Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Арван хар нүглийн үйлийн мөр

1.Амьтны амь таслах: Бусдын амь насыг уур, мунхаг, шуналын эрхэнд автаж санаатайгаар хөнөөвөл амьтны амь тасалсан нүгэл болно. Жишээлбэл: Уурлаад бусдыг мэсээр сүлбэн алах, шунаад арьс үс, эд эрхтэнг авахаар хөнөөх, буруу номлолд мунхарч амьтны амиар тахил өргөх зэрэг болно. Амьтны амь тасалснаар нас богиносоно, өвчин ээрнэ, бие сул дорой болно. Өөрөө энэ нүглийг тэвчихийн зэрэгцээ амь насанд нь аюул тулгарсан амьтдыг аварч байх хэрэгтэй. Ингэвээс нас урт болно, өвчин хөнгөрч эдгэрнэ,бие эрүүлжинэ.

2.Эс өгснийг авах: Бусдын эзэмшиж байгаа эд зүйлсийг уур, мунхаг, шуналын үүднээс санаатайгаар зорьж авбаас эс өгснийг авсан нүгэл болно. Жишээ нь: Шунаад авах, хорлох гэж авах, буруу номлолд мунхарч авах гэх мэт. Энэ нүгэлтэн ядуу, гуйлгачин болж төрдөг. Мөн эд хөрөнгөө хулгайд алдах, булаалгах, дээрэмдүүлэх мэтийн аюул нүүрлэдэг байна. Иймд эс өгснийг авах нүглийг тэвчээд, бусдад өглөг өгч буяныг үйлд. Ингэвээс эд баялгаар элбэг хангалуун, өглөгч өгөөмөр сэтгэлтэй болно.

3.Буруу хурьцах: Насанд хүрээгүй охин, ижил хүйстэн, манин, сахилтай эмэгтэй, бусдын эхнэр, нөхөр, тэргүүтэнтэй юмуу хүний ёсноос гаж буруугаар хурьцваас буруу хурьцал болдог. Буруу хурьцагч этгээдийн хань ижил нь үнэнч бус, шалиг завхай болдог. Мөн салж сарних, албат нар нь дуулгаваргүй, үр хүүхэд хүмүүжилгүй болох зэрэг үрийг эдэлнэ.

4.Худал өгүүлэх: Уур, мунхаг, шуналын үүднээс бодит байдлыг өөрчилж, бусдын толгойг эргүүлэх нь худал өгүүлэх нүгэл болдог. Мөн дуугүй зөвшөөрөх, биеийн байдал болон дохио зангаагаар үйлдэж болно. Энэ нүгэлтэн доромжлуулах, хууртагдах, ээрүү гацаа, хахир муухай дуутай болох, орсгой дорсгой болох, ам өмхийрөх, хэл аманд өртөмтгий болох, буруу сэтэхүйтэй болох зэрэг муу үрийг эдэлнэ. Иймд худал өгүүлэх гэм нүглийг тэвчээд ямагт үнэн үгийг өгүүлж бай. Ингэснээр бусдын итгэл, хүндлэлийг хүлээнэ.

5.Хов ярих: Эв зохицолтойг эврэлцүүлэх, эв зохицрлгүйг үл эвлэрүүлэх санааг агуулж үнэн худал, сайн муугаар өгүүлэхийг хов ярих гэнэ. Хов хутгагч этгээд бээр садан төрөл, найз нөхөдтэйгээ байнга эв эвдрэх, найз нөхдөөр хомсдох, тэднээс хагацан салах гэх мэтийн үрийг эдэлнэ. Иймд хов ярих нүглийг хүлцээд эв эетэй байлгах зүй зохицлын үгийг ярьж бай.

6.Ширүүн үг хэлэх: Уур зэвүүцэл төрүүлэгч амьтан, юмсад хандан гарал угсаа, удам судар, бие махбодийн өө сэв, согог гажиг, ёс суртахуун, зан авирын доголдол, нууц хориг зэргийг үнэн худал үгээр дуудан доромжилж санааг нь эмзэглүүлэх, хатуу үгээр дайрч давшилж сэтгэлийг нь нэрмэхийг ширүүн үг хэлэх нүгэл гэнэ. Мөн шоолох, нэр хоч өгөх, хоржоонтой үг хэлэх, бичвэр илгээх ширүүн үг хэлэх нүглийн үйлэнд хамаарагдана. Яруу тааламжтай үгээр ширүүн үгийг ч хэлж болно. Иймд ширүүн үг хэлэхийг тэсвэрлээд бусдад таатай, зохистой сэтгэл төрүүлэхүйц аядуу зөөлөн үгийг өгүүлж бай.

7.Дэмий чалчих: Ухагдахуунгүй, утгагүй зүйлсийг санаанд орсны хэмжээгээр амны зоргоороо өгүүлэх нь дэмий чалчих нүгэл болдог. Чалчигчийн үгийг бусад үл тоодог, эс хайхардаг болдог. Иймд дэмий чалчилгүй утга төгөлдөр, бусдад хэрэг тустайг товч тодорхой өгүүлэх хэрэгтэй.

8.Хомхой сэтгэл: Бусдын эдэлж, хэрэглэж байгаа эд зүйлсийг уур, мунхаг, шуналын аль нэгний үүднээс өөрийн болгох хүслийг агуулах, оролдлого эрэхийг хомхой сэтгэл гэнэ. Хомхой сэтгэлтний шунал арвижин улмаар эд хөрөнгөний эрхэнд орох, ханаж цадахаа болих, эрсэн зүйлээ эс олох тэргүүтэн үрийг амсана. Хомхойрох нь өөрийн эд хөрөнгө, эрдэм чадал, сайн сайхан зүйлс бүгдийг үргэлж доройтуулдаг аж. Иймд хомхой сэтгэлийг үүсгэлгүй өөрт байгаа эд зүйлсээр сэтгэл ханаж, бусдын зүйлсэд хомголзох сэтгэлийг төрүүлэлгүй байх хэрэгтэй юм.

9.Хорлох сэтгэл: Өөрт гэм хор хүргэсэн, хорсол занал, зэвүү дургуйцлыг төрүүлсэн бусдыг зодох цохих, алах хөнөөхийг бодох, эд хөрөнгө, эрүүл мэнд нь доройтохыг хүсэх, энэ санаагаа гүйцэлдүүлэх аргыг сэдэхийг хорлох сэтгэл гэнэ. Энэ нүгэлтний уур хилэн улам ихсэж, бусад туслахаас цааргалах, бусад өөрийг нь, өөрөө бусдыг хорлох үйл үргэлжлэх зэрэг үрийг эдэлнэ. Иймд хорлох сэтгэлийг дотроо агуулалгүй бусдад тустай сэтгэлийг үүсгэж бай. Ядаж тус хүргэдэггүй юмаа гэхэд хорлож бүү үйлд.

10.Буруу үзэл: Оршиж байгаа юмсыг гүтгэн үгүйсгэж байгаа үзэл болно. Буян нүгэл, хойд урьд нас болон бурхан байхгүй хэмээн үгүйсгэгч үзлүүд багтана. Буруу үзэл нь буяны үндсийг тасалдаг, хилэнцэд дурлуулдаг хамгийн адгийн нүгэл юм. Иймд буруу үзлийг арилган үйлийн үрийн сургаалын утганд мэргэн болж хэрэгжүүлэх хэрэгтэй.

    Бусад мэдээлэл
    2012-05-18