд муу авьяас тогтоно, өөр бусдыг хорлоно, энэ ба хойд насанд унал гаргана, зовлон хийгээд сэтгэлийн үл амгаланг амсана, үл гэгээрнэ, буян агаад эд зүйлс доройтоно, сэтгэл шантарна, баяр баясгалангүй болно, айдаст автана, муу нэр зүүнэ.
Нисваанисыг үүсгэгч болон арвижуулагч шалтгаан: Нисваанисын авьяас, үүсгэгч зоригдлын орон, уруу татагч муу нөхөр, буруу номлол, өдөөгч яриа, ном шастир, нисваанисын дадал, атгаг бодол болно.
Монголчуудын дунд түгээмэл дэлгэрсэн сургаалын зохиолд нисваанисын таван хор гэж гардаг. Нисваанис хэмээх нь гаслангийн шалтгаан, үйлийн зовлон хэмээсэн утгатай. Гаслан зовлонгийн шалтгаан бологч таван хор нь 1 шунал, 2 уур, 3 мунхаг, 4 омог, 5 атаа бөгөөд эдгээрийг нэрт яруу найрагч Дулдуйтын Равжаа “Цаасан шувуу” хэмээх сургаалын зохиолдоо тов тодорхой заасан бий. Үүнд: “Нисваанис” хэмээхийн мөн чанарыг тайлахдаа:
“Хумхын тоос цугларсаар арвидаж шороо болмуй,
Шороо арвидаж, уул болмуй,
Чийг арвидаж, ус болмуй
Түүнчлэн биегүй хоосон сэтгэл буруудваас нисваанис болмуй
Нисваанис арвидаж там боловсормуй” гэжээ. Үүнээс үзвэл нисваанис гэгч хүний сэтгэлийн хир буртаг, муу үйлийн шалтгаан бологч сэтгэлийн гэмийг өгүүлсэн нь илт байна. Нэрт монголч, төвдөч эрдэмтэн Н. Ю. Рерих “нисваанис” гэдгийг оросоор орчуулахдаа “зан суртахууны ариун бус элемент” гэсэн байдаг.
Д. Равжаа “Цаасан шувуу” хэмээх сургаалдаа нисваанисын таван хорыг өгүүлэхдээ “Мунхагийн харанхуйн дотор тачаангуйгаар согтож, уурын мэсийг бариад, омгоор түлэгдэж, атаагаар энэлэн зовлонгийн эвэршээлээр эмгэнэх амьтан бүгд хөөрхий” гэжээ. Энд мунхаг, тачаангуй (шунал), уур, омог, атаа тавыг багтаан өгүүлсэн бөгөөд “Ном бүгдийн товч сэтгэлийг номхотгох мөн. Таван хор бүгд мунхаг сэтгэлд хурмуй” хэмээн номлосон байдаг. Үнэхээр ч мунхаг сэтгэлээс л гэм бүгд үүсэн гардаг нь илэрхий билээ.
Шунал. Монгол ардын зүйр цэцэн үгэнд
“Шунал ихэдвэл унал ихэднэ
Шуурга ихэдвэл зуд болно.
Шуналаар баяждаггүй
Сувдагаар таргалдаггүй
Шунахай түшмэл
Төрийн чөтгөр
Суурьгүй ноён
Улсын чөтгөр
Шунал ихэдвэл
Шулам болно” гэх мэтээр шунах сэтгэлийн гэм алдлыг сургасан байдаг. Өвгөдийн сургаалд “Ертөнцөд ер ханадаггүй нь шунал билээ. Хангах гэж зорьсны хэрэг огт үгүй. Огторгуйн солонгын аль өнгөтэйг барих гэж хөөцөлдвөл ер баригдахгүй билээ. Түүн лүгээ адилхан” гэжээ.
Энд шунах хэмээх үгийг өнгө мөнгө, нэр алдрын төлөө шударга үнэн, ариун сэтгэлийг огоорон гээж, заль мэх, худал хуурмаг, зусар бялдуу зэрэгт эрээ цээргүй шүтэж, “хорвоог зоосны нүхээр хардаг” хомхой сэтгэлийн үйлийг нэрлэж байна. Өнөөдөр манай нийгэмд байгаа хээл хахууль авч шударга үнэнийг гуйвуулагч, түмний хөрөнгийг идэн завшигчид, ажил хийгээгүй байж авахыг горилогч, панз наймаа, ашиг хонжоо эрэгч бүгд л шунах сэтгэлд автагсад юмаа.
Шуналын ерөндөг нь сэтгэлээ номхотгох буюу сэтгэлийн тэвчээр билээ. Манай ард түмэн эрт цагаас үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ шунах ховдоглохын гэм хорыг үлгэрээр дамжуулан бага балчраас нь ойлгуулдаг байжээ. Мөн аргын тооллын III-IV зууны үед зохиогдсон эртний Энэтхэгийн “Таван сургамж” буюу “Панчатантра” тэргүүтэн гайхамшигт үлгэрийн цоморлиг нь нэн эрт цагт Монгол оронд түгэн дэлгэрч, жинхэнэ монгол үлгэр болж, зан суртахууны хүмүүжилд онцгой нөлөө үзүүлж байжээ. Жишээлбэл “Таван сургамж” зохиолд шунал ихэдвэл юу болдгийг ийм нэгэн үлгэрээр үзүүлжээ.
“Урьд эрт цагт ганган-Даачуу гэдэг нэгэн хааны нутагт Бадам-Шүлт гэдэг нэг том нуур байжээ. Тэр нуурт хэдэн алтан хун амьдардаг байсан бөгөөд тэд жил бүр хаанд нэгэн алтан өд өгдөг байжээ. Хаан тэр нуурыг дархалж цагдаа харуулын хамгаалалтад өгчээ. Нэгэн өдөр тэр нуурт тэдгээр хунгаас томхон нэг алтан шувуу иржээ. Бид хаан эзэнд жилдээ нэг алтан өд барьдгийн улмаас хааны зарлигаар энэ нуурын хэмжээгүй эрхт эзэд нь болсон билээ. Чам мэтийнх нь бидний дунд энд амьдрах эрхгүй болно. Эндээс амь мэнд дээрээ шалавхан зайлсан чинь дээр буй заа хэмээн сайхь хунгууд шинэ ирсэн шувууг хөөжээ. Тэдний хооронд хэрүүл маргаан болж гийчин шувуу хаанд очиж гомдол мэдүүлэн өгүүлрүүн:
- Ээ ертөнцийн эрхэс, танай тэр алтан хунгууд чинь, бид энэ нуурт хэнийг байлгах эсэхээ мэдэж байна. Биднийг захирах хэн ч үгүй. Хаан ч бидэнд үг хэлэх эрх байхгүй. Чи түүнд очиж хэлээд хумсын чинээ ч юм олж долоохгүй хэмээн онгирон сагсуурцгааж байна. Тэд алт бол би ч мөн алт. Харин би тэднээс том билээ. Тэгэхлээр та учрыг ойлгож болгоогтун.
Хаан том биетэй алтан шувууг хармагцаа шүлс нь гоожиж жанжингуудаа дуудаж ирүүлэн өгүүлрүүн:
- Хүчит жанжингууд, та нар сонсогтун. Одоо түргэн цэрэг эрээ аван хөдөлж тэр муусайн их зант хунгуудыг бүгдийг намнан устгаад тоо ёсоор нь надад авчирч тушаагтун.
Хааны зарлигаар жанжингууд цэргээ аван хөдөлж нуурын зүг оджээ. Хааны их цэрэг давшин ирж явааг харан нэгэн хашир ухаант хун бусдыгаа дуудан цуглуулж өгүүлрүүн: - Ах дүүс минь, цаана чинь аюул боллоо. Хааны цэрэг биднийг хүйс тэмтрэхээр айсуй явааг харцгааж байна уу? Чингэхлээр бид одоо шалавхан эндээс босож авралт нутгийг зорин нисэх хэрэгтэй.
Хашир хунгийн үгэнд орж, алтан өдөт хунгууд нэгэн зэрэг хөөрч агаарын мандалд зэл татан нисчээ. Хааныхан яаж ч чадсангүй дэмий хойноос нь харан хоцорчээ. Ингэж тэр хааны алтны ам хаагдсан гэнэ билээ”.
Бичгээр уламжлан олон үеийг хүмүүжүүлсэн сургаалын зохиолд шуналын тухай ийн өгүүлжээ:
Сайн номлол галын шастир хоёр ёсны төгс гэрэлт хэмээх сургаалд:
“Өчүүхэн жаргалд шунаж байгаад
Өчнөөн зовлонг эдлэх байна.
Дэнгийн гэрэлд шунан эргэлдсэн
Дэрэвгэр эрвээхий үхэлд учирна” гэсэн байхад,
“Авах, гээхийн 4-н мөрт шүлэг”-т:
“Хорлох санаа бясалгагчдад янаг нөхөр цөөн
Хорт санааг тэвчигчдэд өшөөтөн дайсан цөөн
Хомголзох шунахай сэтгэлтэнд эд мал цөөн
Ховдоглох санаа ихэдвээс олз ашиг цөөн” гэжээ.
Шагж багшийн “Эрдэнэ мэт үсгийг хялбар эвлүүлж, чимэг болгон хэрэглүүлэх амар хөтөлбөр” хэмээх сургаалд, “Гал хэдий их тустай боловч догшин салхин лугаа нөхцвөөс хөрөнгийг сүйтгэмүй. Эрдэмтэн хэдий их тустай боловч нэн шунахай лугаа нөхцвөөс улсыг доройтуулмуй” хэмээжээ. Тиймийн тул, ховдог шунахай сэтгэлийг насад цээрлэвээс зохимуй” гэжээ. Эндээс ургуулан санаваас, эрдэм номыг сурсан хэдий ч сэтгэлийн гэмээ арилгаж, шунах сэтгэлээ эс боовоос түмэн олонд гай авчрах ажээ. Хомхой сэтгэлгүй хүн хорвоогийн эрхэм баян билээ. Шунах сэтгэлийг ном сударт тачаангуй хэмээн нэрлэх нь олонтоо байдаг. Монголын нэрт сэтгэгч Ч.Дандаа (чухам нэр нь Дэмчигдорж) “Эрдэнэт толь” хэмээх зохиолдоо “Тачаангуй хэмээгч хүсэл буюу. Бусдын аливаа сайхан өнгө хийгээд эд агуурс ба тариа төмс хийгээд гэр бараа ба мал тэжээвэр тэргүүтэн зүйлд хүсэх дурлахыг тачаангуй хэмээмүй. Үүнээс харамлах хардах сэтгэл төрмүй. Жич хүсэх, харамлах хардах сэтгэл хэтэрвээс даруй элдэв зүйлийн арга мэх үүсгэж хуурах мэхлэх ба айлгах хяхах ба өөрийн санаандаа эрхгүй нийлүүлэхээр нүгэл хилэнцийг үйлдэх болюу” гэж өгүүлжээ. Хүний сэтгэлийн аливаа сайн сайхан, хүнлэг ёсыг тачаангуйн гал л түймэрдэж, харамлах хардахын хар тороор хүлж орхидог билээ.
Уур.
Уурыг төвд монгол толь бичигт “хорлох сэтгэл лугаа даган барилдсан хилэн” гэж тайлбарлажээ. Өмнө дурдсан Ч.Дандаагийн “Эрдэнэт толь”-д “Уур хэмээгч бусдад уурлах, хилэгнэх нь буюу. Эцэг эх ба багш ихэс ба ах зах ба насжсан өтгөст хэдэрлэж хариуцах ба ах дүү ба ураг садан ба нөхөр хань ба энгийн хүн, эм хөвгүүд ба доор ардад зүй бусаар уурлаж аашлахыг уур хэмээмүй. Үүнээс хорсох занах сэтгэл төрөгдөнө. Жич уурлах, хилэгнэх, хорсох занах сэтгэл хэтэрвээс даруй элдэв зүйлийн догшин муугаар авирлаж хараах зүхэх ба занчих гөвших ба алах нядлах тэргүүтэн зүйлийн сөргүү явдал нь галзуу заан учирсан мэт эл бүгдэд хор болох адил нүгэл хилэнцийг үйлдэх болюу” хэмээн өгүүлсэн байдаг.
Яруу найрагч Д.Равжаа
“Орон цагийн хурыг огторгуйн салхи эвдэнэ
Онох ухаан билгийг уурын мунхаг эвдэнэ” гэсэн байхад, Д.Нацагдорж маань:
“Ус хэдий тунгалаг боловч хөлдөхөөрөө мөс болдог
Ухаантан хэдий сэргэлэн боловч уурлахаараа мунхаг болдог” гэжээ.
Уур хэмээгч нь түр зуурын галзуурал бөгөөд хэлэхгүй үг, хийхгүй алдааг ч үйлдүүлдэг нисваанисын таван хорын нэгэн юм.
Буянт буурлуудын нэгэн, улсын гавьяат багш Д.Чойжилсүрэн багш маань “Сургаалын өглөг” хэмээх номдоо уурын гэм алдлыг ийн өгүүлжээ.
“Уур биеэ зовооно
Уул морь зовооно
Уур хилэн хэмээгч
Биеийг түлэгч гол мөн.
Болох болохгүй юманд
Өнгөлзөн уурлах хэрэггүй.
Уур хилэнг дарвал
Түүнээс илүү баатар үгүй.
Уур хилэнгүй хүлцэнгүйг
Ухаан тунгалаг гэнэ.
Бадарсан уураар
Догшинг дарах үгүй
Хилэнгүй амгалангаар
Догшныг номхруулна
Уур хилэн хэмээгч тэвчээр үгүйгээс үүсэх мунхагийн гал мөн
Уур хилэн хэмээгч дээрэнгүй сэтгэлээс үүсэх омгийн гал мөн.
Уур хилэн болвоос сайн үйлийг
Агшин зуур сүйтгэх аюулт дайсан мөн.
Эртний сургаалд:
Холыг бодох үгүй болбоос
Зовлон ойр буй
Уурыг боох үгүй болбоос
Гай гамшгийг үзнэ гэжээ.
Хүлцэнгүй хичнээнгүйгээр
Уурын аюулыг өнгөрүүл
Уудам талибуу болбоос
Уур хилэн үгүй болно.
Тийм болбоос
Үүрд амгалан”.
Монголын уламжлалт анагаах ухааны ном сударт шунал тачаал, уур омог, мунхаг тэнэгийг өвчин үүсгэх нэгэн шалтгаан гэж тайлбарласан байдаг. Жишээлбэл: 19-р зууны алдарт монгол эмч Жамбалдоржийн зохиосон “Анагаан үйлдэгч рашааны нүүрийг эндүүрэлгүй танин барих урлах ухааны толинд дүр тодруулсан гайхамшигт үзэсгэлэнт нүдэн чимэг хэмээх судар”-д “Тэндээс, үүнд тийн цагаан үйлийн үр боловсорсноос олоход бэрх хүний биеийг олсон нь олон боловч, энэ цөв цагт шунал тачаангуй, уур, хилэн, мунхаг тэнэгийн эрхэнд ихэд автсаар хий, шар, бадган үүсэхийн шалтгаан нөхцөл маш арвидаж, амь булаагч өвчин түгсэн байнам” гэжээ.
Хүмүүс минь, уураар эхэлсэн бүхэн ичгүүрээр төгсдөгийг санан санан байж, уурандаа бус ухаандаа захирагдаж яваарай.
Омог.
Омог хэмээх нь бардам, сагсуугийн эгч дүү бөгөөд монголын хуучны нэгэн тайлбар толинд “биеэ гавшгай ялгам гэж хүнд оморхон үзүүлэхийг омогтой хэмээхүй” гэж тайлбарлажээ.
Ч. Дандаагийн “Эрдэнэт толь”-д “Омог хэмээгч санаа дэмий өндөр хөөрхөг бардан гэхэлзүүн мэдэрхийлэх нь буюу. Сэцэн мэргэн ба баян эрхэм ба хүчирхэг идэрхэг ба чадал эрдэм тэргүүтэнд эрэмшихгүйгээр дээдсийг хөнгөлөн дордсыг дарлах ба өөрийн илүүг хөөргөн бусдын доройг доромжлох хийгээд олонд дээрэлхэн хичээнгүй хүндийг нэгмөсөн алдахыг омог хэмээхүй” хэмээн өгүүлжээ. Иймээс Д.Равжаа “Би, би гэдэг би-д баригчийг дараарай” гэж сургасан билээ. Манай ард түмний олон үед үр хүүхдээ хүмүүжүүлэх хэрэглүүр болгож ирсэн сургаалын зохиолд омгийн осол омтгойг нэн нарийн номлосон байдаг.
“Тодорхой толь” хэмээх сургаалд:
“Ахуй их эрдэмтэй боловч
Адгийн зэргээр явбаас
Атаархал жөтөөрхөл өчүүхэн болоод
Аливаа бүхэнд аятай болмуй
Өөрийн эрдэм бага болоод
Омог дээрэнгүй ихэдвээс
Өст өшөөтөн олон болоод
Үргэлж бүгдээр үл таалмуй” гэжээ.
“Ардыг тэжээх рашааны дусал”-д:
“Хэзээд хөөрөн омоглолгүй маш номхноор яв.
Хэнийг ч хуурч мэхлэлгүй үнэн шударгаар өгүүл.
Хэдэр ярдаггүй төвшин зөөлнөөр орш.
Хэлэх бүхэнд инээмсэглэн зохистойгоор аашил” гэсэн буй.
Аль ч орны ухаантан мэргэд омог хэмээх сэтгэлийн хир буртгийг үзэн ядаж ирсэн бөгөөд А.М.Горький “Биеэ тоосон маанагууд бол нийгмийн хөхөн дээр хатуурсан хорт хавдар мөн” гэж хэлснийг энд өгүүлэхэд илүүдэх юун аж.
Атаа.
Бусдын хотол төгс, сайн сайханд үл баясан жөтөөрхөхийг атаа хэмээх бөгөөд ариун сэтгэлийг хөөдөгч аюулт хор юм. Манай нийгэмд, өнөөдөр атаа жөтөө гэдэг энэ гайт хор олон хүнийг хордуулсаар, олон хүний алдар нэр, баяр баясгаланг хөнөөсөөр амь бөхтэй оршиж байна. Өрнөдийн нэгэн ухаантан “Хүний сайн явахад атаа жөтөө лүгээ адил нэг ч гэм тэгтлээ хор хүргэж байгаагүй. Учир нь түүний уршиг өөрийг зовоох төдийгүй бас өрөөл бусдын баяр баясгаланг гутаадаг юм” гэсэн байдаг.
Атаа жөтөөний зэр зэвсэг нь гүжир гүтгэлэг юм. Гүжирдэнэ гэдэг бол чухамдаа огт байхгүй байгаа хар толбыг байгаа болгож гөрдөхийг хэлдэг. Атаа жөтөө гэгч эвийг эвддэг дайсан, энэрэлийг хөнөөдөг түймэр юм.
Гүнтэн гэгээн Гончигдамбийдонмийн зохиосон “Модны шастир”-т
“Ахуй их эрдэм бүхэн төгссөн мэргэд
Атаа омоггүй усгал номхон суух
Амттай олон үрсийн хонхорцгоор чимсэн
Аливаа модны үзүүр нь бөхийх буй” хэмээн өгүүлжээ. Манай ардын үгэнд ч
“Эрдэмтэй хүн номхон
Их мөрөн дөлгөөн
Муу хүн атаач
Мухар үхэр сэжээч” гэсэн билээ.
Хүмүүс минь, нисваанисын таван хорын нэгэн атаа жөтөө хэмээгч аймшгаас ангижирч, хань нөхдийнхөө хүрсэн амжилт, бүтээсэн гавьяанд чин сэтгэлээсээ баярлан бахархаж явбаас үйлс чинь бүтэж, та ч өөрөө баяр баяслаар бялхаж явна шүү.
Мунхаг.
Мунхаг хэмээхийг “Эрдэнэт толь”-д ийн хэмээн тодорхойлжээ: “Мунхаг хэмээгч сэрж үл мэдэх эргүү буюу... Бусдын сайныг доромжлон басах ба хардаж өшөөлөх ба өөрийн муугаа хөөргөн чадал завшаан болгох ба бусдыг удирдаж биетэйгээ адил муу болгосугай хэмээх ба ихэс хүний сайн үг хийгээд сайн сургаалыг үл ойшоохоос, бас өөрийг эрж, муу үгээр хариулах ба сайныг муу болгох, мууг сайн болгох, дээдийг дорд болгох, дордыг дээд болгох, ойрыг хол болгох, холыг ойр болгох, бусдын ач тусыг үл санахаас гадна харин хор хүргэх... өөрийн хэрэгт бусдын зовж зүдрэх ба үхэх мөхөхийг үл хамаарах ба жич ховдоглон шунах ба хардаж атаархах ба уурлах хилэгнэх ба хорсох занах, хөөргөх баримтлах ба омгорхох мэдэрхийлэх ба дураар балмадлах тэргүүтэн зүйл зүйлийн ёс бусаар явж үхэх мөхөхүйд хүртэл сэрж үл мэдэхийг нь эргүү мунхаг хэмээмүй” гэжээ.
Ер өмнө өгүүлсэн шунал тачаангуй, уур, омог, атаа, жөтөө дөрөв нь мунхаг эргүүгийн гайгаар үүсдэг билээ. Өөрөөр хэлбэл биеэ мэдэх, эргэцүүлэн бодох, энэрэн уучлах ухаан дутсанаас л шунан ховдоглож, уурлан омогдож, атаа жөтөө хийдэг ажээ.
13-р зууны үед монгол бичгийн хэлзүй зохиосон Түвдийн бандид Гунгаажалцангийн “Субашид” хэмээх алдартай зохиолыг аль эрт 14-р зууны үед анхлан монгол хэлэнд орчуулсан ба удаа дараа хэд хэд монголчилжээ. Энэхүү иргэний яруу найргийн сургаалын зохиолыг монголчууд олон үеийн турш уншиж судалж үр хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ хэрэглэж ирсэн түүхтэй бөгөөд уг зохиолд мунхаг эргүүгийн алдал эндлийг номлосон “Муу тэнэгүүдийг таних аймаг” гэсэн бүхэл бүлэг байдгаас энд цөөнийг иш татая.
Эргүү тэнэгт их хэргийг даалгаваас
Эс мэдэж хэргийг буруу үйлдээд өөрөө бүрэлюу
Эрт цагт нэгэн үнэгийг олон гөрөөс хаан болгон өргөснөөр
Эгнэгт нөхдөө зовоогоод өөрөө алагдсан үлгэр мэт
Сайн ухаантан мэргэдийн хичээж бүтээсэн их хэргийг
Санаа муу хорт хүн нэгээхэн цагт эвдэх буй бүлгээ
Сар жил болтол шамдан хичээж ургуулсан тариаг
Салхит догшин мөндөр нэгэн эгшинд товрог болгох мэт
Надад бусдад тусгүй, зүг амиа бодогч
Нарийн харгис хүний явдал мал лугаа адил
Насан үргэлжид зүг амиа тэжээхийн төдий нь
Навч идэгч өчүүхэн хорхойд ч болов байдаг бус уу
Эцэст тустай ба тусгүйг ер үл болох болоод
Эрдэм билиг ба сайн явдлыг суралцалгүйеэ
Үүрд гэдэс цадахын төдийхнийг хэрэглэгч хүн нь
Эргүүлэн бодвоос үсгүй гахай болой” гэх мэтээр өгүүлсэн байдаг. Дашрамд дурдахад “Сансрын хүрд” хэмээх шашин зан үйлийн зурагт мунхаг сэтгэлийг гахайгаар бэлгэдэн зурсан байдаг.
Ухаант хүн хэмээх сайхан алдраа хадгалж, “үсэн үгүй гахай” болохгүйн тулд эрдэм номыг хичээн сурч, элдэв эндэгдлийн уг шалтгаан болсон эргүү мунхаг сэтгэлээ ариутгаваас зохистой ажгуу.
Нисваанисын таван хорын тухай өчүүхэн сонортуулсан эл өгүүллээ “Итгэл” номын дөрвөн цаглашгүй хэмээн алдаршсан ийм нэгэн ерөөлөөр төгсгөе!
“Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай
Хамаг амьтан зовлонгүй амгалангаас үл хагацах болтугай
Хамаг амьтан ойр хол, тачаах уурлах хоёроос хагацаж, тэгш сэтгэлээр бат орших болтугай